“Мөнгөн мод” атгасан шилдгүүд тодорлоо

Энэ жил 14 номинацитай болсон нь салбар өргөжин хөгжиж буйгийн илрэл.
“Мөнгөн мод” атгасан шилдгүүд тодорлоо
Гэрэл

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ногоон, цэнхэр өнгийн гэрэл цацарч нүд баясгахын сацуу сонгодог хөгжмийн аялгуу сонор мялаана. Урлаг соёлын салбарын оны шилдэг уран бүтээлчийг тодруулах “Мөнгөн мод-2021” арга хэмжээ эхэлж буй нь энэ. Хоёр жил үргэлжилсэн цар тахлын дараа урлаг соёлынхон нэгэн дээвэр дор цуглаж, “Мөнгөн мод-2021” наадмынхаа шилдгүүдийг тодрууллаа. Энэ жил 13 дахь удаагаа болж буй тус наадам сонин содон зочин ихтэй байв. Урлагийн алтан үеийнхэн Т.Ухнаа гуай, С.Сүхбаатар, Н.Сувд гээд мундгууд ирж, залуустаа хүндэтгэл үзүүлж байна. Өнөө жил наадам 14 номинацитай болж өргөжин, шилдэг судлаач, шилдэг эрдэмтнийг шалгаруулснаараа онцлог боллоо. Бид улаан хивсний ёслолын үеэр Достоевскийн “Гэм зэм” жүжгийн улсын яллагчийн дүрээр шилдэг жүжигчинд нэр дэвшиж буй жүжигчин Д.Ганцэцэгтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Сэтгэл үнэхээр таашаалтай жаргалтай байна. Манай салбар Соёлын яамтай боллоо. Бид өнөөдөр салбарынхаа хамгийн нэр хүндтэй шагналын эздийг тодруулахаар энд цуглараад байна. Би 2007 онд “Мөнгөн мод” шагналын эзэн болж байлаа. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн байна. Энэ жил хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.

Мөн энэ үеэр Драмын улсын эрдмийн театрын найруулагч М.Наранбаатартай бид уулзлаа. Тэрээр “Монголын соёл урлаг дэлхийд гарч хөгжиж байна. Монгол ёс заншил залгамжаараа бахархах сэтгэл төрж буй. Оюун санааны асар том зорилтот бодлого явж байдаг учраас залуу хүмүүс нь урам зориг авч байдаг. Урлаг бол гайхамшигтай монгол ухаан, ур хийц монгол бишрэл юм” гэлээ.

Ингээд тус арга хэмжээг нээж Соёлын сайд Ч.Номин үг хэлсэн юм. Тэрээр “Соёл урлагийн тэргүүн наадам “Мөнгөн мод” арга хэмжээ эхэлснийг дуулгахад таатай байна. Дэлхийг нөмөрсөн цар тахлаас болж хэсэг зуур завсарласан наадам маань энэ жил болж, соёл урлагийн салбарынхныг нэгэн дор цуглууллаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогц бодлогыг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэг найман цогц арга хэмжээг бүрдүүлэн ажиллаж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тэргүүлэх чиглэлийн нэг болох боломжтой. Бүтээлч сэтгэлгээ, авьяас билгээрээ хүн төрөлхтний оюун санааг бэхжүүлэхэд энэ үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэх болно” хэмээсэн юм.

Н.Бат-Эрдэнэ

“Мөнгөн мод-2021” арга хэмжээний анхны шагналын эзнээр “Буруу өрөг” киноны Олдохын дүрээр “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва тодорлоо. Түүнээс бид сэтгэгдлийг нь сонссон юм. “Би хоёр дахь удаагаа энэ шагналд нэр дэвшиж байгаа. Найруулагч, багш нартаа талархаж байгаагаа илэрхийлье. Продакшныхаа найзуудад их баярлалаа. “Мөнгөн мод”-ыг би хамгийн шударга шагнал гэж ойлгодог. Жил ирэх тусам өргөжиж байна. “Буруу өрөг” киноны Олдохын дүр бол маш хүнд дүр. Төрсөн охин нь хүчирхийлэлд өртөж, эцэгт нь энэ үйл явдал маш хүнд тусаж буйгаар кинонд өгүүлдэг. Энэ киногоор хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөсөн гэж хэлж болно. Энэ кинонд тоглохын тулд сэтгэл зүйгээ өөрчлөх шаардлага тулгарсан. Жүжигчний хувьд нэлээн их юм бодогдуулсан дүр байсан” гэв. Мөн шилдэг дуучнаар Улсын филормонийн дуучин Н.Наранбаатар тодорч “Мөнгөн мод” атгалаа. Түүнчлэн “Тэргүүн” анимэйшн студийн захирал Ц.Бат-Оргил “Мөнх Тунх” киногоороо энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ.

Гэрэл

Энэхүү арга хэмжээний үеэр бид Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин С.Сүхбаатар гуайтай уулзаж, наадмын сэтгэгдлээс нь хуваалцлаа. Тэрээр “Монголчуудын ёс заншил, өв уламжлалын хүндэтгэл бол “Мөнгөн мод” наадам юм. Монгол ертөнц дэлхийтэй холбоотой байдгийн тод илрэл бол соёл урлагийнхан. Энэ жил 14 номинацитай болсон нь салбар өргөжин хөгжиж буйгийн илрэл. Бид дэлхийн энтэй болсон. Гайхамшигт өв соёлыг хадгалж явдаг ард түмэн шүү дээ. Би залуухан байхдаа энэ шагналын эзэн болсон. Одоо залуу үеийнхэндээ шагналыг нь гардуулах гээд энд зогсож байна” хэмээн ярилаа.

Соёлын яамд харьяалагдах салбар бүрийн шилдгүүд “Мөнгөн мод” цом атгасан дулаахан үдэш байлаа.

Н.Бат-Эрдэнэ
Summary

“Мөнгөн мод”-ын шилдгүүдийн жагсаалт

Шилдэг жүжигчин: “Фантастик” продакшн Б.Барслхагва

Шилдэг дуучин: Улсын филармони Н.Наранбаатар

Шилдэг эрдэмтэн: С.Дулам

Шилдэг судлаач: Ж.Эрхэмтөгс

Шилдэг найруулагч: “Орфей” театрын “Гэм зэм” жүжгээр М.Батболд

Шилдэг продюсер: “Тэргүүн” анимэйшн студи “Мөнх Тунх” хүүхэлдэй киногоор Ц.Бат-Оргил

Шилдэг бүжигчин: Б.Эрдэнэбаяр “Үндэсний урлагийн их театр”

Шилдэг удирдаач: Н.Буянбаатар

Шилдэг хөгжимчин: “Улаанбаатар” театр Б.Мягмарцэрэн

Шилдэг дүрслэх урлаг: Богд хааны баримал Л.Ганхуяг

Шилдэг дизайн: “Гэр тент майхан”

Шилдэг зар сурталчилгаа: АПУ, Соёлоор гоёно

Шилдэг загвар: Мульт сервис-сүүн бактериан хувцас

Видео тоглоом: Fragel

Виртуал үзмэр: Монголын эзэнт гүрэн

Шилдэг цомог: “Хөсөгтөн” хамтлаг “Жангар” цомог

Шилдэг кино: “Том гурван толгой”

Шилдэг ном: “Монголын нууц товчоо” Р.Батцэнгэл

Шилдэг нийтлэл: “Централ” телевиз соёлын өвийн цуврал нэвтрүүлэг

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn