Монгол мориор уралдах хууль хэрэгжиж чадах уу?

Засгийн газар сэрвээгээр хэмжиж уралдах дүрэм батлав.
Монгол мориор уралдах хууль хэрэгжиж чадах уу?

Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан наадмын хүрээнд нэлээдгүй маргаан дагуулдаг сэдвүүдийн нэг болсон билээ. Маргааны шалтгаан нь уралдах морьдыг ялгах асуудал. Тэгвэл яагаад уралдах морьдыг ялгах талаар маргаан үүсэх болов?

Манай улсад импортоор гадаад үүлдрийн англи, араб, орос зэрэг олон төрлийн цэвэр цусны адуу орж ирэх болсонтой холбоотойгоор хурдан морины уралдаанд эдгээр гадаад адуу болон үржүүлэгт орсон эрлийз адуу уралдах болсон юм. Анх импортын адуу орж ирэх үед уяачид сонирхох, шохоорхох байдлаар хандаж хурдан морины уралдаанд ямар нэг хязгаарлалтгүй уралдуулдаг байсан бол сүүлдээ монголоос ялгах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Гадаад үүлдрийн адуу нь монгол адуунаас биеийн хувьд том буюу өндөр байсан учир сэрвээний өндрөөр нь ялгаж болно. Гэтэл тухайн адууг монгол адуутай үржүүлэгт оруулж 2, 3 дахь үе дээрээ ирэхэд монгол адуутай биеийн хувьд ялгаагүй болон эрлийзэжсэн байсан учир үүлдрийн байдлыг нь давхар харж ялгах болсон байдаг.

Сүүлдээ гадаад адуутай үржүүлэгт орсон эрлийз адууг ялгах боломжгүй нөхцөлд хүрч, хурдан морины уралдаан маань жил бүр маргаан дагуулдаг сэдэв болж хувирсан.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор хурдан морины уралдаанд зөвхөн монгол гэлгүй сэрвээгээр хэмжээндээ тохирч л байвал эрлийз адуу ч уралдах ёстой гэсэн асуудал хөндөгдөв. Улмаар 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үндэсний хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна” гэж хурдан морины уралдаанд монгол морь уралдах талаар зохицуулж өгсөн.

Хуулиар монгол морь уралдах талаар тодорхой тусгасан явдал үндэсний өв соёлыг хамгаалж авч үлдэх, маргааныг шийдвэрлэх тал дээр чухал ач холбогдолтой зүйл болов. Хэдий тийм ч наадам болох цаг тулж, эрлийз морьдоо наадамд уралдуулахаар бэлдсэн уяачдын хувьд хэцүү нөхцөл байдал үүссэн. Энэхүү зохицуулалтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх арга байсан уу?

Гэтэл Засгийн газраас баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-ээр уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж ялгах талаар Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр мэдээлэл хийв. Өмнө нь хурдан морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдрийн байдал харж ялгадаг байсан бол энэ удаад үүлдрийн байдал ч харалгүй ялгах болж байна. Өөрөөр хэлбэл сэрвээндээ тохирч л байвал эрлийз адуу шууд уралдах боломжтой болж байгаа юм.

Засгийн газраас баталсан дүрэмтэй холбоотойгоор “Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр мэдээлэл хийж, Засгийн газраас баталсан дүрэм, шинэчлэн найруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг зөрчиж байгаа талаар хэлж, тус дүрмийг шүүхэд өгөх байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлжээ. Хурдан морины уралдааны дүрэм нь захиргааны хэм хэмжээний акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “хууль”-д нийцсэн байх шаардлагыг хангаж байх ёстой. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан монгол морь уралдах агуулгад нийцсэн байх ёстой билээ.

Засгийн газар сэрвээгээр хэмжиж уралдах дүрэм баталсан шалтгаан нь юу байв? Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна гэх шинэчлэн найруулсан наадмын хуулийн заалттай холбоотой юу? Хэрэв тийм бол “Монгол үүлдрийн адууны стандарт”-ыг шинэчлэн боловсруулаагүй, батлаагүй байгаа хэрэг үү?

Үүнийг шалгаад үзвэл үгүй бололтой. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн С/49 дугаар тушаалаар “Монгол үүлдэр, омгийн адуу”-ны стандартыг баталж, 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбоо 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр их нас, соёолон, хязаалан насны ангиллаар “Тэргүүн хурд” хурдан морины уралдааныг зохион байгуулж, дээрх стандартын дагуу уралдах морьдыг ялган бүртгэл үүсгэсэн байна. Тус уралдаанд зөвхөн монгол морь уралджээ. Уралдаанд холбооны дүрмийн дагуу уяачид морины удам, угшлыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд зохион байгуулагчдаас адууны стандартын дагуу бүртгэл үүсгэн шалгаж, адууны удам, угшлыг худал мэдүүлсэн уяачид хариуцлага хүлээлгэх дүрэмтэйгээр наадмаа амжилттай зохион байгуулсан байна.

Ковидоос шалтгаалан 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлээгүй бид энэ жилийн наадмаа шинэчлэн найруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу маргаангүй сайхан зохион байгуулах хүсэл тээж байсан ч хурдан морины уралдаан маань бидний хүссэнээр болохгүй л бололтой.

Ашигласан эх сурвалж: Legalinfo

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn