Жан Беленюк: Бодохгүй алхвал хол явахгүй

Ялагдаад сэтгэл санаагаар уналгүй яах вэ. Гэхдээ би хэзээ ч бэлтгэлээ орхиж байгаагүй.
Жан Беленюк: Бодохгүй алхвал хол явахгүй

Токиогийн олимпын наадмын сонгомол бөхийн 87 кг-ын жинд түрүүлсэн Украины бөх Жан Беленюк олны анхаарлыг шууд татдаг нэгэн. Украины бөх гэсэн хэр нь өнгөт арьстан байхаар хүн бүр гайхдаг.

Жан Беленюк 1991 онд Украины нийслэл Киевт төрсөн. Аав нь руанда, ээж нь украин. Аав нь хүүгээ мэндэлснээс хойш гурван жилийн дараа Руандад болсон улс төрийн эргэлтийн үеэр амь үрэгдсэн юм.

Беленюкийг Vogue сэтгүүл урьж, ярилцлага авчээ.

“Бид Жантай зураг авалтын өмнөхөн студи дээр угтан уулзлаа. Олимпоос үлдсэн нүүрний сорвийг нь бага зэрэг кремээр дарсны дараагаар буюу ердөө таван минутын дараа тэр зураг авалтад бэлэн болчихов.

“Надад нэг их олон шарх, сорви байхгүй байгаа биз. Ер нь амьдралдаа хамраасаа цус гаргаж үзээгүй хүн шүү дээ. Би чинь чанга залуу байхгүй юу” хэмээгээд тэр инээмсэглэлээ.

87 кг-ын жинд барилддаг болохоор үнэхээр хүчирхэг бие хаатай нь мэдрэгдэнэ. Бүдүүн хүзүү, бадируун гар, хугарсан чих, хөмсөг орчмын сорви гээд дүр төрх нь гүнзгий сэтгэгдэл төрүүлэм. “Бөхчүүд бид чинь барилдаж байхдаа шарх, сорвитой болчих вий гэж санаа зовдоггүй хүмүүс” гэж тэр тайван өгүүлнэ.

Багадаа ямархуу хүүхэд байсныг нь асуухад “Багш намайг сахилгагүй гэж их загнадаг байсан” гэлээ. 9 настай байхад хөрш айлынх нь хүүхэд түүнийг бөхийн секцэд дагуулан очжээ. Ер нь зөвхөн бөх ч биш хөлбөмбөг, сагсан бөмбөг, каратэ, ардын бүжиг гээд хийсэн бүхэндээ амжилт олдог, ядарч цуцна гэгчийг мэддэггүй хүү байсан гэнэ. “Би нэг газраа удаан тогтож сууж огт чаддаггүй хүү байсан юм” гэж хэллээ.

Ер нь Беленюк одоо ч гэсэн нэг газраа тогтож суудаггүй нь илт. Ярилцаж байснаа хажуугаар нь зурвас бичнэ. Тэгснээ гэнэт босоод бөхийн өмсгөлөө үзүүлэнгээ “Энэ улаан өмсгөлтэй би ялагдаж ч үзээгүй” гэх аж. Тэр бакалавр болон магистрын хоёр дипломтой. Бизнесийн удирдлагаар бакалавр болж, харин спортын сэтгэлзүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Беленюк бол хөтөлгөө морьтой нэгэн. Олимпын наадамд барилдахаар бэлдэж байхдаа Украины рад буюу парламентад бас өрсөлдчихнө. Тэгээд мэдээж ялна. Гэхдээ Радын гишүүн болсноор эрх мэдэл, ачаалал хоёр зэрэг нэмэгдэхийн зэрэгцээ мөн олон эсэргүүцэгчтэй болжээ. Ер нь улстөрчдөд нэг их олон хүн дуртай байдаггүй шүү дээ. Беленюк олон түмний уур хилэнд нэг их өргөлт өгч эмзэг хүлээж авалгүй, хийх ёстой юмаа хийгээд л явдаг гэнэ.

Өнгөрсөн 8 дугаар сард Киевийн төвд явж байтал хэсэг бүлэг залуус түүн рүү хараалын үг хашхирч, эгдүүг нь хүргэхийг хичээсэн юм билээ. Арьс өнгөөр ялгаварлан доромжилсон үгс хашхирсан гэсэн. Гэвч Жан тэдний өгөөшинд авталгүй, тайван өнгөрч чаджээ. Гэхдээ өмнө нь нэг удаа өдсөн залууд хариуг нь өгөөд хэрэгт орохоо шахсан удаатай. Өөрийнхөө хүчийг буруу тооцсоноор өдсөн эрийг үг хэлэх тэнхэлгүй болтол нь нударгалчихсан хэрэг. “Тэр хүний эрүүл мэндийн төлөө санаа их зовсон шүү” гэж одоо ярьж байна. Одоо энэ хэргийг цагдаа нар мөрдөн шалгаж байгаа аж.

Беленюк амрах дургүй. Мөн сэтгэл хөдлөлд автаж, гиюүрэх дургүй. Спортын замналынхаа туршид хөдөлмөрлөсөөр л иржээ. “Ялагдаад сэтгэл санаагаар уналгүй яах вэ. Гэхдээ би хэзээ ч бэлтгэлээ орхиж байгаагүй. Ялалт гэдэг аажимдаа ирдэг эд” хэмээн тэр хэлж байна.

Ялалт бүрээрээ Жан бахархдаг. 2014 онд Европын аварга болохдоо 23 настай байсан Беленюк нэг зүйл гэнэт ойлгосон гэнэ. “Тэгэхэд би олимпын энэ том тамирчид ч гэсэн бусадтай адил хүн юм байна гэдгийг олж харж, ойлгосон. Тэд зүгээр л хөдөлмөрлөж, бэлтгэлээ хийсээр байдаг учир эцсийн эцэст амжилтад хүрцгээсэн жирийн хүмүүс гэдгийг би ойлгосон” гэж тэр ярьжээ.

Тэр мөрөөдөл гэж ярих дургүй ч харин зорилго гэж тэмүүлэх дуртай. Ойрын арван жилдээ Парисын олимп, за тэгээд гэр бүлийн амьдрал, улс төрийн амьдрал гээд олон зүйл төлөвлөж яваа гэнэ. Дэвжээн дээр ч, жирийн амьдрал дээр ч хүн хэрсүү, ухаалаг байх ёстой гэж үздэг. “Бодохгүй алхах юм бол хол явахгүй шүү дээ” гэж тэр хэлэх дуртай. Энэ бол түүний удиртгал болгодог үг нь ажээ.

Эх сурвалж: Vogue

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn