TPOTD: Төгс өшөө авалтын түүх

Сэтгэл зүйн драм төрлийн The Power of the Dog (TPOTD) бүтээлээрээ найруулагч Ж.Кэмпион 78 дахь удаагийн Венецийн ОУ-ын кино наадмаас “Мөнгөн арслан” шагнал хүртсэн. Мөн тус кино 79 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд долоон төрөлд дэвшиж гурван төрөлд нь шилдгээр шалгарсан юм.
TPOTD: Төгс өшөө авалтын түүх
© Netflix

Төд удахгүй зохион байгуулагдах (3 дугаар 27-нд) 94 дэх удаагийн Америкийн кино академийн шилдгүүдийг тодруулах Оскарын шагналын 12 төрөлд дэвшиж, энэ оны фаворит бүтээлээр нэрлэгдээд байгаа билээ.

Найруулагч Ж.Кэмпион
Найруулагч Ж.Кэмпион© Netflix

TPOTD-ийн хувьд Академийн Оны шилдэг бүтээл, Шилдэг найруулагч, Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, Шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн жүжигчин, Шилдэг эвлүүлэг, Шилдэг сэдэвлэсэн кино зохиол, Шилдэг хөгжим, Шилдэг хөгжмийн найруулга зэрэг төрлүүдэд дэвшиж, кино судлаачид, мэргэжлийн шүүмжлэгчид хийгээд кино сонирхогчдын зүгээс өндрөөр үнэлэгдэж байна.

Манайд ч бас уг бүтээлийг тойрч багагүй шивэр авир хийлцээд авсан. Тэр дунд нэг инээдтэй явдал болсон юм. Англид боловсрол олсон мэргэжлийн киночин эр, сонирхогч хүүхэн хоёрын дунд “маргаан” өрнөсөн хэрэг л дээ. Мань хүүхэн TPOTD бол хосын тухай кино гэж мэтгээд, өнөөх эр хариуд нь энэ бол ямар нэг хосын тухай биш, өшөө авалтын тухай кино гэж сэнхрүүлэх гээд бараагүй юм даг.

Илэрхий зүйл дээр тэр бүсгүй яагаад тэгж муйхарлаж зүтгээд байсныг ёстой бүү мэд. Алдаагаа хүлээн зөвшөөрөх дургүй монгол зан ч байж мэднэ. Ер нь энгийнээр зүйрлүүлэхэд ямарваа киноны аль нэг хэсэгт нохой, муур, машин, буу ч юм уу эсвэл өт хорхой, тамхи харуулсан л бол тэр киног бүхэлд нь нохой, муур, машин, буу, өт хорхой, тамхины тухай кино гэж үзэж, дүгнэж болохгүй шүү дээ.

TPOTD-ийг үзсэн хүмүүс эхлэл хэсэгт Питерийн хэлсэн үгсийг анхааралтай сонссон бол уг кино юуны тухай кино болох талаар маргалдах хэрэг анхнаасаа гарахгүй байсан даа гэж надад бодогдох юм.

Эцгээ өнгөрснөөс хойш би ээжийгээ л аз жаргалтай байгаасай гэдгээс өөрийг хүсэхээ больсон. Хэрэв ээждээ тусалж чадахгүй юм бол, түүнийг хамгаалж чадахгүй юм бол намайг ямар эр хүн гэх вэ дээ? гэж Питер өгүүлдэг. Эндээс л Питер ээжийнхээ төлөө, түүний аз жаргалын төлөө юу ч хамаагүй хийнэ гэдэг нь тодорхой байдаг.

Тэгээд тэр “чадварлагаар” хүний амь хөнөөж, төгс аллага үйлддэг. Төгс аллага гэдэг нь Фийлийн үхэл үнэндээ аллага байсан гэх өчүүхэн ч сэжиг таамаг үүсгээгүй, ердийн л нэг золгүй явдал байсан гэдэгт бүгд итгэж үнэмшсэнд оршино. Ингэж эхийг нь он удаан жил зовоож, эхийнх нь амьдралыг там болгож хувиргасан эрээс Питер эхийнхээ өмнөөс өшөө авдаг. Тун “цэвэрхэн” аргаар…

Иймээс TPOTD бол төгс өшөө авалтын тухай, төгс аллагын тухай кино. Киноны үйл явдал 1920-иод оны Монтана мужийн алс бөглүүд өрнөнө. Нутгийн чинээлэг фермер Жорж хэмээх эр Питерийн эх Рөүзтэй гэрлэснээр асуудал ундардаг. Ахынхаа гэрлэлтэд туйлаас дургүйцэж, сэтгэл гонсойсон Фийл Рөүзд хар буруу санаж, элдэвлэж эхэлнэ. Тэрээр Рөүзээр зогсохгүй түүний дагавар хүү Питерийг ч давхар ад үзэж, Питерийн сул дорой, эмэгтэйлэг байдлаар бах таваа хангаж, цаг үргэлж шоглож байхыг фермийнхээ туслах малчдад ахаасаа далдуур даалгана.

© Netflix

Ингэж эх, хүү хоёр амар заяа үздэггүй бөгөөд хэсэгтээ бүгдийг тэвчихээс өөр зам байсангүй. Хэдийгээр сайн ханьтай учирч, баян айлын бэр болж, дутаж гачих зүйлгүй болсон ч хүргэн дүү Фийлийн хандлага Рөүзийг цаг үргэлж зовоож, тэрээр сэтгэлийн шаналлаа нимгэлэхийн тулд уусаар нэг мэдэхэд архины хамааралтай болдог.

Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Питерийн доожоогүй байдал, эмэгтэйлэг төрхийн цаана “хүчирхэг” сэтгэл зүй бүрэлдэн төлөвшиж, өршөөлгүй сэтгэл, нарийн тооцоотой, хүйтэн ухаан сууна. Учир нь Питер эхдээ туслах ёстойгоо мартаагүй!

© Netflix

Ингээд нэг өдөр Питер Фийлийн эмзэг нууцыг олж мэдсэнээр тэрхүү “сул тал” дээр нь дөрөөлж, түүнтэй ойртож, итгэлийг нь олж авдаг. Хүү нь ийнхүү Фийлтэй илт “сүжрэх” болсонд, хүүд нь хандах Фийлийн хандлага гэнэтхэн өөрчлөгдсөн явдалд Рөүзийн сэтгэл түгшинэ. Тэрээр Фийлийг ямар нэг өөдгүй зүйл сэдээд хүүг нь хорлох гэж байх вий гэхээс айна. Гэтэл хэрэг учрал эсрэгээрээ тохиох байжээ. Фийл хүүг нь бус, хүү нь Фийлийг хорлодог.

© Netflix

Яг яаж хорлодгийг нь энд дурдахгүй. Та бүхэн Нетфликсээс өөрсдөө үзвэл илүү амттай байх болно. Ямар ч л байсан Питер үнэхээр зэвүүн аргаар санаснаа гүйцэлдүүлдэг. Төгс гэмт хэрэг үйлдэхэд мэдлэг, боловсрол чухлыг Питерийн санаа, сэдлээс бас ойлгож болно.

© Netflix

Харин TPOTD-оос үзэгчдэд тодорхойгүй, маш том асуултын тэмдэг болж үлдсэн зүйл бол уг аллагад Рөүз гар бие оролцсон эсэх юм. Фийлийн сур элдэхээр нөөж хадгалсан үхрийн ширийг Рөүз индианчуудад бэлэглэснээр аллага сая боломжтой болдог. Рөүз үхрийн ширийг индиан эрд бэлэглэхдээ зүгээр л Фийлийн дургүйг хүргэж, түүний уур унтууг барах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн үү? Өөрөөр хэлбэл Рөүз санамсаргүйгээр аллагын хамжигч болсон уу?

Эсвэл хүү нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд үхрийн ширнүүдийг ямар нэг аргаар далд оруулахыг эхээсээ аминчлан гуйсан уу? Хэрэв Питер тэгж гуйсан бол юу сэдсэн тухайгаа бүгдийг нь эхдээ хуваалцсан болов уу? Тэгэхээр Питер аллагад эхийгээ харанхуйгаар ашигласан уу, эсвэл Рөүз санаатайгаар буюу хүүтэйгээ бүлэглэн хүний амь хөнөөв үү? Эдгээр асуултын хариулт үзэгч бүрийн төсөөлөлд янз бүрийн хувилбараар өрнөх боломжийг нээлттэй үлдээснээрээ найруулагч өөрийн торгон мэдрэмж, ур чадвараа илтгэн харуулж чаджээ.

Яагаад Фийл Рөүз, Питер хоёрыг тэгтлээ үзэн ядаж, тэдэнд яршиг түвэг удаж, эцэс сүүлдээ хариуг нь амиараа төлөхөд хүрэв ээ гэж уншигчид сонирхож байж болох юм. Тэгвэл Рөүз, Питер хоёр Фийлд ямар ч муу зүйл хийгээгүй.

Харин Фийл өөрийн ах Жорждоо атаархах сэтгэлийнхээ хар хорыг түүний эхнэр, дагавар хүүд нь гаргасан билээ. Өөрийнх нь хайртай хүн үгүй болсны улмаас өөрөө аз жаргалгүй байж байтал ах нь эхнэр авч жаргалаа эдлэхийг Фийл хүлцээгүй юм. Би зовж байхад бусад нь жаргах гэж үү? Үгүй шүү!!! Хүний хувиа хичээх чанар, эго заримдаа ийм л юманд хүргэдэг аж. Фийлүүд дэлхий дээр зөндөө бий.

Ганцхан жишээ татахад, өнөө цагийн суут найруулагчдын нэг К.Ноланы 2020 оны бүтээл Tenet дэлгэцнээ гарсан даруйдаа үзэгчдийг шуугиулсныг санаж байна уу? Тус киноны сөрөг дүр болох оросын олигархи А.Сатор хорт хавдраар үхэх болсноо мэдмэгц дэлхийг өөртэйгөө хамт сөнөөхийг завддаг шүү дээ. Намайг үхсэний хойно Та нар жаргаад байж байна гэдэг “шударга бус” хэрэг гэж А.Сатор үздэг. Хүний эго гэж ийм аюултай эд дээ.

Юутай ч Питер Фийлийг ганцаараа хөнөөсөн, эхтэйгээ хамжсаны аль нь ч бай хэн хэн нь хийсэн үйлдэлдээ Раскольников шиг харамсахгүй гэж өчүүхэн би мунхаглана. Рөүз, Питер хоёрыг цаашид урт удаан, аз жаргалтай амьдрал хүлээж буй гэж найднам!

Родион Раскольников бол Ф.Достоевскийн Гэм зэм (Преступление и наказание) романы гол дүр. Одоогийнхоор бол ломбард ажиллуулдаг эмгэнийг нухчихаад сэтгэлдээ тарчилсаар цагдаад очиж хэргээ хүлээдэг нэгэн. Раскольников гэснээс нэрт яруу найрагч Анна Ахматова “Достоевский маш их зүйл мэддэг ч энэ нь хараахан бүгдийг мэддэг гэсэн үг биш. Жишээлэхэд тэрээр хүн хэрэв хэн нэгнийг хөнөөвөл Раскольников шиг болж хувирна гэж итгэж байсан. Гэвч тав арав, бүр зуун хүнийг хөнөөчихөөд үдэш нь хээв нэг театрт тухлагсад байдгийг бид одоо мэддэг болсон” гэжээ.

Сталины харгислалыг яс махаараа амсаж туулсан хөөрхий найрагч НКВД (ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариат)-ын яргачдыг эш татаж дээрх үгсийг унагасан нь дамжиггүй. Гэвч А.Ахматова гуай НКВД-ын махчин, яргачингуудын талаар үнэн зөв хэлсэн ч Довтоевскийн талаар буруу бодолтой байсан юм. Энэ нь мэдээж хэрэг суут Достоевский бүгдийг мэддэг байсан гэсэн үг биш л дээ.

Харин Достоевский алуурч бүхэн эцэстээ Раскольников шиг шаналдаг гэж итгэсэн гэнэн бодгаль байгаагүй. Достоевский Раскольниковоор дамжуулж, нэг хүний амь хөнөөхөд алуурч гэж нийгэмд жигшигддэг байтал дайнч хаад ноёд яаж байна гэж асуусан. Хэдэн мянган хүнийг үхэлд хүргэсэн байлдан дагуулагчид, жишээ нь Наполеон яагаад шүтэгдэж, олны хүндлэлийг хүлээж байдаг юм гэж Достоевский асуусан!

“Нэг хүний үхэл бол эмгэнэлт явдал, харин сая хүний үхэл ердөө статистик” гэсэн Сталины үг үүнийг л хэлээд байгаа хэрэг. Наполеон ч, Сталин ч өнөөдөр шүтэгдсээр байна. Украинд гэм зэмгүй, энгийн номхон иргэдийн цусаар гараа угааж буй Путин ч шүтэгдсээр… Амьдрал шударга биш байгаа биз.

Тэрбумтан А.Сатор хүртэл амьдрал “шударга бус” байгаад гомдолтой байсныг бид Tenet-ээс мэднэ. Гэхдээ миний л бодлоор “шударга бус”, “шударга биш”-ийн хооронд их ялгаа байх шиг санагддаг. Тэгвэл “Life is unfair” (Амьдрал шударга бус), “Life is not fair” (Амьдрал шударга биш) хоёр юугаараа ялгаатай юм бэ? Үгийн бөөс түүх гээд үзье л дээ.

“Unfair” (шударга бус) гэхээр амьдралд шударга зүйл огт байхгүй гэсэн хатуу мэдэгдэл мэт. Юмс тэнцвэрт төлөвт орших зүй тогтлын эсрэг байгаа сонсогдоно. Харин “not fair” (шударга биш) гэвэл амьдрал байнга шударга байдаггүй шүү, заримдаа шударга биш шүү гэсэн бодит байдлыг илэрхийлэх мэт. Тиймээс ч жинхэнэ тэрбумтан Б.Гэйтс “Life is not fair” гэсэн биз ээ…

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn