Зун, Өвлийн олимпод хоёуланд нь амжилт гаргасан гайхалтай тамирчин бүсгүй

Бобслэйн Холбооныхон бол намайг авах гэж эртнээс ятгасан.
Зун, Өвлийн олимпод хоёуланд нь амжилт гаргасан гайхалтай тамирчин бүсгүй

Токиогийн Зуны олимпын наадмын 100 метрийн зайд уралдаад дараа нь 4х100-гийн буухиад Германы шигшээ багтаа гүйсэн хөнгөн атлетикч бүсгүй Александра Бургхардтын тухай хэвлэлүүд уралдан бичиж эхэллээ.

Учир нь энэ бүсгүй Токиогийн Зуны олимпын наадамд тавдугаар байр эзэлсэн хэр нь хэдхэн сарын дараагаар спортын төрлөө өөрчилж, бобслэйгээр Бээжингийн Өвлийн олимпын наадамд өрсөлдөөд мөнгөн медаль хүртчихэв.

“Хоёр олимпын хооронд хэдхэн сарын хугацаа байхад яаж амжиж өөрчлөгдөж, амжилт гаргах юм бэ?” гэж зарим мэргэжилтнүүд үл ойшоосон ч Германы Бобслэйн Холбоо нуруулаг, хурдтай, хүчтэй тамирчин бүсгүйн чадлыг ашиглахаар эргэлт буцалтгүй шийдсэн тул ятгасаар байгаад санасандаа хүрчээ.

2021 оны есдүгээр сар гэхэд бобслэйгээр хичээллэж ч үзээгүй явсан гүйгч бүсгүй хэдхэн сард мэргэжлийн тамирчны хэмжээнд хүрч, Олимпын аварга Мириам Жаманкагийн хамт баг болон Бээжинд ирээд мөнгөн медаль хүртлээ.

“Бобслэйн Холбооныхон бол намайг авах гэж эртнээс ятгасан. Би өндөр, хурдан болохоор тэдний спортод яг тохирно гээд байсан юм. Гэхдээ би эхлээд хөнгөн атлетикчийнхаа хувиар буюу өөрийн үндсэн төрлөөрөө хурд хүчээ сорих нь зөв гээд зөвшөөрөөгүй юм” хэмээн Александра Бургхардт өгүүлжээ.

Бээжингийн олимпын наадамд оролцсоных нь дараагаар Бобслэйнхэн дахиад түүнийг “эргүүлж” эхэлжээ. Тэгээд сүүлдээ шалаад байхаар нь “Гэхдээ Бээжингийн олимпын дараа намайг гүйлтээр хичээллэхийг зөвшөөрнө шүү” гэж ам өчиг авч байж зөвшөөрсөн байна.

Бургхардтыг ийнхүү зөвшөөрснөөс хойш ердөө хоёр хоногийн дараагаар Олимпын аварга Мириам Жаманкатай хамт нэг багт уралдана гээд Дэлхийн цомын тэмцээнд бүртгүүлчихсэн гэнэ. Ингээд л шинэ спортдоо дасан зохицох ажилдаа шамдан орсон байна.

“Эхлээд бобслэйгээр гулгахад ихэнх тамирчин огиулж, дотор нь муухайрдаг юм. Гэтэл Бургхарт яагаа ч үгүй. Харин ч бүр эхний гулгалтаасаа бобслэйд дуртай болсон байх. Мэдээж, шинэ спорт болохоор дасаж, сурах зүйл багагүй байлаа. Гэхдээ тэр маш хурдан сурсан” хэмээн Германы Бобслэйн шигшээ багийн дасгалжуулагч Рене Шпис ярьсан байна.

Одоо Александра Бургхардт эргээд гүйлтийнхээ бэлтгэл яаран гарчээ. Ирэх долоо хоногт Германы хөнгөн атлетикийн Танхимын ДАШТ эхлэх гэнэ. “Гүйлтийн маань хувьд энэ жил ДАШТ-тай бас Европын АШТ-тай. Энэ хоёр тэмцээнд оролцсоныхоо дараа л амаръя даа” гэж хоёр олимпод хэдхэн сарын хугацаанд амжилттай оролцож, бүр мөнгөн медальтай буцаж ирсэн тамирчин бүсгүй өгүүлжээ.

Эх сурвалж: New York Times

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn