Энтони Хопкинс: Би тэтгэвэртээ гарахыг хүсэхгүй байна

Алдарт жүжигчин Энтони Хопкинсийн “The Talks” цахим сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Энтони Хопкинс
Энтони Хопкинс

Та өмнө нь амьдрал үзэхийн хэрээр улам бүр зүүд шиг санагдах болсон тухай хэлж байсан. Таны амьдралд бодит байдлаас өөр санагдсан яг тодорхой агшин байсан уу?

Миний амьдралын сүүлийн 30 жил залуу, хүүхэд байхдаа юу хүсэж, мөрөөдөж байсан түүний үр дүн, илэрхийлэл шиг өнгөрсөн. “Миний төсөөлсөн шиг, хүлээсэн шиг зүйлс тохиолдох нь үнэхээр бодит бус” гэж би бодсон. Гэтэл миний бүхий л амьдрал яг ийм л замаар явсан. Хүн бүхэнд байдаг энэ хүчийг би гайхан биширдэг.

Хүмүүс ихэвчлэн жүжигчид сэтгэл хөдлөл ихтэй, илүү эмзэг мэдрэмтгий гэж ярьдаг. Та жүжигчин, кино уран бүтээлчдийг илүү хүчирхэг дотоод ертөнцтэй гэж боддог уу?

Надад жүжиглэлтээ хэт гоёчлоод байдаггүй эв энгийн жүжигчид хамгийн их таалагддаг. Магадгүй, би шуудхан хэлж байж болох юм. Гэхдээ жүжиглэх, найруулах бас дуу хөгжим бол бүтээлч үйл явц шүү дээ. Би өөрийгөө бүтээлч хүн гэж үздэг. Гэхдээ энэ нь таныг заавал дуучин, хөгжимчин, зураач байх ёстой гэсэн үг биш шүү. Хэрэв та бүтээлч мэргэжил эсвэл бүтээлч бизнестэй бол мэдрэхүй өндөртэй байх магадлалтай ч энэ нь таныг онцгой, гойд нэгэн болгохгүйг ч санах хэрэгтэй болов уу.

Жүжиглэх нь залуужуулдаг гэж боддог уу?

Тийм ээ. Бүтээлч байх, тархиа ажиллуулах нь үр дүнтэй. Заримдаа надад ядарсан эсвэл буугаад өгчихмөөр санагдах үе байдаг ч би тэтгэвэртээ гарахыг хүсэхгүй байна. Надад жүжиглэх нь таалагддаг учраас энэ ажлыг эцсээ хүртэл хийнэ гэж боддог. Энэ л миний хүсэж байгаа зүйл.

Та одоо ч гэсэн жүжигчний амьдралд дурласан хэвээр байгаа юу?

Өмнө нь би ухаангүй дуртай үе байсан ч одоо бол тийм биш болжээ. Надад жүжиглэх сайхан байдаг. Гэхдээ одоо бол надад үүнийг хийхэд тийм ч төвөгтэй санагддаггүй нь бүр илүү таалагддаг. Би театрт ажиллаж чадахгүй шүү дээ. Надад маш нухацтай, сүрдмээр санагддаг. Яг л шоронд байгаа мэт. Театрт ажилладаг хүмүүсийг би биширдэг ч өөрөө тийм байж чадахгүй гэдгээ мэддэг. Би өөрийнхөө амьдрахыг илүүд үзнэ.

Эдгээр өдрүүдэд таны амьдрал ямар дүр төрхтэй харагдаж байна даа?

Би төгөлдөр хуур тоглож, хөгжим, зураг зураад л дүүрэн бүтээлч амьдралын хэв маягтай амьдарч байна даа. Би өөрийгөө сайн зурдаг эсэхээ мэдэхгүй ч зурах надад сайхан байдаг. Маш хурдан зурдаг. Маш их уншдаг, амьдрал дажгүй байна. Жүжиглэх бол миний амьдралаа дүүргэдэг бас нэг хэлбэр л дээ.

Та өөрийнхөө ертөнцөд аз жаргалтай, эв зохицолтой амьдарч байгаа мэт санагдлаа.

Би залуу байхдаа яг одоо мэддэгээ, одоо мэдэрч байгаагаа мэддэг ч байсан болоосой. Залуу байхад бүх зүйл чухал санагдаж, яаруу сандруу явдаг даа. Эргэж хараад “Энэ бүхэн чухам юу байсан” тухай бодох хэрэгтэй. Бидний амьдрах хугацаа хэмжээтэй учраас өөрийнхөөрөө амьдралыг туулаарай.

Нас ахих нь танд таалагдаж байна гэж ойлгож болох уу?

Би толинд харахдаа үрчлээ, нарийн зурааснуудыг хардаг. Гэхдээ би үүнийг тоодоггүй. Энэ бол сайхан цаг хугацаа. Яагаад сайхан гэдгийг нь ч би тайлбарлаж мэдэхгүй юм. Гэхдээ л сайхан. Үхэл бол бүх зүйлээс чөлөөлдөг гайхалтай аврагч. Энэ ч амьдралыг сайхан болгодог гэдгийг мэдэх үү. Энэ тухайд Карл Юнгийн бүтээлийг уншаарай. Үхэл амьдралыг баялаг болгодог, бидний хэн ч хаашаа явж байгаагаа мэддэггүй нь хамгийн хөгжилтэй нь юмуу даа.

Хүсэж байсан амжилтандаа хүрсэн үү?

Төсөөлснөөс ч илүү. Би маш азтай хүн. Өнгөрсөнд надад олон асуудал байсан ч урагшилсан. Би энэ гайхалтай амьдралдаа талархаж байна.

Эх сурвалж: The Talk.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn