Бээжинд буй бидний түүх: Амарсанаа ноёны номын хайрцаг

Харь орны соёл, түүхтэй танилцахын зэрэгцээ Монголынхоо түүх, соёлын дурсгалыг нүдээр үзэх боломж бидэнд бий.
Бээжинд буй бидний түүх: Амарсанаа ноёны номын хайрцаг

Өмнөх удаад Бээжингийн Хааны ордны музейд хадгалагдаж буй Бага Цэрэндондов жанжны илдийн тухай танилцуулсан билээ. Тус музейд Монгол ноёдын эдэлж хэрэглэж байсан цөөн боловч үнэ цэнтэй зүйлс байдаг нь Торгуудын хаан Увш (1744-1774)-ийн илд, Торгуудын Шар хүүхэн (одоогийн Ховд аймгийн Булган сум) ноёны дуулга болон Бага Цэрэндондов жанжны илд, Амарсанаа ноёны номын хайрцгууд юм. Эдгээр нь XVIII зууны Монголчуудын зэр зэвсэг, уран дарханы ололт болохын зэрэгцээ Зүүнгар, Торгууд улсын мөхлийн түүхэн гэрч болдог.

Зүүнгар улсын сүүлч үе 1750-аад онд өрнөсөн хаан ширээний төлөөх тэмцэлд гарч ирсэн нэгэн хүчтэй нөлөөлөгч Амарсанаа (1718-1757) байлаа. Тэрбээр эцгийн талын угсаа гарлаар хаан ширээг залгамжлах, хаан ширээнд хүч үзэхийг хүлээн зөвшөөрдөг бичигдээгүй дүрмийг устгахыг хүссэн ч түүний хаанчлал хэдэн өдрийн настай байв. Ихэнх нь түүнийг Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн Зүүнгарын ард түмний тэмцлийн нэгэн удирдагч хэмээн тодорхойлдог. Энэхүү түүхэн хүний хэрэглэж байсан судрын мөнгөн хайрцаг Манжийн хааны ордонд хүргэгдсэн түүхийг хөндөхөөс өмнө номын хайрцгийн хэлбэр байдал, хээ дүрслэлтэй танилцацгаая.

Хайрцгийн хотгор талд байх 7 эрдэнэ (Эрдэнийн алтан хорол, Чандмань эрдэнэ, Хатан эрдэнэ, Заан эрдэнэ, Түшмэл эрдэнэ, Төгс жанжин эрдэнэ, Морин эрдэнэ)
Хайрцгийн хотгор талд байх 7 эрдэнэ (Эрдэнийн алтан хорол, Чандмань эрдэнэ, Хатан эрдэнэ, Заан эрдэнэ, Түшмэл эрдэнэ, Төгс жанжин эрдэнэ, Морин эрдэнэ)

Тус хайрцаг нь судар ном, бичиг цаас, түүнтэй холбогдох эд зүйлсийг хадгалах зориулалттай; 30.5 см урт, 10.6 см өндөр, 9.2 см өргөнтэй; морины эмээл хэлбэртэй, энэ нь уг хайрцгийг морин дээр авч явахад хялбар байдлыг бодолцон бүтээсний илрэл бөгөөд аян зам, цэрэг дайны үед захидал бичгийг хадгалах үүрэгтэй байжээ. Хайрцаг нийт 6 талтай, суурь хэсэгт элдэв хээ угалз, чимэглэл байхгүй, үлдсэн 5 хэсэг тус бүр маш гоёмсог хээ угалзаар чимэглэгджээ.

Хайрцгийн хотгор тал 7 эрдэнэ, цэцгэн хээтэй; хүнхэр тал 8 тахил, Чандмань, цэцгэн хээтэй; орой хэсэгт гурван луу дүрслэгдсэн; хоёр хажуу тал нь 6 тойрогт цэцгэн хээтэй, мөн урт дөрвөлжин мөнгөн бариултай. Хайрцгийг бүтээсэн арга барилын хувьд зутгах, сийлэх хэлбэрээр хийгдсэн; 8 тахил, 7 эрдэнэ нь Бурханы шашны нөлөөг харуулна.

Хайрцгийн хүнхэр талд байх 8 тахил (Эрдэнийн шүхэр, Хос загас, Бумба, Бадам цэцэг, Цагаан лавай, Өлзий утас, Ялалтын бадаан, Найман хигээст алтан хүрд)
Хайрцгийн хүнхэр талд байх 8 тахил (Эрдэнийн шүхэр, Хос загас, Бумба, Бадам цэцэг, Цагаан лавай, Өлзий утас, Ялалтын бадаан, Найман хигээст алтан хүрд)
Хайрцгийн орой хэсэг
Хайрцгийн орой хэсэг

Хайрцгийн таглаанд дагалдуулсан манж, хятад бичигт он сар, эзэн холбогдогч, ирэл түүхийг нь тодруулсан байдаг. Бичигт "Тэнгэрийн тэтгэсний хорьдугаар он 12 дугаар сарын 25-нд Далдангагийн айлтгаж хүргэж ирсэн Амарсанааг нэхэн барихад олсон мөнгөөр үйлдсэн номын хайрцаг нэг" гэжээ.

Амарсанаа нь Зүүнгарын хоёр дахь хаан Цэвээнравдангийн охин Ботлогоос төрж Хойдын ноён Үйзэн хошуучийн гэрт өсөж хүмүүжсэн учир Хойдын Амарсанаа хэмээн танигдав. Гэвч түүний төрсөн эцэг Хошуудын ноён Галданданзан билээ. Амарсанаа нь 1750-аад онд өрнөсөн Зүүнгарын хаан ширээний төлөөх тэмцэлд сүүлчийн хаан Даваачийг дэмжин, нөлөө үзүүлсэн ч хожим тэдний дунд хагарал гарч, харилцан дайтаж, улмаар дотроос нь бутлах Манжийн бодлогын өгөөшинд автаж 1754 оны намар 4 мянган өрхийн 20 мянган ардаа дагуулан Манжийн хилд оржээ. Удалгүй тэрбээр Зүүнгарыг эзлэх Манжийн хоёр замын нэг болох зүүн этгээд буюу Алтай замын цэргийн туслагч жанжин болж их цэргийг удирдан 1755 оны 2 дугаар сард хөдөлж, 6 дугаар сард Даваач хаан баригдсанаар Зүүнгар улс мөхөв.

Удалгүй 1755 оны 9 дүгээр сард Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн Зүүнгарын ард түмний тэмцлийн эхлэлийг Амарсанаа тавьж, Бор талд хэдэн өдрийн настай хаан ширээнд суув. Түүнийг умард замын цэргийн хүрээнээс хойш уг нутгаа зорин хөдөлснийг сонсоод Манж сайд нар араас нь нэхэхэд хэд хэдэн эд зүйлсийг олз болгон хураан авсны нэг нь энэхүү мөнгөн номын хайрцаг байжээ. Энэ үйлдлийнх нь хариуд түүний Тамирт нутаглаж байсан харьяат ардыг нь хуваан тархаасан байдаг. Энэхүү түүхэн үйл явдлаас үлдсэн нэгэн ой санамж нь Увс аймгийн зарим иргэд хаалганыхаа дотор талыг цэнхэр өнгөөр будах уламжлал юм. Энэ нь Амарсанаа ноён буцан ирж ардаа цуглуулахдаа тэднийг цэнхэр өнгийн хаалгаар нь таньж олно гэсэн итгэл үнэмшил ажээ. Гэвч давуу хүчний эсрэг Амарсанаа мөхсөдөж 1757 оны 9 дүгээр сард Тобольск хотод цэцэг өвчнөөр нас барав. Зүүнгарын ард түмний энэхүү тэмцэл нь 1755-1758 оны хооронд олон аймгийн ноёд тус тусдаа тэргүүлсэн хөдөлгөөнөөр үргэлжилж, хүйс тэмтрэлтээр дуусжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn