Эх орончдын өдрийн тухай та юу мэдэх вэ?

Бидний түүхийг дэлхий судалж буйд бид өөрсдөө түүхээ мартаж, умартаж үл болох билээ. Ингээд "Эх орончдын баярын өдөр"-ийг түшиглэн их хувьсгалын цаг үе, түүхэн үйл явдлын тухай мэдээллийг уншигч та бүхэнд зориулан бэлтгэснээ хүргэж байна. Монгол хүн бүрд зориулав.
Эх орончдын өдрийн тухай та юу мэдэх вэ?

“Эх орончдын өдөр”-ийн түүхэн эхлэл:

1911 онд Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, тусгаар тогтнолоо зарлаж байсан ч гадаад, дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан хүндхэн цаг үе өрнөж байв... Ингээд 1919 онд Нийслэл Хүрээ дахь оросын консулын Бодоо "Консулын дэнж"-ийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Данзан "Зүүн хүрээ"-ний нууц бүлгэмийг тус тус үүсгэн байгуулж, 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж энэ их үйл хэргийн эхлэл тавигдсан байдаг. Ийнхүү эх оронч залуус харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэхээр хүч нэгдсэн нь энэ аж.

Эх орончид:

Догсомын Бодоо (1885-1922) нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, "Консулын дэнж"-ийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8-р сарын 31-нд улс төрийн хилс хэргээр цаазаар авхуулсан байна. Түүний үүсгэн байгуулсан "Консулын дэнж"-ийн нууц бүлгэмд, Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг эх орончид нэгдэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байв.

Солийн Данзан (1883–1924) нь Монгол Улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулагч, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч юм. Түүний үндэслэн байгуулсан бүлгэмд, Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ.

Эх орончдын их үйл хэрэг:

1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудаснууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байв. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаар Монгол Ардын Нам гэж нэрийдэж Анхны долоо Зөвлөлт Орос улс руу зэвсэг гуйхаар явсан байна. Зөвхөн зэвсэг гуйхаар явсан зорилго нь сүүлдээ оросын улаан цэргийн хүчийг авахаар тохирч үүний төлөөсөнд Монголд зөвлөлт маягийн төр засаг тогтооно гэсэн амлалт өгсөн ажээ. Ингэж анх ардын намынхан Коминтерний нөлөөнд шууд орох нөхцөлийг бүрдүүлжээ. Ингээд 1920 оны Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн морин дивиз Монголд орж ирэн 10-р сараас эхлэн нийслэл хүрээг хэд хэдэн удаа довтолж 1921 оны 2-р сарын 23-ны өдөр Нийслэл Хүрээг хятадын гамин цэргээс бүрэн чөлөөлжээ.

Ардын нам байгуулагдсан хийгээд их хувьсгалын ач холбогдол:

1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулав. 1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулалдааныг хийн уг хотыг эзлэн авчээ. Ойролцоогоор 3-р сарын 20-нд Хиагтыг чөлөөлж дууссан гэсэн таамаг дэвшүүлдэг байна. Ингээд 1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна. Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөн нь олон жилийн харийн дарлалаас эх орноо чөлөөлөх, тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхаглахад томоохон түлхэц болсон түүхэн үйл явдал юм.

"Эх орончдын баяр"-ын өдөр

1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж байжээ. Энэхүү түүхэн үйл явдлаас хойш Монгол Ардын Нам Монголын төрийг 70 жил удирдсан юм. Ингээд 2004 онд УИХ "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт оруулж, жил бүрийн 3-р сарын 1-ний өдрийг “Эх орончдын баярын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn