Зүймэл урлалын гайхамшгийг мэдрүүлсэн “Торгоны хээ”

Зүймэл торгон урлалд амьдралынхаа 10 гаруй жилийг зориулж, үнэ цэнтэй цаг хугацаа бүрийг бүтээл болгон урлан суугаа чөлөөт уран бүтээлчийг С.Болормаа гэдэг.
Зүймэл урлалын гайхамшгийг мэдрүүлсэн “Торгоны хээ”

Зүймэл торгон урлалд амьдралынхаа 10 гаруй жилийг зориулж, үнэ цэнтэй цаг хугацаа бүрийг бүтээл болгон урлан суугаа чөлөөт уран бүтээлчийг С.Болормаа гэдэг. Тэрээр өчигдөр Монголын уран зургийн галерейд “Торгоны хээ” хэмээх долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.

Үзэсгэлэнгийн танхимд өнгө өнгийн торгыг зүүж, төрөл бүрийн өгүүлэмжээр илэрхийлсэн бүтээлүүд нь харц булаана. “Хэлхээ”, “Торгоны хээ”,“Ваартай цэцэг”, “Солонгон өнгөт”, “Цэцэгтэй торго” гэсэн уран тансгаар өнгийг илэрхийлж, гаргасан бүтээл бүхэнд уран бүтээлчийн амьдралынх нь үнэ цэнтэй цаг хугацаа, хөдөлмөр шингэн буй.

Удам дамжсан үйлчин

Тэрээр хүүхэд байхаасаа юм оёж, нэхэх, зураг зурах дуртай хүүхэд байжээ. Түүний ээж, эмээ нь үйл урладаг, уран гартай хүмүүс байв. С.Болормаа ээжийгээ үйл урлаж байхыг харж, сонирхож суудаг байсан нь түүний үйлчин болох замналыг нээжээ. “Торгоны хээ” үзэсгэлэнгийнхээ адил удам дамжсан авьяасаа тордон яваа үйлчин эмэгтэй юм.

“Торгоны хээ” үзэсгэлэнд 1530-аад төрлийн торго орсон бүтээлийг дэлгэжээ

С.Болормаагийн хувьд зүймэл торгон урлалаас өмнө хатгамал хатгадаг байжээ. Тэрээр анх гадаадын сэтгүүлээс зүймэл даавуугаар хийсэн зураг үзэж, энэ чиглэлээр ажиллах зорилго өвөртөлсөн байна. Үүнээс хойш 2004 онд Японд явж байхдаа зүймэл даавуун урлалын мастер эмэгтэйтэй танилцжээ. Япон эмэгтэйн хувьд даавуугаар зүймэл урлал хийдэг бөгөөд түүнд бүтээлүүдээ үзүүлж, бэлэглэсэн нь түүнийг энэ зам руу орох эхлэл нь болжээ.

Монголчууд үйл их урладаг ард түмэн учраас торгоны өөдөс их гардаг. Мөн даавууг бодвол өнгө үзэмж илүү учраас торгыг ашиглах санаа төрж, торго цуглуулах болж. Ингээд 2010 онд Японы урлаач эмэгтэй Монголд ирж, даавуун зүймэл бүтээлээ авчирч, хамт үзэсгэлэнд оролцжээ. Үзэсгэлэнд оролцсон цагаас хүмүүс бүтээлүүдийг нь үзэж сонирхож эхэлсэн байна. Энэ цагаас хойш уран бүтээлээ туурвиж, 2016 онд Монголын уран зургийн галерейд анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Анх 30 бүтээл дэлгэсэн байна. Харин энэ удаагийн үзэсгэлэнд 60 бүтээлийг сонирхуулахаар дэлгэжээ. Зүймэл торгон урлалын бүтээлийг бусад орны хүмүүс их сонирхдог. Бүтээл бүхэн бэлэн болж хүмүүст хүрэхэд их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг учраас үнэхээр тансаг урлаг гэж үздэг ажээ. Учир нь зарим улсад зүймэл торгон урлалыг оёдлын машинаар хийдэг байна. Энэ тухай С.Болормаа “Миний хувьд ч гэсэн гараар хийхэд их үнэ цэнтэй санагддаг учраас холбох, ширэхгээд гараар хийдэг” гэлээ. Олон өнгийн торгыг давхарлахгүйгээр зэрэгцүүлэн зүүж оёдог онцлогтой гэдгийг уран бүтээлч маань хэлж байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд 1530 төрлийн торго оржээ.

Нэг бүтээл төрөхөд их хугацаа зарцуулдаг

Тэрээр анх дөрвөлжин торгонууд зүүж дээр нь зүрх хийсэн бүтээл хийж байжээ. Бүтээл хийхдээ эхлээд торгоо дөрвөлжин, гурвалжин хэлбэрт оруулсны дараа холбож оёдог байна. Бараан өнгийн торгыг нэг дор зүүж оёвол үзэмжгүй харагдах учраас хэлбэржүүлсэн торгонуудаа эгнүүлж тавиад хардаг байна. Тэгээд өнгөний зохицол нь болж байвал холбож оёдог аж. Мөн нэг бүтээл төрөхөд сар гаруйн хугацаа зарцуулдаг байна. Зүймэл торгон урлалын өнгө үзэмж, тансаг бүхнийг шингээж урласан “Торгоны хээ” үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.

П.Амгаланбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn