Ард түмний зарц юу өгүүлнэ вэ?

Энэхүү нийтлэлээр “Ард түмний зарц” цувралыг тойрч, улс гүрний уналт доройтолд удирдагчид, ард түмний хэн нь буруутай байдаг, дайны сүүдэр урлаг соёлд хэрхэн нөлөөлж байгаа талаар хүүрнэх болно.
Ард түмний зарц юу өгүүлнэ вэ?
© Слуга народу

Өдгөө Украины ерөнхийлөгчөөр ажиллаж буй Владимир Зеленськийн гол дүрд нь тоглосон “Ард түмний зарц” (Слуга народу) хэмээх гурван бүлэг телевизийн цуврал бий.

© Слуга народу

Нэгдүгээр бүлэг нь 2015 онд, дэд бүлэг нь 2017 онд үзэгчдийн хүртээл болсноор В.Зеленськийн сонгуульд хүч үзэх замыг зассан бөгөөд 2017 онд тус киноны нэрээр нэрлэсэн улстөрийн намыг В.Зеленськийн дотны найз И.Баканов үүсгэн байгуулсан байдаг. И.Бакановын хувьд одоо Украины аюулгүй байдлын албаны даргаар ажилладаг.

Орос-Украины дайнтай холбоотойгоор тус цувралын нэгдүгээр бүлэг Нетфликст эргэн ирсэн сургаар зорьж үзлээ. Дунд сургуулийн түүхийн багш В.Голобородько санамсаргүйгээр гэх үү, эсвэл гарын дор ерөнхийлөгчтэй байх гэсэн олигархиудын захиалгаар сонгуульд ялдаг ч тэрээр олигархиудтай, украины нийгэмд бугшсан авлига, хээл хахуультай тэмцэж, улс орноо шинэчлэхээр зорьж буй тухай энэхүү цувралд өгүүлдэг.

Улс төрийн элэглэл хэлбэртэй уг инээдмийн цуврал үзэгчдийг баясгаад зогсохгүй гэнэ гэнэхэн зөөлөн чимхээд авна. Улс орон яагаад авлигад живчихэв ээ. Үүний буруутан нь зөвхөн ёс зүйгүй улс төрчид, шуналын тулам болсон олигархиуд гэж үү?

Гар хумхин энэ бүгдийг зүгээр харж суусан ард түмэн ямар ч буруугүй юу. Украины доройтлын хариуцлагыг украинчууд бүгдээрээ хуваалцах ёстой биш үү. Ер нь ялзарсан гэж олноороо жигших эрх мэдэлтнүүдээсээ бидний ёс суртахуун төдийлэн дээрдэх үү?

Ажаад байхад хэрэв боломж бололцоо, сиймхий гарвал бид тэднээс нэг их дутахгүй идэж, ууж, хулгайлж, шамшигдуулах юм биш үү гэж Ард түмний зарц түншин асууна. Украин хүн алгуурхнаар хохол (украинчуудыг нэрлэх доромж үг. Хятадыг хужаа, монголыг үхэр монгол гэхтэй төстэй) болж гүйцдэг учир шалтгаан юу юм бэ?

В.Голобородько хэлэхдээ, эх орноо гэх сэтгэлгүй, арилсан дотортой авлигачдыг таслан зогсоохын оронд чадвал ямар нэгэн аргаар тэдний мөрөөр замнан эх орноо тонон дээрэмдэж, тэдний жишгээр үр хүүхдээ гадаадад сургаж, өөрсдөө тэдэн шиг далайн эргийн тансаг харшид тарвалзаж хэвтэх гэсэн далд хүсэл өвөрлөж, битүүхэн дотроо тэчьяадаж суусаар бид хохол болцгоодог гэдэг.

23 ангитай уг киноны туршид В.Голобородькогийн энэ мэт ухаарал хайрлах, бодож эргэцүүлмээр хэд хэдэн сүрхий монолог гардаг бөгөөд эдгээр нь манай Монголын байдалтай, украины дайсан болчихоод байгаа оросын нөхцөл байдалтай жигтэйхэн төстэй байгаа юм даа!

В.Голобородькогийн тавьсан асуултуудыг монголчууд бид ч өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тэгэхээр Монголын уналт доройтолд хэсэг бүлэгхэн этгээд биш, монголчууд бид нийтээрээ буруутай л болж таарах вий. Эндээс үзвэл Путины түрэмгийлэлд оросын ард түмэн давхар хариуцлага үүрэх ёстой гэж Өрнөд үзэж буй нь үндэсгүй хэрэг биш байгаа биз.

Харин уг цувралд таалагдаагүй ганц өнцөг бий. Энэ нь өнөө л улиг болсон үндэстний комплекстой холбогддог бөгөөд зарим талаар орос-зөвлөлт маягийн шовинизмын нөлөөний тусгал юм. Түүхийн багш В.Голобородько Алтан ордны улсыг “монголын фашист эзлэн түрэмгийлэгчид” гэж тодорхойлсон шавиа магтана.

Ерөнхийлөгч В.Голобородькогийн эгч Светлана дүүгийнхээ эрх тушаалаар түрээ барин Гадаад хэргийн яамны шугамаар хилийн чанадад сандал суудал эзлэхээр горилох боловч санаснаар болдоггүй. Гадаад томилолтын ганц л сул орон тоо байна, тэр нь тэгэхдээ Монгол дахь Украины ЭСЯ-ны соёлын атташегийн албан тушаал гэхэд тэрээр илэрхий голно.

Монголчууд Киевийг шатаасанд украинчууд өнөө хэр юм санаж явдаг учраас биднийг ингэж шоглож байгаа хэрэг үү? Үгүй л болов уу. Харин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсны хувиар Украинд орос маягийн үндэстний комплекс халдварласан бололтой.

Оросын I Петр хаан улс орон нь Европоос илт хоцрогдсныг ойлгож шинэчлэл эхлүүлсэн боловч оросын хөгжил европын зэрэгт хэзээ ч хүрч чадаагүй. Жишээ нь, Орос орон хамжлагат ёсыг дөнгөж 1861 онд л халж байлаа. Аж үйлдвэржилт оросод хэзээ эхэллээ дээ гээд бодоорой.

Улмаар европчуудын хүрсэн хөгжлийн түвшин, соёлын зиндаанд дөхөж чадаагүйдээ бачуурсан атаархал нь оросуудыг үндэстний хувьд Адлерын комплекстой болгосон гэж үздэг. Энэхүү комплексоо өөрсдийн эзлэн авсан дорнын ард түмнүүдэд гаргаж, жаал тайтгардаг. Энэ хандлага өнөө хэр хүчтэй, кино, хошин шог, онигооны нэг гол сэдэв нь дорнынхноор тохуу хийх, басамжлах явдал байсаар.

Үүнийг нотолж Ф.Достоевский бичихдээ, “Бид Европын боол лугаа байснаа Азид харин эзэн ноёны ёсоор авирлах нь. Европт биднийг татарууд мэт үздэг бол Азид бид европчууд болно. Бид цаашид үүгээр л сэтгэлээ зогоох бололтой” гэжээ. Ф.Достоевскийн эдгээр үгс 1877-1881 онд хамаарах түүний өдрийн тэмдэглэлд үлдэж хоцорчээ.

Гэхдээ оросууд ганцаараа комплекстой ард түмэн биш. Солонгосчууд л гэхэд нэгэн цагт өөрсдийг нь дарлаж явсан Японыхоо дээр яаж ийгээд гарах гэсэн ужиг комплекстой.

Тэгэхээр бид занг нь мэдэхийн хувьд, орос юм уу украинчуудыг комплекстох тоолонд цухалдаж, тэдний бах тавыг улам хангах хэрэггүй санагдана. Аа эд нар ингэж л байдаг юм, муусайнуудыг ямар мэдэхгүй биш гээд орхиж сурах хэрэгтэй.

Тиймээс Оросын элчингийн мэдэгдлийг ч гэсэн тэгтэл дэвэргэхийн оронд нохой хуцахын чинээ тоохгүй байвал зохилтой мэт. Тэр Франц дахь элчингийнх нь хийсэн шог зураг энэ тэрээс үзэхэд оросууд зайлуул их л доош орж, шатаж байх шиг…

Төгсгөлд нь хувийн гомдол гэх үү нэг зүйл нэмж хавчуулмаар байх юм. Нетфликст "Ард түмний зарц"-ын зөвхөн эхний бүлэг орсон тул дэд болон сүүлийн бүлгийг нь үзэхээр Юүтүүб ухлаа. Даанч ангиуд нь энд тэндээ орчихсны дээр “Таныг энэ киног үзэж байх зуур оросын халдлагад өртөн украинчууд амь үрэгдсээр байна. Үүнийг зогсоо” гэх анхааруулга гарж ирж дарамтлаад хамаг сонирхол бууруулав.

Цөмийн гүрний балмад түрэмгийлэлд өртөж туйлын хүндхэн нөхцөлтэй байгааг ойлгож байна аа. Оросын бусармаг үйлдлийг таслан зогсоохын төлөө украинчууд аль бүхнээрээ л хичээж байгаа нь энэ. Тийм ч учраас оросын эсрэг дэлхий нийтэд мэдээллээр нөлөөлөх ажлынх нь нэг хэсэг ингээд Юүтүүбд явж байна.

Гэхдээ урлаг соёл гээч зүйл “sacred” баймаар, хэн нэгний эрх ашгийн илэрхий тусгал болоод баймааргүй санагдах. Зүгээр л кино үзэж, chill-рэх гэсэн биш ямар нэгэн зүйлд буруутай юм шиг мэдрэмж яагаад авах ёстой юм бэ?

Уг нь над мэтийн дэлхийн энгийн иргэд дайны үнийг зохих ёсоор хэтэвчээрээ төлж л байгаа. Түүхий эд, барааны үнэ хэдийн өсөөд эхэлсэн. Валютын ханш чангарч байна. Эрх чөлөөт ирээдүй, дэлхийн либерал дэг журмын хувь заяанд хүчтэй нөлөөлөх үйл явц Украинд өрнөж байгааг ухамсарлаж, сэтгэлээ чилээн үгээ хэлж байна. Би дайны эсрэг байна!

Гэвч үнэндээ Украин нь ялна уу, ялагдана уу, Орос нь сүйрнэ үү ямар ч падгүй (үгүй дээ л тэгж боддог), зүгээр л дарамтгүйхэн шиг кино үзмээр байгаа хүмүүс энэ цэнхэр гараг дээр бас аж төрдөг юм шүү! Мөн ямарваа хориг саадгүйгээр Чайковский, Щостаковичийг таалан сонсож, Достоевский, Булгаковыг амтархан уншмаар байгаа хэсэг ч бий. Тэднийг давхар хэлмэгдүүлж болохгүй. Тэднийг тайван орхи.

Өрнөдийн орнууд орос хүн зохиосон гэдгээр хөгжмийг хөтөлбөрөөс, номыг жагсаалтаас хасна гэдэг өөрөө фашист шинжтэй байна. Тэдний бүтээл оросын бус хүн төрөлхтний ололт гэдэгтэй эрхбиш маргахгүй биз ээ. Тиймээс сөргөлдөгч талуудын хэн хэн нь давж болохгүй улаан шугамаа татмаар байна. Хүн төрөлхтний урлаг соёлын охь руу цустай гараа дүрж, бохир ашиг сонирхлоо хутгамааргүй байна аа!

Харин ноён Путин! Та театр, сургууль бөмбөгдөхөө зогсоо! Украиныг бөмбөгдөхөө бүрмөсөн зогсоо! Түрэмгий дайнаа, эсвэл тэр цэргийн тусгай ажиллагаа гээч ээ зогсоо! Би амар амгалан кино үзмээр байна…

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn