Пау Газол: Эцэг болох нь NBA-д түрүүлэхээс хэцүү юм байна

Испанийн бүх цаг үеийн шилдэг сагсанбөмбөгч Пау Газол Marca-д ярилцлага өгчээ.
Пау Газол: Эцэг болох нь NBA-д түрүүлэхээс хэцүү юм байна
@ Lakers Daily

Тэрээр Барселона, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Мемфис Гриззлис, Лос Анжелес Лейкерс, Чикаго Буллз, Сан Антонио Спөрс болон Милуоки Бакс багуудад хүчин зүтгэж 2009, 2010 онд NBA-ийн аварга болж байв. Мөн Испанийн шигшээ багийн хамтаар олимпод хоёр удаа аман хүзүүдэж, 2006 онд дэлхийн аварга болжээ.

-Сагсан бөмбөггүй амьдрал ямар байна даа?

-Тэмцээнд л орохгүй байгаа болохоос амьдралд маань сагсан бөмбөг чухал хэвээрээ. Европт, АНУ-д болж буй тоглолтуудыг байнга үзэж байна. Тоглохгүй, тэмцээнд орохгүй байх их өөр юм. 20 жил дээд түвшинд тоглосон болохоор хааяа тогломоор, тэмцэлдмээр санагддаг юм. Би санасандаа хүртэл тоглож чадсан болохоор сэтгэл хангалуун байдаг. Яах аргагүй том шилжилт амьдралд маань өрнөж байна. Амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж л явна даа.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг болсон бэ?

-Ер нь их идэвхтэй байгаад сурчихсан байна. Уулзалт, арга хэмжээний дуудлага их ирнэ. Сангийн ажил, Олимпын хорооны ажил гээд дуусахгүй. Спортод юу хэрэгтэй байна, тэр бүгдэд тусалж явна. Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж байгаа. Испанийн олимпын хороонд холбоотой ажил, албатай шүү дээ. NBA-д Голден Стейт Уорриорстой хамтран ажилладаг болсон.

-Та NBA-д эргээд очихыг хүсээ юу?

-Тийм ээ. Уорриорсын ордонд очоод бэлтгэлийг нь үзсэн. Бас багийн удирдлага, бүтэцтэй танилцсан.

-Та тэдэнд хэрэгтэй л байна даа?

-Тусгай ажил даалгаагүй ээ. Нэр ашиглах, шинэ, залуу тоглогч олж өгөх, зуучлах зэрэг хамтарч ажиллах ямар боломж байна, тэр бүгдийг нээлтэй үлдээж байгаа юм. Одоогоор би ажиглаж байна. Тодорхой санал тавивал нааштай хүлээж авна.

-Таны зөвлөгөө хэрэг болох байх, тийм үү?

-Тийм ээ. Онлайн ярилцлага, хурал хийж арга, туршлагаа солилцож байна.

-Таныг гуру буюу номын их багш гэх юм..?

-Зарим нь тэгж л байсан. Гэхдээ би ямар ч гуру биш. Сурсан зүйлээ хуваалцахыг л хүсэж байгаа нэгэн.

-Танд авьяас, хандлага, мэргэжлийн ур чадвар, мөнгө гээд бүх юм байсан. Харин хүссэн зүйлээ хүссэн цагтаа хийх эрх чөлөө байгаагүй болов уу. Зодог тайлахын нэг шилдэг тал нь энэ мөн үү?

-Тийм ээ. Зодог тайлаад эрх чөлөөтэй болсон. Үүнийгээ зохих ёсоор үнэлж байна. Би өөрийнхөө тухай ярихдаа ажил алба болон хувийн амьдрал гэсэн хоёр зүйлийг их онцолдог. Энэ хоёр бол уян хатан байдал болон тогтвортой байдал юм. Эхнэр, охинтойгоо илүү их цагийг өнгөрөөх тогтвортой байдал надад чухал байна. Тэгээд өөртөө тохируулж ажлаа зохицуулах уян хатан байдал. Нэг тийшээ аялмаар байвал аялаад, гэртээ баймаар байвал гэртээ үлдчихнэ. Хэн нэгэнд амлалт өгч, ямар нэг цагт хавчигдахгүй сайхан байна.

-Шинэ амьдралын юу нь хамгийн гоё байна?

-Эцэг болно гэдэг их өөр зүйл байдаг юм байна. Бяцхан охиноо өсөж том болохыг харах гайхалтай. Тэмцээн уралдаанд орохгүй, ийш тийшээ нисэхгүй байгаадаа баярлаж байна. Эхнэр, охинтойгоо цагийг өнгөрөөх үнэхээр сайхан. Үүний хажуугаар сурсан ажил, албаа амжуулах нь бараг л амралт болж байх шиг. Тамирчны үнэ цэн, хөлсийг мэддэг болохоор ийм ажилдаа дуртай.

-Тамирчин хүн байнга хөдөлгөөнтэй байхгүй бол болдоггүй байх, тийм үү?

-Дугуй унаж, биеийн тамирын зааланд очиж бас гольф тоглож байна. Их алхдаг. Ер нь тайван сууж чаддаггүй. Бие бялдар, оюун санааны хувьд ч дасгал хийсээр л байна.

-Олимпын хороонд ажилласаар л байх уу?

-Тийм ээ. 2028 он хүртэл ажиллана.

-Үргэлж хэвлэл мэдээллийн анхааралд байдаг байснаа санаж байна уу?

-За, үгүй дээ. Чухал, хэрэгтэй гэж үзсэн ажил дээрээ төвлөрөх болно. Тэмцээн, тулаанаа л санадаг даа. Хэвлэл мэдээллийн ачаар илүү олон хүн спортод татагдаж орсон. Тэдний гавьяа их, талархах хэрэгтэй.

-Эцэг болох нь бөгж зүүхээс (NBA-д түрүүлэх) хэцүү юу?

-Огт өөр зүйлүүд. Гэвч эцэг болох нь илүү хэцүү. Энэ дэлхийд авчирсан хүнийхээ өмнө чи хариуцлага хүлээнэ. Эцэг, эх болно гэдэг энэ амьдралын хамгийн чухал зүйл. Тэмцээнд түрүүлэх сайхан, сонирхолтой, хөгжилтэй л дөө. Харин эцэг болно гэдэг үлдсэн амьдралынхаа туршид хариуцлага хүлээж байна гэсэн үг.

Эх сурвалж: Marca

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn