Ж.Сандаг-Очир: Монгол хүн болоод ч тэр үү Монгол бүжиг нэг тийм сүнслэг санагддаг

Дэлхий дээр арван мянган бүжигчин байдаг гэж бодоход би дахин давтагдашгүй нэг нь байх ёстой байхгүй юу. Эхлээд өөрийгөө олчихвол бусад асуудал аяндаа дагаад шийдэгдэнэ.
Ж.Сандаг-Очир: Монгол хүн болоод ч тэр үү Монгол бүжиг нэг тийм сүнслэг санагддаг

Бүжгийн багш, дэглээч, бүжигчин Ж.Сандаг-Очиртой бүжгийн урлагийн талаар ярилцлаа. Тэрээр “Creative dance studio”-г үүсгэн байгуулж, бүжгийн урлагийг олон нийтэд түгээх, хөгжүүлэх чиглэлээр ажиллахын сацуу Парисын олимпын төрөлд багтсан брейк (break) бүжгийг хөгжүүлж, дэлхийн тавцанд гарахаар зорьж буй бүжгийн урлагийн залуу үеийн нэг төлөөлөл юм.

Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Анх 2013 онд СУИС-д бүжгийн урлагийн сургууль байгуулагдсаны анхны төгсөгчдийн нэг. Төгссөнийхөө дараа 2017 онд БНСУ-ын CPI олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, 6 сарын турш тус улсад сургалт, дадлага хийсэн. Тухайн үед гүнзгийрүүлэн суралцах зүйл их байсан болохоор ирснийхээ дараа буцаж яваад бүжгийн компаниудтай нь танилцаж, тэндхийн бүжгийн урлагийн ноу-хауг нь судалсан. Одоо багшлахын сацуу уран бүтээлчийн хувиар монгол ардын бүжиг, брейк (break) болон контемпорари бүжгээр мэргэшээд явж байгаа.

Бүжгийн урлагтай холбогдсон түүхээсээ хуваалцвал?

Цэцэрлэг, сургуульд байхаасаа л бүжиглэсэн болохоор дур сонирхолдоо хөтлөгдөж энэ мэргэжлийг сонгосон. Миний л хийх зүйл юм байна гэж мэдэрсэн, дотроо шийдсэн мөч бол 2013 онд наадмын нээлтэд оролцсон үе. Тэр жил СУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан болсон байлаа. Маш олон бүжигчидтэй хамт наадмын нээлтэд бүжиглээд, төгсгөлд нь “Харанга” хамтлагийн “Толин хул” дуу эгшиглэдэг хэсэг дээр огшоод, бүр уйлж байсан. Тэр мөчид л өөрийгөө зөв замаа сонгосон юм байна, үүнийг л хийвэл аз жаргалтай байх юм байна гэж мэдэрсэн дээ. Тэр мэдрэмж одоо ч мартагддаггүй. Монгол хүн болоод ч тэр үү Монгол бүжиг нэг тийм сүнслэг санагддаг.

Монгол бүжгээс гадна брейк, контемпорари бүжгээр мэргэшсэн гэсэн. Эдгээр бүжгүүдийн онцлог, ялгаа юу вэ?

Би бүжгийн урлагт өөрийн гэсэн хэв маягийг гаргаж ирэх алсын зорилготой. Тиймдээ ч олон төрлийн бүжгийг мэддэг, чадвартай байх ёстой. Бүжиг бүр хөдөлгөөн, элемент, хэв маягаараа ялгаатай байхаас гадна өөр өөрийн философитой, яаж мэдэрч, бүтээх нь сонин л доо. Манай “Infinity crew” гэдэг хамтлаг бий. Бид Монгол бүжиг, контемпорари гэх мэт мэргэжлийн бүжгүүдийг гудамжны бүжигтэй холбож, үзүүлбэр үзүүлдгээрээ онцлог. Жишээ нь манай “Элемент” үзүүлбэр Монголчуудын уламжлалт ойлголт гурван махбодь буюу гал, ус, шороог брейк бүжгийн үндсэн хөдөлгөөнүүдээр илэрхийлж гаргасан юм. Гал нь style move, ус нь power move, шороо нь footwork гэж төлөөлүүлээд, дээр нь Монгол бүжгийн чичиргээ, элементүүдийг нэмж оруулж өгсөн. Энэ үзүүлбэрээ олон улсад үзүүлэхэд үзэгчид шууд ойлгож, тусгаж авдаг.

Энгийн хүний хувьд бүжгээс философи харна гэдэг сонирхолтой санагдаж байна. Тухайлбал брейк бүжгийн философийг юу гэж тодорхойлох вэ?

Би брейк бүжиглээд 8 жил орчим болж байна. Хүмүүс хип хоп бүжиг гэхээр хараал хэлсэн, задгай гэж боддог ч үнэндээ жинхэнэ хип хоп соёлоор хүмүүжсэн хүмүүс харин ч соёлтой, мундаг хүмүүс байдаг. Ажиглаад байхад тэд их тууштай, даруу төлөв, хүмүүжилтэй, өөртөө үнэнч байж чаддаг. Тренд дагахгүй, өөрийн гэсэн ертөнц, орон зайг үүсгэдэг гэх юм уу, их өргөн агуулгатай л даа. Бүжиглэдэггүй залуустай харьцуулахад брейк бүжигчид архи, тамхи, хорт зуршлаас хол, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг байх жишээтэй. Амьдралын хэв маяг, соёл гэж хэлж болно.

Манайд брейк бүжгийн хөгжил ямар түвшинд байна?

Мэргэжлийн холбоо байдаг, үйл ажиллагаа нь идэвхжээд гоё болж байна. Брейк бүжиг Парист болох олимпын төрөлд багтаж байгаа шүү дээ. Олимпын хороонд төлөөлөлтэй болоод, харьяалагдаад явж байгаа. Бүжигчдийн ур чадварын хувьд ч дэлхийн түвшнээс хоцордоггүй, хангалттай чадвартай. Асуудал нь бүжиглэдэг залуучууд цөөн байна даа.

Олимпын төрөлд орсон нь сайхан мэдээ байна. Бүжгээр дэлхийд гарахад юу чухал гэж харж байна вэ?

Дээр хэлсэнчлэн манай бүжигчид, залуучууд авьяас чадварын хувьд хэнээс ч дутахгүй. Харин хамгийн чухал нь өөрийгөө олох. Миний уран бүтээлээс би харагдаж байх ёстой байхгүй юу. Солонгост олон улсын эн тэнцүү ур чадвартай залуусын дунд ороод үүнийг л сайтар ойлгож авсан. Дэлхий дээр арван мянган бүжигчин байдаг гэвэл би дахин давтагдашгүй нэг нь байх ёстой. Би үүнийг л мөрдлөг болгодог.

Алсыг харж, томыг мөрөөдөж байгаа залуу хүний хувьд өөрийгөө яаж хурцалж, хөгжүүлдэг вэ?

Хийж байгаа бүх зүйлээ чин сэтгэлээсээ хийж, өмнөхөөсөө үргэлж дээшилж байх хэрэгтэй гэж боддог. Тухайлбал бүжиг дэглээчийн хувьд том агуулгатай бүжиг ч бай, сургуулийн урлагийн үзлэгт бүжиг заасан ч эн тэнцүү ханддаг. Нэг үзүүлбэрээ олон газар зааж, давтдаггүй. Тухайн үедээ түүнд зориулсан нэг л үзүүлбэр гаргаж, үүгээрээ өөрийгөө сорьдог. Хүүхдүүдэд бүжиг заасан ч тэр. Мөнгөний төлөө богино хугацаанд тогтсон хэдэн бүжгээ зааж, сурсан сураагүй хамаагүй дараагийн элсэлтээ авах гэж яардаггүй. Бүжигт дурлуулж, ач тусыг нь мэдрүүлэхийг хичээдэг.

Насанд нь тохируулж заах гэх мэт арга барил байдаг байх?

Яг тийм. Ер нь бүжиг сурч эхлэх хамгийн тохиромжтой нас нь 4 нас. Тэгэхээр 4 настай хүүхэд, 16 настай хүүхэд хоёрт заах арга барил нь өөр байж таарна шүү дээ. Хэт багаас нь хүнд бүжиг заачихвал дургүй болно, өөрийгөө авьяасгүй, эвсэлгүй гэж бодоод ахиж хэзээ ч бүжиг сурах гэж оролдохгүй болох хүртэл уршигтай. Насны онцлогт нь тохируулж заах арга барилыг Солонгост байхдаа сурч байсан. Одоо студийнхээ сургалтын хөтөлбөрт нэвтрүүлээд явж байгаа. 3-12 насны хүүхдүүдэд сонгодог бүжгийн суурьтай хичээл буюу 60 хувьд нь сонгодог, 40 хувьд нь Монгол бүжиг болон хүүхдийн чөлөөт бүжиг заах жишээтэй. Энэ насны хүүхдүүдийн бие нь бэхжээгүй, яг л баримлын шавар шиг яаж ч хөгжүүлж болохоор байдаг. Тиймээс биеийг нь зөв хөгжүүлж, суурийг нь зөв тавьж өгдөг бүжиг бол балет. Харин 12 наснаас хойшоо сонирхсон чиглэлээр нь чөлөөтэй явуулж болно. Бие нь бэхжээгүй байхад чөлөөт, ардын бүжиг гэх мэтийг заах нь биеийн хөгжил, гоо зүй талаасаа тохиромжгүй.

Эвсэлгүй хүн гэж байх уу?

Эвсэлтэй, эвсэлгүй гэсэн ойлголт байхгүй л дээ. Өөрийгөө илэрхийлэхдээ хэр вэ, өөртөө итгэлтэй байна уу, биеэ барьж байна уу гэдэг нь л гол асуудал. Зарим хүн олон хүний өмнө сандраад биеэ барьчихдаг шүү дээ. Тэгэхээр л бүжиглэхээр эв хавгүй хөдлөөд эхэлдэг.

Тэгэхээр эхлээд задрах хэрэгтэй юм байна..

Тийм. Манайд зөвхөн бүжгээс гадна өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, задрахад нь чиглэсэн хичээлүүд ордог. Ер нь хүн болгон жүжиглэж чаддаг, дуулж чаддаг, бүжиглэж чаддаг. Амьдрал дээр ч хүмүүс юу ч болоогүй юм шиг гэмгүй худлаа ярьчихдаг шүү дээ. Өгөгдөл нь байгалиасаа байна л гэсэн үг. Солгой, зөв нь хамаагүй сэтгэл хөдөлсөн үедээ дуу аялж л байдаг. Бүжиг ч бас тийм. Гоё ая явахад дагаад хөдөлнө. Мэдээж онцгой авьяас, өгөгдлийг үгүйсгэх аргагүй. Харин энгийн түвшинд хүн бүр л чаддаг.

Бүжиг энгийн хүнд ямар ач холбогдолтой вэ?

Мэдээж хөдөлгөөн гэдэг утгаараа маш их ач тустай. Хөгшрөлт удааширна, тархины хурд, хариу үйлдэл үзүүлэх чадвар, ой тогтоолт сайжирна. Өнгөн талын гоо зүй, бие галбир гэдэгтээ ч биш. Өнгөрсөн жилийн судалгаагаар манайд 2 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй байна гэсэн дүн гарсан байсан. Гэтэл Солонгост илүүдэл жинтэй хүн манайхтай харьцуулахад маш цөөн. Тэд өдөр тутамдаа хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгочихсон нь анзаарагддаг.

Өглөө, оройдоо цэцэрлэгт бүжиглээд л, зааланд настай хүмүүс төмөр өргөж явдаг юм билээ..

Тийм. Үүнийгээ дагаад дундаж наслалт нь ч өндөр байдаг шүү дээ.

Хэр олон шавьтай вэ?

Их сургуулийн 2 дугаар курст байхаасаа эхлээд багшилж эхэлсэн гэхээр нэлээн тоо гарна. Багцаагаар 4000 гаруй хүнд бүжиг заасан байх. Би багшийн ажлыг маш чухал гэж боддог. Уламжлалт заадаг, сурахыг шаарддаг биш их харизматай, үлгэр жишээ, цогц байх ёстой байхгүй юу. Багшийн хувьд өөр дээрээ маш их ажиллаж байна.

Бүжгийн урлагийн залуу үеийн төлөөллийн хувьд анзаарагдаж байгаа, засмаар зүйл юу байна?

Учиргүй шүүмжлэх нь ч юу юм. Гэхдээ залуусын хувьд эхлээд хөгжих, дэлхийг харах, алсын том зорилготой байгаасай гэж боддог. Юуны түрүүнд мөнгө дагаад явчих шиг санагдаад байгаа юм. Миний бодлоор 30 нас хүртлээ ч юм уу суралцаж, эзэмшсэн мэргэжлийнхээ сайн мууг үзэж, хөгжих хэрэгтэй. Ер нь мөнгө, ахуй хөөх бол урлагийн салбарт ороод хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу, тийм ээ. Бүтээлч салбарынхны хувьд эхлээд өөрийгөө олчихвол бусад асуудал дагаад шийдэгдчихдэг гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn