Найруулагч М.Аззаяа: “Хөхөө”, “Сүүдэр” ганц миний амжилт биш, надад энэ сайхан зүйлсийн нэг хэсэг болох боломж л олдсон

12 орны 114 уран бүтээлчтэй хамтран алсын зайнаас “Сүүдэр” анимейшнийг бүтээсэн
Найруулагч М.Аззаяа: “Хөхөө”, “Сүүдэр” ганц миний амжилт биш, надад энэ сайхан зүйлсийн нэг хэсэг болох боломж л олдсон

Бүтэн хоёр жилийн турш урлаг соёлоос хөндийрсөн Монголчуудыг хөхөөн дуу сэрээж, урлагийн тухай хэлэлцэх мэтгэх дохио жингэнэж буй энэ цаг үетэй зэрэгцэн энэхүү эгшиг хөгийг бүтээлцсэн залуу найруулагч М.Аззаяатай ярилцлаа. Тэрбээр саяхан нээлтээ хийж шуугиан тариад буй “Хөхөө” уран сайхны киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан төдийгүй, олон улсын кино наадамд нэр дэвшиж буй “Сүүдэр” анимейшний ерөнхий найруулагч билээ.

-Олон улсын кино наадамд нэр дэвшиж буй уран бүтээлийнх нь талаар ярилцлагаа эхэлье. “Сүүдэр” анимейшнийг олон улсын төслийн хүрээнд орон орны уран бүтээлч нар хамтран бүтээсэн юм билээ. Алсын зайнаас кино бүтээнэ гэдэг их сонирхолтой байна л даа?

-Жүжигчин А.Баярцэцэг энэ уран бүтээл дээр ажиллах санал тавьсан. Тухайн үед манай Белла /А.Баярцэцэг/ Англид сурч байхдаа Оскарын шагналт Йоахим Зелл /Joachim Zell- JZ/ гэдэг продюсертэй хамтран, цар тахлын үед кино уран бүтээлчид алсын зайнаас хэрхэн ажиллаж буйг харуулах төсөл хэрэгжүүлж байсан юм. Төслийн хүрээнд уран бүтээлчид алсын зайнаас ажиллах боломжтой программ бүтээж, олон улсын хуралд танилцуулах ёстой байсан. Мэдээж хэрэг тухайн программыг ашиглаж уран бүтээл төрсөн байх учиртай. Ингээд зургаан орныг сонгож, алсын зайнаас кино бүтээх болсон. Энэ саналыг би айдастай, бас маш баяртайгаар хүлээж авсан. Анх богино хэмжээний уран сайхны кино хийх гэж байсан боловч Монголд корона вирусийн анхны тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоосон учир анимейшн болгож өөрчилсөн. Ийм л түүхтэй бүтсэн дээ. Манай баг алсын зайнаас анимейшн хийж үзэхээс гадна олон улсын түвшинд ажиллаж туршлага судлах, уран бүтээлээ томоохон наадмуудад сойх зорилготой байсан. Зорилгодоо ч бага багаар хүрч, 30 дахь удаагийн St. Louis олон улсын кино наадмын "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд албан ёсоор нэр дэвшихээр шалгарлаа. Оскарт өрсөлдөх эрх бүхий өндөр үнэлгээтэй наадам учраас маш их баяртай байна.

-“Сүүдэр” гэхээр яагаад ч юм их хүнд зүйл мэдрэгдэж байна л даа. Ямар агуулгыг илэрхийлж байгаа вэ?

-Ковидын үед бидний амьд харилцаа буцаж сэргэх болов уу, яах бол гэсэн асуултын хүрээнд зохиолоо бичихээр шийдсэн. Технологийн дэвшлийн нөлөөгөөр амьд харилцаа улам бүр алдагдаж байна. Хамгийн ноцтой нь гол хохирогч нь хүүхдүүд болоод байна. Нэг гэрт амьдарч байгаа ч бүгд утсаа бариад хоорондоо ярилцах ч үгүй байх нь элбэг болж. Тиймээс л энэ сэдвийг хөндсөн. Биднийг жаахан байхад тог их тасардаг байсан шүү дээ. Тэр үед лаа асаагаад гэрэлд нь хуруу гараараа амьтан үүсгэж тоглодог байсан. Тэндээс авах мэдрэмжийг нэхэн санаж, ийм нэр өгсөн юм.

- Энэ уран бүтээлд 12 орны 114 уран бүтээлч гар бие оролцсон гэдэг нь анхаарал татаж байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

- Энэ чинь наймхан минутын бүтээл шүү дээ. Гэхдээ 12 орны 114 уран бүтээлч ажилласан нь төслийн цар хүрээтэй холбоотой. Зөвхөн дуу оруулалт дээр гэхэд Монголын талаас “Vast энтертайнмент” Холливудийн томоохон студи болох “Sky Walker sound”-тай хамтарч ажилласан. Мөн таван хэл рүү орчуулсан. Холливудаас гадна орон орны орчуулагч, уран бүтээлч, IT баг гээд маш олон хүн энэ ажлын ард бий. Тэдгээр хүмүүсээс зарчимч байдал, цаг барих соёл, технологийн ололтууд гээд олон зүйл сурсан. Энэ дашрамд анимейшн хийх боломж олгосон “Баяр энтертайнмент”-ынхандаа маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

St. Louis олон улсын кино наадмын "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд нэр дэвшиж буй "Сүүдэр" анимейшн
St. Louis олон улсын кино наадмын "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд нэр дэвшиж буй "Сүүдэр" анимейшн Гэрэл зургийг: Shadow сошиал хуудас

- Хүн төрөлхтний амьдралын хэмнэл зайнаас ажиллахад хэдийн дасан зохицсон. Гэхдээ бүтэн киног алсын зайнаас бүтээнэ гэдэг амаргүй болов уу?

-Тийм ээ, амаргүй байсан шүү. Өмнө нь ямар нэг уран бүтээл хийхдээ гараараа дүрсэлж үзүүлээд, нүд ам нь томроод л биеийн хэлэмжээ ашиглаж, найруулагч нь бусдынхаа нүдэнд харагдтал ярьж ажилладаг байсан. Гэтэл алсын зайнаас зөвхөн дэлгэцээр бие биеэ харж ажиллахад анхандаа маш хүндрэлтэй байсан. Харин сүүлдээ дасан зохицоод, давхцаж ярих, ойлголцохгүй байх асуудлууд ч алга болж, маш цэгцтэй хадуурахгүй ярих, уулзахгүй ч бие биедээ ойлгомжтой байдлаар зурж явуулах, видео илгээх зэргээр бүтээлчээр ажиллах болсон. Маш олон гоё санаанууд гарч ирдэг юм билээ. Бид анимейшнээ хийхдээ уламжлалт сошиал хэрэгслүүдийг ашиглаж холбогдоогүй. Төсөлд зориулан бүтээсэн хоёр программыг ашиглаж, маш хялбар аргаар алсын зайнаас харилцан ажилласан. Санаагаа шууд зурж харуулах, холбогдох боломжтой маш гоё программ байсан.

-Таныг уран бүтээлийн олз омог дүүрэн үед нь ярилцаж байгаадаа таатай байна. Та хоёрдугаар найруулагчаар нь ажилласан “Хөхөө” уран сайхны кино нэлээд шуугиан тариад байна. Залуу найруулагчийн хувьд чамлахааргүй амжилт байх. Хувь хүнийг тань сонжих хүмүүс цөөнгүй гэж бодож байна?

- Яг одоо өрнөөд байгаа үйл явц бол том амжилт биш шүү дээ. Бас ганц Аззаяа гэдэг хүний амжилт ч биш. Надад энэ бүх сайхан зүйлсийн нэг хэсэг болох боломж л олдсон хэрэг. Би 2016 онд Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн багшийн ангийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Дипломынхоо ажлаар “Эргэж ирсэн нь” гэдэг богино хэмжээний кино хийж “Academy awards”-ын Гранпри хүртэж байсан юм. Ер нь мэргэжилдээ хайртай учраас алхаж ирсэн зам маань хүнд хэцүү ч гэсэн, гэрэл гэгээтэй, боломжоор дүүрэн байсан гэж боддог. Сургуулиа төгссөнөөс хойш туслах найруулагч хийж явсаар 2020 оноос л ерөнхий найруулагчаар ажиллаж үзэж байна. Төгссөнөөсөө хойш анх удаа хоёрдугаар найруулагчаар ажилласан кино маань “Хөхөө” байсан. Зохиолоос эхлээд монтаж хийх хүртэлх хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж, их зүйл сурлаа. Сүүлд Франц, Монголын хамтарсан “Шилүүс” богино хэмжээний киноны гол дүрд тоглосон юм. Энэ кино маань Каннын кино наадамд шилдэг богино хэмжээний киноны нэгээр шалгарсан. Бага багаар суралцаж л явна.

2020 оны Каннын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т дэлхийн 137 орны 3810 кино бүтээл ирүүлснээс шүүгчид 12 орны 11 киног шалгаруулсан бөгөөд түүний гол дүрд нь тоглосон "Шилүүс" кино шилдгүүдийн нэгээр шалгарчээ.
2020 оны Каннын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т дэлхийн 137 орны 3810 кино бүтээл ирүүлснээс шүүгчид 12 орны 11 киног шалгаруулсан бөгөөд түүний гол дүрд нь тоглосон "Шилүүс" кино шилдгүүдийн нэгээр шалгарчээ.

- Хүн бүр ерөнхий найруулагчийн талаар л ярьдаг. Туслах найруулагч хийнэ гэдэг амаргүй бас амттай байх. Хүнд хэцүүгээс нь бэрхшээж байв уу?

- “Хөхөө” бол миний мэргэжлээрээ ажилласан анхны уран бүтээл. Багаа яаж удирдах, жүжигчинтэйгээ хэрхэн ажиллах гээд найруулагч хүнд байх ёстой бүх л чадварыг Ж.Жамъянсүрэн найруулагчаасаа сурч байсан. Энэ кинонд хамтран ажилласан багийнхантайгаа дараа дараагийн уран бүтээлд хамтарч, нэг нэгнээсээ улбаалж, ургаж байгаа. Туслах найруулагч бол ерөнхий найруулагчийн баруун гар нь болж, бодож, санаж байгаа бүх зүйлийг нь мэддэг байх ёстой чухал үүрэг. Тэр хүний бүх мэдрэмжийг ойлгож, давхар мэдрэх гэж хичээсэн. Би ойлгож байж бусад уран бүтээлчдэд найруулагчийг ойлгуулах алхмыг хийж чадна. Төгссөнөөс хойш анх удаа том үүрэг хүлээж авсан учраас шантрах, ядрах, туйлдах үе олон байсан. Анхны ажил учраас алдаж онох зүйл ч байсан. Гэхдээ ерөнхий найруулагч маань надад маш их итгэж, “чи заавал байх ёстой хүн шүү” гэж урам өгч байсан учраас ард нь гарсан.

- “Хөхөө”-г элдэв чамирхалгүй үнэнд ойр бүтээл болсон байна гэх сэтгэгдлүүд хөвөрч байна. Магтаал, шүүмжлэл тэнцүүхэн байх шиг. Уран бүтээлийнхээ ард гараад та ч бас ямар нэг дүгнэлт хийж байгаа болов уу?

- Жамъяа найруулагч яг өөрийнх нь зүрх сэтгэлд юу мэдрэгдэж байна, энэ дүрүүдээр юу илэрхийлмээр байна, эмзэглэж явдаг зүйл нь юу байсан гэх мэт бүх л мэдрэмжээ зохиол, зураг авалт, бүтээлдээ бүрэн шингээж хийсэн. Эндээс эх хүний хайр, эх хүний амьдралын утга учир мэдрэгдэх учиртай. Хүчээр ийм үг хэлэх ёстой гэж тулгаагүй. Тэнд байгаа дүр, үг, дүрслэл гээд бүх л зүйл найруулагчийн сэтгэл зүрхнээс гарсан цэвэр мэдрэмж. Тийм ч учраас сайн, муу аль аль талаасаа хүмүүст төвөггүй хүрсэн байх. “Хөхөө” киноны гол санаа, дүрүүдийн мөн чанар бүгдээрээ энэ нийгэмд оршиж байдаг, бидний нэг хэсэг болчихсон тийм л зүйлс.

"Туслах найруулагч бол ерөнхий найруулагчийн баруун гар нь болж, бодож, санаж байгаа бүх зүйлийг нь мэддэг байх ёстой чухал үүрэг"
"Туслах найруулагч бол ерөнхий найруулагчийн баруун гар нь болж, бодож, санаж байгаа бүх зүйлийг нь мэддэг байх ёстой чухал үүрэг"

-Ер нь урлагт мэдрэмж чухал юм уу, эсвэл ухаарч ойлгуулах нь чухал юм уу. Та мэдрэмжийг юугаар илэрхийлэх вэ?

-Миний хувьд ямагт мэдрэмжийг эрхэмлэдэг. Хүн болгон мэдрэмжтэй. Гэхдээ яг мэдэрч байгаагаа мэддэг байх нь тусдаа асуудал. Жишээ нь, хэн нэгэн миний хөл дээр гишгэлээ гэхэд эхлээд надад ямар нэг мэдрэмж төрнө, юу ч бодогдохгүйгээр. Харин тэр мэдрэмжийг барьж авсны дараа бодол хөвөрч эхэлдэг. Бодох тусам нөгөө мэдрэмж маань алдагдаад, боловсруулахдаа нийгэмд захирагдаж боддог ч юм уу, эсвэл хувь хүний хандлагын үүднээс ч юм уу өөрчлөгдөж байдаг. Тэгж бодох тусам хүн төөрөлдөөд мэдрэмжээ алддаг гэж би үздэг. Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжийг чагнаж, түүнийгээ барьж аваад цааш нь хөгжүүлж мэдрэхийг илүүд үздэг дээ. Тэр хоромхон зуурт ирж буй мэдрэмжийг мэдэрч байна уу, барьж авч чадаж байна уу эсвэл бодол нь илүү давамгайлж, тархиндаа захирагдаж байна уу гэдэг нь хүн хүний өөрсдийнх нь асуудал байх л даа.

-Тэгвэл “Хөхөө”-гийн үзэгчид мэдрэх ёстой юм болов уу, эсвэл бодох ёстой юм уу. Ямар нэг хариулт байгаа биз дээ?

- Яах вэ, хүн хүний сонголт байх л даа. Хүмүүс мэдрэмжээ бодлоосоо ялгаж чаддаг байвал амьдралын таашаалыг илүү гоёор мэдэрнэ. Зүгээр л мэдрэмжээ мэддэг байгаасай гэж. Түүнээс биш бодохгүйгээр амьдарвал нийгэмд оршиж чадахгүй шүү дээ. Кино маань ч мэдрүүлэхээр, хүмүүсийн мэдрэмжийг хөглөхөөр бүтээл болсон"

“Хөхөө киноны гол санаа, дүрүүдийн мөн чанар бүгдээрээ энэ нийгэмд оршиж байдаг, бидний нэг хэсэг болчихсон тийм л зүйлс"
“Хөхөө киноны гол санаа, дүрүүдийн мөн чанар бүгдээрээ энэ нийгэмд оршиж байдаг, бидний нэг хэсэг болчихсон тийм л зүйлс"

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn