Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол хүн сансарт ниссэн өдөр манай улсад 206 хүүхэд мэндэлж байжээ.
Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ болон БНМАУ-ын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийд амжилттай газардсан тухай түүхэнд тэмдэглэжээ.

Манай улсын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Ази тивээс сансарт ниссэн хоёр дахь хүн, дэлхийн сансарт ниссэн 101 дэх хүн болж түүхийн хуудсанд нэрээ мөнхөлсөн юм. Түүний сансарт гарсан зам мөр сансраас мэдээлэл дамжуулах эх суурь нь болсон тухай Шинжлэх ухаан академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд онцолж байна.

Монгол хүн сансарт ниссэн өдөр манай улсад 206 хүүхэд мэндэлж байжээ. Тэдний 15 нь Гүррагчаа нэртэй бол есөн хүүхдийн нэрд Сансар нэр орсон байдаг аж. Мөн Од, Гүр, Жанибеков, Гариг нэртэй олон хүүхэд төрсөн тухай мэдээллийг Улсын бүртгэлийн газраас өгч байсан юм. Тухайн өдөр хоёр орны тухайн үеийн төрийн тэргүүнүүд Л.И.Брежнев, Юмжаагийн Цэдэнбал нар сансрын нислэгийн багт мэндчилгээ илгээсэн байна. Энэхүү мэндчилгээнд “Эрхэм нөхөд өө! Та нарын хийж байгаа сансрын нислэг бол Зөвлөлт-Монголын найрамдлыг хөгжүүлж бэхжүүлэх он дарааллын бичигт мөнхжин орох яруу тод үйл явдал мөн гэж манай хоёр орны сая сая хүн чин сэтгэлээсээ үзэж байна. Хүндтэй хариуцлагатай даалгаврыг нэр төртэй биелүүлж энх амгалан сансрын тойрог замд үр бүтээлтэй хөдөлмөрлөнө гэдэгт та нөхдөд бид бат итгэлтэй байна. Нислэгийнхээ программыг амжилттай биелүүлэн эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирэхийн өлзийтэй ерөөлийг та бүхэнд дэвшүүлье” хэмээн бичсэнийг ШУА-ын архивд хадгалагдан үлджээ. Бид энэхүү мэдээллийг ШУА-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Д.Цогзолмаагаас авч бэлтгэн хүргэлээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn