
"UFC 275" тоот тэмцээн ирэх 6 дугаар сарын 11-нд Сингапур улсын Калланг хотод болно. Тус тэмцээний хамгийн онцлох тулаануудын нэгт зүй ёсоор тооцогдож байсан Роберт Уиттакер, Марвин Веттори нарын тулаан цуцлагдлаа. Учир нь дунд жингийн аварга асан Роберт Уиттакер бэлтгэлийнxээ үеэр бэртэл авснаар тулаанд оролцох боломжгүй болжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд бэртлийн талаар тодорхой мэдээллийг өгөөгүй байна. UFC-ийн дунд жингийн чансааг тэргүүлж байгаа түүний хувьд мэргэжлийн замналдаа нийт 29 тулаан хийж, 23 ялж, 6 ялагдсан амжилттай байгаа юм. Тэрээр өнгөрсөн 2 дугаар сард зохиогдсон "UFC 271" тоот тэмцээнээр дунд жингийн аваргын бүсний төлөө Исрайль Адесанятай тулалдсан ч шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн билээ.
Дунд жингийн шилдгүүдийн тулаан ийнхүү цуцлагдсан ч "UFC 275" тэмцээнээр аваргын бүсний төлөө хоёр тулаан болоx юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга Валентина Шевченко аваргын бүсээ хамгаалж, Тайло Сантостой тулалдана. Харин оргил тулаан эрэгтэйчүүдийн хагас хүнд жингийн аварга Гловер Тейшейра болон Иржи Прохазка нарын хооронд болно.
Эх сурвалж: ESPN