Бэтмен хүн бүрийн ярианы сэдэв болоод байна

Ди Си комикс тэр бүр бүрэн хэмжээний кинонууддаа оруулдаггүй олон сонирхолтой дүрүүд багтжээ.
Бэтмен хүн бүрийн ярианы сэдэв болоод байна

Оршил                     

Майкл Китоны тоглосон 1989 оны Бэтмен (Batman), Кристиан Бэйлийн тоглосон 2005-2012 онуудад хийгдсэн гурван ангит Бэтмений кино, хамгийн сүүлд гарч байсан Бэн Аффлекийн бүтээсэн Бэтмен Супермений эсрэг: Шударга ёсны эхлэл (Batman v Superman: Dawn of Justice) зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон Бэтмений кинонуудаас энэхүү 2022 оны Бэтмен (The Batman) кино нь маш олон зүйлээрээ ялгаатай болжээ.

Тухайлбал Брюс 30 орчим настай буюу бусад кинонд дүрслэгдсэнээс харьцангуй залуу үеийг нь харуулсан гэж хэлж болно. Энэ нь биеийн хувьд, гаргаж байгаа шийдвэрүүдийн хувьд, үзэл бодлын хувьд, байр суурийн хувьд хараахан хүчирхэг Брюс Уэйн болж амжаагүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа.

Ди Си-гийн комик, хүүхэлдэйн кинон дээр Риддлер Жокероос дутахааргүй ач холбогдолтой, хүчирхэг дайсан байдаг бол түүнийг төдийлөн амжилт олоогүй 1995 оны Бэтмен үүрд (Batman Forever)-ээс өөр бүрэн хэмжээний кинонд оруулаагүй байсан юм. Харин энэхүү бүтээлд Риддлерийг маш нууцлаг, ухаалаг эсрэг дүр болгон дүрийн хөгжүүлэлт хийсэн нь их онцгой үйл явдал болж чадлаа.

Бас нэгэн зайлшгүй дурдах ёстой зүйл бол киноны хөгжим. Супер баатартай киноны хөгжмөөр мэргэшсэн өдгөө 54 настай Майкл Гиагкиногийн бүтээлүүд кинонд эгшиглэж байсан нь бүх цаг үеийн хамгийн гоё аятай кинонуудын нэг болгох ажээ.

Кино зохиол, ерөнхий найруулга

Мэдээж дэлхийн хамгийн шилдэг супер баатартай кино бүтээгчид бол Марвел болон Ди Си Комикс. Тиймээс аль нэгнийх нь киноны тухай ярихдаа нөгөөтэй нь харьцуулах нь зайлшгүй юм. Ди Си Комикс бүрэн хэмжээний кино бүтээхдээ анхнаасаа л Тим Бартон, Кристофер Нолан, Зак Шнайдер гэх зэрэг уран бүтээлч найруулагчдыг сонгосоор ирсэн. Тиймдээ ч кинонууд нь Марвелийг бодвол хошигнол багатай, илүү нухацтай хар бараан зүйлс ихтэй болдог шүү дээ. Мөн кинонууд нь олон улсын нэр хүндтэй наадмуудад амжилттай оролцож шагнал хүртэх нь их байдаг.

Энэ удаагийн найруулагч Мэтт Ривз бол өдгөө 55 настай ч холливудын бусад уран бүтээлчдийг бодвол харьцангуй цөөхөн буюу 10 гаруй кинонд л ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм. Бичин гарагийн сэргэн мандалт (Rise Of The Planet Of The Apes), Бичин гарагийн дайн (War for the Planet of the Apes) хэмээх бүтээлүүд бол түүний нэрийн хуудас болсон бүтээлүүд бөгөөд тун чанартай болсон кинонууд юм.

Бэтмен киноны найруулагчийн шийдлүүд нь тун өвөрмөц. Дээр дурдсанчлан хүчирхэг Брюс Уэйн болж амжаагүй Бэтмений дүрийг Роберт Паттинсоны харцны тоглолтоор гаргаж байсан. Зөвхөн киноны гол дүр гэлтгүй Готамын цорын ганц шударга цагдаа Гордоныг ч мөн шударга ёсны тэмцлээ дөнгөж эхэлж байгаа гэдгийг харуулсан нь өмнөх кинонуудаас эрс ялгаатай уур амьсгалыг мэдрүүлж байлаа.

Кино зохиолыг бичиж өөрөө найруулагчаар нь ажилласан Мэтт Ривзэд ирсэн хамгийн том даалгавар бол шинэ эсрэг дүрийг үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэг байсан юм. Учир нь Риддлер, Оцон шувуу хоёрыг хоёуланг нь орчин үеийн үзэгчид төдийлөн мэдэхгүй. Харин тэрээр даалгавраа маш сайн гүйцэтгэсэн гэж дүгнэхэд болно. Риддлерийг Жокерийг санагдуулам ухаалаг дүрээр харуулж чадсан бол Оцон шувууг мэдээж ирээдүйд Бэтмений том дайснуудын нэг болгох эхлэлийг маш амжилттай тавьжээ.

Жүжигчдийн тоглолт

Хамгийн анх киноны сурталчилгааны ажил явагдаж эхлэх үеэс л Бүрэнхий (Twilight) цувралын гол дүрийн жүжигчин Роберт Паттинсонийг дараагийн Бэтмен гэхэд олон хүн шүүмжлэлтэй хандаж байсан. Харин кино нээлтээ хийсний дараа өөрсдийнх нь бодол буруу байсныг олон хүн илэрхийлж эхэлсэн нь дүрийн хөгжүүлэлт маш сайн хийгдсэн гэдгийг харуулж байна.

Бусад кинотой нь харьцуулахад тэрээр Брюс Уэйнээр маш цөөхөн гарч байсан бөгөөд энэ нь магадгүй байр сууриа хараахан олоогүй байгаатай холбоотой байж мэднэ. Мөн хүч хэрэглэхээс илүүтэй ухаанаа зарж дайснуудтайгаа тэмцэж байгаа нь бусдаас нь эрс ялгаатай болгож байв.

Дүрийн хөгжүүлэлтийн тухай Муур эмэгтэйн талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Өдгөө 33 настай үзэсгэлэнт жүжигчин Зое Кравицгүйгээр уг кино нь яг л давсгүй хоол шиг санагдах байсан мэт. Киноны маш гоё чимэг болж өгчээ. Түүний тоглолт зохиолтойгоо маш сайн уялдаж түүнийг сайн, эсвэл муу талын дүр үү гэдэг дээр киноны сүүл хэсэг хүртэл эргэлзэхэд хүрч байлаа.

Гордоны дүр дээр бяцхан шүүмжлэлтэй санагдсан зүйл нь зохиол дээрээ юу гэж бичигдсэн гэдгийг түүний тоглолтоос уншихад тун төвөгтэй байлаа. Учир нь түүний дүрийн хөгжүүлэлт тун ойлгомжгүй, өөрийн гэсэн шийдвэр гаргах чадваргүй, өөртөө итгэлгүй мэтээр гаргажээ. Гэтэл энэ чинь алдарт Гордон шүү дээ. Готамын цорын ганц шударга цагдаа. Маш том гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэж байгаа хүн гэхэд хэтэрхий сулбагар болгож харагдуулсан мэт санагдав.

Зураг авалт, камерын хөдөлгөөн

Киноны ихэнх хэсэг бороотой, харанхуйд өрнөнө. Ийм үед хэт бараан бус, тод дүрс авахын тулд яг тохирсон камерын линз, мөн фильтер хэрэглэх шаардлагатай болдог. Сөрөгч нэг: Оддын дайны түүх (Rogue One: Star Wars History) тэр ч байтугай Дюнь (Dune) киноны зураглаачаар ажилласан Грейг Фрейсерийн хувьд энэ тийм ч том асуудал байсангүй. Киноны үйл явдал бүхэлдээ харанхуйд өрнөх боловч бүх жижиг хэсгүүд тун тод харагдаж байв.

Мөн миний л мэдэх тулаант кино дундаас хамгийн эмх замбараатай камерын хөдөлгөөнтэй кинонуудын нэг боллоо. Киноны танилцуулга видео дээр гарч байсан Оцон шувуу машинтайгаа онхолдоход урвуугаа харсан камерын өөдөөс Бэтмен алхаж ирдэг хэсэг бол мэдээж киноны хамгийн гоё зураг авалт байлаа.

Санал болгох уу?

Хэрвээ та Ди Си-г сайн мэдэхгүй бол, үйл явдлыг нь Бен Аффлекийн тоглосон кино шигээр төсөөлж байвал, олон нууцлаг хэргийн зангилааг тайлахаас төвөгшөөдөг бол би энэ киног санал болгохгүй.

Эсрэгээрээ тус кино нь Ди Си-г мэддэг, Риддлер, Оцон шувууны өмнөх дүрүүдийг үзэж байсан үзэгчдийг жинхэнэ галзууруулах гал гаргасан бүтээл гэхэд болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn