"Ялагдашгүй" киноноос ялагдсан нийгэм сургамж авах нь

Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэгэн агуу удирдагчийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн киног танилцуулж байна.
"Ялагдашгүй" киноноос ялагдсан нийгэм сургамж авах нь

Танилцуулга

Ялагдашгүй (Invictus) бол Өмнөд Африкийн хамгийн анхны ардчилсан сонгуулиар ялалт байгуулж, 1994-1999 оны хооронд улсынхаа ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Нелсон Холилала Манделагийн амьдралын түүх юм.

2009 онд нээлтээ хийсэн уг бүтээлийн ерөнхий найруулагчаар Клинт Иствүүд, гол дүрүүдийг Морган Фриман, Мэтт Дэмон зэрэг алдартнууд бүтээжээ. Зохиолч Жон Карлиний 2008 онд хэвлэгдсэн Дайсантайгаа Тоглохуй (Playing The Enemy) номоос сэдэвлэсэн уг кино 2010 оны Оскарын наадамд хоёр төрлөөр нэр дэвшиж байв.

Эв нэгдлийг дарангуйлагч биш, жинхэнэ удирдагч авчирдаг

Нелсон Мандела ажлаа авах үед Өмнөд Африк улс арьс өнгөөр ялгаварлах үзэл дээд цэгтээ тулчихсан, иргэний дайны гал дүрэлзэж, эдийн засаг нь уналтад орчихсон, эмх замбараагүй байдал газар авсан байлаа.

Энэ үед түүний хийсэн зүйл бол хий хоосон зүйлд уриалахын оронд зүгээр л өөрийн эргэн тойрноос үйлс хэрэг эхлүүлсэн юм. Төрийн ордонд ажилладаг хүмүүс ажлаасаа гарахад бэлтгэж байгаа дүр зураг харагдах бөгөөд удирдлага солигдоход өөрсдийн хүмүүсээ сольж тавьдаг жишиг тогтсоныг илтгэнэ. Энэ байдал Монголтой төстэй.

Монголын улстөрчид сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хамгийн эхэнд хийдэг зүйл нь энэ шүү дээ. Эргэн тойрны төрийн албаны хүмүүсийг өөрийн намын, хамаатны хүмүүсээ томилдог явдал ёс шиг тогтжээ. Гэтэл тэд эв, эеийг хичээж ажиллана гэж тангараг өргөдөг.

Кино руугаа эргэн ороход Нелсон Мандела ерөнхийлөгч болсон эхний өдрөө явахаар бэлтгэж буй хүмүүст өөртэй нь үлдэж, хамтран ажиллахыг санал болгодог. Ард түмэндээ хандаж телевизийн сувгаар эв нэгдэлтэй байхыг уриалахын оронд зүгээр л хүмүүсийг дэргэдээ авч үлдэж байгаа нь түүнийг удирдагч гэдгийг харуулна.

Жинхэнэ удирдагчийн алсын хараа түүнийг агуу болгодог

Олон нийтийн сүлжээ хөгжиж байгаа энэ үед 3 сая гаруйхан хүнтэй Монгол Улсын удирдагчид цахим орчинд идэвхтэй байгаа хүмүүсийн гаргаж буй хариу үйлдлээс хамаарч гаргасан шийдвэрээ олон дахин өөрчлөхийг бид хардаг болсон.

Тэгвэл 40 сая хүнтэй Өмнөд Африкийн удирдагч Нелсон Мандела улсдаа тулгамдаад байгаа олон асуудлаас илүү регби спортын багт түлхүү анхаарлаа хандуулдаг. Түүний зөвлөхөөс эхлээд маш олон хүн түүнийг шүүмжилж, эсэргүүцэж байсан ч тэрээр шийдвэртээ үнэнч байсан юм. Учир нь өнгөц харвал хойш тавьж болохоор асуудал мэт боловч хагаралдсан ард түмнээ нэгтгэх том алхам болсныг кинонд өгүүлэх ажээ.

Улсын удирдагч ард түмний өмнөөс ажилладаг хүн болохоос эзэн дарангуйлагч биш

Кинонд Нелсон Мандела төрийн тусгай хангамж, их хэмжээний цалингаасаа татгалзаад зогсохгүй ард түмнийхээ дунд ороод хамгаалагчдаа сандаргадаг. Мөн түүний "Би буутай хамгаалагчдаар хамгаалуулчихаад ард түмний өмнө энхтайвны тухай ярьж чадахгүй" гэдэг үг жижиг зүйлд ч ач холбогдол өгч алсын хараатай байхын чухлыг сануулжээ.

Тэр маш их ажилладаг. Уулзалтаас уулзалтын хооронд шөнө хэдхэн цагийн нойр аваад үргэлжлүүлэн ажилладаг. Ерөнхийлөгч байх богино хугацаандаа хувьдаа эд баялаг хураах биш ард түмнийхээ сайн сайхны төлөө олон зүйлийг амжуулах гэж хичээсээр эцэстээ бие нь муудан ухаан алдаж унадаг.

Түүний амьдралаас сэдэвлэсэн энэхүү киноноос агуу удирдагч Нелсон Холилала Манделагийн тухай багагүй мэдэж авахаас гадна жинхэнэ удирдагчийн талаар танд нэгийг бодогдуулах нь лавтай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn