“Аз жаргалтай” л амьдарч байвал нүүдлийн ахуй соёл хэрэггүй гэж үү?

Нүүдлийн ахуй соёл бол бидний онцлог амин чанар тул үеийн үед авч үлдэх, хадгалан хамгаалах ёстой, монголчуудын ондоошлын хамгийн чухал элемент мөн.
Гэрэл зургийг Б.Баяр
Гэрэл зургийг Б.Баяр

Ингэхэд аливаа улс үндэстний туйлын зорилго юу вэ?

Үндэстний хувьд мөхөж алга бололгүй өнө мөнхөд оршиж, үеийн үед мандан бадарч, цэцэглэн хөгжиж байх гэдэгтэй та бүхэн санал нийлнэ байхаа. Ямар ч үндэстэн ертөнцөөс арчигдан алга болъё гэж хүсдэггүй нь лавтай. Хүн төрөлхтний түүхэнд устаж алга болжээ гэж тэмдэглэгдэн үлдэх хүсэл зорилготой үндэстэн, улс гүрэн гэж үгүй.

Монголчуудын хувьд төдийгөөс өдийг хүртэл хөршүүддээ уусаж устаж алга бололгүй тэсэж, энэ зэрэгтэй оршин байж ирсэн нь нүүдлийн ахуй соёлтой явж ирсэнтэй шууд холбоотой.

Бусдаас үл хамааран, эрх чөлөөтэй байж, бусдын эрхэнд дав дээр гүйгээд орчихгүй байх боломжийг монголчуудад уламжлалт нүүдлийн ахуй амьдралын хэв маяг олгож ирсэн. Учир нь өрх бүр дор бүрнээ хэдэн малтай, хамгийн ядуу айл чөдрийн ганц морь, таргийн таван ямаатай, уудам нутагтаа дураар нүүдэллэн явдаг байсан нь сэтгэлгээний ч эдийн засгийн ч эрх чөлөөний мэдрэмжийг өгч байжээ. Энэ утгаараа монгол хүн эхээс төрөлхийн эрх чөлөөний мэдрэмжтэй төрдөг. Харин төрөлхийн ийм мэдрэмжтэй хүмүүст үүрэг хариуцлагаас илүү хүний эрх, эрх чөлөөг хэт тунхаглан тулгасан нь хямрал зөрчил дагуулсан байх талтай. Зах зээлд шилжсэн өнөө үед ч нүүдлийн аж ахуй бүхий ХАА биднийг тартагт нь тулгалгүй энэ зэрэгтэй байлгаж ирэв биш үү. Үйлдвэрлэл хөгжөөгүй, жаахан нүүрс, зэс зарж амиа авч яваа бидний монголчууд өнөөдөр хэдэн малынхаа буянаар бодол уужуу, гэдэс цатгалан яваагаа хүлээн зөвшөөрнө биз ээ.

Нөгөөтээгүүр монголчуудын дасан зохицох чадвар, зориг самбаа, тэвчээр хатуужил, чигч шийдмэг зан гээд цөөнгүй гайхалтай чанар бол нүүдлийн ахуй соёлын үр жимс юм. Одоо энэ онцлог чанарууд суурин соёлд хэр удаан оршин тогтнох бол? Ахуйгаас нь салгасан ч удамших бол хэр удаан удамшин өвлөгдөх бол? Ер нь ийм удамшил ахуй хоёрын холбоо ямар байдаг юм бол? Бидний монголчууд нүүдлийн ахуйгаас холдон суурин, ая тухтай амьдралын хэв маягт гүн бат шингэхийн хэрээр шилмэл чанаруудаа гээж улмаар үндэстний дархлаа суларч мэднэ. Учир нь тийм онцлог шинж чанарууд бидний хувьд гагц нүүдлийн ахуйд л хурцлагдан өнгө орж, улам хүчирхэгжин удамшдаг биз ээ. Ахуй нь соёлыг бий болгож, хэл соёл үндэстнийг амьд байлгадаг дархлааны систем нь. Уламжлалт соёл хэрэггүй гэж байгаа бол энэ монгол үндэстэн улс хэрэггүй гэж буйтай агаар нэг бус уу? (Хөөрөг, феодал дээл хувцсаар өрсөлдөж, өвөл зунгүй морь уралдуулж хүүхдийн эрүүл мэнд, амь насаар нааддаг соёлын тухай хэлээгүйг анхаарна уу!) Тэгээд ч уламжлалгүй шинэчлэл гэж үгүй гэдэг.

Үр хойч маань монгол хүний бие бялдрын болон оюун санааны шилмэл чанаруудыг тээж, цааш үеийн үед дамжуулаасай гэж би лавтай хүснэ. Сул биетэй, “судсан засаатай”, унжгар, унхиагүй, хулчгар, дорой, нялцгар, шалчигнуур, бэртэгчин, бэрхшээл сөрөх бие сэтгэлийн хатгүй хойч үетэй байхыг үл хүснэ. Өнөөдөр монголчууд овоо дориун бие тэнхээтэй, толгой сийрэг, сэтгэхүй баригдмал бус байгаа нь хэдэн үеэрээ нүүдлийн ахуй соёлтой явж ирснийх. Цаашид дан ганц суурин ахуйд шилжин хэт ая тухыг эрхэмлэн, хот хүрээнд хашигдан амьдарвал эдгээр шинж хэр удаан хадгалагдаж, хэдэн үе дамжих чадвартай байх бол гэдэг үнэхээр сонирхолтой.

Суурин соёлд бүрэн уусаад энүүхэн үе хавиараа “аз жаргалтай амьдраад” дуусах уу, нүүдлийн ахуй соёлоо хүндэтгэн агуулж, үндэстнээрээ урт удаан орших уу гэдэг дээр чухам “том зургаараа” харцгаах хэрэгтэй. Учир нь эхээс унасан энэ газар нутаг, үр удам минь үлдэх энэ Монгол Улс үндэстний хувьд даяаршилд уусаж үгүй бололгүй, үүрд мандан бадрах ёстой билээ. Энд хамгийн чухал нь нүүдлийн ахуй соёлыг гол тээгч болсон малчдын нийгмийн асуудал, малчдын хүүхдүүдийн сурах боловсрох орчныг хэрхэн бүрдүүлэх, технологийн шийдлүүдийг ашиглаж тэдний боловсрол, эрүүл мэндийн асуудал болон малчин хүний хүнд хүчир хөдөлмөрийг хэрхэн шийдэх, цаашилбал малын бэлчээрийн асуудлыг хэрхэн зохицуулах гэх зэрэг суурь асуудлууд дээр төрийн оновчтой бодлого зайлшгүй чухал байна.

Дүгнэвээс;

- Нүүдлийн соёл нь монголчуудын оршин тогтнох, үндэстний хувьд дархлаагаа хадгалан бэхжүүлэх суурь хүчин зүйл мөн. Бидний цөөхөн монголчууд даяаршиж буй ертөнцөд уусан алга бололгүй шалгарч үлдэх гол тулгуур.

- Нүүдлийн ахуй соёл бол бидний онцлог амин чанар тул үеийн үед авч үлдэх, хадгалан хамгаалах ёстой, монголчуудын ондоошлын хамгийн чухал элемент мөн.

- Суурин (хотын) соёл нь XXI зууны монголчуудын хувьд зугтах боломжгүй, зайлшгүй нутагшуулах соёл аргагүй мөн. Иймээс нэг талаас уламжлалт ахуй соёлоо дээдэлсэн, өв соёлоо хадгалан баяжуулсан нүүдлийн соёлт, нөгөө талаас орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг нэвтрүүлсэн, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг харгалзсан суурин газрын соёл бүхий хосолмол соёлт нийгмийн схемтэй байх нь зайлшгүй байна.

Хүн төрөлхтний сүүлчийн галт тэрэгний зогсоол магадгүй нүүдлийн ахуй соёл болох байх. Учир нь хөгжингүй ертөнцийн өдгөө хайгаад байгаа олон үнэт зүйл энэ ахуй соёлд байдаг. Шинжлэх ухаан технологийн хөгжил эцсийн дүндээ хүн төрөлхтний энэ ертөнц дээрх амьдралын төгсгөлийг ойртуулах чиглэлд байна гэсэн өнцгөөс харвал бид “хоцрогдсон” нүүдлийн ахуй соёлтой гэж гутрах хэрэггүй юм. Наад зах нь энэ “сул талаа” (сул тал бус харин ч том давуу тал) давуу тал болгон ашиглаж, дэлхийн нүүдлийн ахуй соёлын голомт-аялал жуулчлалын хамгийн том төв болгоё, улмаар хосолмол соёлтой хөгжлийн үзэл баримтлал бүхий Монгол Улсыг цогцлооё.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn