Найруулагч Жордан Пилийн гурав дахь кино энэ зун нээлтээ хийнэ

Өмнөх хоёр бүтээлээр юу чаддагаа харуулсан тэрээр энэ удаа мөн л аймшгийн төрлийг сонгон авчээ.
Найруулагч Жордан Пилийн гурав дахь кино энэ зун нээлтээ хийнэ

Өдгөө 43 настай Жордан Пил нь комедиан, жүжигчин, гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. Мөн тэрээр жүжигчин Кигэн Майкл Китэй хамтран Ки ба Пил (Key & Peele) хэмээх телевизийн цувралыг 2012 оноос эхлэн бүтээсэн юм. Тус цуврал нь өөрийн орны болон дэлхийн нөлөө бүхий улстөрчдийн алдаатай шийдвэрүүд, нийгэмд байгаа сөрөг зүйлсийг хөгжилтэйгөөр шүүмжилдгээрээ богино хугацаанд маш алдартай болж чадсан юм.

2012-2015 оны хооронд нийт 53 дугаар цацагдсан уг цуврал нь том, жижиг 7 наадамд 23 төрлөөр нэр дэвшиж, 3 шагнал хүртжээ.

Түүнээс 1 жилийн дараа буюу 2016 онд Жордан Пил Киану (Keanu) хэмээх гэмт хэрэгт, инээдмийн киноны зохиолыг бичсэнээс хойш уран сайхны кино бүтээх ажилдаа идэвхтэй орсон юм.

Тухайн кино нээлтээ хийснээс хойш мөн 1 жилийн дараа Жордан Пил кино зохиолоо өөрөө бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар ажилласан Зугт (Get Out) киногоо танилцуулснаар түүний нэр дэлхий даяар цуурайтсан юм.

Зугт кино бол маш мэдрэмжтэй комедиан, инээдмийн киноны жүжигчин бүтээсэн гэхэд кино сонирхогчдод ирсэн гэнэтийн бэлэг байсан гэж хэлж болно. Тодруулбал, тухайн кино нь аймшгийн, нууцлаг төрлөөр хийгдсэн бөгөөд өөрсдийгөө дээд зиндааныхан гэдэгтээ итгэсэн хэсэг бүлэг цагаан арьстнууд хөгшин болсон нэгнийхээ оюун санааг өнгөт арьст залуу хүмүүсийн тархинд суулгадаг аймшигт туршилтыг хийдэг тухай нэлээн хүнд сэдэвтэй бүтээл юм.

2018 оны Оскарын наадмын 4 төрөлд Зугт кино нэр дэвшиж шилдэг эх зохиол хэмээх хамгийн гол төрлүүдийн нэгд ялалт байгуулсан нь киног ямар сайн түвшний бүтээл вэ гэдгийг баталж өгсөн үйл явдал болсон билээ.

Түүнээс хойш 2019 онд нээлтээ хийсэн Бид (Us) хэмээх бүтээл нь аймшгийн, нууцлаг, түгшүүрт төрлөөр хийгдсэн ба мөн л маш их далд утга санааг өөртөө агуулсан сонирхолтой кино болсон юм. Кино шүүмжлэгчдийн өгсөн онооны дунджаар үнэлгээ гаргадаг www.metacritic.com сайтаас маш өндөр буюу 81 оноог түүний уг бүтээл авч байжээ.

Аймшгийн төрлөөр дагнан хоёр бүтээлийг амжилттай болгосон Жордан Пил Ковид-19 цар тахлын үеэр гар хумхиад зүгээр суугаагүй гэдгээ батлан харуулж энэ оны 7 дугаар сард цоо шинэ Үгүй (Nope) хэмээх шинэ киногоо албан ёсоор нээхээр төлөвлөснөө зарлаад байсан билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө киноны анхны танилцуулга видео цацагдсан нь кино сонирхогчдын анхаарлыг татаад байна.

Киноны танилцуулгыг үзсэн хүмүүс өөр өөрийн таамгийг дэвшүүлж байгаа бөгөөд кино сонирхогч миний хувьд ямартай ч кино бол өмнөх бүтээлүүдтэй харьцуулахад хүний хүчин зүйлээс үл хамаарсан ямар нэгэн харь гаригийн биет, эсвэл байгалийн ноцтой гамшгийн талаар өгүүлэхээрээ ялгаатай байх хэмээн бодож байна.

Зугт кинон дээр гол дүрийг бүтээж байсан Даниель Калууяа, Минари (Minari) киноны Стивен Юүн гээд жүжигчдийн багаа маш сонирхолтойгоор бүрдүүлжээ. Мөн Ад Астра (Ad Astra), Тенет (Tenet), Интерстеллар (Interstellar) гээд олон том кинонд ажиллаж байсан шинжлэх ухааны уран зөгнөлт киногоор дагнадаг Швед зураглаач Хоете Ван Хоетема ажилласан нь бас их сонирхол татаж байгаа юм.

Киноны нэрийг зарим газрууд NOPE - Not Of Planet Earth буюу дэлхийнх биш гэсэн утгыг агуулж байгаа хэмээн таамаг дэвшүүлж байгаа юм. Ямартай ч авьяаслаг найруулагч Жордан Пилийн ээлжит бүтээл фенүүдийнх нь урмыг хугалахааргүй болсон гэдэгт итгэлтэй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn