Бар жилийн тухай мэдвэл зохих бүх зүйл #1: Цаст уулсын цагаан бар жилийн тухайд

Энэ бичвэрийнхээ хүрээнд бид бар жилийн тухай мэдвэл зохих ерөнхий зүйлс, энэ жилд төрөгсдийн зан чанар, суусан махбодын зурлага, хайр дурлалын амьдрал, ажил мэргэжил, энэ жилийн зурхайн зурлага, төөргийнхөө тухай хэрэгтэйгээс хэрэггүй хүртэл бүх мэдээллийг товчлон цувралаар хүргэхээр бэлдлээ.
Бар жилийн тухай мэдвэл зохих бүх зүйл #1: Цаст уулсын цагаан бар жилийн тухайд

Бар нь 12 жилийн тооллын гурав дахь жил ба домогт өгүүлдгээр 12 жилийн “эхэнд хэн байрлах вэ” гэдэг уралдаанд өөрийн хурд хүчиндээ найдан хэн ч түүнийг гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байжээ. Гэвч гол гатлан барианд түрүүлж ирсэн гэж бодтол хулгана өөрийн заль мэх, ухаалаг байдлаараа түрүүлж, удаах байранд зүтгэлтэй, хичээнгүй үхэр орж, гурав дахь байранд ширэнгийн хаан заларсан гэдэг.

Барууд бол зоригтой, идэвхтэй өөрийгөө сорих, шинэ аялалд гарах дуртай хүмүүс

Энэ жилд төрсөн хүмүүс яг л жилийг нь бэлгэддэг амьтантай адил эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, зоригтой, хийж буй зүйлдээ бүхнээ зориулдаг, өглөгч, өөртөө итгэлтэй, шударга, сайн үйл хэргийн төлөө бусдад шан харамж харж тусалдаггүй, хүний дээд байдаг гэнэ.

Бар жилд төрөгсөд

Бар жилийн тухай бүхнийг мэдэхээс өмнө хэн хэзээ төрсөн болоод бар жилтэй болоод байгааг ойлгох хэрэгтэй. Хэрэв та 1986 оны нэг сард төрсөн бол бар биш үхэр жилтэй. Учир нь тус жилийн цагаан сар 2 дугаар сарын 9-нд болсон. Та цагаан сараас өмнө төрсөн бол өнгөрсөн жилийн бэлгэдэл амьтан таны жил болно. Доорх хүснэгтэд ямар жилүүдэд бар жил тохиож байсныг харуулъя.

Бар жилд төрөгсдийн хүснэгт

Баруудад ээлтэй болон харш зүйлс

Ээлтэй зүйлс

  • Ээлтэй өнгө: Цэнхэр, ногоон

  • Ээлтэй тоо: 1, 3, 7

  • Ээлтэй цэцэг: Чавганы цэцэг (Prunus mume)

  • Ээлтэй зүг: Хойд зүг

Харш зүйлс

  • Харш өнгө: Цагаан

  • Харш тоо: 4, 9

Баруудын зан чанар, сул болон давуу тал

Энэ жил төрөгсөд дээр өгүүлсэнчлэн ер бусын өөртөө итгэлтэй, бие даасан, бодсоноо хийдэг, үйлдсэнээ дуусгадаг хүмүүс байдаг. Нөгөөтээгүүр бар л юм болсон хойно тийм ч нөхөрсөг биш, ганцаараа ажиллах дуртай. Тэд өөдрөг үзэлтэй, төрөлхийн аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг, үүнийгээ хийж байхдаа дуусашгүй эрч хүчтэй болдог. Энэ эрч хүч, шийдэмгий байдал нь баруудын хамгийн сэтгэл татам тал нь юм. Тэгээд ч зогсохгүй тэднийг хүрээлж буй хүмүүст энэ эрч хүчтэй байдал нь шууд анзаарагддаг ба өөрийн эрхгүй татагддаг гэж бичжээ.

Барууд нь арван хоёр жил дундаа хамгийн их хувийн орон зайг шаарддаг, эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг. Тэд шударга бус зүйлийг тэвчдэггүй учир өөрийнх нь эсрэг хэчнээн хүн байсан ч таны талд, шударга ёсны талд зогсоход бэлэн байдаг. Гэвч араатан л юм болсон хойно зарим үйлдлээ бодлогогүй, дараа нь юу болж болох талаар тунгаалгүй, хэт түргэн хийдэг. Энэ байдал нь даамжирвал хүмүүст тэнэг, юм ойлгодоггүй гэсэн сэтгэгдэл төрүүлэх магадлалтай байдаг.

Товчоор, бар жилтэй хүмүүс нь туйлын тэсвэртэй, үнэнч, хийж байгаа бүхэн нь бусдын анхаарлын төвд байдаг. Ширэнгийн хаан амьтны хувьд өөрийн хүч чадал, эрх чөлөөгөө мэдрэх газар нутаг, тусгаар байдлыг ямагт эрхэмлэдэг. Хүйс харгалзахгүйгээр тэд өөрсдийн хүсэл тэмүүллийг ямар ч ажил амьдралын асуудлаас тэргүүнд тавьдаг байна.

Баруудын давуу тал

Тэд зоригтой, захирах дуртай боловч бар чинь том л болохоос муур гэдгийг сануулах мэт хэнтэй эелдэг даруу, сэтгэл татам байхаа мэддэг. Баруудын хүсэл тэмүүлэл, зорьж буй зүйл нь биелэгдэшгүй өөрт нь ахадсан мэт боловч тэд хэзээ ч зүүд, зэрэглээ болоод дуусах зүйлийн араас хөөцөлддөггүй. Сонгосон зам мөр, мэргэжилдээ манлайлах, анхдагч байхыг эрмэлздэг ба цуцашгүй хөдөлмөрч зан нь нэг л өдөр дэлхийг өөрчлөн гэдгийг тэд алхам тутамдаа мэдэрч байдаг.

Барууд нээлттэй хэр нь түрэмгий өнгө аястай ярьдаг. Тэдний зан чанаруудыг харвал орчин үеийн нийгэмд биш романтикийн үеийн баатарлаг эрэгтэй эмэгтэй зохиолч, тэмцэгчдийг санагдуулам шударга, үүрэг хариуцлагаа гүн ухамсарладаг. Энэ байдал нь баруудыг удирдах, зохион байгуулах, бусдын нүүр царай болох ажилд амжилт гаргахад нь түлхэц болдог.

Баруудын сул тал

Тус жилд төрөгсөд нь тун зөрүүд, өөртөө хэт итгэлтэй, бусдыг удирдан зохион байгуулах, захирах гээд байдаг нь түүнийг тойрон хүрээлэгчдэд таагүй мэдрэмж төрүүлдэг. Үүнээсээ болж тийм ч олон найзгүй, ихэвчлэн ганцаараа байдаг. Энэ байдал нь ажлын хамт болон хайр дурлалын харилцан дээр ч илэрдэг. Хайр дурлалын хувьд хамтрагчаа хэт захирах гэж тэмүүлдэг нь аз жаргалтай хувийн амьдрал зохиоход том саад болдог. Хэдий ажлын болон хувийн харилцааны хүрээнд олон хүмүүстэй танил, хамтарч ажилладаг боловч зүрхний анд, сэтгэлийн амраг гээд хэлчих хүн бараг л байдаггүй. Хэн ч ганцаараа байхыг хүсдэггүй. Иймд бардам барууд нь буулт хийж, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь нэн чухал юм.

Дээр бичсэнчлэн барууд хүсэл тэмүүлэлтэй, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд дуусашгүй эрч хүчтэй байдаг шигээ ямар ч хамаагүй арга ашиглахад бэлэн байдаг. Тэд бусдын мэдрэмж, сэтгэгдлийг тоолгүй, зөвхөн мөрөөдөлдөө анхаарч өөрийнхөөрөө дайрч байдаг нь хайртай, ойр дотно хүмүүсээ гомдооход хүргэдэг.

Эрэгчин барын шинж

Авьяас чадвар, хүсэл тэмүүлэл дүүрэн эр баруудын хувьд өглөө есөөс орой зургаад тардаг ажилд удаан тогтохгүй л болов уу? Сурч, өөрийгөө хөгжүүлэхийг хязгаарладаг газрыг тэд үзэн яддаг. Тэгээд ч бар чинь торонд биш тайгад байдаг шүү дээ. Зарим бар эрчүүд томоохон компаниудад ажиллах боловч өөрийнхөө дэлгүүрийг нээхийн тулд туршлага цуглуулж байгаа нь тэр юм. Мөн л сэтгэл татам, шийдэмгий, хөдөлмөрч байдал нь тэднийг ямар ч ажил хийсэн амжилттай ажиллахад тусалдаг.

Хайр дурлалын амьдралд тэд хэн нэгэн бүсгүйн зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан цагтаа л түүндээ сэтгэлээ бүрэн зориулахаар шийддэг. Нэгэнт тэр насны ханиа олсон гэж итгэж байгаа бол хэзээ ч таныг араар тавьж хуурахгүй, бүх зүйлээ танд зориулах омог бардам, үнэнч, бар мэт сүрлэг эр хүн байдаг.

Талын салхи, хангайн уулсаас өөр зүйлд захирагдалгүй эрх дураараа байсан цагтаа л тэд хийж буй зүйлдээ бүхнээ зориулж, эцэж цуцахаа мэдэхгүй зүтгэж чаддаг.

Эмэгчин барын шинж

Тэд ямар ч нөхцөл байдалд давуу байдал олж чаддаг нь хүчтэй, ухаалаг байдагтай нь холбоотой. Эмэгчин барс нь эршүүд байх нь элбэг. Ажлын байран дээр хатуу чанга, муухай ааштай мэт боловч ажил, амьдралын тал дээр амжилттай байх хатан ухаан тэдэнд бий. Гэвч ажил бол ажил байдаг хойно тэд ажиллаж байх үедээ ширүүн, шийдэмгий байдаг. Эрэгчин барстай адил айхаа авдартаа хийж, шантрах гэдэг үг үгсийн жагсаалтад нь байдаггүй тэдэнд удирдан зохион байгуулах ажилд өрсөлдөгч үгүй ажээ.

Эмэгчин баруудыг ааш муутай, ихэмсэг байдаг гэсэн яриа нь хоосонгүй. Энэ байдал нь хувийн болон хувьсгалын ажил дээр сэтгэл дундуур явдгаар нь илэрдэг. Учир нь Азийн орнуудад байдаг нийтлэг уламжлал ёсоор эмэгтэй хүний байх газар нь түүний нөхрийн гэр байдаг. Гэвч цаг өөрчлөгдөж, эмэгтэй хүн заавал эр хүний нөмөр нөөлөг, идэвхгүй аж төрөх шаардлагагүй болж, хөдөлмөрлөж, зүтгэж чадаж байгаа нь өөрийн хувь тавиланг бүтээдэг сайхан цаг иржээ.

Хатан ухаантай, эрэмгий дайчин хэрнээ хээнцэр ихэмсэг эмэгчин барсын түрэмгий байдлыг ойлгож, зөөлрүүлж чадсан тэр эр л түүний хайрыг татаж, эн зэрэгцэж чадах билээ.

Энэ хүрээд эхний хэсэг өндөрлөж байна. Дараагийн хэсгээр бид баруудын хайр дурлал болон ажил амьдралтай холбоотой мэдээллүүдтэй танилцах болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn