Курт Кобэйн: Охиныхоо төлөө хэзээ ч битгий бууж өгөөрэй!

Би яг өөртэйгөө адил хүнийг ашгүй нэг оллоо. Тэр хүн эрэгтэй, эмэгтэй, хэн ч байсан хамаагүй.
Курт Кобэйн: Охиныхоо төлөө хэзээ ч битгий бууж өгөөрэй!

Курт Кобэйн сэтгэлт бүсгүй Кортни Лавтайгаа 1990-ээд оны эхээр анх танилцсан юм. Кортни тэгэхэд Hole хамтлагийн гоцлол дуучин байсан бол Кобэйний Nirvana хамтлаг аль хэдийн алдаршин мандаж байв. Курт Кобэйний төрсөн өдөр өчигдөр тохиосон учир түүний хайрын түүхээс товчхон өгүүлэхээр зэхлээ.

Курт, Кортни хоёрт олон ижил төстэй тал байсан гэдэг. Хоёулаа өсвөр насандаа гэр орноосоо оргон зугтсан. Хоёулаа хөгжимд ухаангүй дурласан. Хэдийгээр төгс биш ч гэлээ хамтдаа байхдаа нэг нэгнээ нөхөж, сайхан байж чаддаг.

Куртын концерт болсон нэгэн шөнийн клубт анх танилцсан юм билээ. Кортни алдаршиж буй залуу дуучинд сээтэн хаях гэсэн ч зөв үгээ сонгоогүй учир бараг дургүйг нь хүргэжээ. Ингээд тэр явдлаас хойш жил өнгөрөв. Куртыг найз бүсгүйгээсээ харилцаагаа тасалсан тухай сонсмогцоо Кортни дахин “дайралт” хийхээр шийдэж, жижигхэн шаазан хүүхэлдэй хайрцагт хийгээд илгээжээ. Ингэхдээ үнэртэй усаа “ханатал” нь цацсан гэдэг. Кобэйний ойрын гэх хүмүүсийн хожим ярьснаар бол Кортнигийн энэ бэлэг дуучин залуугийн анхаарлыг татаж чадсан гэнэ.

Ингээд нэгэн шөнө, 03 цагийн үед Кортни руу Курт утсаар ярьжээ. Тэд үүр цайтал тасралтгүй ярьж, түүнээс хойш харилцаагаа таслалгүй байсаар дууссан юм. “Би яг өөртэйгөө адил хүнийг ашгүй нэг оллоо. Тэр хүн эрэгтэй, эмэгтэй, хэн ч байсан хамаагүй. Гермафродит байна уу, эсвэл илжиг байлаа ч хамаагүй. Хамгийн гол нь бид хоёр яг тохирно” гэж Кобэйн тодорхойлсон байдаг.

Кортнигоос өөрийн хайж явсан хагасыгаа Курт олсон гэж ойлгож болох байх. Гэхдээ тэдний харилцаа үргэлж сайхан байгаагүй ээ. Манайхны хэлдгээр цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлддэг халуухан хос байв.

1992 онд Кортни бие тулгар болсныхоо дараагаар харилцаагаа олон нийтийн өмнө дэлгэж, тэр жилийнхээ хоёрдугаар сарын 24-нд буюу эдүгээгээс 30 жилийн өмнө гэрлэжээ. Хавайд хуримаа хийсэн юм. Курт хуримдаа торон хээтэй унтлагын цамцтай, харин Кортни өмнө нь Фрэнсис Фармерийн өмсөж байсан даашинзаар гоёжээ. Фрэнсис Фармер гэж 1940-1960-аад онд Дэлхийн дахиныг гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж явсан АНУ-ын жүжигчин эмэгтэй билээ.

Наймдугаар сарын 18-нд Кортни охинтой болж, Фрэнсис Бин гэж нэрлэсэн юм. Фрэнсис нь яах вэ Фрэнсис Фармерийн нэрийг бодож өгсөн хэрэг. Харин Бин буюу Bean гэдгийг орчуулбал Буурцаг шош гэж бууна. Курт эхийнхээ хэвлийд байгаа хүүхдээ хайрлахдаа Буурцагхан минь гэж дуудаг байсан учир ингэж нэрлэсэн гэдэг юм.

Кортни, Курт хоёр охиндоо амь гэж жигтэйхэн. Ялангуяа Курт бүр унаж тусна. Тэр нэг удаа охиныхоо тухай ярихдаа “Амь үрэгдэж буй хүүхдүүдийн тухай телевизээр ярихыг сонсохоор би дандаа уйлдаг. Уйлахгүй байж чаддаггүй юм. Охиноо алдчих вий дээ гэх айдас намайг бүрхэж, өдөр бүр түгшиж явдаг. Заримдаа машин барьж явахдаа осолд ороод, охиноо алдчих вий гэж чичирдэг” хэмээсэн нь бий.

Курт, Кортни хоёр хоёулаа хар тамхины хамааралтай байлаа. Хоёулаа хамаарлаас ангижрах гэж байсхийгээд эмнэлэгт хэвтэнэ. Гэхдээ Кортни арай илүү хичээж, харин Курт эрүүлшихгүй байв.

Куртыг нас барахаас сар орчмын өмнө Ромд хар тамхины тун хэтрүүлэн хэрэглэснийх нь дараагаар Кортни өөрөө дагуулж яваад эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч Кобэйн хэдхэн хоноод оргочихсон юм билээ. Удалгүй эмгэнэлт мэдээ түгэв. 27-хон настай залуу сайхан дуучин гэртээ өөрийгөө буудан амиа егүүтгэсэн хэмээн зарласан нь Кобэйн байлаа. Албан ёсоор бол Цагдаагийн газраас амиа хорлолт гэж тодорхойлсон. Гэвч шүтэн бишрэгчид нь тэгж боддоггүй гэдэг.

Курт энэ орчлонгоос явахынхаа өмнө бичсэн зурвастаа “Охин Фрэнсисээ бодоод, хэзээ ч битгий бууж өгөөрэй, Кортни. Чамдаа хайртай шүү” гэж бичсэн байжээ. Энэ зурвасаар тэдний хайрын түүх эмгэнэлтэйгээр төгссөн юм.

Одоо Кортни Лав буддын шашин шүтэж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн нэг болсон бол харин Фрэнсис Бин Кобэйн охин нь аавынхаа уран бүтээлийн ашиг орлогын 37 хувийг хүртэх эрх эдэлдэг зураач бүсгүй бий.

Эх сурвалж: Vogue

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn