С.Анартас: Хичээгээд байдаггүй ээ, эрч хүчтэй цоглог байдал цаанаасаа л ундарч байдаг

“The Voice of Mongolia” шоуны оролцогч С.Анартастай ярилцлаа.
С.Анартас: Хичээгээд байдаггүй ээ, эрч хүчтэй цоглог байдал цаанаасаа л ундарч байдаг

Нас: 28

Мэргэжил: Усны бионөөц загас үржүүлэг

Сонирхол: Төгөлдөр хуур тоглох, хүнтэй ярилцах, зураг авах (үүлний зураг дарж, түүнийгээ ажиглан гоё мэдрэмж авах их дуртай)

Сошиал хаяг: Facebook-Anartas Sanatkhaan, Instagram- anartas_0409, TikTok -anartas1

Q

Энэ удаагийн шоуны цоглог оролцогчдын нэг нь яах аргагүй та байлаа. Voice-ийн тайзан дээр өөрийнхөөрөө байж чадсан уу?

A

-Би өөрийгөө маш нээлттэй, цоглог, хошин шогийн мэдрэмжтэй гэж боддог. Дэлхийн хэмжээний шоу тайзан дээр гарч байгаа учраас хэтэрхий чөлөөтэй марзганаж болохгүй, тодорхой хэмжээнд өөрийгөө цэгнэх гэж хичээсэн. Гэхдээ өөрийгөө боломжийн хэмжээнд илэрхийлж чадсан гэж бодож байна.

Q

Өмнө нь ийм том хэмжээний тайзан дээр гарч байв уу?

A

-ОХУ-д сурч байхдаа хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож, тайзан дээр гарч байсан. Гэхдээ Voice шоуны тайзан дээр гарна гэхээр их, бага хэмжээгээр айдас төрдөг юм билээ.

Q

Оюутан байхаасаа эхлээд урлагийн салбарт дуртай байсан гэж дуулсан. Энэ талаараа хуваалцаач?

A

-Би ОХУ-ын Ростов-на-Дону хотын Донской Государственный Технический Университет сургуульд сурч төгссөн. Оюутан байхдаа “Best Voice” A-Capella хамтлагт дуулдаг бас бүжгийн хамтлагт бүжиглэдэг байв. Тухайн үед манай бүжгийн хамтлаг, дуучин Анита Цой-ын тоглолтын нээлт дээр бүжиглэж байсан гэх мэтээр урлагийн салбарт үнэхээр дуртай, хайртай. Усны бионөөц загас үржүүлэг мэргэжлээр сурч байх явцдаа усаа нөөцлөх гээд байна уу, урлагаар явах гээд байна уу гэсэн тэр зааг дээр очсон гэж болно. Манай сургуулийн тэнхимийн эрхлэгч хүртэл намайг урлагаар яв гэж их дэмждэг байсан.

Q

Танаас бөөн эрч хүч мэдрэгдэж байна. Байнга л ийм цоглог, хошин мэдрэмжтэй байдаг уу?

A

-Хичээгээд байдаггүй ээ, эрч хүчтэй цоглог байдал цаанаасаа л ундарч байдаг. Хошин шогийн мэдрэмжтэй, нээлттэй зан чанарыг аав, ээжээс өвлөж авсан. Энэ чанар надад бүх цаг үед хамгийн сайн туслах минь байсаар ирсэн. Миний аав их марзан, ээж маань ямар ч асуудлыг эерэг хөнгөн байдлаар хүлээж авч шийддэг хүмүүс байлаа. Харин одоо нөхөр бид хоёр өдөр бүр Оросын хошин шогийн тоглолтууд, бичлэг үзэх дуртай. Манай нөхөр надтай хамт хошин шог үзсээр байгаад орос хэл нь дажгүй сайжирсан.

Q

Олон залуус энэ шоунд өөрийгөө сорьж, өөрчлөлт хийх гэж ордог. Таны хувьд?

A

-Би Voice шоуны нэгдүгээр улиралд Back Vocal хийсэн. Үндсэн дуучдын ард нь дуулах байдлаар бага зэрэг оролцоотой байсан юм. Тэгээд алийн болгон ард нь дуулах вэ, Voice-ийн тайзан дээр урд нь гарч үзье гээд зориглоод энэ шоунд оролцож байна. Ер нь би өөрийнхөө хийж чадах, дуртай зүйлдээ зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй юм байна гэж дүгнээд мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхам хийсэн юм. Шоунд бүртгүүлсэн тэр өдрийг одоо хэр нь сайн санаж байна. Их эмо өдөр таараад шууд бүртгүүлсэн. Шоунд бүртгүүлэх тэр үед аавыгаа алдаад удаагүй байсан. Сэтгэл санааны байдал, хүнд цаг үеийг давахад маань энэ шоу эергээр нөлөөлсөн. Шоунд орсноор амьдралдаа гоё дурсамж бүтээхийг зорьсон. Мөн баг дотроосоо A-Cappella хамтлаг гаргах нууцхан хүсэл бий. Нөгөө талаасаа хөгжилтэй зангаа багийнхандаа түгээхийг хүсэж байна.

Q

“Шоунд ялна, машин авна”, “Нэг муур, нэг нөхөртэй” гэж ирээд шоуны үеэр өөрийгөө танилцуулсан нь содон байсан шүү?

A

-Тухайн үедээ уур амьсгалыг хошин байлгах гээд тэгж хэлсэн. Гэхдээ л хүссэн машинаа авчихсан шүү дээ. Нөхөр маань миний амьдралд хамгийн том байр суурийг эзэлдэг, намайг бүх талаар маш их дэмжиж, хайрладаг. Бид хоёулаа амьтанд маш их хайртай. Хамтдаа амьтдын бичлэг үзээд л суучихдаг. Анх дэлгүүрийн гаднаас нэг муур олоод, эзнийг нь хайгаад олж чадаагүй. Тэгээд өөрсдөө авч тэжээсэн.

Q

Дараагийн шат болох Battle-ийг хэрхэн харж байна?

A

-Миний хувьд Blind Auditions дээр хоёр шүүгчийг эргүүлсэн нь том ялалт. Ялсан ч, ялагдсан ч дуугаа үргэлжлүүлээд дуулна. Би өөртөө туслахаасаа илүү бусдад туслаад кайф авдаг. Battle дээр хэнтэй таарахыг мэдэхгүй. Ялбал аяллаа цааш үргэлжлүүлнэ. Ялагдсан ч өөрт таарсан хамтрагч болон багийнхнаасаа шоуны ялагчийг гаргахад нь чадлаараа дэмжиж ямар ч үед багийн гишүүдийнхээ ард үнэнч дэмжигч нь байна гэж бодож байна.

Q

Дуулж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?

A

-Дууны аялгууг их анхаарч сонсдог. Өмнө нь дуунаасаа кайф авах гэж дуулдаг байсан бол энэ шоунд орсноос хойш хэцүү байсан ч тухайн дууг дуулж сурахыг хичээдэг болсон.

Q

Тайзан дээр өөрийнхөөрөө байсан нь зарим үзэгчийн шүүмжлэлд өртсөн үү. Сөрөг сэтгэгдэлд хэрхэн хандав?

A

-Нэвтрүүлгийн дараа эерэг, сөрөг сэтгэгдэл аль аль нь ирсэн. Өмнө нь ийм зүйлтэй учирч байгаагүй. Анхнаасаа шоунд орохдоо сэтгэл зүйн тодорхой бэлтгэлтэй байсан. Мэдээж би хүн болгонд таалагдахгүй. Миний багш “Хүний сул, дутагдалтай тал гэж харагддаг зүйл нь буруу орчуулагдсан сайн зан чанар” гэж хэлж байсан удаатай. Тиймээс миний марзан байдал зарим хүнд далдганасан, замбараагүй харагдсан байж магадгүй. Шүүмжлэлтэй хандсан сэтгэгдлүүдийг ухамсартайгаар хүлээж авсан. Харин сөрөг эсвэл утга учиргүй доромжилсон сэтгэгдлүүдийг уншаад л өнгөрөөсөн. Хүмүүс хэчнээн дэвссэн ч хорвоо эргэдгээрээ эргэнэ. Сөрөг коммент гэхээсээ илүү эерэг сэтгэгдэл их ирүүлсэн. Танихгүй хэр нь “Таныг гэр бүлээрээ дэмжиж байгаа, сөрөг комментыг битгий тоогоорой” гэх мэт эрч хүч өгсөн мессеж нэлээд хүлээж авсан. Ер нь хүн төвлөрөх ёстой зүйлдээ л төвлөрдөг. Сөргөөс эерэг нь илүү байгаа учраас би эергийг нь хүлээж авна.

Q

Дэлхийн 154 оронд зохион байгуулагддаг Voice шоуны нэг хэсэг нь болоод явж байхад ямар сэтгэгдэл төрж байна?

A

-Өөрөө оролцож байгаа учраас дугаар бүрийг сэтгэл догдлон үздэг. Би бодит амьдрал дээр өөрийгөө их шүүмжилдэг төрлийн хүн. Харин энэ удаад өөрийгөө үнэхээр хайрлаж сурсан. Ямар ч контент, бүтээлийг телевизээр үзээд, утасны араас шүүмжлээд суух амархан. Яг дотор нь орж, энэ шоу яаж бүтэж байгааг мэдрэх нь үнэхээр өөр санагддаг юм билээ.

Ярилцсанд Баярлалаа. Амжилт хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn