Баярын өдрүүдээр дулаан уур амьсгал бүрдүүлэх тоглоомын санаанууд

Уламжлалт наадгайнаас гадна өөр орны тоглоомууд тоглох нь мэдлэгийн хүрээг тэлж, бусад улсын соёлд суралцахад тусалдаг.
Mongolian game
Mongolian gameJoybot

Монголчууд эрт дээр үеэс тоглоом, наадгайд ач холбогдол өгч, түүгээрээ дамжуулан хүүхдүүдээ хүмүүжүүлж, амьдрах ухаанд сургадаг байсан билээ. Энэ нь зөвхөн наадах хэрэгсэл гэхээс илүүтэй өв уламжлалаа хадгалах, ёс заншлаа дээдлэх гэх мэт гүнзгий агуулгыг багтаадаг. Битүүний орой “Алаг мэлхий” тоглодог бол “Дөрвөн бэрх”, “Үүчүүр”, “Хорол” тоглоомуудыг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог заншилтай. Мөн уламжлалт наадгайнаас гадна өөр орны тоглоомууд тоглох нь мэдлэгийн хүрээг тэлж, бусад улсын соёлд суралцахад тустай учир гэр бүлийн харилцааг сайжруулж, баярлан цэнгэхэд туслах уламжлалт болон бусад улсын тоглоомуудыг танилцуулахаар бэлдлээ.

Алаг мэлхий өрөх: Шагай бол эрт дээр үеэс уламжлан ирсэн олон жилийн түүхтэй наадгай юм. Шагайгаар бөгцөг няслах, шагай таалцах, морь уралдуулах, алаг мэлхий өрөх гэх мэт маш олон төрлийн тоглоом тоглож болдог. Алаг мэлхийг хэдэн ч хүн тоглож болох бөгөөд 92, 96 эсвэл 108 шагайгаар мэлхийний дүрс бүтээн, өрдөг. Тоглож буй хүмүүс ээлж ээлжээр шоо орхин, буулгасан тоотойгоо таарах эрхтний хэсгийг өөртөө авна. Ингэж явсаар эрхтнүүд цөөрөх бөгөөд хэн нэгэн аваад, хоосон зай үлдсэн хэсгийн тоотой шоо буувал, тоглогч цуглуулсан шагайнаасаа тухайн эрхтний хэсгийг нөхөж тавина. Ингээд хамгийн олон шагай цуглуулсан хүн хождог.

Хорол: Бидний сайн мэдэх даалуу хэмээх тоглоом манжийн үед үүссэн ч Монголчууд харь улсын бодлогоос өөрсдийгөө хамгаалах зорилготойгоор “Хорол” хэмээх тоглоомыг зохиожээ. Энэхүү тоглоом нь эв нэгдэл, хамтач ёсыг сургах ач холбогдолтой бөгөөд гэр барьж, худалдаа хийх гэх мэт үйл явцууд нь амьдрах ухаанд сургадаг.

Уно: Уно бол тусгай хэвлэсэн хөзрөөр тоглодог Америк тоглоом юм. Уг тоглоомын дүрэм бидний мэдэх 108 тоглоомтой нэлээд төстэй боловч илүү олон хөзөртэй. Мөн нэмэлт дүрмүүд, онцгой хөзрүүд зэргээрээ 108-аас ялгардаг. Тоглогчдод 7 хөзөр тараах бөгөөд, үлдсэн хөзрийг давхарлан тавьж хамгийн дээд талын хөзрийг эргүүлнэ. Ингээд тоглогчид ээлжлэн, тухайн хөзөртэй адил өнгө, эсвэл адил тоог тавин, гарт буй хөзрөө дуусгасан нь ялна. Ухуулах, өнжүүлэх, эргүүлэх, хүссэн өнгөө хэлэх гэх мэт онцгой картууд нь тоглоомыг илүү сонирхолтой болгодог.

Mattel-Uno-Playing-Card-Game
Mattel-Uno-Playing-Card-GameAmazon

Лигретто: Лигреттог байгууллагын ажилтнууд, найз нөхдийн холбоог бэхжүүлэх, хүүхдийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор тоглох нь олонтаа. Уг тоглоомын анхны хувилбар 1960-аад онд бий болсон ч Германы хөзрөн тоглоомын загвар зохион бүтээгч Майкл Майклс 1988 онд илүү сайжруулан шинэчилсэн. Лигретто нь бусад тоглоомуудыг бодвол өрсөлдөөн ихтэй, хурд, харааны ой тогтоолт, анхаарлаа салгах гээд маш олон чадварыг зэрэг хөгжүүлдэг. 2-12 хүн тоглох боломжтой бөгөөд модоо ээлжилж тавьдаггүй, бүгд зэрэг тоглодгоороо онцлогтой. Тоглогчдод 40 ширхэгтэй багц хөзөр байх бөгөөд уг хөзрүүдээ банк болон гар дахь хөзөр гэж 2 хэсэгт ангилна. Ингээд өнгө өнгөөр нь 1-10 хүртэл тоогоор уралдаж тавин, банкин дахь хөзрөө дуусгасан нь ялдаг.

Ligretto-Blue-Schmidt-Family-player
Ligretto-Blue-Schmidt-Family-playerAmazon

Энэхүү хөзрөн тоглоомууд болон бусад улсын хөзрөн тоглоомыг номын дэлгүүрүүд, тоглоомын төвүүд эсвэл олон улсын тоглоом зардаг цахим дэлгүүрүүдээс захиалан авах боломжтой.

Эх сурвалж: wikipedia, mattel.com, boardgamegeek.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn