Марселогийн ярьсан түүх буюу Бид цойлоод гараад ирнэ ээ!

“Ганцхан миний гэдэс ингэж дуугараад байна уу?” гэдэг юм.
Марселогийн ярьсан түүх буюу Бид цойлоод гараад ирнэ ээ!

Бразилын шигшээ болон Испанийн “Реал Мадрид”-ын хамгаалагч Марсело The Player`s Tribune-д өөрийнхөө түүхээс ингэж хүүрнэжээ.

... Чамд ярих хэчнээн олон түүх миний тархи зүрхэнд оршиж буй гэж санана!

…Амьсгалж ч чадашгүй нь. Гэвч сандарч мэгдэхгүй гэж хичээв. Энэ бол 2018 оны Аваргуудын лигийн финалд “Ливерпүүл”-тэй тулахын өмнөх миний байдал.

Хоолой дээр ямар нэг зүйл тээглэчихсэн юм шиг үнэхээр хэцүү байлаа. Маш их дарамт мэдрэгдэнэ. Та нар ийм мэдрэмжийг мэдэх үү? Би сандарч мэгдэж, түгшиж балмагдах тухай яриагүй юм шүү. Тийм явдал бол хөлбөмбөгт жирийн л үзэгдэл. Байж л байдаг эд. Гэвч энэ удаад миний хоолой дээр тээглэсэн тэр зүйл бол их өөр. Ямар сайндаа л би амьсгалж ч чадашгүй нь гэх вэ дээ.

Финалын өмнөх шөнөөс л эвгүйцсэн юм. Хоол ч хоолой давахгүй. Унтъя гээд хэвтэвч нойр хулжжээ. Зөвхөн маргаашийн тоглолтыг л бодно. Уг нь эхнэр Клариса минь олон сарын турш тэмцсээр байгаад хумсаа мэрдэг муу зуршлыг минь арилгаж чадсан юм. Гэвч тэр финалын өглөө би хумсаа бараг бүгдийг нь мэрж хэмлээд идчихсэн байлаа.

Хөлбөмбөгт сандарч түгших бол жирийн явдал. Чи хэн ч байлаа гэлээ финалын өмнө санаа зовних нь баараггүй. Ер нь хүн л юм бол сандарна шүү дээ. Хэн байх чинь хамаагүй. Өмдөндөө дусаачихгүй байхыг л хичээнэ. Энэ үнэн шүү!

Миний хувьд “Ливерпүүл”-тэй тоглохын өмнөх энэ дарамт, сэтгэлийн шаналал хамгийн хүчтэй нь байлаа. Хүмүүс гайхах байх л даа. Гэхдээ бид Аваргуудын лигт хоёр дараалаад түрүүлчихсэн болохоор одоо хүмүүс бүгд л “Ливерпүүл” түрүүлээсэй гэцгээнэ. Байдаг л нэг яриа гэж үү?

Үгүй дээ, хэрвээ бид хожвол түүхийг цоо шинээр бичиж чадна. Энэ л их том ачаа. Үнэхээр тэр ачааг нь би бүгдийг нуруундаа үүрчихсэн мэт санагдаад болдоггүй. Өмнө нь ингэтлээ түгшиж, догдолсон удаагүй болохоор хэрхэхээ ч мэдсэнгүй. Бүр эмчид ханддаг юм уу гэж хүртэл бодсон. Гэвч эмч намайг тоглолтод гаргахгүй байж магад гэж айгаад больсон юм.

Би заавал тоглох ёстой. 100%. Өөрөө өөртөө болон мөн өөр нэгэнд нотлох зүйл ч байна.

Финалаас хэдхэн хоногийн өмнө “Реал Мадрид”-д өмнө нь тоглож явсан нэгэн эрхэм /Хорхе Вальдано/-ийн зурагтаар ярьсан зүйл тархинд зоогдчихоод салж өгдөггүй. Түүнээс финалын талаар юу бодож байна гэж сэтгүүлч асуусан юм. Гэтэл мань хүн харин “Миний бодлоор бол Мо Салахын том хөргийг Марсело худалдаж аваад гэрийнхээ хананд өлгөчих хэрэгтэй. Тэгээд тэр хөрөгт шөнө болгон мөргөөд байхаас өөр гарцгүй” гэж хэлсэн билээ.

Мадридын багт 12 жил тоглож, Аваргуудын лигийн гурван цом гардчихаад байхад минь телевизийн шууд эфирээр ингэж басамжилдаг юм байна. Магадгүй зарим хүнийг бол тэдгээр үгс булшилчих биз. Харин намайг бол улам өдөөж, цөсийг минь хөөргөж өгсөн.

Би түүх бүтээхээр улангаслаа. Бразил жаалууд яг л Роберто Карлосыг биширч алмайрч байсан шигээ над руу хараасай гэж би бодно. Мөн хүүхдүүд дуурайж үсээ ургуулаасай гэж хүснэ.

Хувцас солих өрөөний шүүгээний өмнө амьсгалж ядан суухдаа би бодлоо. “Энэ дэлхий дээр хэдэн хүүхэд эрээн бөмбөг элддэг бол? Тэдний хэд нь Аваргуудын лигийн финалд тоглохыг мөрөөддөг бол? Сая, сая, хэдэн сая биз. Тайвшир даа гэж өөртөө хэлээд пүүзний үдээсээ зангидлаа”.

Ингэж бачууралгүйгээр талбайд гарчихсан бол их л амар байх байсныг би мэдэлгүй яахав. Талбай дээр муу юм тохиолдохгүй гэж бодно. Чамайг тойрон галзуу солиотой үйл явдлууд өрнөвч чи бөмбөг мэдрэх тэр агшинд элдэв зүйлд санаа зовохоо больж, зөвхөн зүтгэх л үлдэнэ. Тэр агшнаас анир чимээгүй, амгалан тайван руу умбан ордог бөлгөө.

Гэвч энэ удаад зүлгэн дээр гартал хоолой бачуурсан хэвээр. Тэгээд би өөртөө хэллээ. “Хэрвээ үхэх ёстой юм бол өнөөдөр энэ талбай дээр л үхье. Чөтгөр алгад, үхээд өгье!” гэж.

Зарим хүн үүнийг уншаад сүржигнэлээ, солиорч байна аа л гэх биз. Гэвч энэ мөч миний хувьд юуг илэрхийлж, мэдрүүлж буйг та эхлээд мэдэж мэдрэх хэрэгтэй болов уу. Миний бага насанд “Реал Мадрид”, Аваргуудын лигийн тухай мөрөөдөх бол үлгэр л гэсэн үг. Хэчнээн засаршгүй мөрөөдөгчийн тархинд ч багтахааргүй том үлгэр.

Бекхэм, Зидан, Роберто Карлос чинь бидний насны хөвгүүдийн хувьд Бэтмен байлаа шүү дээ. Гэтэл Бэтментэй жирийн амьдрал дээр тааралдах боломжтой бил үү? Комиксийн баатруудтай гар барьж байна гээд нэг төсөөлөөд үз дээ. Миний юу хэлэх гээд буйг ойлгож байна уу?

Намайг хүүхэд байхад тэд бол тэнгэрт дүүлэн нисэгчид байсан юм. Одоо ч гэсэн юу ч өөрчлөгдөөгүй. Хүүхдүүдийн хувьд “Реал Мадрид”, Аваргуудын лигийн финал гэх ойлголт үлгэрийн ертөнцөд л байдаг яриа. Үнэхээр тийм шүү. Би нэг түүхийг ярья л даа.

Мадрид дахь гэрийн маань цэцэрлэгт нэг жаалхүү ажилладаг юм. Нэг удаа манайд Роберто Карлос ирлээ. Бид хоёр жаахан буу халдаг юм байгаа биз дээ. Гэтэл нөгөө хүү харчихаж. Хармагцаа хөшөөд зогсчихлоо. Яг хөшөө, хөшөө.

Тэгэхээр нь би хэллээ. “Энэ Роберто Карлос” гэж. Тэгсэн чинь арай гэж ам нээж байна. “Үгүй ээ, биш байлгүй дээ. Ийм боломжгүй шүү дээ” гэнэ. Гэтэл Роберто өөрөө хэллээ “Энэ би мөн байна аа” гэж. Хүү итгэхийн тулд яасан гээч? Робертогийн толгойд хүрдэг юм. Жинхэнэ эсэхийг нь шалгаад байх шиг байгаа юм. Тэгснээ сая нэг сэхээ авч “Хөөе, энэ чинь та байна шүү дээ, Роберто!” гээд орилж билээ.

Хүүхдүүд ийм л байдаг. Үнэн ийм л байдаг юм.

Аваргуудын лигт анхны тоглолтдоо гарахдаа өөртэйгөө ярьснаа би тод санадаг. Алдартай аялгуу нь эгшиглэж эхэллээ. “За нөхөр минь, энэ чинь видео тоглоом шиг юм болох нь! Одоо чамайг телевизийн камер ойртуулж харуулна. Битгий инээд алдчихаарай!” гэж би өөрийгөө зандарсан юм даа. Ингэж л би амьдралаас үлгэрийн орон руу шилжсэн хүн.

Хэдэн жилийн өмнө би гэр бүл, найзуудтайгаа уулзахаар Бразилыг зорихдоо Аваргуудын лигийн финалын нэг бөмбөгийг авч очсон юм. Хэдэн найзтайгаа нийлээд дуртай хөлбөмбөгөө тоглож байгаад тэдэндээ хэллээ дээ. “Энэ жинхэнэ финалын бөмбөг шүү дээ” гэж. Тэгсэн чинь бүгд хөдлөхөө болиод зогсчихлоо. Бүгд бөмбөг рүү гөлрөөстэй. Яг сарны чулуу харчихсан юм шиг. Тэгснээ “Ёстой үнэмшмээргүй юм аа” гэж уулга алдацгаалаа. Том болсон эрчүүд шүү дээ, уг нь. Тэгсэн хэр нь итгэж ч чадахгүй, саяхан өшиглөсөн бөмбөгөндөө одоо болохоор хүрчихэж ч чадахаа болиод зогсчих нь тэр. Бүр хүрье ч гэхгүй байгаа юм. Орчлон ертөнцийн хамгийн ариун гэгээн, эрхэм үнэ цэнтэй зүйлийг харсан мэт бишрэн шимтэн ширтэн зогсоцгоож билээ.

Тэгэхээр одоо та ойлгож байна уу? Аваргуудын лигт түрүүлнэ гэдэг Риогийн жаалхүү Марселиньогийн хувьд юу болохыг ойлгож байна уу? Бүр гурав дараалж шүү! Дарамт, дарамт, дарамт л гэж би хэлье. Бүр яс махаараа мэдэрч билээ. Үнэнийг хэлэхээс ичиж нэрэлхэх юм алга даа.

“Ливерпүүл”-тэй тоглохоор бие халаалтад гарахдаа би тайвширч чадсангүй. Дараа нь гарааны бүрэлдэхүүн талбайд гарч эгнэн зогсоход талбайн төвд тавьсан бөмбөгийг харлаа. Тэр агшнаас л өнөөх сандрал, мэгдэл минь арилж алга болсон. Миний өмнө одоо ариун гэгээн хөлбөмбөг байлаа. Өнөөх сарны чулууг харж буй минь энэ.

Хүнд ачааг мөрөн дээрээс аваад чулуудах шиг, хоолойд тээглэсэн зүйлийг сарны чулуу түлхчих шиг үгүй болж, амар амгаланг сая мэдэрлээ. Тэр агшнаас хойш миний нүдэнд бөмбөгөөс өөр зүйл үзэгдээгүй.

Тэр тоглолтын талаар би нэг их онцгой тайлбар хэлээд яахав. Хоёр л мөчийг маш сайн санаж буйгаа онцлон өгүүлье. Тоглолт өндөрлөхөд 20 минут үлджээ. Бид 2:1-ээр хожиж явна. Би булангаас бөмбөг гаргахаар алхлаа. Тэр зуур “Салахын хөрөг зургийг гэрийнхээ хананд өлгө гэл үү? Ах гуайд ирлэж, шөвөгдөж өгсөнд талархъя” гэж хөмхийгөө зуун өөртөө шивнэлээ.

Үүнээс 10 минутын дараа бид 3:1-ээр хожиж явлаа. Мөдхөн дахиад аваргын цом гардана гэхээс сэтгэл гэгэлзээд тэсдэггүй. Бөмбөг хажуугаас тоглолтод оруулах ёстой болов. Дахиад л сэхээ авч өөртэйгөө ярих гэлээ. Гэтэл үг гардаггүй зөвхөн нулимс урсав. Талбай дээр шүү дээ. Өмнө нь би тоглолтын үеэр талбай дээр уйлсан удаагүй. Тоглолтын дараа бол яахав, уйлж л байсан. Цом өргөхдөө ч бас. Гэхдээ тоглолтын үеэр бол үгүй.

10 секунд орчим л нулимстайгаа хутгалдсан байх. Дараа нь бөмбөгийг тоглолтод оруулчихаад “Чөтгөр алгад, чи чинь өрсөлдөгчөө “барих” ёстой шүү дээ! гэж өөрийгөө ташуурдаад тоглолтдоо шунгинан орсон доо.

Тэр агшинд бодит амьдралдаа буцан ирж, бөмбөгт дуртай хүүхэд шиг тоглолтоо үргэлжлүүлж билээ.

Тамирчид бол хүүхэд, залуусын үлгэр дуурайлал байх ёстой. Гэвч бид супер баатрууд биш. Тиймээс ч өөрт тохиолдсон, мэдрэгдсэн зүйлсээ ярьж өгч байгаа юм. Энэ бол бидний бодит амьдрал. Бид жирийн л хүмүүс. Бид бусадтай адил яс махнаас бүтсэн хүмүүс.

Аваргуудын лигийн цомыг таван жилд дөрвөн удаа хүртэнэ гэдэг сайхан ч цом өргөхийн төлөөх тэмцэл бүр чөтгөрийн тамлал шиг хэцүү. Та бүхэн биднийг цом өргөж, баярлаж байгаагаар л хардаг. Харин камерын гадна, хөшигний цаадхыг үл харна.

Финал бүрийн тухай бодоход миний тархинаас нүд рүү минь сайхан кино илгээх шиг болдог юм. Гэхдээ тэр киноны дүрс сүүлчээсээ эхлэл рүүгээ эсрэг урсгалаар хөвөрдөг.

Kaz Photography

2017 оны Аваргуудын лигийн финалын “Ювентус”-тай хийсэн тоглолтын хальс эргэж эхэллээ. Багийнхан маань зоогийн ширээнээ сууцгаажээ. Каземиро, Данило, Криштиано тэгээд би. Бүгд таг дуугүй. Бүлх залгичихсан юм шиг авиа ч гаргахгүй. Хоолоо ширтэн сууцгаана. Таг дуугүй, анир чимээгүй болохоор бидний гэдэс хэрхэн хүржигнэн дуугарах нь хүртэл сонстоно. Хэн ч юу ч дуугарахыг хүсэхгүй байлаа. Үнэхээр бэрх тоглолт тулчихсан болохоор дуу ч гарахгүй байгаа нь тэр.

Гэтэл Криштиано аниргүйг үргээн ам нээлээ.

- Залуус аа, юм асууя... гэж тэр хэлсэн юм. Бүгд “Тэг л дээ” гэв. Тэгсэн чинь “Ганцхан миний гэдэс ингэж дуугараад байна уу?” гэдэг юм. Тэгэхэд бид бүгдээрээ нэг зэрэг “Минийх, минийх бас дуугарсан” гээд ярьж эхэлж билээ.

Миний гэдэс ингээд байна, би ингэж бодож байна гэж хэн маань ч хэлэхийг хүсээгүй байсан хэрэг. Криштиано бол яг л мөс шиг хэрсүү хүйтэн, барагтай юманд барьц алддаггүй эр шүү дээ. Машин ч гэж хэлж болно. Гэтэл тэр ингэж хэлсэн болохоор бусад нь бүгд өөрсдийнх нь байдал байж болох, жирийн юм гэдгийг ойлгосон юм. Ингэж бачуурал арилж, бид бүгдээрээ зэрэгцэн зөөгч рүү “Найз аа, бидэнд хийжүүлсэн ус дөхүүлээд өгөөч. Энэ хоолыг ходоод руугаа илгээхийн тулд араас нь усаар түлхэх хэрэгтэй байна аа!” гээд инээлдэцгээж билээ.

Ингээд бид стадион руу явж байх зуур Криштиано багийнхандаа нэг зүйлийг хэлсэн юм. “Эхлээд хэцүү байх болно. Харин хоёрдугаар үеэс бид тайван хожчихно” гэж. Энэ үгийг би хэзээ ч мартахгүй. Тэр яг тэгж хэлсэн юм шүү. Хэлснээр нь ч болсон. Түүн дээрээ нэмж бас “Залуус аа, бид тэднийг арчаад хаячихна. Арчаад хаячихна” гэж Криштиано хэлсэн юм даа. Тэгээд ч үнэхээр үгээр нь болсон.

Криштианогийн тэдгээр үгсээ хэлж буй царай төрх, орчин одоо ч нүдний өмнө тод харагдана. Үүнийг би мартахгүй л дээ. Их сайхан байсан. Ийм түүхүүдээ ач зээ нартаа ярьж өгнө гэж боддог юм. 30 жилийн дараа ярих энэ түүхийг минь сонсоод, Криштиано, Месситэй хамт талбайд гарч байсныг минь дуулаад “Өвөө та тэднийг улиралд 50 гоол оруулдаг байсан гээд байгаа юм уу? Сайхан залах юм аа. Өвөө бүр зөнөг залгачихаж. Одоохон эмчид үзүүлье” гэх биз.

Харин одоо 2016 оны Аваргуудын лигийн финалын агшнууд нүдний өмнүүр киноны кадрууд мэт урсан өнгөрнө. Гризманн жигүүрээр нэвтрэн орохоор тэмүүлж, би түүнийг “барьж” байна. Гэтэл үзэгчдийн суудлаас нэг их танил хүүхдийн хоолой сонстлоо.

Тоглолтын үеэр би үзэгчдийн хашхирааныг сонсдоггүй юмсан. Үзэгчдийг ч хардаггүйсэн. Зөвхөн өмнөх ажилдаа махран зүтгэдэгсэн. Эргэн тойрныг умартаж, зөвхөн тоглолтдоо анхаарснаар тайван, итгэлтэй тоглож чаддаг нь миний зан юмсан. Эрх чөлөөт шувуу шиг л талбай дээгүүр халин нисэх мэт тоглодогсон. Гэтэл гэнэт юун хүүхдийн хоолой билээ? Миланд болсон тэр тоглолтын үзэгчдийн суудлын урдуур эгнээнд хөлбөмбөгчдийн гэр бүлийнхэн суусан юм. Тэр шингэн хоолойноос гарах “Аав аа, мундаг!!! Аав аа, мундаг!!!” гэх дууг сонсоод би зогтуслаа. Энэ бол миний хүү Энцогийн хоолой яг мөн. Хүүгийнхээ аавдаа урам өгөн хашхирах тэр дууг сонсоод би хөл минь нугарч унах шахан гэлдэрч байснаа мартан тийрэлтэт хөдөлгүүр залгачихсан юм шиг их хүчээр талбайг хэчнээн ч удаа гэтлэн туулахад бэлэн болсон юм.

Дараа нь пенальтийн цуврал эхлэв. Лукас Васкес бөмбөгийг аваад цэцэрлэгт хүрээлэнд жаалуудтай тоглож буй мэтээр хуруун дээрээ эргүүлж үзэгдэнэ. Энэ шавилхан биетэй, дуу муутай залуу чинь юу хийж байгаа нь энэ вэ. Тэгэхэд би юу бодсоноо сайн санадаг. “За, муу золиг минь дээ. Наадахаа алдвал чинь чамайг нэг болгоод өгье өө!” гэж би хөмхийгөө зуулаа. Удалгүй Лукас хөнгөхөн оруулчихаад эргэж билээ.

Энэ цохилтын дараагаар бид сайхан тэврэлдээд, “Атлетико”-гийнхны хэрхэн цохихыг хүлээв. Каземиро хажууд сөгдөөд суучихсан залбирч үзэгдэнэ. Пепе бүр яг жаахан хөвгүүн шиг уйлчихсан харагдана.

Би Криштианод тэр үед хэлсэн юм. “Хуанфран алдана. Харин дараа нь чи бидэнд цом авчрах нь дээ” гэж. Хуанфран ч алдлаа. Криштиано цом авчирсан цохилтоо хийлээ. Харин энэ агшинд миний тархинаас урсах киноны бичлэгт би өөрөө 20 км/цаг-ийн хурдтайгаар баярлан гүйж байх юм. Хаашаа вэ гэж үү? Баяраа хуваалцаж, тэврэлдэхээр үзэгчдийн суудалд суугаа эхнэр, хөвгүүд рүү чавхдаж байгаа минь тэр. Баярлаж хөөрсөндөө миний царай яг галзуу хүнийх шиг харагдах аж.

Тэгээд дараагаар нь 2014 оны финалын “Атлетико Мадрид”-ын эсрэг тоглолтын үеийн дүрсүүд орж ирнэ. Эхний минутаас талбайд гаралгүй, сэлгээний суудалд шигдэж буйдаа ихэд бухимдангуй сууна, би. Бухимдаж цухалдсан ч гэсэн мэргэн цэцэн өвөөгийнхөө бидэнд хэлдэг байсан сайхан үгнүүдээс өөртэй маань мэт уншиж байлаа. Өвөө маань хөлбөмбөг тоглохоосоо өмнө найз нартаа хэлдэг байсан гэдэг. “Талбай дээр гарахдаа бүх асуудлаа мартаж, орхиж гарна. Би энэ үс, сахлаа хүртэл орхиж гарна” гэж.

Хоёрдугаар үе эхэлсний дараахан дасгалжуулагч намайг бие халаалтад гар гэхээс өмнө би өөрөө талбайн хажуугаар гүйж эхэллээ. Бэлтгэлийн майкыг биедээ углахдаа “Яасан ч яадаг юм. Тоохгүй” гэж өөртөө хэлсэн юм. “Хэрвээ талбайд гардаг юм бол бүгдийг орхиод, мартаад тоглоно. Үсээ, сахлаа бүгдийг мартана” гэх өвөөгийнхөө үгийг өөртөө үглэн бие халаалт хийлээ.

Ашгүй удалгүй дасгалжуулагч над руу эргэж хараад бие халаалтад гарахыг зөвлөлөө. Гэвч би бэлэн сууж байна шүү дээ. Чихнээс минь уур савсаж байна. Би уурын тэрэг шиг зүтгэхэд бэлэн болчихсон уураа савсуулан хүлээн суугаа минь энэ.

Тэгэхэд сайн эсвэл муу тоглосон гэж дүгнэж хэлж чадахгүй нь. Зүгээр л би талбай дээр гарахдаа өөрийн уур хилэн, хүсэл эрмэлзэл тэр байтугай тоглолтын өмнө уусан кофегоо хүртэл бүрэн орхин гарсан.

Тоглолтын 92:48-ыг эргэн санахад хүн бүрд юу мэдрэгддэгийг би мэднэ ээ. Мөргөж оруулсан гоол. Серхио Рамос. Манай багийн ахлагч, лидер маань. Тэгэхэд бид сэтгэлдээ үхчихсэн, бие хаа маань сульдчихсан, ялагдчихсан байлаа. Тэгтэл Серхио бидэнд амьдрал дахин бэлэглэсэн юм. Гэхдээ миний тархинд энэ кино биш өөр кино гардаг юм.

Миний тархинд үлдсэн киноны хэсэг бол хувцас солих өрөөнөөс эхэлдэг. Хувцас хэрэглэлийн ажилтан Манолин бид хоёр хэдэн үг солилцсон юм. Тэр хэлж байна аа. “90 дэх минут гүйж байхад бид хонгилд зогсож байлаа. “Атлетико”-гийн хувцас хэрэглэлийнхэн хажууханд таахалзана. Тэд бүр Campeones гэх бичигтэй өмсгөлүүдээ хүртэл аваад ирчихсэн! Оргилуун дарсаа зэхчихсэн байсан” гэж. Тэгснээ Манолин ихэд инээж, баярын нулимсаа арчлаа. Түүний баярын нулимсыг хараад мөрийг нь түшиж “Одоо л би нэг жаргалтай үхэж чадахаар боллоо” гэж хэлж билээ. Тэр дүр зургийг би хэзээ ч мартахгүй ээ.

Цом шүүгээнд үлдэвч, дурсамж маань зүрх сэтгэлд минь үүрд оршино.

Таван жилд Аваргуудын лигийн дөрвөн цом. Та нар үр дүнг харавч дарамтыг мэдрэхгүй. “Реал Мадрид”-ынханд “За яахав, дараа хожно оо!” гэх үг, ойлголт байдаггүй юм. Үгүй дээ, тийм үг байхгүй. Зөвхөн өнөөдөр, одоо л гэх үг бий.

Өнгөрсөн улиралд бид бүтэлгүйтэж сүйрч дууссанаа мэднэ. Маш сайн мэднэ. Ганц ч цом өргөөгүй. Бүр ганцыг ч шүү. Үнэхээр аймшигтай. Гэвч энэ бүтэлгүйтэл, ялагдал биднийг дахин том ялалт байгуулах хүсэл эрмэлзэлд автуулж, ялалтаар ангуулж, залгилмаар санагдтал өдөөж өгсөн. Би ч үргэлж тэргүүн өөдөө явах дуртай нэгэн. Яг л бага насных шигээ хөлбөмбөг тоглох их хүсэл минь ундарна.

Испанид хүрэх онгоцонд анх удаагаа суухдаа би 18 настай байлаа. Гэрээ хийх эсэхээ ч мэдэхгүй. “Реал Мадрид” намайг дуудсан ч гэсэн эхлээд шалгана, дараа нь эрүүл мэндийн үзлэгт оруулж магадгүй л гэж багцаална. Ирээдүйн эхнэр, өвөө мөн сайн найзтайгаа би Мадридыг зорьсон юм. Биднийг яах гэж Испани руу явж буйг Бразилд үлдсэн хүмүүсээс ганц аав минь л мэдэж байлаа. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг юм болчих вий гэсэндээ хэдүүлээ аль болох тайван байж, муу зүйл тохиолдоход сэтгэлээ бэлтгэнэ.

“Реал Мадрид” бол үлгэр. Энэ үгийг санаж байгаа биз дээ? Онгоцонд суулаа ч гэсэн “За за, би “Реал Мадрид”-д тоглоно оо. Дараа уулзъя” гэж би хэлж чадаагүй юм. Тэгж хэлэх ч аргагүй байсан даа.

Эмнэлгийн үзлэгийн дараагаар “Реал Мадрид”-ын бэлтгэлийн баазад сууж байснаа саналаа. “За, тэгэхээр Марсело маргааш шинэ костюм, зангиа авах болох нь дээ” гэж нэг дасгалжуулагч хэлэв. Гэтэл би юу гэсэн гээч. Та нар бараг итгэхгүй биз дээ. “Юу, яасан гэж? Юун зангиа, костюм вэ? Яах гэж?” хэмээн би асуусан юм. Тэгтэл “Юун юун яах гэж? Танилцуулга дээрээ өмсөхгүй юу. “Бернабеу”-гийн танилцуулга мэдэв үү, хүү минь” гэж билээ. Хаааааааааа.

Дараа нь миний өмнө гэрээ гаргаж тавихад би нэрээ мөн ч хурдан бичсэн дээ. Марсело Виейра да Силва Жуниор гээд. Тэр гэрээг би цусаараа үзэглэсэн юм шүү.

Таван жилийн гэрээ. Тэгээд өөртөө 10 жил энд тоглоно оо гэж амласан. Гэвч одоо аль хэдийнээ 13 жил урсаад эхэлжээ. Риогийн өнөөх Марселиньо эндээ байсаар л...

Надад эргэлзээд байдаг хүмүүс жаахан харамсалтай л санагддаг юм. Би эндээс хэзээ ч явахгүй ээ. Миний хувьд “Реал Мадрид”-ын түүхэн дэх легионеруудаас хамгийн олон жил цагаан өмсгөлтэй гарах нь асар их нэр төрийн хэрэг. Энэ бол үлгэр. Солиорол, итгэхийн аргагүй ухаан солиормоор явдал.

Энэ бүхнийг уншсаныхаа дараа та бүхэн энд байна гэдэг миний хувьд ямар их чухлыг ойлгож буй биз ээ. Намайг хаанаас ирснийг санах хэрэгтэй.

Тархинд минь урсах сүүлчийн кино бол найман настай үе. Манайх мөнгөгүй. Бэлтгэлд хүргээд өгчих бензиний ч мөнгөгүй. Эцэстээ өвөө минь хуучны хайртай Volkswagen Variant-аа зараад тэрхүү мөнгөө хадгалан зөвхөн намайг автобусаар бэлтгэлд хүргэж өгөхөд зарцуулдаг болсон юм. Өдөр бүр өвөө минь намайг хөтлөөд автобусанд суудагсан.

Халуун наран дор хөлсөө дуслуулан өвөө минь өдөр бүр 410 дугаартай автобусанд чихэлдэж, Риог хөндлөн гулд туулан бэлтгэлийн баазад аваачна. Тэгээд бас сайн муу тоглосноос минь үл хамааран өдөр бүр надад “Миний хүү, чи бол шилдэг нь. Марселиньо сонсож бай! Чи ирээдүйд Бразилын шигшээд тоглох болно! Би чамайг “Маракана”-д харах болно!” гэдэгсэн.

25 жилийн өмнөх энэ киноны бичлэг 4G-ээр нүдэнд минь үзэгддэг. Одоо ч тэр автобусны үнэрийг би үнэртэх шиг санагддаг. Миний мөрөөдлийн төлөө өвөө минь өөрийгөө зориулсан юм. Ядуу дорой гэж найз нөхөд нь гоочлоход өнөөх л цэцэн цэлмэг үгээрээ хариуг тэр дор нь өгчихнө. Өмднийхөө хоосон халаасыг татаж гаргаж харуулаад “Чөтгөр алгад, намайг хараач. Нэг ч зоос алга, гэхдээ би хамгийн жаргалтай зулбасга шүү!” гэж итгэл дүүрэн хэлдэгсэн. Өвөө минь надад итгэж байсан юм. Бид хоёр найзууд мөн хамтрагчид байлаа. Тийм учраас л би “Ливерпүүл”-тэй тоглож байхдаа талбай дээр уйлсан юм. Өвөө минь, түүний сэтгэл надад үнэртэх шиг болоод тэсээгүй юм.

Тархинд минь кино гарсаар.

Мадридад дахиад хэдэн улирал тоглохоо хэлж мэдэхгүй ээ. Гэхдээ би нэг зүйлийг хэлж чадна. Тоглох бүртээ өөрийнхөө бүх хүч тамирыг талбай дээр дуусгаад гарах болно. Өвөөгийн минь хэлдэг шиг. Үс, сахлаа би үлдээх болно.

Хүмүүсийн мэдэхгүй олон кино, дүр зургууд үүний цаана бас үлдэж хоцорч буйг сануулъя. Бид яаж, хэрхэн амжилтад хүрсэн, юунд инээн баясдаг вэ гэдгийг ойлгуулахын тулд эдгээр түүхээсээ та бүхэнтэй хуваалцаж байгаа юм. Надад өөр олон түүх бий. Гэвч тэдгээрийг одоохондоо өөртөө үлдээе.

Мөдхөн уулзана аа, найз минь. Мөдхөн.

Харин бидэнд эргэлзээд байдаг хүмүүст зориулж сүүлчийн үгээ хэлчихье.

“Реал Мадрид” дахиад л цойлоод гараад ирнэ. Энэ үгийг маань ханандаа өлгөчихөөрэй. Бүр хэзээ ч салахгүйгээр наачихсан ч яахав. Тэгээд өмнө нь шөнө бүр залбираарай. Бид цойлоод гараад ирнэ ээ!

Эх сурвалж: www.theplayerstribune.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn