Рич Франклин: Холимог тулааны спорт Монгол Улсыг сонирхож байна

Холимог тулааны спортод түшиглэсэн бүс нутгийн чанартай шоу тэмцээнүүд бий. Road to One шоу цаашид амжилттай зохиогдвол Монголыг чиглэсэн холимог тулаан сонирхогчдын бүхэл бүтэн тогтолцоо бүрэлдэн бий болох боломжтой. Ингэснээр холимог тулаан сонирхогч үзэгчдийг Монгол руу татах боломжтой болно.
Рич Франклин: Холимог тулааны спорт Монгол Улсыг сонирхож байна
MPA

Дэлхийн хэмжээний холимог тулааны тэмцээнийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр энэ оны 11 дүгээр сарын 26-нд Мөсөн өргөө Степпе Аренад зохион байгуулах гэж байна. Уг төслийн үйл ажиллагааны талаар One Championship холбооны дэд ерөнхийлөгч, UFC дунд жингийн аварга асан Рич Франклинтай ярилцлаа.

- Монголчууд спортод, тэр дундаа тулааны спортод хорхойтой ард түмэн. One Сhampionship холбооны тухай төдийлөн сайн мэдэхгүй уншигчдад танилцуулбал?

- Би Сингапурт төвтэй One Championship спортын медиа проперти компанийн дэд ерөнхийлөгч. Бизнесийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Бид холимог тулааны, мутай, кикбокс зэрэг олон төрлийн спортын үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна бүр e-спортын ч албатай. Мөн продакшны албандаа Apprentice зэрэг олон видео контент, реалити шоуг зохион байгуулдаг.

- Та 2014 оноос хойш One Championship-ийн нэг хэсэг болон ажиллаж байгаагийн хувьд байгууллагынхаа дэлхийн спортын салбарт үзүүлсэн нөлөөг хэрхэн тодорхойлох вэ?

- One Championship нь бие хамгаалах урлаг, тулааны салбарын орчныг өөрчилж буй анхдагч гэж би хэлнэ. Тухайлбал, холимог тулааны тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, шүүлт болон үнэлгээний системд шинэ өөрчлөлтүүд хийж байгаа нь манай салбарт ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Ийм ч учраас холимог тулааны салбар тамирчдын жинг хэмжихдээ бидний санаачилсан шийдлийг нэвтрүүлэх талаар эргэн харж байна. Спортын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, маш үзүүштэй өрсөлдөөнийг сонирхогчдод толилуулах зэргээр бид дэлхийн спортын салбарт нөлөөллөө үзүүлж байна.

MPA

- Танай байгууллагын ижил төрлийн бусад байгууллагаас ялгарах гол онцлог юу вэ?

- Ази тивд үүсэн байгуулагдсан тулааны спортын байгууллагын хувьд бид нэр төр, хүндлэл, хүнлэг байдлыг үнэт зүйлээ болгон ажилладаг. Ийм ч учраас бид тамирчдаа хүндэлдэг. Энэ салбарын тамирчид компаниасаа хүртэх ёстой хүндлэлээ хүлээж чадахгүй байх тохиолдол олон. Манайх холимог тулаан, кикбокс, мутай зэрэг олон төрлийн спортын тэмцээн зохион байгуулдаг. Бидний үнэлгээний болон онооны систем ч бусдаас эрс өөр. Манай үнэлгээний систем боксынхтой төстэй гэж болно. Бокст 10 онооны систем ашигладаг. Ялагч 10 оноотой, ялагдагч нь 10-аас бага оноотой байна. Тоглолтын төгсгөлд нэгдсэн дүн гардаг. Үүн шиг бид тулааныг нэг бүхэл зүйл гэж үздэг. Тухайлбал, эхний хоёр үед ялж байсан тулаанч гурав дахь үед ялагдсан ч эцэст нь хоёр нэгээр ялж таарна. Харин глобал буюу олон улсын шүүлтийн системээр бол тоглолтыг нэг бүхэл гэж үзэх юм. Иймд илт давуу ялсан гурав дахь үеийн тоглолт хэн ялагч болохыг шийднэ гэсэн үг.

Бид мөн hydration protocol буюу тамирчны бие дэх усны хэмжээг зааж өгсөн протоколоороо бусдаас ялгарч байна. Тулааны спортын соёлд жингээ огцом хасах явдал түгээмэл. Тодорхой жиндээ орохын тулд биеийн жингээ ихээр хаяад, жин хэмжүүр дээр гарч жинлүүлснийхээ дараа буцаж жингээ нэмж тулалддаг туршлага нийтэд өргөн тархсан. Зарим тамирчин карьерынхаа туршид ийм хэмнэлээр амьдарсан байдаг. Энэ бол тухайн тамирчны эрүүл мэндэд олон талаар хортой зүйл. Ийм ч учраас One Championship-ээс усны протоколыг (hydration) баталж гаргасан.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тамирчид жингээ үзүүлэх үед мөн бие дэх усны хэмжээ нь эрүүл буюу хэвийн түвшинд байгаа эсэхийг шалгана гэсэн үг юм. Үүний тулд шээсний шинжилгээ хийдэг. Бие дэх усны түвшин эрүүл хэмжээнд хүрэхгүй бол тухайн тамирчин тулалдахгүй. АНУ-д ХХ зууны дунд үед хэд хэдэн бөхийн спортын тамирчид огцом жин хассанаас болж амь насаа алдсан харамсалтай явдал болсон юм. Иймд бид энэ системийг хэрхэн сайжруулах талаар бодож, тамирчны бие дэх усны түвшнийг шалгах энэхүү протоколыг нэвтрүүлсэн.

- Ухаалаг философитой компани байна. Таныг холимог тулааны шинэ авьяастнуудыг эрж хайх, тодруулах гол үүрэг хүлээдэг гэж ойлгосон. Зөв үү?

- Шинэ авьяастныг эрж хайдаг ганц хүн нь би биш л дээ. Манай компанид тэмцээн зохион байгуулах, шинэ тамирчдыг хайж олох тусгай алба бий. Миний хувьд тусгай төслүүдийг удирдаж ажилладаг. Би 2019 оны 9 дүгээр сард л гэхэд Монголд One Warrior цувралыг зохион байгуулахаар ирж байлаа. Тэр үед элсүүлсэн гурван тамирчныхаа амжилтад үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Одоо Road to One Mongolia төслийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн үүнээс өмнө манай холбоонд Монголын тамирчид байсан.

MPA

- Ж.Нарантунгалаг, О.Пүрэв, З.Шинэчагтга гурав уу?

- Яг үнэн. Тэд ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан, өндөр үзүүлэлттэй байсан. Тэр гурвыг олсондоо би их баяртай байдаг. Тухайн үед би Монголд ирээд тамирчдын нөөц ямар ихтэй улс вэ гэж гайхаж байлаа. Монгол дайчин соёлтой улс. Зөвхөн эрчүүд ч биш, бүхэлдээ дайчин. Монголд хэн ч үгүй гэдэг хариултыг хүлээж авдаггүй, хэр хэмжээндээ амжилт гаргахын тулд өдөр тутамд тэмцсээр л байдаг санагдсан. Монгол хүн бүр тэмцэгч учраас Road to One Mongolia реалити шоуг телевизээр үзээд сууж байгаа ямар ч монгол хүний анхаарал, сонирхлыг татаж чадна. Учир нь энэ шоу хүүхдээ өсгөх гээд ядарч байгаа эх, дөнгөж саяхан хорт хавдрын онош сонссон хүн, наадмын бэлтгэлдээ гарсан байгаа монгол бөх гээд хүн бүрийн тэмцэлтэй ижил юм. Учир нь бид бүгд тулаанчид.

- 2019 онд ирэхээсээ өмнө та Монголын тулаанчдын тухай хэр их мэддэг байсан бэ?

- Тухайн үед манай компанид аль хэдийн нэг монгол аварга байсан. Ж.Нарантунгалаг манай хөнгөн жингийн аварга болж байлаа. Ж.Нарантунгалагийг харж судалж байхдаа бид бусад тамирчдыг олж хараад элсүүлсэн. Тэд ч өөрсдийгөө харуулж тус бүр гэрээ байгуулж чадсан. Миний бодлоор Ж.Нарантунгалаг Монголыг бидэнд таниулж өгсөн. Түүнээс гадна бид энд ирэхээсээ ч өмнө бичлэг үзээд Монголын авьяаслаг тамирчдын тухай аль хэдийн мэдсэн байсан юм. Ингээд бид Монголын соёл нь өөр юм байна, эндээс авьяаслаг тамирчид төрөн гардаг юм байна гэдгийг мэдсэн.

- One Championship компаниас олон өөр төрлийн тулааны шоу зохион байгуулдаг. Тухайлбал One Warrior шоуг бид мэднэ. Тэгвэл одоо зохиогдож байгаа Road to One Mongolia шоу ямар онцлогтой вэ?

- One Warrior шоу аяллынх гэдгээрээ онцлог. Тухайн тамирчны түүх, амьдрал, улсынх нь соёлыг харуулдаг. Харин Road to One Mongolia шоу бол маш өвөрмөц. Бид хамгийн авьяаслаг 40 тамирчныг сонгон шалгаруулж, хотын гадна интернэт, утасгүй тусгайлан бэлтгэсэн байранд аваачсан. Нэг хэсэг цэргийн хуаранд байрлаж, тэнд тодорхой даалгавар гүйцэтгэн, даалгавраа давж чадаагүй тохиолдолд хасагдах журмаар шоу хийгдсэн. Одоо тулаанчид маань хотын гадна тамирчдын бүхий л хэрэгцээ шаардлагад нийцсэн хангамжтай тусгай орчинд амьдарч байна. Энэ төсөлд Степпелинк Холдингтой хамтран ажиллаж байгаа.

- Road to One Mongolia шоунд тусгайлсан дүрэм, журам бий юу?

- Анхандаа цэргийн баазад даалгавраа амжилтгүй гүйцэтгэсэн тохиолдолд хасагдах тэмцээнүүд зохиогдсон тухай хэлсэн. Харин одоо жинхэнэ тулааны үе эхэлсэн. Тулааны хэсгийг өндөр хяналттай зохион байгуулах учиртай. Ингэж байж залуусыг ноцтой бэртэж гэмтэхээс сэргийлнэ. Шоуны үеэр бэртэж гэмтсэн тохиолдол хэд хэд гарсан. Дэвжээн дээр гарч тулалдах үед оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс зарим нэг дүрмийн өөрчлөлт хийсэн. Шоуны үеэр бодит тулааны үед хэрэглэдэг зарим үйлдэл хийхийг аюулгүй байдлын үүднээс хязгаарласан.

- Нэвтрүүлгийн хүрээнд Монголын тамирчид One Championship холбоонд авьяас чадвараа харуулах, нэг ялагч нь гэрээ байгуулах эрхтэй болно гэсэн. Энгийн үед One Championship-т элсэхийн тулд ямар шалгуур хангасан байх ёстой байдаг вэ?

- Мэдээж бид авьяастай хүн л хайж байгаа. Дэвжээн дээр өөрийгөө харуулж чадах хүн. Шалгуур олон. Хамгийн эхний шалгуур бол бид гэмт хэрэгтнийг элсүүлэхгүй. Мөн тухайн тамирчин сошиал ертөнцөд идэвхтэй, өөрийгөө илэрхийлж чаддаг, маркетинг хийхэд дөхөмтэй бол мэдээж сайн. Гэхдээ хамгийн гол нь дэвжээн дээр гарч, тэндээ амьдарч, бүхнээ зориулж чадах авьяастай хүнийг л хайж байгаа.

Олон улсын Road to One гэдэг холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Степпе аренад зохион байгуулдаг болох боломж бий

- Тэгвэл энэ тэмцээнд оролцож буй монгол залууст ямар боломжууд нээгдэж байгаа вэ?

- Оролцож байгаа бүх хүнд One Championship-тэй гэрээ байгуулах боломж бий. Гэрээний мөнгөн дүн 100 мянган ам.доллар болон түүнээс дээш байна. Бүр том зургаар нь харвал One Championship нь өөрийн олон талын нөөцөө Road to One эвентийг Степпелинк Холдингс компанитай хамтран зохион байгуулахад зарцуулж байна. Миний хувьд Монгол Улсын Засгийн газар болон спонсор байгууллагуудын дэмжлэгтэйгээр Road to One Mongolia шоуны хоёр дахь улирал гарна гэдэгт итгэж байна. Монгол HD телевизийн хувьд хариуцлагатай, зохион байгуулалттай, хурдан суралцдаг хамт олон. Нэгдүгээр улирал ихээхэн амжилт дагуулах нь гарцаагүй. Бүр цаашлаад олон улсын Road to One гэдэг холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Степпе Аренад зохион байгуулдаг болох боломж бий.

MPA

- Гайхалтай алсын хараа байна.

- Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд холимог тулааны спортын салбар Монгол Улсыг сонирхож байна. Холимог тулааны спорт нь шинэ спорт гэдэг утгаараа дэлхий дахинд хамгийн хурдтай хөгжиж буй спортын төрөл. Цаашид улам хөгжих нь тодорхой. Холимог тулааны спортод түшиглэсэн бүс нутгийн чанартай шоу тэмцээнүүд бий. Road to One шоу цаашид амжилттай зохиогдвол монголыг чиглэсэн холимог тулаан сонирхогчдын бүхэл бүтэн тогтолцоо бүрэлдэн бий болох боломжтой. Ингэснээр тамирчдад ашигтайгаар зогсохгүй монголын шоуг зохион байгуулах нөөц боломж нэмэгдэж, цаашлаад холимог тулаан сонирхогч үзэгчдийг Монгол руу татах боломжтой болно.

Ингэвэл холимог тулааны салбар улам өргөжин, илүү их мөнгө яригдаж, тасалбар борлуулалт ч өснө. Ингэснээр монголын холимог тулааны тамирчид эх орондоо дэлхийн хэмжээний шоунд оролцож өөрийгөө харуулах боломж, өрсөлдөх талбар нээгдэнэ. Road to One-ийг монголд зохион байгуулж байгаа нь манай компанийн хувьд илүү том экосистемийг бүрэлдүүлэх, бүтээхэд оршиж байна.

- Дэлхийн холимог тулааны спортод монгол тамирчдын төрөлхийн араншин, биеийн хөгжил мөн бусад онцлог чанарууд ямар давуу болон сул талыг үүсгэх боломжтой вэ?

- Эдгээрийн аль нь ч нөлөөгүй. Монголчуудад нэг сул тал байдаг. Хамгийн эхнийх нь хурд. Монгол тамирчдад хоёрхон төрлийн хурдны хэмжүүр байдаг. Нэг бол огт хөдлөхгүй, эсвэл хамгийн дээд хурдаар ажилладаг. Дунд нь юу ч байдаггүй. Яаж нэгэн жигд хурдаар бэлтгэл хийхийг сурчихвал энэ нь алсдаа тэдэнд давуу тал болно. Бас нэг сул тал байгаа нь Монгол улсын хувьд холимог тулааны спорт хөгжлийн нялх үедээ явна. Нөөц, эх үүсвэр дутмаг байна. Тухайлахад жюжицүгийн сайн хар бүстэн алга. Маш сайн барилддаг шигээ маш сайн дайрдаг, тулдаг болж энэ том зайг арилгах нь чухал байна. Сурах юм, суралцах зүйл их байгаа нь одоогоор сул тал болоод байгаа ч удахгүй сурч, гүйцэх нь гарцаагүй.

- ONE холбоо болон таны хувьд удахгүй гарах ROAD TO ONE MONGOLIA реалити шоу нэвтрүүлгийн ялагчаас юуг хүлээж байгаа вэ? Ер нь таны туршлагаар ямар чадвартай тамирчин ONE-д илүү амжилт үзүүлдэг юм бэ?

- Нэг шоунд 40 тулаанч сонгон шалгаруулж авахад нь би үнэхээр гайхсан шүү. Маш их тоо шүү дээ. Миний хувьд нэг л зүйл байгаа нь энэ.

Шоуны ялагч 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхийн эзэн болохоос гадна тулааны карьераа өсгөх үүд хаалга нээгдэнэ

MPA

- Монголчууд нийтээрээ дайчин хүмүүс.

- Яг үнэн. Гэхдээ гуравхан сая хүнд ийм олон тулаанч байна гэдэг үнэхээр галзуу шүү. Хүн амын нэг сая нь л Улаанбаатарт амьдарч байхад шүү дээ. Ер нь бол амжилт гаргах тамирчин гэдэг хүссэн зорьсондоо хүрэхийн тулд ямар ч ханыг цөмлөж гарч чадах хүсэл эрмэлзэлтэй хүн л байдаг. Аливаа зүйлийн голоос бууж өгдөггүй тийм тамирчид л өндөр амжилт гаргах магадлал хамгийн өндөр. Би үргэлж сэтгэл зүйн хувьд хүчтэй хүнийг л хайдаг. Би монголын соёлд хүчтэй сэтгэл зүйтэй хүмүүсийг олон харж байна. Би хэнд ч тулааны техник, мэхнүүдийг зааж өгч чадна. Гэхдээ би хүнд нүүрэндээ хүчтэй цохиулчихаад юу ч болоогүй юм шиг нэг ярвайгаад өнгөрөхийг зааж өгч чадах болов уу? Хүн ийм зүйлийг сурах уу? Энэ бол онцгой чадвар.

- Энэ шоуны ялагчийг ямар шагнал хүлээж байгаа вэ?

- Мэдээж 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрх бол ялагчийн эхний шагнал. Гэхдээ жинхэнэ ялагчид холимог тулааны карьерын шатаар өгсөх, эцсийн дүндээ аваргын бүсийг зүүх тэр боломж олдож байна. Аварга болоод аваргын бүс зүүх л хамгийн дээд шагнал юм.

- Хамгийн сүүлийн асуултаа танаас хувь хүний хувьд асуумаар байна. Та өмнө нь сурган хүмүүжүүлэгч байсан хүн. Мөн та дэлхийд танигдсан UFC-ийн тулаанч, аваргын бүсийн эзэн. Тулааны урлаг таны хувь хүний хувьд ямар нөлөө үзүүлсэн бол?

- Би өөрийнхөө түүхээс яръя. Коллежид математикийн чиглэлээр хоёр дахь жилдээ суралцаж байлаа. Оюутан болоод анх удаа огт ойлгохгүй, дийлэхгүй хичээлтэй нүүр тулаад, нэлээн хугацаа өнгөрч, хичээлдээ унах нь тодорхой боллоо. Би математиктаа өөрийнхөө бодсон шиг сайн биш юм байна гэж санагдаад, тэр хичээлийн шалгалтаа ч өгөлгүй сургуулиас гарахаар шийдлээ. Өргөдлөө бичээд зааварлагчтайгаа уулзтал шалтгааныг маань асууж байна. Тэгээд зааварлагч багш маань надад спортынхны биеэ зоригжуулдаг харьцуулсан жишээг хэллээ. Үүнийг яг л оролцож байгаа тэмцээний цаг дуусах дөхөөд, оноогоор дутуу яваатай адилхан гэж хэллээ. Гэртээ очоод хичээлээ давт, маргааш шалгалтаа өг. Хэрвээ хүссэн дүнгээ авч чадахгүй бол би чамайг сургуулиас чөлөөлье гэж хэлсэн. Багш маань намайг сургуулиас гаргахаас татгалзсан гэсэн үг. Миний бодлоор тэр багш миний бүхэл бүтэн амьдралыг өөрчилсөн. Үнэн шүү. Өмнө нь би болохгүй бол болохгүй гээд больчихдог байсан. Тэр үеэс хойш би бууж өгөхөө, хаяхаа больсон. Тулалдахдаа ч би энэ философийг оруулсан. Бууж өгөхгүй, ямар нэгэн шийдэх арга зам байж л таарна. Би заавал нэг арга зам бодож олж чадна. Олж чадахгүй бол өөр аргуудыг туршиж үзэх хэрэгтэй. Энэ арга миний сонгосон тамирчны амжилтын замналд ихээхэн нөлөө үзүүлсэн. Мөн One Championship-ийн дэд ерөнхийлөгчийн хувьд ч надад их хэрэг болдог. Заавал нэг гарах арга зам, шийдэл байгаа. Миний амьдралдаа сурсан хамгийн том хичээл. Амьдралын бүхий л талбарт ашиглаж болдог техник.

Цаг гаргасан танд баярлалаа. Тантай ярилцах сайхан байлаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn