П.Өнөржаргал: Voice шоунд би заавал орох ёстой гэж бодсон

“The Voice of Mongolia” шоуны оролцогч П.Өнөржаргалтай ярилцлаа.
П.Өнөржаргал: Voice шоунд би заавал орох ёстой гэж бодсон

Та Voice шоуны энэ улирлын дугаарын хамгийн туршлагатай оролцогч болов уу. Олон жил дуулж буй мэргэжлийн дуучин энэ шоунд оролцох нь бас нэг шинэ сорилт байсан байх?

-Олон хүн мэргэжлийн дуучин гэдэг байдлаар хандаж байгаа. Мэргэжлийн дуучин гэхээс илүүтэй энэ шоуны оролцогч гэдэг өнцгөөс хараасай гэж хүсэж байна. Мэдээж мэргэжлийн сургуулийг төгсөөд мэргэжлийн байгууллагад ажиллаж байсан. Одоогоор хосолмол мэргэжил эзэмшээд өөр салбарт түлхүү ажиллаж байна. Багш маань намайг оюутан байхад “Өөрийгөө сорьж болох уралдаан, тэмцээнүүдээс битгий татгалзаж байгаарай” гэж хэлдэг байсан. Ер нь оюутан байхдаа мэргэжлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог хүүхэд байв. Энэ удаад сонирхогчийн түвшинд оролцож байна гэж болно. Учир нь сүүлийн жилүүдэд урлагийн салбарт идэвхтэй байж, тайзан дээр гараагүй уджээ. Мэдээж мэргэжлийн сургууль төгссөн ч бусад мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг хүмүүс шиг өдөр тутамдаа байнгын бэлтгэл, сургуулилттай байж чадахгүй байгаа. Одоо бол Voice шоуны бүх оролцогчтой адил гарааны нэг түвшнээс эхлээд явж байна.

Таныг дууны бусад уралдаанд оролцож байсныг мэднэ. Мөн өөрийн сургаж буй шавь нараа “Авьяаслаг монголчууд” шоунд удирдан оруулж байсан. Тэгэхээр байнга л шинэ зүйл эрэлхийлдэг шантардаггүй уран бүтээлч гэж харсан?

-Баярлалаа. Би Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа удирдаачийн схемийг сурсан юм. Дуучин хүн удирдаачийн дохио, гарын хөдөлгөөнийг ойлгодог байх ёстой гэж багш маань хэлж, энэ бүхнийг зааж өгч байлаа. Би сүмд яваад нэлээд олон жил болж байна. Ер нь хормейстерийн түвшинд ажиллана гэж бодоогүй. Гэхдээ өөрийн сурсан мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцах үүднээс сүмийнхээ “СИОН” хамтлагийн хормейстер хийж, хүүхдүүдээ дэмждэг. Тухайн үед хамтлагийн хүүхдүүд маань нийгэмдээ гэрэл татсан гоё зүйл хийцгээе гэж ярилцаж, шийдээд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байв. Хувьдаа багагүй сорилтыг давсан гэж боддог. Голдуу өөртэйгөө, хувийн өсөлт хөгжилт тал руугаа ажилладаг хүн бусдын хувийн хөгжлийг нэгтгэсэн түвшинд багийн ажиллагаатайгаар зохион байгуулах хэмжээнд оролцоно гэдэг том сорилт байсан. Сэтгэл зүйн хувьд хүнд ачаалалтай байсан ч амжилттай даваад гарсан. Найрал дууг дуулахад тархинд олон процесс зэрэг явагддаг. Хоолой салгаж дуулангаа дууны гоо сайхныг харуулна гэдэг бол найрал дууны онцлог. Хэдийгээр тэр үед бэрхшээлтэй зүйл байсан ч найрал дууныхаа гоё сайханд уусан жаргаж байсан.

Та одоо олон жилийн түүхтэй Соёл-Эрдэнэ хамтлагт дуулдаг гэж ярьж байсан. Өмнө нь охидын Evolution хамтлагт дуулдаг байсан тухайгаа дурсаач?

-Дуучин Б.Хонгортой хамт Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучнаар харьяалагдаж явдаг. Энэ жил манай хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа. Энэ цаг үед залууст Соёл-Эрдэнэ хамтлагийн уран бүтээлүүдийг шинэчилсэн хувилбараар хүргэхээр зорин ажиллаж байна. Харин Evolution хамтлаг бол миний өнөөдрийн Voice шоунд орж ирэхийн эх үүсвэр. Хамтлаг маань өнөөдрийн Өнөржаргалыг бүтээхэд хамгийн гол суурь нь болсон гэж боддог. Evolution хамтлагийн дуучин Өнөржаргал байсан 10 жилийн хугацаанд олон том концерт тавьж, хүнд бэлтгэлүүдийг хийж байв. Ид залуу байсан үе шүү дээ. ABBA хамтлагийн дуунуудыг дуулж байсан нь асар их туршлага болсон. Evolution хамтлагийнхандаа маш их хайртай. Ер нь хөдөлмөр хямдхан биш байдаг. Тэр дундаа гадаад дууг хэрхэн дуулах тал дээр маш их хөдөлмөрлөж, туршлагатай болсон. Миний хувьд англи хэл маань тийм сайн биш хэр нь дуудлага гайгүй гэж ажигладаг. Энэ хугацаанд Селин Дион, Уитни Хьюстон, Женнифер Лопес зэрэг олон дуучны дууг дуулж, эдгээр дуучдын онцлогуудыг ялгаж харж эхэлсэн. Ингээд байгалиас заяасан Өнөржаргал гэдэг хүнийг өөрөөр нь гаргаж ирэхийг зорих болсон.

Урлагийн салбар, тайзаасаа хэсэг хугацаанд хөндийрсөн гэлээ. Яг одоо эрхэлж буй ажлынхаа талаар сонирхуулаач?

-Эрүүл амьдралын хэв маягийн хувийн зөвлөх хийж байна. Миний амьдралын 30 жил энэ салбартай холбоотой, урлагтаа маш их хайртай. Харин уран бүтээлчийн амьдралын баталгаа манай нийгэмд тааруу байдаг. Уран бүтээлчийн хувьд олон эрсдэлийг туулахын зэрэгцээ эцэг эхийн хувиар үр хүүхдээ өсгөх, боловсрол олгох, халамжлах зэрэг үүргээ гүйцэтгэсээр байдаг. Урлагийн ажил маань миний амьдралын баталгаа хангалттай болж чадахгүй байсан. Үүнийг урлагийн салбарынхан бүгд хэлэх байх. Нэг уран бүтээлчийн ард бүтэн амьдрал явж байдгийг бусад хүмүүс ойлгодог байгаасай гэж бодож явдаг. Сүүлийн 2 жилд ковидоос болж дэлхий даяараа донсолгоонд орсон. Урлагийн салбарынхан ч хүнд байлаа. Хэдий хүнд хэцүү ч гэлээ хүн л юм чинь талхаа идэх, хүүхдээ өсгөх, амьжиргаагаа залгуулах ёстой. Энэ зүйлийг эрт мэдэрсэн юм уу хосолмол мэргэжилтэй болохоор шийдэж эрүүл амьдралын хэв маягийн хувийн зөвлөх мэргэжлийг сонгоод 6 дахь жилдээ ажиллаж байна.

Voice-ийн тайз хэтэрхий гоё, 4 шүүгчийн байдал дэндүү сүртэй биширмээр байсан

П.Өнөржаргал

Энэ шоунд орсон зорилго тань юу вэ?

-Би Voice шоунд заавал орох ёстой гэж бодсон. Миний хувьд ямар ч тэмцээнийг том, жижиг гэж голдоггүй. Оролцох боломж л байвал оролцоно гэсэн бодолтой явдаг. Шоуны шүүгчид ямар зүйлийг хайж, юуг эрэлхийлж байгааг мэдэрч байна. Тэдний зорилго бол шинэ дуу хоолой, шинэ авьяас нээхийг зорьж байгаа. Гэхдээ би оролцоод үзье л гэсэн бодолтой орж ирсэн.

4 шүүгч эргэж харах тэр мөчид бас л догдолсон биз?

-Өөрийнхөө оролцсон дугаарыг амьсгаа даран анхааралтай үзсэн. Шүүгч нар эргэсэн тэр мөч гайхалтай. Би дуугаа хүргэх гэж маш их бэлтгэл хийж, чармайсан. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хувьд тодорхой хэмжээнд сайн дуулсан гэж болно. Үнэхээр Voice-ийн тайз хэтэрхий гоё, 4 шүүгчийн байдал дэндүү сүртэй биширмээр байсан. Voice бол шүүгч болон үзэгчдийг хамарсан өргөн хүрээний шоу. Хэдий туршлагатай хүн ч гэсэн энэ бүхнийг, том тайзыг хараад сандарсан. Мэдээж уралдаанд оролцож байгаа надад урам зориг хэрэгтэй. Оролцогчийн хувиар сонсож болох хамгийн сайхан үгийг сонссон. Энэ шоунд авьяастай, мундаг залуус олон бий. Гэхдээ шүүгчдийн надад хэлсэн коммент бол хамгийн сайхан нь байсан. Би үнэхээр жаргаж чадсан.

Voice шоу танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?

-Би Voice-ийн тайзыг гайхан биширч байна. Ийм гайхамшигтай мэдрэмжийг оролцогч бүрд мэдрүүлнэ гэдэг яах аргагүй дэлхийн хэмжээний шоуг тэр стандартаар хийж байгаатай холбоотой. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг дэмжиж, үзүүлбэрээ үзүүлэхэд бүх талаар нь тусалж байгааг харж, мэдэрч байна. Мөн хувийн ямар нэг ашиг сонирхолгүй байгаа хандлага нь таалагдсан. Жишээ нь, зарим уралдаан тэмцээнд оролцоход оролцогчдыг загнах, эвгүй харилцах тохиолдол гардаг. Тэртэй тэргүй тэмцээнээсээ болоод тухайн оролцогч өөртэйгөө тэмцэлдэж ядаж байхад сэтгэл зүйн хувьд нэмж дарамтлах зэрэг мэдрэмжүүдийг өгдөг. Гэтэл Voice шоуны баг аливаад ажил хэрэгч ханддаг нь сайхан санагдсан. Энэ контентод оролцож, гоё тайзыг мэдэрсэндээ баярлаад барахгүй.

Танд урам зориг өгч дэмжсэн хүн маш олон байсан. Харин шүүмжлэгчид ч байлаа. Уран бүтээлч, олны танил хүнд энэ хэмжээний хандлага байнга ирдэг биз дээ?

-Би хүн бүхэнд таалагдах албагүй. Аливаа амжилтыг зорьж, карьерын тактик стратеги гаргаад явж байгаа хүмүүс бол нэг хэсэгт нь таалагдана, нөгөө хэсэгт таалагдахгүй нь тодорхой. Тэд олны өмнө гарч ирж байна шүү дээ. Тиймээс би энэ бүхнийг даах л ёстой гэж бодож байна. Алтан гургалдай шиг дуулж байсан ч хэрээ шиг гуаглаж байна гэж хэлэх хүн байсаар л байх болно. Би өөрийгөө алтан гургалдай шиг дуулсан гэж хэлэхгүй. Өнөржаргал өөрийнхөө түвшинд хамгийн сайнаараа дуулсан. Гэсэн ч энэ бол хэн нэгний амьдралыг өөрчлөх, эргэлт хийхээр түвшинд нөлөөлсөн байж болох ч нөгөө хүний эгдүүцлийг төрүүлсэн байх магадлал бий. Зарим хүн залуучуудын боломжийг авлаа гэсэн сэтгэгдэл хэлж байсан. Үүнд хувьдаа шүүмжлэлтэй хандаж байна. Энэ шоу хүн бүхэнд нээлттэй. Хүн бүрд орох эрх нь байгаа. Мэргэжлийн, мэргэжлийн бус, хөгшин, залуу хүссэн хүн бүхэн орох боломжтой. Би залуу хүн, яагаад өөрийнхөө боломжийг эдэлж болохгүй гэж. Би өөрийгөө залуу байна гэж боддог. Дуу дуулах, дуулаачийн урлаг гэдэг утгаараа би одоо л дуулж эхэлж байна. Цаашид урт хугацаанд дуулах нь миний эрүүл мэндтэй холбоотой учраас эрүүл байж, урт наслах хэрэгтэй. Үүний зэрэгцээ залуучуудтай хөл нийлүүлэн алхаж байгаадаа баяртай байна.

-Д.Болд шүүгчээс дуу бичлэгийн урилга авсан нь танд уран бүтээлийн хувьд том боломж байв уу?

-Д.Болд шүүгч надад өгөөмөр бас үнэтэй бэлэг өгсөн. Бусад оролцогчдод ийм бэлэг өгсөн үгүйг мэдэхгүй юм. Миний хувьд бүхэл бүтэн цомог хийх эрх авна гэдэг бол төсөөлөхийн аргагүй том бэлэг. Цомог бүтээхэд маш их хөдөлмөр, цаг хугацаа, санхүү шаарддаг. Тэр дундаа санхүүг бүрдүүлнэ гэдэг хамгийн том асуудал байдаг. Хүнд ёс зүй гэж чухал зүйл байх ёстой. Миний ёс зүй Д.Болд шүүгч рүү эргэсэн. Ийм үнэ цэнтэй бэлгийг өгч байхад Д.Болд шүүгчийн багт байх ёстой юм болов уу, түүнд үнэ цэнтэй байх болов уу гэж бодсон. Дараа нь зарим хүн “Д.Болд шүүгчийнхээ бэлгийг аваад л Б.Наранзун шүүгчийн багт орох ёстой байсан” гэж хэлсэн. Миний хувьд Д.Болд шүүгчийг сонгосон нь зөв гэдэг шийдвэртээ бат итгэлтэй байна. Уран бүтээлч хүн заавал эрэл хайгуул хийж байдаг. Би хөрвөх чадвар өндөртэй. Гэхдээ ийм чадвар өндөр байхын хэрээр яг хэн гэж харагдах нь тодорхойгүй болдог юм байна гэж ажиглах болсон. Тиймээс Д.Болд шүүгчийн өгсөн энэ боломжид ухаалгаар хандаж, өөрийнхөө өнгө төрхийг тодорхойлж, харагдах өнцгөө зөв гаргаж ирэх ёстой гэж дүгнэж байна. Надад өгсөн бэлгийн хариуд маш гоё уран бүтээл хийхээр хичээн ажиллана.

Уран бүтээлийн ирээдүйн зорилго?

-Олон зүйл мөрөөдөж төлөвлөдөг. Заримдаа зорилгодоо хүрэхгүй байх тохиолдол гардаг. Би залхуурсандаа биш нөхцөл байдал бүрдэхгүй байх нь бий. Урлагийн салбарт ивээн тэтгэгч, спонсор, хамтын ажиллагаа чухал юм. Нэг хүн бүгдийг хийдэггүй. Жишээ нь, нэг дууг үг, ая зохиогч болон дуучин бүтээдэг. Энэ 3 хүний бүтээсэн дууг үзэгч, сонсогчдод хүргэхийн тулд санхүүгээс олон зүйл хамааралтай болдог. Би 20 гаруй дуу хийсэн хэр нь тэдгээрийг үзэгчдэд хүргэж чадахгүй байна. Магадгүй би сайн дуучин байж болох ч маркетинг муутай дуучин юм болов уу гэж боддог. Тиймээс маркетинг тал дээр ажиллах шаардлагатай. Ийм баг бүрдүүлэхэд илүү төвлөрч ажиллана. Цаашид олон жил дуулахыг зорьж байна. Аав, ээжээс заяасан дуулах авьяасаа илүү өнгөлж авч явна. Бодож, төлөвлөсөн ажлууд бий. Ер нь олон ковер дуулаад туршлага хуримтлуулсан. Тиймээс монгол дуугаа тэдгээр ковер дуулсан дуучдынхаа түвшинд, дуулах техникүүдийг яаж монгол дуунд нэвтрүүлж дуулах вэ гэдгийг одоо гаргах CD-ндээ төлөвлөөд байгаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn