Улэй, өө...

Этгээд будалт, хувцаслалт шигээ хэм хэмжээнд баригддаггүй, эрх чөлөөт, “хүйсгүй”, хэнээр ч заалгаагүй төрөлх авьяастай гэрэл зурагчин эр Маринад зүүдэндээ ч хараагүй шинэ ертөнцийг нээж өгсөн гэдэг.
Улэй, өө...
Museum Amsterdam © Ulay

Улэй, Марина хоёр. Зөвхөн “Баяртай” гэж хэлэхийн тулд хэдэн мянган км замыг алхан туулж, Цагаан хэрэм дээр салсан хоёр. 13 жилийн турш хайрлаж, дурлаж, хамтдаа хэрэн хэсэж, хамтдаа урлаг бүтээсний эцсийн цэг.

Үүнээс хойш 20 жилийн дараа “үйлдлийн урлагийн эмэг эх” хэмээн өргөмжлөгдсөн Марина үзүүлбэрийнхээ дундуур нүдээ аниад нээхэд өмнө нь амьдралынх нь хайр, уран бүтээлийнх нь хамтрагч асан Улэй ирсэн байв. Энэ хүртэл тэд дурсамжаас бусдыг нь зүрхэндээ булшилчихсан мэт ямар ч харилцаагүй байсан юм. Маринагийн нүдэнд нулимс бүрхэн ирж, анх удаа үзүүлбэрийнхээ дэгийг зөрчин оролцогчийн гарыг атгасан.

Ийм сэтгэл хөдлөм, романтик түүх, дээр нь Марина Абрамович хэмээх амьд домгийн цаанаас Улэй гэгч чухам хэн бэ гэдгийг олж харахыг хичээсэн хүн олонгүй биз.

"Artist is the present" documentary

Улэйгийн бүтэн нэр нь Фрэнк Уве Лайсипен (Frank Uwe Laysiepen), тэрээр 1943 онд Германд төрсөн, инженер мэргэжилтэй ч уран бүтээлчийн замналыг сонгожээ. Бага нас нь дэлхийн II дайны дараах хүнд үед өнгөрсний ул мөр уран бүтээлүүдэд нь тусгалаа олсон байдаг. Улэй поларойд зурагт төвлөрч уран бүтээлээ хийдэг ч өөрийгөө зурагчин гэхээсээ концепт уран бүтээлч гэж тодорхойлдог байлаа. Ингэхээс ч аргагүй. Гэрэл зургуудаа үйлдэлтэй нэгтгэн, өвөрмөц, чөлөөт үзэл бодлоо илэрхийлж, тогтсон хэм хэмжээний эсрэг итгэл үнэмшлээ тунхаглаж байдаг.

Улэй Английн BBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Үйлдэлт гэрэл зураг (Performative photography) гэдэг нэр томьёо 40 жилийн өмнө гараа ч үгүй байсан” гэж хэлсэн лугаа тэр энэ төрлийн анхдагчдын нэг юм. Тэрээр ПА-УЛЭ-Й (PA-ULA-Y) хэмээн нэрлэсэн эмэгтэй, эрэгтэй хоёр хүйсийг нэгтгэн, нэг бодгаль, нэг илэрхийлэмж болгон бүтээсэн дүрийнхээ зургийг хур шийдэлтэйгээр авдаг байв. Үүнээс хэдэн жилийн дараа Синди Шерман гэх мэт уран бүтээлчид үйлдэл, гэрэл зургийг нэгтгэсэн энэ өвөрмөц гэрэл зургийн хэлбэрийг туршиж, олонд түгж эхэлсэн билээ.

Бидний хэдийнээ танил “Улэй Марина хоёр” бий болохоос аль эрт Улэй хязгаарт баригддаггүй, зоргоор оршихуйгаараа урлагийн ертөнцөд шуугиан тарьдаг байлаа. Түүний “Зэвүүцэл-Гэмтэн урлагт гар дүржээ” буюу Irritation-There’s a Criminal Touch to Art (1976) бүтээл нь уран бүтээлч Адольф Хитлерийн хайртай уран зураг болох Карл Спицвегийн “Ядуу яруу найрагч” буюу The poor poet (1839)-ийг Берлиний Үндэсний шинэ галерейгаас хулгайлж, хананаас буулган Берлин дахь Туркийн дүрвэгчдийн суурьшдаг хороололд байршуулж байгаагаа гэрэл зургаар баримтжуулсан бүтээл юм. Энэ ажлаараа Улэй хуучин шархыг сэдрээн, дайны дараах Германы дарангуйлагдсан, ноомой байдлыг сэрээхийг зорьжээ.

S’he (1973), Ulay. Courtesy Richard Saltoun Gallery, London; © Ulay

Үүний дараахан тэр Маринатай учирсан юм. Тэр Маринаг “Томасын уруул” (Lips of Thomas 1975) үзүүлбэрээ хийж байхад нь анх харжээ. Улаан дарс ууж, зөгийн бал идсэнээ хэвлий дээрээ хутгаар од сийлдэг “саддист” үзүүлбэр. Энэ “шулам шиг” (Улэйгийн хэлснээр) эмэгтэй түүнийг үнэхээр гайхшируулжээ. Харин хагас эр, хагас эмэгтэй нүүртэй герман зурагчин эр Маринагийн анхаарлыг татсан нь Улэй байж. Хачин этгээд будалт, хувцаслалт шигээ хэм хэмжээнд баригддаггүй, эрх чөлөөт, “хүйсгүй”, хэнээр ч заалгаагүй төрөлх авьяастай зурагчин эр Маринад зүүдэндээ ч хараагүй шинэ ертөнцийг нээж өгсөн гэдэг. Дээр нь тэд нэг өдөр төрсөн байж таарснаар зогсохгүй үсээ хүртэл адилхан савхаар тогтоосон байж л дээ.

Тэд хамтдаа маш олон гайхамшигтай үзүүлбэрүүд хийсэн.

Нүцгэнээр хоёр талаасаа гүйн ирж инерцээрээ бие биеэ мөргөх, (нэгэнд нь Марина бүр унадаг) хоолойныхоо чадлыг тасартал бие бие рүүгээ орилох, бие биеийгээ ээлжлэн алгадах гэх мэт. Тухайлбал, тэдний 1980 оны Rest energy буюу “Үлдсэн эрч хүч” бүтээлд тэд бие биеийнхээ өөдөөс нум сум эвшээлгэх ба сум Маринагийн зүрхэн тушаа чиглэн 4 минут 10 секундийн турш хөдөлгөөнгүй зогсдог. “Хэн нэгэнд бүрэн итгэх итгэлийг үзүүлсэн үзүүлбэр бол энэ л юм” гэж Абрамович хэлсэн билээ. Яг л үүн шиг тэдний амьдрал бие биеэ хайрлах халуун хайр, итгэл дээр тогтож байсныг дурсдаг.

Улэй, Марина хоёр 8 жилийн турш аяллын машинд амьдарч, Европоор хөндлөн гулд аялан уран бүтээлээ хийж байв.

Тэд хамтдаа Art Vital буюу “Урлагийн амин чанар” гэсэн тунхаг бичиж, түүгээрээ хаана ч тогтож суурьшихгүй мөнхийн хөдөлгөөнд байх, бүхний хязгаарыг давах, тавилтгүй, бэлтгэлгүй үзүүлбэрүүд хийх, аз сорихыг тунхаглан, түүнийхээ дагуу уран бүтээлээ туурвин хамтран амьдарч байлаа.

Амьдралынх нь энэ мөч зөвхөн хайр, уран бүтээл гэсэн ахуйгаас ангид, тэс өмнөө ертөнцөд өнгөрсөн юм.

https://www.moma.org/audio/playlist/243/3120

Улэй үргэлж хэм хэмжээнд баригдашгүй, эрх чөлөө, зоргоор оршихуйн бэлгэ тэмдэг байв. Маринатай учрахаас өмнө ч, хамт байхдаа ч, дараа нь ч. Яваандаа энэ л тэдний маш том ялгаа болж хувирчээ.

Улэй “Герман хүн” гэх төрөлх шинж чанараасаа үргэлж зугтаж ирсэн. Бүр эрэгтэй хүн гэсэн ойлголтод ч нийцэхээс татгалзаж байв. Түүнийхээр хэн ч үндэс угсаа, хүйс, түүнийг дагаж бий болсон элдэв хэм хэмжээнд баригдах ёсгүй. Дэлхий дээр оршиж байгаа л бол ямар нэг хил хязгааргүйгээр дэлхийн иргэн, хүн л бол хүйсээс үл хамааран хүн л байх ёстой гэсэн итгэл үнэмшил нь түүнийг анархи, эрх чөлөөт нэгэн болгожээ. Алдар хүнд ч бас нэгэн чөдөр тушаа байв. “Сэтгэл зүрхнийхээ гүнд би үргэлж анархизмд татагдаж ирсэн. Анархист нэгэн институтэд хамаараад ирэхээр мэдээж инээдтэй шүү дээ” гэж тэрээр ярьсан.

Ийм хязгааргүй эрх чөлөөт, өвөрмөц оршихуй Маринаг дурлуулсан шигээ үзэн ядахад ч хүргэжээ. “Марина шиг эмэгтэйн хувьд их хайр үзэн ядалт болж хувирдаг. Тэр намайг үзэн ядсан” гэж Улэй ярьсан бий.

Улэй 2020 онд насан эцэслэсэн ба түүний талаар дурдатгалдаа Марина “Бидний учрал эр, эм хоёр сүнс нэгдэн нийлж, “Тэр бодгаль” (That self) гэж бидний нэрлэсэн гурав дахь элементийг үүсгэсэн… Бид яг л нөгөө талаа олсон мэт гайхалтай нийцдэг хэр нь гал авалцтал сөргөлддөг үе ч олон байсан. Энэ бүхнийг уран бүтээл, амьдралдаа ашиглаж чадсанаараа амьд явах мөч бүртээ бахархаж явах болно” гэсэн байдаг.

Улэй бол Маринагийн хэлснээр төрөлх авьяастай уран бүтээлч, дэндүү эрх чөлөөт, түүнээсээ болоод хэм хэмжээст харилцаанд "өөдгүй амьтан" болчихдог ч өөртөө үнэнч үлддэг, сонирхолтой хувь хүн, өөр ертөнц байсан билээ.

"Улэй, өө" хэмээх өнөө романтик дууг хавсаргачихъя.

Эх сурвалж: www.artforum.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn