Д.Тосон: Модны ураар нэг бүтээл хийхэд жилийн хугацаа зарцуулдаг

Ураа хатаахад дор хаяж зургаан сар орно. Ухахад нэг өдөр орно. Тэгээд чанаад, дахин хатаахад бас багагүй хугацаа зарцуулна. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн хийхэд бараг жилийн хугацаа шаардаж байгаа юм.
Д.Тосон: Модны ураар нэг бүтээл хийхэд жилийн хугацаа зарцуулдаг

Монголд анх удаа гэсэн тодотголтой үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Мишээл экспод болов. Алтан шармал бурхнаас эхлээд эмээл хазаар, ээмэг зүүлт гээд бүгд л үнэтэй эд хэрэглэлүүд байна. Тэр дунд модны ураар урлал хийдэг нэгэн эрхмийн бүтээлүүд нүдэнд туссан юм. Бага гарын аяганаас эхлээд айргийн том хул хүртэл гэр ахуйн эдлэлээс гадна ур модны байгалийн дүрсийг нь дагуулж хийсэн олон төрлийн бүтээгдэхүүн байна. Тэрээр Хөвсгөл аймгаас зорин ирж оролцсон аж. Гар урлалын багш Д.Тосонгоос бүтээлийнх нь талаар сонирхлоо.

-Модны ураар бүтээл хийнэ гэдэг хэр ажиллагаатай вэ?

-Хар модны хажууд ургадаг зүйлийг ур гэдэг. Тэрийг нь аваад, унаган төрх нь ямар байна, түүний дагуу урладаг. Ураар юм урлахад хамгийн хэцүү нь мод нь хагарчихдаг. Хагардаггүй технологийг олохын тулд хамаг хугацаагаа зарцуулсан. Одоо бол манай бүтээгдэхүүн ямар ч нөхцөлд хагарахгүй.

-Хийх процессыг нь тайлбарлавал?

-Ойгоос олж авчраад байгалиар нь олон сар, жил хатаана. Одоо боллоо гэсэн үед нь ухаж, хэлбэр гаргана. Тэгээд чанаад, дахиад хатаана. Ер нь маш уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог.

-Чанадаг нь ямар учиртай юм бэ?

-Модонд үлдсэн давирхай, шүүсийг гаргаж байгаа юм.

-Жишээ нь хамгийн жижиг аяга хийлээ гэхэд хэр хугацаанд зарцуулах вэ?

-Ураа хатаахад дор хаяж зургаан сар орно. Ухахад нэг өдөр орно. Тэгээд чанаад, дахин хатаахад бас багагүй хугацаа зарцуулна. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн хийхэд бараг жилийн хугацаа шаардаж байгаа юм.

-Түүхий эд хэр олдоцтой байх вэ?

-Хөвсгөл бол мод сайтай газар. Гэхдээ ур элбэг биш, өдөрт хайгаад 10 орчмыг л олно.

-Үнийн хувьд?

-Овроосоо үнэ нь хамаарна. Хамгийн том айргийн хул гэхэд 900 мянган төгрөг.

Ийнхүү биднийг ярих зуур хүмүүс бүтээлийнх нь үнийг асууна. Тэгтэл “Энэ үзэсгэлэнд яах гэж ирсэн юм бэ гэж чи нэг асуугаач” хэмээн Д.Тосон хэлж байна. “За тэгье ээ, та хариулчих” л гэлээ. Асуултаа өөрөө санал болгож, түүндээ хариулж суугааг охин нь бололтой хүүхэд хажуугаас нь шоолно. “Энэ үзэсгэлэн үнэт эдлэлийн гэсэн тодотголтой. Яагаад би оролцож байгаа вэ гэхээр модон эдлэлээ би үнэт зүйл гэж боддог. Үнэт эдлэл гэдэг бол урт настай зүйлийг хэлдэг. Би ураар хийсэн бүтээгдэхүүнээ тийм урт настай, чанартай гэж боддог учраас энэ үзэсгэлэнд оролцохоор зорьж ирсэн” гэсэн юм.

Тэрээр нутгаасаа портер машин дүүрэн модон эдлэл авчирсан гэнэ. Сүүлийн үед эко гээд модон эдлэл сонирхдог болсон ч борлуулалт тийм сайн биш байдаг гэж тэрээр хэлсэн юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn