Бокс сонирхогчдын энэ онд үзэхийг хүсэж буй 3 тулаан

2021 онд мэргэжлийн боксын ертөнцөд олон гал гарсан тулаан болж, олон шинэ аварга төрсөн түүхэн жил болж өнгөрсөн. Харин 2022 онд бокс сонирхогчдын анхаарал цөөн хэдэн тулаан руу чиглэж байна. Энэ цаг үеийн хамгийн шилдэг боксчин Канело Алварес аваргын титмээ хэний эсрэг хамгаалах вэ? Хагас дунд жингийн хамгийн шилдэг нь хэн бэ? гэсэн сонирхолтой асуултуудын хариулт энэ онд тодорхой болно.
Бокс сонирхогчдын энэ онд үзэхийг хүсэж буй 3 тулаан

Жервонта Дэвис - Райан Гарсиа

Бокс сонирхогчид энэхүү тулааныг сүүлийн 3 жилийн хугацаанд хүлээж байгаа билээ. Хөнгөн жингийн энэ цаг үеийн нүүр царай хоёр боксчны хувьд өнгөрсөн онд цахим ертөнцөөр нэг нэгэн рүүгээ хатуу үгсийг харамгүй шидэлцсэн. Энэ нь ч хоёр боксчны үнэлгээг өсгөж, хүлээлтийг улам ихээр нэмэгдүүлж байгаа нь лавтай. Райан Гарсиагийн хувьд өнгөрсөн оны 1 дүгээр сард Британи боксчин Люк Кэмпбеллийг ялж, WBC холбооны түр бүсний эзэн болсноосоо хойш тулалдаагүй байгаа юм. Харин Жервонта Дэвис өнгөрсөн онд хоёр тулаан хийж, хоёуланд нь ялсан бөгөөд WBA холбооны аваргын бүсээ хамгаалаад амжсан. 30 нас ч хүрээгүй амжилтаар цангаж яваа хоёр залуу боксчны тулаан энэ онд хүлээлт өндөр байгаа тулаануудыг өнгөлж байна.

Канело Алварес - Дэвид Бенавидес

Мексикийн ард түмний бахархал, энэ цаг үеийн хамгийн шилдэг боксчдын нэг болоx Канело Алварес 2021 оныг амжилт дүүрэн үдсэн. Тэрээр супер дунд жин буюу 76 килограмын жинд топ 4 холбооны бүсийг нэгтгэж, тус жингийн анхны үнэмлэхүй аварга болсон. Өдгөө 31 настай Канело 17 жил мэргэжлийн рингд хүч сорихдоо Геннадий Головкин, Сергей Ковалев тэргүүтэй аваргуудыг буулган авч, Билли Жое Саундерс, Калеб Плант нарын шилдгүүдийг өмнөө сөxрүүлж байсан билээ. Харин түүнээс супер дунд жингийн титмийг булаан аваx өндөр магадлалтай боксчин бол энэ жингийн шилдгүүдийн нэг Дэвид Бенавидес юм. Мексик гаралтай Америк боксчны хувьд Канелогоос өмнө WBC холбооны супер дунд жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан бөгөөд 2019 онд допингийн шинжилгээнд бүдэрч бүсээ хураалгаж байсан. Тэрээр өнгөрсөн онд өгсөн хэд хэдэн ярилцлагадаа өөрийгөө одоо ч супер дунд жингийн шилдэг нь гэж бодож байгаагаа илэрхийлсэн. Мэргэлжилтнүүд түүнийг Канелогийн ур чадварт хамгийн дөхөж очиx боксчин гэж онцолж байгаа нь энэ тулааны хүлээлтийг улам ихээр нэмэгдүүлж байгаа юм.

Эррол Спенс Жуниор - Теренс Кроуфорд

Мэргэжлийн боксын хагас дунд жин буюу 67 килограммын жингийн чансааг толгойлж байгаа хоёр боксчин бол Эррол Спенс Жуниор, Теренс Кроуфорд нар юм. Хоёр боксчин мэргэжлийн замналдаа ялагдлын амтыг мэдрээгүй яваа ч тэдний нэг нь аваргын бүсээ алдаж, нэг нь жингийнхээ ноён оргилд эзэн суух учиртай. 30 насны босгыг давж, туршлага суун эр бяр нь жигдэрсэн шилдэг боксчид энэ онд тулалдвал хагас дунд жингийн түүx шинээр бичигдэнэ. Учир нь тэдний хэн ялсан нь WBC, IBF, WBO гэсэн 3 холбооны аваргын бүсийг нэгтгэх бөгөөд үнэмлэхүй аварга болоxод нэг л алхам үлдэнэ. Үлдсэн нэг холбоо буюу WBA холбооны бүсийг Куба боксчин Йорденис Угас эзэмшиж байгаа юм. Хагас дунд жинд сүүлийн 16 жилийн хугацаанд үнэмлэхүй аварга төрөөгүй билээ.

Эдгээр гурван тулаанаас гадна хүнд жингийн аваргууд болоx Тайсон Фюри, Олександр Усик нарын тулааныг бид энэ онд харах боломжтой. Мөн хөнгөн жингийн гурван холбооны аварга асан Теофимо Лопез ойрын хугацаанд Жорж Камбасостой даxин тулалдаж, хариугаа авахаар бэлдэж байгаа билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn