Харьд буй бидний түүх: Галдан бошигт хааны илд мөн үү?

Харь орны соёл, түүхтэй танилцахын зэрэгцээ эх орныхоо түүх, соёлын дурсгалыг нүдээр үзэх боломж бидэнд бий.
Харьд буй бидний түүх: Галдан бошигт хааны илд мөн үү?

БНХАУ-ын Жөжян (浙江省) шяньд орших Нинбо (宁波) хотын музейд хадгалагдаж буй нэгэн илд судлаачдын дунд ихээхэн маргаан дагуулдаг. Учир нь музейн сан хөмрөгт 1991 оны 3 дугаар сарын 5-нд бүртгэгдсэн “Манжийн Энх-Амгалан хааны хэрэглэж байсан дайны илд” хэмээх тодотголтой тус илдийг Зүүнгар улсын хаан Галдан бошигтын илд хэмээн үзэх нэгэн ч байдаг ажээ. 1950-аад онд тухайн үеийн Нинбо хотын ардын хорооны гишүүн асан Жя Шань (贾山) Нинбогийн Фөнхуа (奉化) хотын Сикөү (溪口) дэх Жян овогтны ордны туурийг цэгцлэх ажлыг хариуцаж байхдаа Чин улсын үеийн нэгэн хайрцагтай илдийг олж холбогдох газарт мэдэгдсэн бөгөөд улмаар Соёлын дурсгалын хэлтэст шилжүүлжээ.

Илд нь нийт 119 см урттай, их биеийн урт 73.7 см; гангаар хийгдсэн; их бие нум шиг муруй, дөрвөлжин дугуй булантай; бариулыг модоор бүрсэн, цэнхэр бүсний гогцоотой; арьсан хуйтай, хуйн дээд, доод, гол хэсэг болон бариулын дээд, доод үзүүрт алтан хээтэй төмөр цагариг буй. Модон хайрцаг дагалдуулсан, хайрцгийн тагны зүүн болон баруун дээд булан эвдэрсэн, дунд болон доод хэсэгт бадамлянхуа сийлбэртэй. Тагны доод хэсэгт "永靖龙荒" , дээд хэсэгт "前康熙大帝亲征噶尔丹御用战刀谨呈国民政府主席蒋钧鉴;蒙旗宣慰使土默特总管荣祥谨率所属叩献" хэмээжээ.

- Доод хэсэгт байх "永靖龙荒" хэмээх 4 ханзыг зөвхөн хаан хэрэглэх бөгөөд тус бүр бие даасан утгатай. 永 нь 永远 буюу өнө удаан;靖 нь 平定 буюу төвшитгөн тогтоох;龙 нь Хүннүгийн Луут хот;荒 нь болхи хувцсыг илтгэх боловч 龙荒 нь хамтдаа Хятадын баруун умард хэсэгт орших харь үндэстний газар нутгийг заана. Тэгэхээр эдгээр ханзнаас "Баруун умард нутгийг үүрд төвшитгөн тогтоов" хэмээх утга гарна.

- Дээд хэсэг эвдэрсэн учир "前康熙大帝亲征噶尔丹御用战刀" хэмээх хэсгийн 前 (урьд, өмнөх) ханзны оронд 大清 (Их Чин улс) эсвэл 清 (Чин улс) ханз байх боломжтой хэмээн зарим судлаачид үздэг. Энэ хэсэгт "Урьд Энх-Амгалан хаан биеэр Галданг дайрахад хааны хэрэглэсэн дайны илдийг Ардын засгийн ордны тэргүүлэгч Жян Жюньжяньд хичээнгүйлэн барив. Монгол хошууны тайтгарлыг зарлагч түшмэл, Түмэдийн бүгдийн дарга Рун Шян хичээнгүйлэн харьяатаа дагуулан мөргөн өргөв" хэмээжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, Энх-Амгалан хаан 1696 онд Хөх хотын Чунфү (崇福) буюу Бага Зуу хийдэд саатах үедээ тэргүүн лам Нэйжи тойн хутагтын хүсэлтээр хэд хэдэн зүйлс үлдээсний нэг нь уг илд байжээ. Түүхийн хуудсыг сөхвөл 1696 оны 5 дугаар сард Тэрэлжийн Зуун модод Галдан бошигт хаан Манжийн цэрэгт ялагдан ухарч улмаар 1697 оны илүү 3 дугаар сард одоогийн Говь-Алтай аймгийн Ац Амттайд нас барсан билээ. Харин Рун Шян тус илдийг 1946 оны 7 (8) дугаар сард Жян Жешигийн 60 насны ойгоор бэлэглэсэн гэж үздэг.

Рун Шян (1894-1978) нь Түмэдийн Мэйдай зуу тосгоны уугуул, Товогийн 10 дахь ач, Дүгэржавын 4 дэх хүү юм. 1925 оны 7 дугаар сард Бээжинд болсон Үндэсний Төлөөлөгчдийн бага хуралд Хөх хотын тусгай бүс дэх Монгол хошууны үндэсний төлөөлөгчөөр оролцож, 1931 оны эхээр Наньжинд очиж Монгол, Төвөдийн хороонд Түмэд хошууны төлөөлөгчөөр ажиллажээ. 1937 оны 10 дугаар сард Японы түрэмгийлэгчид Хөх хотыг эзэлсний дараа тэрээр Японы эсрэг тэмцэлд оролцохоор Ордос хот руу явсан байна. 1938 оны 5 дугаар сард Гоминданы засгийн газраас анхны Үндэсний улс төрийн зөвлөлийн гишүүнээр томилогдож, Ханкоу дахь Үндэсний зөвлөлд оролцох үеэр Жян Жеши (蒋介石)-тай, Янань хотоор дайран өнгөрөхөд Мао Зэдунтай тус тус уулзав.

1949 оны 12 дугаар сарын 2-ны өдөр БНХАУ-ын Төв засгийн газрын IV хорооны хурлаар Рун Шяныг Хөх хот мужийн Ардын засгийн газрын Үндэстний хэрэг эрхлэх хорооны орлогч даргаар томилж байжээ. 1950 оны 3 дугаар сард Түмэд хошууны ардын засгийн газар албан ёсоор байгуулагдаж, Рун Шянийг хошууны тэргүүнээр томилов. Рун Шян 1954 онд Хөх хотын орлогч дарга, Хөх хотын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, ӨМӨЗО-ны Ардын хорооны гишүүн, ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байжээ. 1957 оны 7 дугаар сард түүнийг барууны үзэлтэй хэмээн Хөх хотын орлогч даргын албан тушаалаас чөлөөлж, Өвөр Монголын Соёл, түүхийн музейн захирлаар тавьжээ. Улмаар 1978 оны 1 дугаар сарын 19-нд 84 насандаа тэрээр өвчний улмаас нас барсан аж.

Үндсэн асуудалдаа ороход, илдийг Галдан бошигт хааных эсвэл Энх-Амгалан хааны хэрэглэж байсан илд биш гэж үзэх үндэслэл юу вэ?

  1. Сурвалжийн мэдээ хангалтгүй. Судлаачдын ил болгосон мэдээнд Энх-Амгалан хаан Бага зуу хийдэд саатахдаа Нэйжи тойнд хишиг хүртээсэн тухай байх боловч өөрийн хэрэглэж байсан илдийг өгөв хэмээх тэмдэглэл үгүй.

  2. Монгол хээ. Илдийн гол хээг үхрийн хамрыг дүрсэлсэн хамар угалз хээ гэж үздэг. Мөн үүлэн хээ ч харагдана.

  3. Бусад дурсгалтай харьцуулах. Бидний мэдэж байгаагаар Говь-Алтай аймагт Галдан бошигт хааны хэрэглэж байсан эмээл хадгалагдаж буй. Үүнээс гадна Зүүнгар улсын жанжин Бага Цэрэндондовын илд, Амарсанаа ноёны судрын хайрцаг зэрэг тухайн цаг үед амьдарч байсан түүхэн хүмүүсийн эд зүйлстэй хээ угалзыг харьцуулах боломжтой.

  4. Ялагчийн сэтгэхүй. Тухайн үеийн нөхцөл байдлыг Японы судлаач Окада Хидэхирогийн туурвисан "Энх-Амгалан хааны захидлууд" хэмээх номоос нарийн тодорхой уншиж болно. Ямартай ч Галдан бошигт хааныг буулгаж авах Энх-Амгалан хаанд амаргүй байсныг хэн хүнгүй зөвшөөрөх биз. Далай лам, Хөх нуур, Өвөр монголын ноёд нууцаар Галдан бошигт хаанд тусалж байсныг мэдсэн Энх-Амгалан хаан сануулга, сургамж үлдээх нь тодорхой. Энэ өнцгөөс сэтгэвэл, Хөх хотын Бага зуу хийдэд дайснаа ялсны баталгаа болгож дайны олз болох Галдан бошигтын хэрэглэж байсан илдийг Өвөр монголын ноёдод үүрд сануулга болгох зорилгоор "Баруун умард нутгийг үүрд төвшитгөн тогтоов" хэмээх тунхагтайгаар үлдээх нь түүнд ашигтай байсан болов уу.

Эх сурвалж: fx361

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn