Дюнь (Кино шүүмж)

Удахгүй болох Оскарын наадамд зориулан олон төрөлд өрсөлдөж байгаа кинонуудыг шүүмж хэлбэрээр оруулж байгаа билээ. Дюнь кино тус наадмын 10 төрөлд нэр дэвшихээр болоод байна.
Дюнь (Кино шүүмж)

"Зүүд сайхан түүхийг бүтээдэг ч бүх чухал үйл явдал биднийг сэрүүн байхад болж байдаг"

Оршил

Оддын дайн (Star Wars), Оддын аялал (Star Trek) зэрэг сансар, огторгуйн тухай гардаг дээр үеийн киноноос авхуулаад Mарсын хүн (The Martian), Татах хүч (Gravity) гээд орчин үеийн кинотой харьцуулахад Дюнь (Dune) кино нь дайн, тулааны сэдэвтэй хэр нь шинжлэх ухааны маш нарийн үндэслэлтэй гэдгээрээ онцгой бүтээл юм. Учир нь дээр дурдсан кинонууд бол энэ хоёр хүчин зүйлийг хослуулдаггүй буюу тулаант кинонууд нь хэтэрхий хийсвэр байдаг бол шинжлэх ухаанч кинонууд нь тулааны сэдэвтэй байдаггүй билээ.

Мөн бусад ижил төрлийн киноны адилаар холын ирээдүйд хүмүүс бусад гараг руу яг л зүгээр нэг өөр улс руу аялж байгаа мэт зорчдог болсон байх аж. Хүн амьдрахад тохиромжтой гаргуудын нэг Парона дээр киноны үйл явдал өрнөнө.

Кинонд ирээдүйн хүмүүсийн аж амьдрал, байгаль орчныг маш нарийн тусгаснаас гадна зургаа дахь мэдрэхүй, зөгнөл зэргийг оруулж өгсөн нь маш сонирхолтой ба үүгээрээ Оддын дайны "Хүч" хэмээн нэрлэдэг далдын зүйл гардагтай адил санагдуулах ажээ.

Кино зохиол, ерөнхий найруулга

Киноны эх зохиолын хувьд амьд байхдаа зөгнөлт сэдвээр 40 гаруй романыг хэвлүүлсэн ХХ зууны Америкийн алдарт зохиолч Фрэнк Хербертийн 1965 онд хэвлэгдэж байсан Дюнь (Dune) номоос сэдэвлэн бичигдсэн юм.

Романыг кино зохиол болгох ажлыг бидний сайн мэдэх Марвел студийн бүтээл Доктор Стренж (Doctor Strange)-ийн зохиолыг бичсэн Жон Спэйтс голлон гүйцэтгэжээ. Түүний өмнө нь ажиллаж байсан кинонуудтай нь мэдээж Дюнь бол шинжлэх ухаан, тулаан хосолсон гэдгээрээ төстэй байсан нь мэдээж. Гэхдээ энэ киноны хэлэгдэж байгаа жинтэй үгс, дүрүүдийн уялдаа холбоог нарийн гаргаж ирснийг харахад тэрээр энэхүү кинонд өмнөх бүтээлүүдээсээ нэлээн өөр маягаар, маш нягт ажиллажээ.

Тулаант кино хэдий ч ерөнхий уур амьсгал нь маш тайван, тогтуун хэмнэлтэйгээр үргэлжилнэ. Найруулагчийн шийдлүүдийн тухайд хүнд үйл явдлууд цөөхөн хэр нь хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц тулаануудыг гаргаж өгснөөс гадна киноны гол дүр болох Пол хүүгийн зөн совин, зүүдний хэсгийг гол цөм болгон ашигласан нь тун сонирхолтой болгож өгчээ.

Полийн жүжигчин Зендаяа буюу Чанитай хамтран тоглохгүй хэр нь ямар нэгэн далдын хүчээр холбогдож, тэр нь юу гэдэг нь тодорхойгүй ирээдүйд болох үйл явдлын эхлэл болох гэж байгаа гэдгийг найруулагчийн зүгээс үзэгчдэд тун ойлгомжтой харуулахыг зорьжээ.

Жүжигчдийн тоглолт

Тимоти Шаламе, Зендаяа нар бол холливудын энэ цагийн шилдэг залуу жүжигчдийн төлөөлөл юм. Тус кино нь өөрөө Тимотигоос хүнд жүжиглэлтийг шаардаж байсан ч тэрээр гэрийн даалгавраа тун муугүй гүйцэтгэсэн. Итгэдэг бүхэн нь хормын зуур үгүй болж, хүлээж авахад хэцүү зүйл бага залуу насанд нь тохиолдож байгааг харуулна гэдэг бол хүндхэн даваа байсан нь мэдээж. Харин түүний тоглолт киног амь оруулж байсан гэхэд болно.

Жүжигчин Жэйсон Момоагийн дайчин Данканы дүр бол Акуамен (Aquamen) киноноос ялгаатай нь хурц зан авиртай бус, илүү зөөлөн нөхөрсөг дүрийг бүтээжээ. Харин Оскар Исаак өмнө нь Оддын дайн кинонд залуухан эрч хүчээр дүүрэн босогчдын гишүүний дүрд тоглож байсан бол энэ удаад буурь суурьтай удирдагч Летогийн дүрийг бүтээсэн нь их шинэлэг байлаа.

Тун сонирхолтой харагдаж байсан дүр нь Галактикийн хамгаалагчид (The Guardians of The Galaxy) киноны Драксийн хөгжилтэй дүрээр манай үзэгчдийн танил болсон жүжигчин Дэйв Батиста. Тун нухацтай, хэрцгий дүр түүнийг өөрөөр харах боломжийг олгож байлаа.

Зураг авалт

Зураг авалтыг ихэнх томоохон бүтээлүүдийн адилаар ARRI ALEXA LF камераар хийж гүйцэтгэжээ. Киноны ерөнхий зураглаачаар өдгөө 46 настай Оскарын шагналт зураглаач Грэйг Фрейзер ажилласан. Түүний хувьд сансар огторгуйн сэдэвт кинонд ажиллаж байгаа анхны тохиолдол биш юм. 2016 онд Сөрөгч нэг: Оддын дайны түүх (Rogue One: A Star Wars Story) кинонд тун чадварлаг ажиллаж байсан билээ.

Дюнь киноны зураг авалтын тухайд ихэнх хувь нь гадаа авагдсан бөгөөд дэлхийн цөлийг огт өөр төсөөллийн гараг мэтээр дэлхийгээс тэс өөр өнгөтэйгөөр дүрсэлжээ. Тулаант киноны мастер Майкл Бэй, Жорж Миллер зэрэг найруулагчдын кино камерын уран хөдөлгөөнүүдийг ашиглаж хурдан хэмнэлтэйгээр үргэлжилдэг бол түүнээс ялгаатай нь Дюнь кино тулааны хэсгүүддээ ч камерын хурдан хөдөлгөөнийг ашиглалгүй илүү тайван өнгө аястайгаар зураглаачийн ажил хийгджээ.

Дүгнэлт

Дюнь хэмээх роман нь 7 бүрэн хэмжээний ном хэвлэгдсэн байдаг ба номын дагуу кино нь ч мөн цаашид олон анги үргэлжилнэ хэмээн кино багийн зүгээс мэдэгдээд байгаа юм. Хэрвээ та тус киног үзэхээр шийдсэн бол нийтлэг тулаант, адал явдалт киноны хэв маягийг хүлээх хэрэггүй юм. Учир нь энэхүү бүтээл нь жирийн адал явдалт кино бус гүн, гүнзгий агуулгатайгаас гадна томоохон зохиолын эхлэл учир зүгээр үзээд өнгөрөх бус нухацтайгаар ойлгож үзэхийг зөвлөж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn