Киев хотын архитектурын өвүүд аюулд өртөөд байна

Оросын түрэмгийлэл эхэлсний дараахан ЮНЕСКО-гийн зүгээс Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дурсгалт газрууд болох Киевийн Гэгээн Софийн сүм, Львов хотын төвийн түүхэн барилгууд аюулд өртөөд байгааг мэдэгдэж, Зэвсэгт мөргөлдөөний үеэр соёлыг өвийг хамгаалах тухай 1954 оны Хаагийн конвенцыг сахихыг уриалсан билээ.
Киев хотын архитектурын өвүүд аюулд өртөөд байна
© The Atlantic

Тэгвэл Украины талаар дагнан бичдэг судлаач М.Баски тус улсын архитекторуудын төлөөлөл болсон таван эрхмээс Киев дэх хамгийн хайртай архитектурын бүтээл, байгаль, түүхийн дурсгалт газраа нэрлэхийг хүсжээ.

Тэдний нэрлэсэн газруудын зарим нь энхийн цагт ч аюулд өртөж байснаараа манайхтай төстэй юм. Өнгө мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлхэн шунахай этгээдүүд Байгалийн түүхийн музейг булшилсан шиг, Туулын бургасыг хядаж буйтай адил дүр зураг ч Киевт тохиолдох шахжээ. Ялгаа нь гэвэл киевчүүд тэмцэж, хотынхоо өв соёлыг авч үлдэж чадсан байх агаад одоо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан тулалдаж байна.

М.Баски нийтлэлдээ эртний славянчуудын зарим овог 482 онд Днепр мөрний хөвөөнд суурьшин Киев хотын үндсийг тавьсан гэх домогтой бөгөөд нэгдүгээр мянганы төгсгөл, I Володимирын үед Европын нэгэн хүчирхэг иргэншил, Киевийн Русийн нийслэл болж өргөжин хөгжсөн түүхтэй хэмээн бахархалтайгаар дурджээ. Тэр үед Москва хязгаарын нэг жижиг тосгон төдийхөн байлаа гэжээ.

1011 онд баригдсан Гэгээн Софийн сүм. Киев
1011 онд баригдсан Гэгээн Софийн сүм. Киев© World History

Гэтэл Улаанбаатарчууд бид нийслэлийнхээ үүх түүхийг илтгэх дурсгалт барилга, байгууламжуудаа толгой дараалан устгах уралдаанд ханцуй шамлан ороод удаж байна. Хотын өв соёл, ой санамж, амин сүнсийг үгүй хийж буй энэ солиорол зогсох шинж алга. Хуучин байх тусмаа үнэ цэнтэй байдаг алтан дүрмийг ойлгохгүй байна уу, эсвэл ойлгохыг хүсэхгүй байна уу бүү мэд.

Анхны гэсэн бүгдийг устгаж буйн нэгэн эмгэнэлт жишээ
Анхны гэсэн бүгдийг устгаж буйн нэгэн эмгэнэлт жишээ© gazarchin.org

Харин украины архитекторууд бидэн шиг тэнгэр баганадсан шилэн барилгуудыг бус өнөө маргаашгүй нурж унах дөхсөн “өмхөрч муудсан балгас”-уудаа л шилдгээр нэрлэсэн юм байх юм. Улаанбаатарчууд үүнээс нэгийг ухаарах болтугай.

4Квартали
4Квартали© Wikipedia

Львов хотын захиргааны хот төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн О.Анисимов Киевийн төв хэсэгт зөвлөлтийн үед баригдсан постмодернист хэв загварын 4Квартали хорооллыг нэрлэсэн байна. Уг хорооллын 19 барилгыг тус бүрийг нь өөр өөр архитекторын зургаар барьжээ.

Оболон дүүрэг
Оболон дүүрэг© Ivan Nakonechnyy

Архитектор А.Пономарёва өөрийн өссөн Оболон дүүргийг нэрлэжээ. А.Пономарёва оросын түрэмгийлэл эхэлсэн 2 дугаар сарын 24-нд орон гэрээ орхин дүрвэсэн бөгөөд 3 дугаар сарын 14-нд Оболон дүүргийн орон сууцны хороолол оросын агаарын довтолгоонд өртсөн.

Экспоцентр
Экспоцентр© Sygic

Урлагийн түүхч Е.Моляр 1958 онд баригдсан Экспоцентр-ийг нэрлэсэн байна. Экспоцентр нь яах аргагүй социализмын үеийн уран барилгын хосгүй бүтээлд тооцогддог.

© Dmytro Solovyov

Иргэний нийгмийн идэвхтэн, архитектур судлаач Д.Соловьёвын нэрлэсэн Украины цэцэг (Квіти України) барилга 1986 оны шилдэг бүтээн байгуулалтаар тодорч байжээ. 2021 онд өмчлөгч нь тус барилгыг нурааж шинэ байшин барихаар ажлаа эхлүүлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч улмаар Украины Соёлын яам, Киев хотын захиргаа уг барилгыг орчин цагийн Украины түүхэн дурсгалт барилга гэж үзэн хамгаалалтад авчээ.

© Wikipedia
© The Atlantic

Куратор, соёлын антропологич Д.Чепурний Днепр мөрний зүүн эргийн Горбачиха орчмыг нэрлэсэн байна. Тэрээр иргэдийн амарч зугаалах энэхэн хэсэг газрыг байгалийн унаган төрхөөр нь хадгалж, барилгын компаниудын савраас хамгаалахын төлөө идэвхтэй тэмцдэг мянга мянган киевчүүд байдаг нь баярлууштай гэжээ. Тэдгээр киевчүүд өнөөдөр төрөлх хотынхоо төлөө тулалдаж байна.

Эх сурвалж: The Atlantic

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn