Улаан өрөөнд ороод гарлаа...

Ув улаанаар хүрээлэгдсэн 2100м2 талбай. Энд айдас, түгшүүр, санаа зовнил гээд бүх таагүй мэдрэмжийг мэдрэх болно. Учир нь уран бүтээлчийн ганц хүсэл нь тэр.
Улаан өрөөнд ороод гарлаа...

“Залуу хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн” гэх тодотголтой инстолляц төрлийн Гар дор үзэсгэлэнг зорин очлоо. Үзэсгэлэнгийн танхим руу ортол урт үргэлжилсэн улаан хана, уран бүтээлч Ц.Анударь, куратор Др.Ц.Цэндпүрэвийн хамт угтаж авах нь тэр. Тэдэнтэй хэсэг яриа өрнүүлээд үзэсгэлэнгийн гол орон зай болсон “Улаан өрөө” лүү орох боллоо. Тийшээ орох хоёр хэсэг байх бөгөөд хажууд нь үзэгчдэд зориулж цагаан дээр хараар бичсэн анхааруулах бичиг ч мөн байршжээ. Тэрхүү анхааруулгыг уншаад нэг сайн урт амьсгаа аван дотогш орлоо.

Урт үргэлжилсэн улаан хана. Хана шалны завсраар улаан өнгийн гэрэл гүйлгэсэн байх бөгөөд том хар гарууд улаан хананд наалдаж, хаа сайгүй тархжээ. Хананы дагуу тойрч, эргэж, чигээрээ алхсаар дахин хар гартай таарлаа. Энэ удаа тэд хананд наалдах биш, харин надад хүрэх гэж байрласан байв. Эхэндээ гурван хүн ч зөрж болмоор байсан зай хэдийдээ ийм нарийн гудамж шиг болсон юм бүү мэд. Тэр орчинд хамт байсан хүүхдүүд “Хэн нь биеэ тэр хар гаруудад хүргэхгүй явах вэ?” гэдэг тоглоом тоглож байх шиг инээж бас айж явж өнгөрнө. Нэг үзэгч энэ хэсгийг “Бие арзаймаар мэдрэмж төрүүлсэн орчин байлаа. Сайн, муу алийг нь хүсэж байгаа нь мэдэгдэхгүй, анхаарч халамжлаад байгаа нь мэдэгдэхгүй үг үйлдлүүд нийгмээс надад, бидэнд ирдэг. Тэр олон сонин мэдрэмжийг мэдрүүлсэн орчин байлаа” хэмээн хүний эрхийн чиглэлээр ажилладаг, улаан малгайтай тэр нэгэн эмэгтэй хэлсэн юм.

Харин надад онцгой санагдсан хэсэг бол толинд өөрийн тусгалаа харах байлаа. Ард нь мэдээж баахан олон гар сүлжилдэн байсан. Гурвалжилсан тэр хэсэгт зөвхөн өөрийгөө, өөрийнхөө тэр олон тусгалыг харж байхад араас хэний ч юм гар надад хүрэх гэж дайрч байгаа юм шиг санагдсан. Өнөөх бидний хувийн орон зай гэж нэрлэдэг тэр хэсэгт дураараа орж ирэн дарамталж буй мэт.

Миний онцгой гэж нэрлээд энэ гурвалжилсан тусгалын өрөө Ц.Анударийн бүтээсэн улаан ертөнцөд хоёр байв. Энэ тусгалын өрөөний эхний загвар нь “Битүү толиор хүрээлэгдсэн өрөөнд гарын дүрс илүү тодоор том” гарах байсан ч хорио цээрийн асуудал энэ үзэсгэлэнд ч мөн нөлөөлжээ. “Улаан өрөө хаагдах үед ямар нэг хог хаягдал гаргахгүй, заавал дахин ашиглагдах боломжтой материалаар үзэсгэлэнгээ бүтээх зарчмаар ажиллахын тулд шаардлагатай материалаа урдаас авах хэрэг болсон ч хил хаалттай үе таарсан” гэж уран бүтээлч Ц.Анударь үзэсгэлэнгийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Улаан өрөө лүү орох хоёр хэсэг байгаа бол түүнээс гарах гурван гарц бий. Мөн “НАМАЙГ СОНГО” гэх хоёр ч бичигтэй таарсан юм. Нэг нь улаан өрөөг цааш үргэлжлүүлэх бол нөгөөх нь нүд гялбам цагаан өрөөнд биднийг аваачна. Би тэр цагаан өрөөг сонгочихсон юм. Ямар их тайвшрал, ямар их тав тух вэ? Улаан өрөөнд мэдэрсэн тэр их айдас энэ л өрөөнд үгүй болж буй мэт. Тус өрөөнд хоёр сэтгэл зүйч ажиллах бөгөөд үзэгчид чухам энэ өрөөнд л үзэсгэлэнгийн үзэгч биш оролцогч, уран бүтээлийн нэг хэсэг болж байлаа.

Тэд өөрсдийн мэдрэмжийг илэрхийлсэн зураг зурж, сэтгэл зүйчидтэй ярилцаж байсан юм. Энэ өрөөнд ирэхээс өмнө харанхуйд ганцаараа явж байгаа юм шиг хүнд мэдрэмж төрж байсан бол цагаан өрөөнд ортол сэтгэл цэлмэж, дотор онгойж эхэлсэн гэж найз маань хэллээ. “Магадгүй энэ үзэсгэлэнгийн гол төв нь энэ тайвшралын цагаан өрөө. Урлаг бол сэтгэл судлалтай гүн холбоотой” хэмээн сэтгэл судлаачаар суралцаж буй гуравдугаар түвшний оюутан бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Ув улаанаар хүрээлэгдсэн 2100м2 талбай. Энд айдас, түгшүүр, санаа зовнил гээд бүх таагүй мэдрэмжийг мэдрэх болно. Учир нь уран бүтээлчийн ганц хүсэл нь тэр. Биднийг тухгүй байдалд оруулж, дараа нь тэр мэдрэмжийнхээ тухай ярилцдаг байгаасай. Битгий дотроо хадгалаарай гэсэн утга учиртай Гар дор үзэсгэлэнгийн гол зангилаа эл цагаан өрөөнд тайлагдах шиг.

Цагаан өрөөнөөс гараад дахиад улаан өрөө үргэлжиллээ. Хананы дагуу тойрч, эргэж, бүтээлүүдийг ажин харан алхсаар нэг мэдэхэд "эцэст" нь ирсэн байлаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn