Playtime-ийн талаар хэн юу гэж хэлэв?

Ямар ч зүйлд эерэг, сөрөг тал байдаг нь хорвоогийн жам. Тухайлбал энэ жилийн playtime-ийн эргэн тойронд асуудлууд хөвөрснийг нуух юун.
Playtime-ийн талаар хэн юу гэж хэлэв?

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн playtime ёстой л хүмүүсийн “цангаа”-г тайлах шиг болов. Цугларсан залуус эрх чөлөөтэйгөөр юунд ч баригдахгүйгээр өөрийнхөөрөө хөгжилдөж, дөрвөн өдрийг эрх чөлөөтэй өнгөрөөсөн нь дараах залуусын ярианаас харагдана.

“Альтернатив” дуучин Х.Отгоо “Энэ жилийн playtime маш өргөн хүрээг хамарч байна. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү өдөрлөгийг хүн бүр л санаж, хүлээсэн нь оролцож буй хүмүүсийн бэлтгэсэн байдал, хувцаслалтаас илхэн харагдаж байгаа байх. Дөрвөн өдрийн турш өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байж, шүтдэг хамтлаг, дуучдынхаа амьд тоглолтоор сонороо мялааж, бусад олон төрлийн хөгжим сонсох боломжийг олгож байна. Энэ мөч нь болоод өнгөрөх үйл ажиллагаа бус оролцож буй хүн бүрийн оюунд сайхан дурсамж болон үлдэх биз ээ. Жил ирэх тусам зохион байгуулалт нарийсаж, улам илүү сайжирч байна. Playtime бол уран бүтээлч хүмүүст маш том боломж. Миний хувьд уран бүтээлээсээ товчхон дурдвал, энэ оны гуравдугаар сарын 7-нд 2021 онд гаргасан хоёр дуутай пянзаа сонсогчдодоо өргөн барьсан байгаа. Мөн пянзандаа зориулж VIP тоглолтоо хийсэн нь амжилттай болсон” гэлээ.

Б.Хангай “Жил бүрийн playtime-д оролцох гээд амждаггүй байсан. Энэ жил харин ажлын шугамаар “Дунд гол” хөгжмийн дэлгүүрээс оролцож байна. Уур амьсгал, залуусын эрч шууд л мэдрэгдэж байна. Миний хувьд зургаан жил Монголдоо байгаагүй. Энэ үйл ажиллагаанаас харахад залуусын маань стил имиж, харилцаа хандлага нь эерэг тал руугаа маш сайн өөрчлөгджээ. Дотор клубуудээр болдог фестивалуудад өмнө нь оролцож байсан. Playtime- ийн онцлог нь байгальд амьд хөгжим сонсдог учир илүү хүнд сайхныг мэдрүүлдэг байх. Цаашид илүү гаднын алдартай хөгжимчдийг оролцуулаасай гэж хүсэж байна”.

О.Гүнжээ “Энэ жил анх удаа оролцож байна. Миний хувьд playtime-д зориулж GOT стилийн хувцаслалтай ирсэн. Маш сайхан байна. Зохион байгуулалт сайтай, үеийнхэн маань ч гэсэн соёлтойгоор оролцож байгаа нь харагдаж байна” гэлээ.

Д.Даваанням “Олон жилийн өмнө л playtime-д оролцож байлаа. 20 дахь удаагийнх нь маш эерэг, сайхан болж байна. Ер нь энэ үйл ажиллагаанд оролцож байгаа бүгд л инээж, хөөрч, сайхан байхыг хүсэж байгаа нь харагддаг. Энэ жилийн наадмын хувьд амтат хоолнууд олон сонголтоор гарч байгаа нь таалагдаж байна” гэж хэллээ.

Playtime-ийн сөрөг талаас товчхон

Ямар ч зүйлд эерэг, сөрөг тал байдаг нь хорвоогийн жам. Тухайлбал энэ жилийн playtime-ийн эргэн тойронд асуудлууд хөвөрснийг нуух юун. Зохион байгуулалт тун сайн байсан ч, хог болон нойлын асуудал хөндөгдсөн хэвээр. Мөн гачуурт орчимд гэртэй хүмүүс харих гэж түгжрэлд ихэнх цагаа зарцуулан “Playtime-ийг хурдан дуусаасай” гэж хүссэн гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн хувьд нэг өдрийнх бус дөрвөн өдрийн тасалбарыг 250 мянган төгрөгөөр худалдаанд гаргасан нь олныг хоёр талцуулсан юм. Өнөөдөр Монголд инфляцын өсөлт ямар хэмжээнд байгаа билээ. Энэ хэмжээний үнэтэй тасалбараар дөрвөн өдөр амарч, зугаацах боломжтой хүмүүс олон биш гэж бодсон ч playtime-ийн үйл ажиллагаа хүн хөдөлгөөн ихтэй байлаа. Харин ч зарим нь бусдынхаа хөдөлмөрийг үнэлж шинэ жишиг тогтоох хэрэгтэй гэлцэх нь ч байна. Ямар ч байсан playtime-д оролцсон залуус сэтгэл хангалуун буцсан биз ээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn