Ангуучийн шөнө

Бүх цаг үеийн шилдэг 100 киноны нэгээр нэрлэгддэг уг бүтээлээс бусдын хэрэгт бүү хошуу дүрж бай, бусдыг өөрийнхөө хэрэгт хошуу дүрэхийг хэзээ ч битгий зөвшөөр гэсэн үнэтэй сургамж авч болно.
Ангуучийн шөнө

Аль Шинэ жилээр л энэ киноны талаар ярина гэж амласан юмсан. Түүнээс хойш хэдийн гурван сар өнгөрчээ. Энэ бол мэдээж хэрэг найруулагч Чарльз Латоны 1955 онд гаргасан триллер бүтээл Ангуучийн шөнө (The Night of the Hunter). Киноны үйл явдалтай холбогдуулж үзвэл Шөнийн ангууч гэчихсэн ч болмоор шиг. За тэр нэр ус яамай. Ингээд киноны үйл явдлыг товч өгүүлье. Spoiler alert!

1930-аад оны Баруун Виржиния. Ухаандаа 1929 оны Их хямралын дараах ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн Америк орон. Энэхүү хүндрэл бэрхшээл дунд тэсвэр тэвчээр алдарсан Бэн Харпер хэмээх эр банкнаас 10,000 доллар (өнөөгийн үнэ цэнээр 162 мянган ам.доллар) дээрэмдэж орхино. Ингээд цагдаагаас зугтаж гэртээ ирээд мөнгөө нууна.

Тэрээр дээрэмдсэн мөнгөө хүүдээ даатган үлдээж, энэ тухай хэнд ч хэлж болохгүйг сануулж, түүний дотор төрсөн эхдээ ч хэлэхгүй, насанд хүртлээ мөнгөнд гар хүрэхгүй байх ам өчгийг нь аваад, охин дүүгээ, ээжийгээ харж хандахыг захидаг. Төд удалгүй цагдаа нар Бэнийг мөшгөн ирж, тэрээр хүүгийнхээ нүдэн дээр баригдана. Энэ бүх гэнэтийн үйл явдал балчир хүүгийн хувьд айхтар травма болдог.

Ингэж Жон хүү хэцүү бэрх нууцыг тээж явахын сацуу өрх гэрээ “толгойлох” өөрт ахадсан хүнд ачаа үүрэх нь тэр. Хэдийгээр ядуу тарчиг аж төрж байсан ч өөрийн хэмжээндээ л аз жаргалтай байсан түүний хүүхэд нас ийнхүү эцгийнх нь болчимгүй байдлаар дуусгавар болж, түүнд шуудхан эр хүн болох шаардлага тулгарав.

Бэн дээрмийг гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хийсэн гэж итгэх боловч үнэндээ элэг бүтэн амьдралаа булшилж, үр хүүхдийнхээ аз жаргалыг үгүй хийснээ мэдэхгүй. Эцгийнх нь хийсэн үйлдлээр үе тэнгийнхэн нь доог тохуу хийж шоглоно. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөнө. Нэг л их өрөвдсөн харцаар харцгаах нь Жоныг тавгүйтүүлнэ. Энэ бүгдийг тэр тэсэх л болох нь. Гэвч эдгээр нь зөвхөн эхлэл төдийхөн байжээ.

Бэн цаазын ялаа хүлээн хоригдож байх зуур түүний камерт өөр нэгэн эр орж ирнэ. Энэ бол уг киноны гол дүр Харри Пауэлл. Харри автомашины хулгайн хэргээр шүүхээс 30 хоног баривчлах ял шийтгүүлж, Бэнтэй нэг камерт суудаг.

Үнэндээ Харри Пауэлл бол бүтэлгүй хулгайч төдийхөн биш ээ. Тэрээр илрээгүй цуврал алуурчин (одоохондоо шүү дээ!). Харри эмэгтэйчүүдийг үзэн яддаг хурц эмгэгтэй бөгөөд тэднийг бохир заваан бодгаль гэж үздэг. Тэрээр ганц бие хүүхнүүдийг ангуучилж, хамаг эд хөрөнгийг нь салгаж авмагцаа тонилгож орхидог эр. Үүндээ бүр гаршчихсан.

Хамгийн хоржоонтой нь Харри Христэд үнэнчээр итгэгч, бүр санваартны дүр эсгэж явдаг нэгэн. Цуст аллагуудаа зөвхөн бурхны хүсэл зоригийн дагуу үйлддэг гэж хатуу итгэнэ. Христтэй шууд харьцана.

Харри камерын андынхаа адал явдлын тухай олж мэдээд энэ нь бурхнаас түүнд барьж буй ээлжит бэлэг гэдэгт эргэлздэггүй. Ингээд Бэнийг ам алдуулж, мөнгөө хаана нуусныг нь олж мэдэхээр зүйл бүрээр оролдоно. Бэн тун ч ам чангатай байдаг боловч зүүдэндээ ярьж Харрид сэжүүр олгодог. Ингээд удалгүй Бэн цаазлуулж, Харригийн хоригдох хоног ч дуусаж суллагдана.

Ойлгомжтой шүү дээ. Харри шууд Баруун Виржиния руу, Бэнийх рүү, ээлжит олз руугаа зүглэнэ. Очмогцоо Бэний бэлэвсэн эхнэр Виллаг эргүүлдэж гарна. Вилла түүнд төдийлөн нүүр тал өгдөггүй боловч өнөө л бусдын хэрэгт хошуу дүрэгчид, зааж зааварлагчид, их мэдэгчид даанч нэг мундахгүй дээ. Чи ганцаараа яаж хоёр хүүхдээ тэжээх гээв, хүүхдүүдээ бодооч, Харри шиг тохитой, томоотой, сайхан эр чамд заяа нь дахиж олдохгүй шүү гээд л шүлсээ үсчүүлж өгнө дөө.

Тэд ингэж үглэсээр, Вилла ч тэдний ятгалгад автан сайх санваартантай дэр нэгтгэнэ. Харамсалтай нь эмэгтэйчүүдийг үзэн ядагч мань Харри юу гэж л сайн эр нөхрийн үүрэг гүйцэтгэх билээ! Мөнгө хаана байгааг мэдэхийн тулд тэрээр зөвхөн Жон, түүний дүү Перл хоёрын араас хөөцөлдөх болно. Вилла ч Харригийн жинхэнэ санаа зорилгыг олж мэдэх бөгөөд ингэмэгц хүйтэн цуст алуурч маань Виллаг эрлэгт одуулж, цогцсыг нь Охайо мөрөнд хаядаг.

Завиар Охайо мөрнийг уруудан зугтаж яваа Жон, Перл хоёр
Завиар Охайо мөрнийг уруудан зугтаж яваа Жон, Перл хоёр

Харри эхэд нь муу зүйл хийснийг гадарласан Жон дүүгээ дагуулан гэрээсээ зугтана. Харри тэдний араас ангуучилна. Хөөрхий муу Жон, Перл хоёр амь зулбан зугтааж, зовж зүдэж явсаар Рэйчел Күүпр хэмээх эмэгтэйтэй учирна. Хатагтай Күүпр бол орон гэргүй, өнчин өрөөсөн, орхигдож хаягдсан хүүхдүүдийг халамжлагч, сайхан сэтгэлтэн юм. Тэрээр хоёр хүүхдийн араас алуурчин хөөцөлдөж явааг мэдэж, улмаар Харриг барьж, цагдаад тушаадаг.

Ингээд хүүхдүүд хатагтай Күүприйн хамт Крисмас тэмдэглэн аз жаргалтай байгаагаар кино төгсдөг. “Амьдрал сайхныг Шинэ жилээр мэдрэх тухайд” нийтлэлд энэ киног хөндсөн нь ийм учиртай. Тус бүтээлийг гэр бүлээрээ үзвэл гэр бүлийн харилцаанд, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаанд эерэг өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүүхэд яагаад ингэж зовох ёстой юм, тэд яагаад наснаасаа эрт ачаа үүрэх ёстой юм гэх бодол эцэг эхчүүдийг илүү хариуцлагатай байхыг, илүү хичээхийг шаардах болно. Хүүхдүүдтэйгээ ярилцахын чухлыг ч ойлгуулна. Хэрэв Вилла хүүтэйгээ нухацтай ярилцсан бол, эцэг нь түүнд юу хийчихснийг мэдсэнсэн бол энэ бүх трагеди тохиолдохгүй байж болох байсан билээ.

Харин хатагтай Күүпр хүүхдүүдтэй ярилцсанаар тэдний итгэлийг олж, асуудлыг нь хамтдаа шийдэж чаддаг. Өсвөр насныхны дунд амиа хорлолт өндөр байгаа нь бид бүгдийн сэтгэлийг эмзэглүүлдэг. Тэгвэл тэдэнтэй ярилцсанаар эмгэнэлт үр дагавраас сэргийлж чадах юм шүү.

Киноны төгсгөл хэсэгт Харри цагдаад баригдах яг тэр мөчид Жоны травма сэдэрч, эцгийг нь бариад явахад мэдрэгдсэн таагүй мэдрэмж дахин давтагддаг. Тэгээд ухаан санаа нь орж гаран өнөөх мөнгийг нуусан Перлийн хүүхэлдэйг шидлэн “Аав аа! Үүнийгээ буцаагаад ав! Надад энэ чинь хэрэггүй ээ! Би үүнээс илүү тэвчиж чадахгүй нь!” хэмээн уйлж хашхиран муужирч унадаг. Эдгээр үгс энэ бүх хугацаанд Жоны дотор чухамдаа юу болж байсныг илтгэнэ.

Харин сүүлчийн сценд хатагтай Күүпр хүүхдүүдийн талаар өөдрөгөөр “Тэд тэсэж, ард нь гарах болно” хэмээдэг. They abide and they endure…

Нийтлэлийн эхэнд өгүүлсэн нөгөө хошуу дүрэх, дүрэхгүй тухай сургамж чинь тэгээд яасан бэ гэж уншигчид гайхаж байж мэдэх юм. Нээрээ тийм л дээ. Тэгэхээр Виллаг Харритай суу гэж оройлон ятгаж, сэнхрүүлэгсдийн бодол санаа Харригийн үнэн төрх илчлэгдсэний дараахан 180 хэм эргэж, өмхий яргачныг алаад, дүүжлээд өг хэмээн бамбар барьчихсан жагсагчдын магнайд алхаж явдаг.

Тэр жагсаал бас их егөөтэй. Хүмүүсийн сүрэглэх гэдэг хандлага, туйлшрал хийгээд туйлбаргүй чанар, өөрийн ухаангүй мэт тэнэгдүү байдлыг нь далдуур шоглосон өнгө аятай. Ф.Достоевский Газар дороос бичсэн тэмдэглэл (Записки из подполья) тууждаа, хаанаас ч юм, хэн нэгэн этгээд олны өмнө гарж ирээд ташаагаа тулан ханхалзаж, ямар ч утгагүй, дэмий балай зүйлс донгосоход түүнийг итгэн дагагсад өч төчнөөнөөрөө гарч ирдэг. Хүн гэдэг ийм л байдаг хойно хэмээн тэрээр шүүрс алдсантай ижил.

Энэхүү сүргийн сэтгэхүй яаж ажилладаг, юунд хүргэдгийг Брэд Питийн гол дүрд нь тоглосон Зодооны клуб (Fight Club) кино бас яруу тод харуулдаг. Киноны үйл явдал хүний хийсвэр төсөөлөл дотор өрнөх боловч тэдгээр нь бодит амьдралтай яв цав нийцдэг нь гачлантай. Сэтгэл зүйн хямралд орж, нойргүйдэлд автаж, яахаа мэдэхээ больсон нэгэн эр гудамжны дүрэмгүй зодоон хийсээр тэр нь хүмүүсийн тунд тахал мэт тархаж, мода болж, түүний зодооны клуб нэг мэдэхэд Америкийг бүхэлд нь хамарсан хэт даврагч, анархист, алан хядагч улс төрийн нууц байгууллага болж хувирдаг.

Ямар ч зорилгогүй, зүгээр л зодоон эхлүүлсэн тэр нөхөр сүүлдээ сэдсэн зүйлийнх нь өнгө төрх танигдахын аргагүй өөрчлөгдсөнийг анзаарч мэдээд зогсоохыг оролдоно. Гэвч оройтсон байдаг. Шөнийн ангууч, Газар дороос бичсэн тэмдэглэл, Зодооны клуб-ээс авах сургамж гэвэл өөрийн ухаантай байгаарай, бусдаар толгойгоо мэдүүлбэл баларна шүү гэх мессеж. Хэрэв чи өөрийгөө мэдэхгүй юм бол, өөрөө өөртөө эзэн суухгүй юм бол, чамайг өмнөөс чинь дуртайяа мэдэх гэсэн, чамд эзэн суух гэсэн нэгэн тэр дороо гарч ирнэ.

Гэлээ гээд хорвоо дэлхийн бүх хошуу дүрэгсэд, захиран зааварлах дур хүсэлтнүүдийг хөрстөөс арчих аргагүй хойно тэдэнтэй зэрэгцэн оршихоос яалтай. Тэдэнгүйгээр амьдрал уйтгартай ч байж мэднэ. Гол нь тэднийг өөрийнхөө хэрэгт хошуу дүрэхийг л хэрхэвч бүү зөвшөөр. Алтан дүрэм энэ.

Өөрийгөө бусдаас хамаагүй дээр, бусдаас ихийг мэддэг, тиймээс бусдын ажил төрөл, ахуй амьдрал, хэрэг явдалд хөндлөнгөөс хутгалдан оролцох, зааж зааварлах эрхтэй гэж итгэдэг, тийм эрх ямбыг өөртөө олгочихсон алиалагчид угаасаа зөндөө бий.

Тэднийг тийнхүү дураараа авирлах гэж оролдох болгонд байх ёстой байранд нь тавьж байх хэрэгтэй. Үгүй бол тэд амьдралыг чинь самарч, сүйрүүлэх болно! Тийм нэг сонгодог дүр байдаг юм. Тэр бол Милдред Ратчед. Нэрт найруулагч Милош Форманы Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг (Once Flew Over the Cuckoo’s Nest) киноны сувилагч эмэгтэй. Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг бол нэрээсээ эхлээд л төгс бүтээл.

Милдред Ратчед
Милдред Ратчед

Сэтгэцийн эмнэлгийн сувилагч М.Ратчед өөрийгөө эмнэлгийнхээ өвчтөнүүдээс хавь илүү гэдэгтээ эргэлзээгүй итгэдэг, тиймээс ч тэдний өмнөөс бүхнийг шийдэх дархан эрхийг өөртөө олгосон нэгэн.

Өвчтөнүүдээ дорд үзэж, хувь хүнийх нь үүднээс үл хүндэтгэж, өөрийнхөө эрх, захиргаанд хааш нь ч хөдөлгөхгүй барьж байдаг. Түүнээсээ таашаал авдаг шулам. Далд хүчирхийллийн жинхэнэ мэргэжилтэн. Ратчедын ихэрхэл нэг өвчтөнийг амиа егүүтгэхэд хүргэж, өөр нэг эрүүл саруул эрийг эдгэршгүй сэтгэцийн эмгэгтэй болгож орхидог. Ийм их үнээр, хоёрын хоёр хүний амь амьдралаар тэр шулам сая ухаажиж, хүн төрхөө олдог. Тиймээс эр, эм ратчедуудад боломж бүү олго, тэднийг бүү давраа!

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn