Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт Испанийн Реал Мадрид, Вильярреал шалгарлаа

“Шар шумбагчид” түүхэндээ хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт гарав.
Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт Испанийн Реал Мадрид, Вильярреал шалгарлаа

Европын клубүүдийн дундах хамгийн нэр хүндтэй мөн хамгийн өндөр шагналтай тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт өрсөлдөх хоёр баг тодорлоо.

Аваргуудын лигт 13 удаа түрүүлсэн, XX зууны Дэлхийн шилдэг баг өргөмжлөлт Испанийн Реал Мадрид талбайдаа тус тэмцээний өмнөх улирлын аварга Английн Челсиг хүлээн авлаа. Челсиг эхний тоглолтод Мадридын клуб 1:3-аар хожсон учир энэ удаа тэд тэнцэхэд л хангалттай байсан юм.

Гэлээ ч Лондоны багийнхан тоглолтын эхнээс хүчтэй довтолгоо өрнүүлж, 15 дахь минутад Мэйсон Маунтын гоолоор тэргүүлж эхэлсэн. Үүний дараагаар 51 дэх минутад Антонио Рудигэр, 75 дахь минутад Тимо Вернер гоол оруулж, тооны харьцаа 3:0 болсон юм.

Үүний дараагаар Мадридын клубийн дасгалжуулагч Карло Анчелотти залуу тоглогч Родригог талбайд гаргасан нь нүдээ олж, Лука Модричийн дамжуулалтаар бразил залуу 80 дахь минутад хариу гоол хийв.

Ийнхүү үндсэн цагт хоёр баг 3:1-ээр дууссан тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:4-өөр тэнцэж, нэмэлт хоёр үе сунгасан. Эхний нэмэлт үед 33 настай франц довтлогч Карим Бензема мөргөж гоолдсоноор Мадридын багт ялалт авчирлаа. Ийнхүү Карим Бензема энэ улирлын Аваргуудын лигийн хасагдах шатанд Францын ПСЖ болон Английн Челсигийн хаалганд хет-трик хийсэн гялалзсан амжилтаа үргэлжлүүлж, шийдвэрлэх тоглолтод хожлын гоолыг оруулсан юм.

Реал Мадрид – Челси 2:3

Гоол: Маунт 15, Рудигэр 51, Вернер 75, Родриго 80, Бензема 96

Реал Мадрид: Куртуа, Карвахаль, Алаба, Начо (Васкес 88), Менди (Марсело 78), Модрич, Кроос (Камавинга 73), Каземиро (Родриго 78), Вальверде, Бензема, Винисиус (Себальос 115).

Челси: Менди, Тиаго Силва, Рудигэр, Жеймс, Алонсо, Лофтус-Чик (Сауль 105), Ковачич (Жоржиньо 105), Канте (Зиеш 100), Маунт, Хавертц, Вернер (Пулишич 83).

Шар хуудас: Жеймс (10), Бензема (37), Вальверде (68), Камавинга (90), Зиеш (102), Хаверт (109), Аспиликуэта (113), Карвахаль (118).

Шөвгийн наймын нөгөө учраанд Германы аварга Байерн Мюнхен талбайдаа өмнөх улиралд Европа лигт түрүүлсэн Испанийн Вильярреалыг хүлээн авсан ч хожиж чадсангүй.

Польш довтлогч Роберт Левандовски 52 дахь минутад тоог нээж, 1:0 болгосон ч тоглолтын төгсгөл дөхөх үед Чуквуэзэ хариу гоол оруулснаар “Шар шумбагчид” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1:2-оор Мюнхений клубийг илүүрхэж, түүхэндээ хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарлаа.

Байерн Мюнхен – Вильярреал Испани 1:1

Гоол: Левандовски 52, Чуквуэзэ 88

Байерн: Нойер, Эрнандес (Дэвис 87), Упамекано, Павар, Горетка, Киммих, Мусиала (Гнабри 82), Мюллер (Шупо-Мотинг 90), Левандовски, Коман, Санэ.

Вильярреал: Рулли, Фойт, Рауль Альбиоль, Пау Торрес, Эступиньян, Ло Чельсо, Коклен (Чуквуэзэ 84), Капу, Парехо (Орье 90), Жерар Морено, Данжума (Педраса 84).

Шар хуудас: Левандовски (33), Фойт (59), Ло Чельсо (90).

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Аваргуудын лигийн шөвгийн наймын үлдсэн хоёр тоглолт болох Атлетико Мадрид - Манчестер Сити, Ливерпүүл-Бэнфика гэсэн хоёр тоглолт эхэлнэ.

Эх сурвалж: UEFA

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn