94 дэх Оскарын наадмын онцлох ялагчид

2022 оны академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа сонирхолтой үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө.
94 дэх Оскарын наадмын онцлох ялагчид

Дюнь хамгийн олон төрөлд ялалт байгуулав

Жил бүрийн Оскарын наадамд нэгээс хоёр кино бусдаасаа цойлон олон номинацийн эзэн болдог. Энэ жилийн хувьд Нохойн хүч (The Power of The Dog) 12 төрөлд, Дюнь (Dune) 10 төрөлд нэр дэвшсэнээр хамгийн олон шагналын эзэн болох магадлалтай кинонуудаар нэрлэгдээд байсан юм.

Дюнь шилдэг кино төрлийг эс тооцвол Оскарын гол шагналууд болох шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр зэрэг шагналуудад нэр дэвшээгүйгээрээ Нохойн хүчээс ялгаатай. Энэ ч утгаараа Дюнь бол найруулга жүжиглэлтээс илүү тусгай эффект, зураг авалт, дуу зэрэг техник ажиллагаагаа өндөр түвшинд хийгдсэн гэдгээ харуулсан юм.

Энэхүү бүтээл нь зохиолч Френк Хербертийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд 165 сая долларын төсвөөр бүтэж 400 сая долларын ашиг олоод байгаа юм. Энэ удаагийн Оскарын наадамд шилдэг дуу, шилдэг тусгай эффект, шилдэг тайз засал, шилдэг хөгжим, шилдэг эвлүүлэг, шилдэг зураглаач гэсэн нийт 6 төрөлд ялалт байгуулж 2022 оны хамгийн олон Оскарын шагнал хүртсэн киногоор тодорлоо.

Нэр дэвшсэн төрөл болгондоо ялалт байгуулсан бүтээл

2022 оны Оскарын наадмын хамгийн онцлох ёстой бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Кода (Coda) кино байлаа. Тус кино нь өдгөө 44 настай найруулагч бүсгүй Сиан Хедерийн амжилтын оргил нь гэж нэрлэхэд буруудахгүй.

Сонсголын бэрхшээлтэй гэр бүлд ганцаараа эрүүл төрсөн Рүби охиноор төлөөлүүлж өсвөр насны хүүхдүүдийн бага гэлтгүй нуруундаа үүрч явдаг ачаа нь заримдаа тэдэнд тэсэхийн аргагүй санагддаг талаар харуулахыг зорьжээ. Чимээгүй хашхираанаар дүүрэн энэ кино бол хөгжлийн бэршээлтэй иргэдийн дуу хоолой болж чадсан гэхэд болно.

Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн Трой Котсур нь өдгөө 53 настай жүжигчин, кино найруулагч хүн юм. Тэрээр өнөөдрийг хүртэл телевизийн болон бүрэн хэмжээний 13 кинонд дүр бүтээжээ. Одоогоор Кода нь нийт 133 шагналд нэр дэвшиж 59 шагнал хүртээд байгаа юм.

Кино шүүмжлэгч, судлаачдын таамаглаж байснаар Оскарт хүчтэй өрсөлдөх кинон дунд Кода төдийлөн яригдахгүй байсан ч шилдэг сэдэвлэсэн зохиол, шилдэг эрэгтэй гол дүр болон хамгийн чухал шагнал болох шилдэг кино төрөлд тус тус шалгарч, дэвшсэн төрөл бүрдээ ялалт байгуулсан нь жинхэнэ гэнэтийн бэлэг байлаа.

Япон кино шилдэг кино тэргүүтэй 3 төрөлд нэр дэвшлээ

Өдгөө 43 настай зохиолч, найруулагч Рюүсүке Хамагүчигийн бүтээл Миний машиныг жолоод (Drive My Car) кино Оскарын шилдэг кино төрөлд гадаад бүтээл нэр дэвшсэн хоёр дахь тохиолдол болов.

Тус бүтээлийг кино шүүмжлэгчид шилдэг сэдэвлэсэн зохиолын шагналыг авах өндөр магадлалтай киногоор нэрлээд байсан юм. Киноны утга санааны хувьд урлагаар холбогдсон хосуудын харилцаанд гарч буй өвөрмөц асуудлууд, тэднийгээ шийдэхэд тулгарч буй зөрчлүүдийг өгүүлдэг. Мөн сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, амьдралынхаа асуудлыг тэр бүр яриад байдаггүй Япон хүний төрөлх онцлогийг гаргахыг зорьсон бүтээл юм.

Шилдэг гадаад кино төрөлд Норвегийн Дэлхийн хамгийн муу хүн (The Worst Person In The World), Италийн Бурханы гар (The Hand of God) гээд өндөр үнэлгээтэй дэлхийн шилдгүүд нэр дэвшсэн ч Миний машиныг жолоод (Drive My Car) кино ялалт байгуулсан юм.

Жүжигчин Уилл Смит анх удаа Оскарын шагнал хүртлээ

Өдгөө 53 настай тэрээр 37 бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн ч академийн шагнал хараахан хүртээгүй байсан жүжигчин юм. Тэрээр өмнө нь 2001 онд домогт мэргэжлийн боксчин Мухамед Алигийн амьдралаас сэдэвлэсэн Али (Али) киноны гол дүрээр Оскарт нэр дэвшиж байсан бол 2006 онд өөрийн хүү Жэйден Смитийн хамтаар дүр бүтээж байсан Аз жаргалын эрэлд (The Pursuit of Happyness) киногоор мөн Оскарын шилдэг гол дүрийн шагналд нэр дэвшиж байсан билээ.

Ийнхүү 2022 онд буюу хамгийн сүүлд нэр дэвшсэнээс 15 жилийн дараа Хаан Ричард (King Richard) киноны Ричардын дүрээр Оскарын шагнал хүртсэн нь энэ удаагийн ёслолын арга хэмжээн дээрх хамгийн чухал үйл явдлуудын нэг болж өнгөрлөө.

Хаан Ричард киноны тухайд Америкийн газрын теннисний шилдгүүд болох Виллиамсын эгч дүүсийн эцэг, мөн тэднийг дасгалжуулсан домогт Ричард Виллиамсын амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн юм. Ричард өөрийн охидыг Америкийн номер нэгд эрэмбэлэгдэх шилдэг тамирчид болгохын тулд ямар замыг туулж байсан тухай, мөн тамирчдын ар гэр ямар их сорилттой тулгарч тамирчид амжилтад хүрэх замдаа их хэмжээний золиос гаргах хэрэгтэй болдог талаар өгүүлэх сэтгэл хөдөлгөм бүтээл болсон билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn