Бээжинд буй бидний түүх: Торгууд хаадын үе уламжилсан илд

Харь орны соёл, түүхтэй танилцахын зэрэгцээ Монголынхоо түүх, соёлын дурсгалыг нүдээр үзэх боломж бидэнд бий.
Бээжинд буй бидний түүх: Торгууд хаадын үе уламжилсан илд

Цуврал байдлаар бэлтгэж буй энэ удаагийн бичвэртээ Торгууд хаадын үе дамжуулж ирсэн нэгэн илдийн тухай танилцуулах гэж байна. Тус илд Хааны ордны музейд хадгалагдаж байгаа бөгөөд 85 см урттай, төмөр бариул арьсан хуйтай. Он цагийн хувьд Мин улсын (1368-1644) сүүлч үед хамаарна. Илдийн бариулыг мөнгөөр хийсэн, дугуй хэлбэртэй. Бариулын гол хэсгийн нэг талд улаан шүр шигтгэж, нөгөө талыг мөнгөөр ороожээ. Хуйг тул загасны хайрс болон үхрийн арьсыг ээлжилж, голоор нь мөнгөн утсаар тогтоон ороосон. Хуйнд дагалдуулсан цагаан арьсан дээр манж, монгол, хятад үсэг байх боловч бүдгэрч зөвхөн "渥巴锡进” (Увш барив) хэмээх ханз танигдах ажээ.

Судлаачдын үзэж байгаагаар 1771 оны Ижил мөрнөөс Или голыг чиглэсэн их нүүдлийн удирдагч Увш хаан тус оны 9 дүгээр сард Халуунаас зайлах ордонд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаантай уулзахдаа энэхүү илдийг өргөн барьсан байна. Музейн ажилчид илдийн он цагийг Мин улсын сүүлч үед хамааруулсан учир Хоо өрлөг эсвэл Зулзаган өрлөг, түүнээс ч өмнө илдийг уламжилж эхэлсэн бололтой. Ямартай ч Хоо өрлөг 1630-аад оны үед Или гол орчмоос Ижил мөрний зүг нүүхдээ авч явсан нь тодорхой. Улмаар Хоо өрлөгөөс Увш хаан хүртэл 7 үеийг дамжжээ.

Оросын шахалтаас дайжин эх нутагтаа эрх чөлөөтэй амьдрахаар ирсэн Увш хааны хүсэл талаар болсон юм. 1771 онд 28-хан насандаа 35 мянган өрхийг удирдан хагас жил гаруй нүүдэллэсний эцэст 15 мянган өрхийг амь голтой Или голд авчрав. Эдгээрээс 8 мянган өрхийн 35 мянган ард Увшийн харьяат байсан учир түүнийг Үнэн сүжигч хуучин Торгууд аймгийн Зоригт хан өргөмжилж, Зайраас Зултаст шилжүүлсэн нь одоогийн ШУӨЗО-ы Баянгол Монгол үндэстний өөртөө засах жөүн торгууд ажээ.

Эх сурвалж: dpm.org

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn