Монгол кино уран бүтээлчид олон улсад гарахад ойртсоор л байна

Монгол, Солонгос хоёр улсын хамтын бүтээл Сүүдрээр гэтэгч кино маш амжилттайгаар Монголын үзэгчдийн хүртээл боллоо.
Монгол кино уран бүтээлчид олон улсад гарахад ойртсоор л байна

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд гаднын кино компанитай хамтарсан нэгэн томоохон төсөл хийгдсэн тухай мэдээллүүд гарч байлаа. Тухайн үед киноны гүйцэтгэл дуусаад нээлтээ хийхэд бэлэн болсон байсан ч Ковид-19 цар тахлын улмаас хойшилсоор 2022 оны 1 дүгээр сарын дундуур албан ёсоор нээлтээ хийж саяхныг хүртэл Монголын кино театруудаар гарсан билээ.

Сүүдрээр гэтэгч хэмээх энэхүү бүтээл нь Монголын талаас Тоонот пикчерс, Солонгосын талаас FilmFun кино компаниудын хамтран бүтээсэн уран зөгнөлт, тулаант кино юм.

Кино ₮500 сая орчмын төсвөөр бүтсэн бөгөөд компьютер графикийн гүйцэтгэлийг дэлхийн стандартад хүргэхийг зорьсон тухайгаа кино уран бүтээлчид хэлдэг байна. Зөвхөн тусгай эффект ч гэлтгүй маш олон газарт зураг авсан байдал, ашигласан техник хэрэгслүүд, жүжигчдийн бүрэлдэхүүн зэргийг харахад маш их нүсэр ажил болсон гэдэг нь киноноос илт харагддаг.

Мэдээж Солонгос уран бүтээлчидтэй хамтран ажилласан учраас зарим зураг авалт нь тус улсад өрнөж тал жүжигчид нь тус улсын уран бүтээлчид байх ажээ. Тодруулбал Солонгос талаас Ли Сол Гү, Са Вүү, Ян Дү Хьён, Мин Жи Хьюк, Ким Сул Хи нар бол Монгол талаас Б.Батбаатар, Д.Мөнхтөмөр, Э.Пүрэвжаргал, Д.Баярчимэг нар тогложээ.

Хэдийгээр хамтарсан уран бүтээл боловч кино зохиол, найруулга дээр Монгол уран бүтээлчид голлон ажилласан нь их олзуурхууштай зүйл билээ. Киноны ерөнхий найруулагчаар Б.Батбаатар ажилласан бол кино зохиолыг Д.Отгонцэцэг бичжээ.

Киноны утга санаа нь онц ноцтой гэмт хэрэгтэн нүүр солиулах мэс засалд орж сураггүй алга болоход эрэн сурвалжлах сэтгүүлч түүний мөрөөр мөшгөн Монголд ирэх боловч түүнийг санаанд оромгүй зүйлс хүлээж байх нь тэр.

Уг кино дээр дурдсанчлан уран бүтээлчдийн багт Монголчууд голлон ажилласан болохоор өөрийн орны байгалийн үзэсгэлэнт газруудыг маш сайхнаар кино камерт зураглажээ. Мөн Монголчуудын эртний шүтээн болох бөө мөргөлийн зан үйлийг сурталчлан таниулахыг хичээсэн ба Монгол баатруудыг хүртэл тэнгэрээс буулгах маш сонирхолтой үйл явдлууд өрнөдөг бүтээл юм.

Монгол жүжигчид гаднын том кино төслүүдэд орж ажилладаг нь түгээмэл байдаг бол сүүлийн жилүүдэд ийнхүү кино уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй компанитай хамтрах болсон нь дотоодын уран бүтээлчдэд олон боломжуудыг нээж, гаднын уран бүтээлчдэд өөрсдийгөө таниулж байгаа чухал зүйл билээ.

Бид зөвхөн 2005 онд Оскарт нэр дэвшиж байсан "Ингэн нулимс"-ыг дурсаад суудаг биш ирээдүйд олон Монгол киног дэлхийн тавцанд хүчтэй өрсөлдүүлэх, цаашлаад зөвхөн дотооддоо биш гаднын зах зээлд киногоо зардаг болох мөч улам ойртсоор байгаа гэдэгт итгэлтэй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn