Монгол кино үзэж буй үзэгчдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Уран бүтээлчид, уран бүтээлийг түгээж буй байгууллагууд өөрсдийн байр сууриа сайн хамгаалдаг. Тэгвэл энгийн үзэгчдийн эрх ашгийг хамгаалдаг комисс байгуулагдах зайлшгүй шаардлагатай байна.
Монгол кино үзэж буй үзэгчдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Өнгөрөгч 2021 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан "Кино ба бизнес" уулзалтын үеэр Монголын үзэгчид дотоодын уран бүтээлээ үзэх сонирхол холливудын киноноос харьцангуй илүү болсон гэдгийг Прайм Синеплекс кино театрын захирал онцолж байсан юм. Тэрээр ярьсан зүйлээ батлахын тулд Маш нууц, Байтаг Богд, Авенжерс, Эцсийн тулаан гэх шилдэг борлуулалттай байсан бүтээлүүдийн нийт тасалбарын тоог зарлахад Монгол киноны тасалбар 2 дахин илүү байх нь тэр.

Монголын үзэгчид кино театрт дотоодын уран бүтээлээ дэмжих сонирхолтой болсонтой холбоотойгоор кино хийдэг студи, продакшнууд ч ихээр байгуулагдаж шинээр нээлтээ хийх киноны тоо ч улам өссөөр байгаа юм. Уран бүтээлийн тоо нэмэгдэхийн хэрээр чанарын асуудал хөндөгдөх нь ойлгомжтой.

Ковид-19 цар тахлын хатуу хөл хорио тавигдаж үзвэр, үйлчилгээний байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс киноны бөөгнөрөл үүсэж долоо хоногт хоёр Монгол кино зэрэг нээлтээ хийсээр өнөөдрийг хүрч байгаа юм. Сард 8-10, жилд 80-100 бүрэн хэмжээний кино шинээр мэндэлж байгаа ч эдгээр бүтээлүүдийн ердөө 20-30% нь л чанар сайтай байдаг хэмээн кино театрын ажилчид болон кино шүүмжлэгчид дүгнэдэг билээ.

Тэгвэл яг одоогийн байдлаар Монгол кино техникийн шаардлагаа хангаж л байгаа бол кино театр, Ай Пи ТВ-д гаргаж үзэгчдэд зарах бүрэн боломжтой байгаа юм. Энэ нь уран бүтээлчдийн хувьд сайн хэрэг байж болох ч үзэгчдийн хувьд тийм ч таатай зүйл биш юм. Магадгүй та сонголт их байх тусам үзэгчдэд ч дуртай киногоо сонгоод үзэх боломжтой болсон учир мөн ашигтай юм биш үү гэж асуух байх. Тийм байж болох юм. Гэхдээ яагаад таатай зүйл биш гэснийгээ одоо тайлбарлая.

Кино уран бүтээлчид өөрсдийн бүтээл нь ямархуу түвшинд болсон гэдгээс үл шалтгаалан маркетинг, сурталчилгаандаа бүгд хөрөнгө зарцуулдаг. Ингэхдээ ихэнх тохиолдолд маркетингийн компанитай хамтардаг ба кино театрын сувгуудаар ч хангалттай реклам цацдаг. Харин үзэгчид нэг киног сонгож үзэхдээ давхар эрсдэл гаргаж байдаг. Бүх кинонууд ижил үнэтэйгээр зарагддаг. Тэгэхээр сайн ч кино бай, муу ч кино бай тасалбарын мөнгийг ижил төлж үзнэ гэсэн үг. Мөн кино театрыг зорьж очиж киногоо үзээд гарах дундаж цаг нь 180 минут буюу 3 цаг гэж үзвэл тухайн хүн чамгүй цаг, мөнгийг нэг кинонд зарцуулна гэсэн үг.

Монгол кино үзэгчдийн хэдэн хувь нь зөвхөн сурталчилгаанд хууртагдаж үзсэн кинондоо сэтгэл хангалуун бус байгаа талаар судалгаа хийвэл сонирхолтой тоо гарч ирэх нь мэдээж. Нэгэнт кино театрууд болон Ай Пи ТВ-үүд киноны чанарт цензур тавьдаггүй юм бол олон мянган үзэгч цаг, мөнгөөрөө өнөөдөр ч хохирсоор л байгаа гэсэн үг юм.

Энэ асуудлыг шийдэх гарц нь кино шүүмжлэгч, кино уран бүтээлч, кино театр, Ай Пи ТВ-үүдийн төлөөллөөс бүрдсэн комиссыг байгуулах шаардлагатай. Тэд тухайн киног кино театрт гаргах хэмжээний чанартай эсэхийг, мөн киноны насны заалт кино театрт гаргахад хэд байх, Ай Пи ТВ-д зурагтаар гаргахад хэд байх зэргийг шийдсэний дараа техникийн үзлэгтээ орох эрхийг өгдөг байвал үзэгчдийн эрх ашиг бага ч болов хамгаалагдах болов уу.

Монголын кино урлаг дэлхийн тавцанд өрсөлдөх мөч ойрхон байгаа хэмээн кино сонирхогч, нийтлэгч миний бие битүүхэндээ итгэсээр л явна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn