Б.Жаргалсайхан: Энэ онд дэлхийн аварга болохыг зорино

PUBGM-ийн Stalwartesports багийн дасгалжуулагч SENATORSTE буюу Б.Жаргалсайхантай өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тэмцээний талаар ярилцлаа.
Stalwartesports багийн дасгалжуулагч
Stalwartesports багийн дасгалжуулагч

Сайн байна уу. Юуны өмнө Монгол Улсаа төлөөлөн PMWI-д амжилттай оролцож 2 дугаар байр эзэлсэнд баяр хүргэе.Үзэгчдийг огшоосон сайхан тоглолт буудалтуудыг үзүүллээ. PUBGM сонирхогч хүүхэд залууст энэ тэмцээний талаарх товч мэдээллийг өгөөч?

- Энэ бол PUBG MOBILE WORLD INVITATIONAL гэх тэмцээн юм. Сонирхогчийн түвшинд ойлгуулбал Зуны дэлхийн аварга гэсэн үг. Үндсэн PUBGM дэлхийн аваргад 16 баг өрсөлддөг. Харин энэхүү тэмцээнд бүх бүсийн намар хаврын 18 аварга баг хоорондоо өрсөлдсөн. Нийт шагналын сан нь 3 сая ам.доллар. Бидний гурван өдөр тоглосон үндсэн тэмцээнд 18 баг өрсөлддөг, 2 сая ам.долларын шагналын сантай юм. Үүнээс эхний таван байранд шалгарсан багууд гурван өдрийн дараа showdown буюу шоунд орно. Showdown нь нэг сая ам.долларын шагналын сантай шоу болох юм.

- Гурван өдрийн турш 18 тоглолт хийлээ. Хоёр дахь өдрийн байдлаар хүснэгтийг тэргүүлж явсан. Тэгвэл сүүлийн өдөр өмнөх тоглолтуудаа бодоход бага зэрэг сул өрсөлдсөн. Үүний шалтгааныг багийн дасгалжуулагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

- Ерөнхийдөө хүндхэн тоглолтууд хийлээ. PUBGM-ийн гол онцлог нь багтай ойрхон тойрог татвал хол явах шаардлагагүй байрлалаа сайн эзэлдэг. Манай багийн талд тоглолтын тойрог сайн татаж өгсөнгүй. Үүнээс шалтгаалан хол яван байраа эзлэхэд хохиролтой тулаан их хийсэн учир асуудал гарсан. Гэхдээ хамгийн хэцүү нь тэмцээн зохион байгуулагчдын утсаар тоглосон. Тоглогчид хоёр хоногийн турш өдөрт таван цагийн бэлтгэлийг SONY XPERIA гэх утсан дээр хийсэн. Утсандаа дасаагүй учраас тоглоход маш хүндрэлтэй. Хэрэв өөрсдийнхөө дассан утсаар тоглосон бол одоогийнхоосоо илүү амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Урьдчилаад дээрх утсыг аваад бэлтгэл хийе гэхэд Монголд орж ирээгүй учраас ямар ч боломжгүй байсан. Захиалаад авъя гэхэд биднийг тэмцээндээ явсны дараа ирэх болохоор боломж жаахан хомс байлаа. Хэрэв 14 хоногийн өмнө шинэ утсандаа дасаад, бэлтгэлээ сайн хангасан бол арай өөр үр дүнг үзүүлэх байв. Бусад багууд сарын өмнө утсан дээрээ бэлтгэлээ хийгээд харьцангуй сайн дассан нь тоглолтоос ажиглагдсан.

- Тамирчдын сэтгэл зүй хэр байсан бэ?

- Зааланд биднийг дэмжих гэж ирсэн гадаадын хөгжөөн дэмжигчид бий. Гэхдээ Монгол хүн ганц ч байхгүй. Саудын Арабд болсон учраас тухайн орны фанатуудын уухай, дэмжлэг бусад багуудын сэтгэл зүйд нэлээдгүй дайралт өгсөн. Тэр нь манай тамирчдад гүн нөлөөлөөгүй хэдий ч шар хөдөлгөх гэх мэт анхаарал бага зэрэг сарниулж байсан.

- Тоглолтын дундуур багынхандаа ямар зөвлөгөө өгч байсан бэ?

- Нэг тоглолт дуусаад дараагийн тоглолт эхлэх хүртэл тамирчидтайгаа уулздаг. Завсарлагааны үеэр тоглолтын анализ, тактикийг тохирно. Хэрэв манайхыг онилсон баг байвал яах уу, тоглолтын шийдвэрээ хэрхэн өөрчлөх гэх мэт чухал зөвлөгөөнүүдийг хангалттай сайн хэлдэг.

- Хоёр дахь өдрийн Sanhok map дээр хятадын RSG багт Bootcamp дээр тулаанаа алдсан. Гэтэл сүүлийн өдөр багийн ахлагч PIKA-ийн ухаалаг тоглолтын үр дүнд RSG-г буулган авсан. Тэмцээний оргил үе байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Энэхүү тоглолтод ямар тактик боловсруулан тоглосон бэ?

-Эхний өдөр RSG бидэнтэй буугаагүй. Байраа тавьж байгаа юм байна даа гэж бодсон. Гэтэл 2 дахь өдөр тооцоолоогүй, бэлтгэлгүй байхад гэнэт тэвэрч буусан. Яг буух үедээ харсан хэдий ч бэлтгэл үнэхээр хангалтгүй байсан. Зарим нэг хүмүүс та нар мэргэжлийн тамирчид байнга бэлтгэлтэй байх ёстой гэж хэлдэг. Тактикаа алдах үе байна. Хоёр дахь өдөр тухайн тоглолтын удирдлагаа алдсан нь хамгийн том алдаа байсан. Сүүлийн өдөр өөр сул багуудаа шахаж оноогоо аваад явах тактик боловсруулсан. Аль эсвэл эхний хоёр тоглолтоо сайн хийгээд сэтгэл зүйгээ тогтвортой хадгалж чадсан байвал RSG-г дахин тэвэрч буугаад тулааныг авна гэсэн тактикийг барьсан. Энэ маань ч биеллээ олсон. Тоглолтоо сайн удирдаж багаараа анхааралтай байсны эцэст буулгаж авсан.

- Сүүлийн тоглолт дээр хүснэгтийг тэргүүлж явсан Vampiresports-г тэвэрч буугаад оноогоор гүйцэх бодол байсан уу?

- Сүүлийн тоглолт эхлэхэд 20 онооны зөрүүтэй байсан. Тэдний буулт их сонин Erangel map-ийн зүүн хэсгээр тарж буудаг. Хэрэв тэвэрч буугаад үхчихвэл хүснэгтийн байрлалаа алдах магадлалтай байсан. Тулаанаа амжилттай хийж чадах уу, хүнээ алдвал яах вэ гэх зэргээр тамирчдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх эрсдэл их байсан. Магадгүй та нар харсан бол оноогоор муу, сайн яваа бүх багууд яасан ч бие биеэ тэвэрдэггүй. Яагаад гэвэл байр бүхэн шагналтай учир байрлалаа сайн аваад тактикийнхаа дагуу тоглох нь эрсдэлийг багасгадаг. Тэвэрч бууна гэдэг бол байрлал алдах маш том эрсдэл байсан.

- Танай баг маш нягт тоглодог. Тоглогчид бие биеэ сайн нөхөж явдаг. Гэтэл сүүлийн тоглолт дээр Action TOP хоёр урагшаа хэт шахсанаас болоод нэгийгээ алдаад цаашдаа тэр тоглолтдоо эрт унасан гэх мэт алдаанууд ажиглагдсан. Тоглогчид оноо сайн авах гэж улайрсан уу, Жаахан шаталт байсан уу. Яг юу болсон бэ?

- Сүүлийн тоглолт дээр урагшаа байлдаж байгаад араасаа шахуулсан. Бүх тоглолт дээр жижиг алдаанууд байна. Хүссэнээрээ тоглож чадсангүй. Тоглолтын тойрог үнэхээр бидний талд байсангүй. Олон жил PUBGM-ийн тойргийг ажиглахад харагдаагүй зүйлс их байсан.

- TOP-ийн тоглолт өмнөх шигээ сайн байсангүй. Юу нөлөөлсөн бэ?

- Манай тоглолтод утасны асуудал хамгийн их байлаа. Дэлхий тэр чигээрээ манай багт өндөр таамаг дэвшүүлж байсан. Бидний бэлтгэл хангалттай сайн байсан. Өөрсдийнхөө утастай байсан бол хуучных шигээ хүчтэй, зоригтой, тактикийн тоглолтыг 4 тамирчин маань хангалттай үзүүлэх байсан юм.

- ACTION тэмцээний үнэ цэнтэй тоглогчийн шагналыг авлаа. Бараг найман сарын турш ажилдагдаагүй тоглолтуудаа гаргасан. Удахгүй аав болох учраас итгэлтэй байсан уу?

- ACTION хагас жилийн турш энэ удаагийнх шиг үзүүлэлттэй тоглоогүй. Хувь тоглогчийн урдаа тавьсан зорилго, хийсэн бэлтгэлүүд түүнийг энэ шагналыг авахад хамгийн их нөлөөлсөн.

- TOP сайн тоглосон үед ACTION тааруухан тоглодог зарим үед эсрэгээрээ болох ч тохиолдол ажиглагдаж байна. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ, тоглогчдын формыг хэрхэн хангаж байгаа вэ?

- Цаашдаа бэлдэх зүйл их байна. Гэхдээ нэг баг учраас бие биеэ орлох ёстой. Дөрвөн хүний тоглолт жигд орох тохиолдол ямар ч багт бараг байхгүй. Ямар ч тохиолтод бие биеэ нөхөж тогловол нэг баг болно. Тиймээс сайн ажиллана.

- Үзэгчдийн сэтгэгдлийг харахад танай баг хоёр дахь RSG-д бариулсны дараа үндсэн тоглолтууд дээрээ сайн оноо аваагүй. Тоглогчид нэг тоглолтод бүтэлгүйтсэн сэтгэл зүйгээсээ гарч чадахгүй байсан уу?

- Ерөнхийдөө тийм асуудал байгаагүй. Хүмүүс иймэрхүү байдлаар буруу хараад байна. Тоглолтуудын тойрог бидний талд байгаагүй зүйл байгаа. Нэг удаагийн бүтэлгүйтэл тоглогчдын сэтгэл санаанд нөлөөлсөн удаа байхгүй гэдгийг итгэлтэй хэлмээр байна.

- Энэ тэмцээнээс цуглуулж буй оноо дэлхийн аваргын тэмцээнд нөлөөлөх үү?

- Нөлөөлөхгүй. Дэлхийн аваргын оноог зөвхөн бүсээсээ олох ёстой байдаг. Хэрэв нөлөөлбөл бусад багуудын тэгш байдал алдагдана.

- Тэмцээний хамгийн гунигтай, аз жаргалтай хоёр зүйлийг хэлээч?

- Гунигтай гэвэл тоглолтын тойрог л байлаа. Манай багийн талд татаагүйд харамссаар байлаа. Өөрсдийнхөө тоглолтыг хангалттай сайн үзүүлээгүй. Түрүүлсэн баг оноогоо авсан. Жаргалтай зүйл гэвэл багийнхантайгаа халуун дотно байгаа байдал. Цар тахлаас хойш ийм сайхан тэмцээнд бараг орсонгүй.

- Тэмцээнд орсон 18 багаас танайхтай ур чадвараар ойрхон багийг нэрлэнэ үү?

- Яг нэг гэж хэлэхэд хэцүү. Дэлхийн шилдэг багууд учраас бүгд сайн байсан. Гэхдээ түрүүлсэн Vampiresports багийг хэлье.

- Хэзээ Монголдоо ирэх вэ? Ойрын хугацаанд ямар том тэмцээн хүлээж байна?

- Эхний таван байрыг эзэлсэн багууд 1 сая ам.долларын шагналтай дараагийн шоунд дараа долоо хоногт орно. Нийтдээ 12 баг өрсөлдөх ёстой. Бүс бүсээс үзэгчдийн саналаар тэргүүлсэн таван баг, тусгай урилгаар сонгогдсон хоёр багтай хамт өрсөлдөнө.

Монголд очиход зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа.

- Энэ оны хамгийн том зорилго юу вэ?

- Өөрсдийнхөө чадах бүхнийг хийж дутуугаа нөхнө. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын алдаагаа засна. Дэлхийн аварга болно доо.

- Хоёрдугаар байр эзэлснээр хэр хэмжээний шагнал авч байгаа вэ?

- Нийтдээ 165 мянган ам.долларын шагнал авч байгаа. Дараагийн нэг сая долларын шагналын сантай тэмцээндээ амжилттай оролцохыг бодож байна даа.

- Гурван өдрийн турш тасралтгүй хамт байсан үзэгч, дэмжигчтэй хандаж юу гэж хэлмээр байна вэ?

- Дэмжсэн бүх фанатууддаа баярлалаа. Шүүмжилж байгаа хүмүүс ч байна. Шүүмжилсэн ч гэсэн манай тоглолтыг үзээд огшсон бол сайхан байна. Ирэх долоо хоногийн тэмцээндээ хичээх болно оо.

- Тэмцээний талаар ярилцсанд баярлалаа. Үзэгч дэмжигчдийгээ огшоосон урамтай тоглолтуудыг үзүүлсэн танай багийнханд баяр хүргэе. Цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсье. Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе

-Баярлалаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn