Г.Орчлон: Хэзээний артист болсон мэт тайзан дээр гарахыг хичээж байна

“The Voice of Mongolia” шоуны эхний 2 шатыг амжилттай давсан авьяаслаг оролцогч Г.Орчлонтой ярилцлаа. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар курст сурдаг оюутан юм.
Г.Орчлон: Хэзээний артист болсон мэт тайзан дээр гарахыг хичээж байна

Хичээл сургуультайгаа зэрэгцүүлэн шоуны бэлтгэлээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Тийм ч амар хялбар биш байна. Манай бэлтгэл 16:00 цагт эхэлдэг, харин хичээл маань 17:30-д тардаг. Хичээлээ тарангуутаа бэлтгэл рүүгээ явдаг. Хичээл орой тарж байгаа учраас багийнхан маань миний бэлтгэлийн хуваарийг хамгийн сүүлд тавьж тус болж, дэмжиж байна. Аль болох бүх зүйлийг зохицуулахыг хичээгээд явж байна.

Одоо хамгийн хүнд сорилтын шат хүлээж байна. Хангалттай бэлдчихсэн үү?

-Бэлтгэлээ өдөр бүр шаргуу хийж байна. Манай багийнхан Battle-ийн шатанд гоё уран бүтээл гаргах гэж хичээж, ихэнхдээ шөнө болтол бэлтгэлээ хийж байсан. Бүгд дуртай зүйлээ хийж байгаа учраас олон цагаар бэлтгэж буйгаа ч анзаараагүй. Мэдээж Battle шатандаа тэнцсэнд сэтгэл хангалуун байна. Хэдийгээр миний хувьд шоугаа үргэлжлүүлж байгаадаа баяртай ч хамтрагчаа алдаж буй нь харамсалтай байсан. Battle шатанд багийнхаа гишүүдийг хасагдах болгонд бараг уйлсан. Манай багийн гишүүд энэ хугацаанд нэг гэр бүл шиг болж, ойр дотно болцгоосон. Көүч маань бидэнтэй хүүхэд шигээ элгэмсэг дотно харьцдаг. Дараагийн шатны бэлтгэлээ сайн хийж байгаа ч сандарсан хэвээр байна. Надад юу байж болох тэр бүхнээ шавхан харуулах тийм хариуцлагатай үе ирж байна.

Хууль болон урлагийн салбарын аль алинд нь сонирхолтой гэхээр их хол сонсогдож байна шүү?

-Аав, ээж маань дуртай зүйлээ л хий гэдэг. Ингээд надад сонголт өгсөн. Би хуулийн салбарт үнэхээр дуртай. Өөрийгөө дайчилж, өдөр шөнөгүй бэлдэж байгаад энэ сургуульдаа орсон. Бид XXI зуунд амьдарч байна. Зөвхөн нэг зүйлийг л дагнах ёстой биш шүү дээ. Үнэхээр авьяас чадвар, дур сонирхол нь байвал урлаг соёл, хуулийн салбарыг яагаад хослуулж болохгүй вэ гэж бодсон. Нэг зүйлээ дагнаад байвал амьдрал сонирхолгүй, утгагүй мэт санагддаг.

Арга билэг гэдэг шиг Х.Баяр бид хоёр хэн хэнийгээ нөхсөн

Г.Орчлон

Battle-ийн эхний салхийг хамтрагчтайгаа хагалсан шүү дээ. Хэр байв?

-Б.Наранзун көүч ямар уур амьсгалтай, хэр үзүүлбэрүүд үзүүлэх гээд байна вэ гэдэг нь эхний Battle-аас мэдрэгдэх ёстой учир бид хоёрт том хариуцлага оногдсон. Көүч ”Миний хоёр хүү эхлүүл. Та хоёр чадна” гэж хэлсэн. Арга билэг гэдэг шиг Х.Баяр бид хоёр хэн хэнийгээ нөхсөн, дэмжсэн гоё үзүүлбэр үзүүлсэн гэж бодож байгаа. Баяраа дуулалтын хувьд илүү нюанстай, зөөлөн, нугалааг мэдрэмжтэй гаргаж дуулдаг бол би хүчтэй талдаа дуулдаг. Тэгэхээр хэн хэнийгээ нөхөж чадсан. Хэн хэн нь сандарсан ч оногдсон үзүүлбэрээ хариуцлагатай хийхийг л хичээсэн. Би тайзан дээр гарахаараа тэс өөр хүн шиг болдог. Эхний хоёр шатанд үүлэн дээр байгаа мэт гайхалтай мэдрэмжтэй дуулсан. Ер нь бодит амьдрал дээрх Орчлон, тайзан дээр гарсан Орчлон хоёр өөр байдаг.

Үзүүлбэрийн дараах эерэг, сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авав?

-Би Blind audition-ы дараа бичсэн 217 комментыг бүгдийг нь уншсан. 216 нь амжилт хүссэн, эерэг сэтгэгдэл бичсэн бол нэг хүн сөрөг сэтгэгдэл үлдээсэн байсан. Аливаа зүйл сайн, муутай байдаг учраас түүнийг энгийн хүлээж авахыг хичээсэн. Харин Battle-ийн шатанд хоёр хүн өрсөлдөж байгаа гэдэг утгаараа эерэг сөрөг маш олон сэтгэгдэл ирдэг юм билээ. Миний хувьд бүх хүмүүсийг урлагийн мэдрэмжтэй байдаг гэж боддог. Тэр утгаараа үзэгчид бидний үзүүлбэрийг олон талаас нь харж, мэдэрч үзэл бодлоо хэлсэн байх. Урлагийн хүн бол тэр байтугай бэрхшээлтэй учирна. Тиймээс эерэг, сөрөг санал сэтгэгдэлд хүлээцтэй хандаж, авах гээхийн ухаанаар л хандаж байгаа.

Өмнөх шатуудад голдуу гадаад дуу дуулж байсан. Монгол дуу хэр дуулдаг вэ?

-Монгол дуу дуулдаг. Гэхдээ амьд хөгжмийн хамтлагуудад илүү дуртай. Миний хоолойн тембэрт амьд хөгжимтэй дуунууд тохироод байгаа юм шиг санагддаг. Мэдээж монгол дууны шатанд өөрт тохирсон гоё дуу сонгож, гоё үзүүлбэр үзүүлнэ.

Өрсөлдөгчдөөсөө илүү сайн, шүүгчдийн шаардлагад нийцсэн чанартай үзүүлбэр үзүүлэхийг хичээдэг нь мэдээж. Мөн үзэгчид гэж том шүүгч хүлээж байгаа. Тэдэнд таалагдаж, сэтгэл зүрхэнд нь хүрч дуулах нь дээ?

-Дэлхийн хэмжээний том шоунд оролцож байгаа нь бахархалтай гоё ч нөгөө талаасаа том хариуцлага. Үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайн үзүүлбэр үзүүлэх өндөр шалгуур тавигдаж байгаа юм. Сэтгэлд хүрсэн гоё үзүүлбэр болсон эсэхийг үзэгчид л дүгнэдэг. Үзэгчдэд гоё зүйлийг мэдрүүлэх гэж бас түүнээсээ өөрөө сайхан зүйлийг мэдрэх гэж үзүүлбэрүүдээ бэлдсэн. Цаашид ч үзэгчдэд, тэдний сэтгэл зүрхэнд хүртэл дуулна гэсэн сэтгэлээр үзүүлбэрүүдээ бэлтгэж, хийнэ гэж бодож байгаа.

Хүсэл мөрөөдлийнхөө дийлэнх хувийг биелүүллээ

Г.Орчлон

Аяллынхаа бараг талд нь орчихсон явна. Шоунд орохоос өмнөх үе болон одоо юу бодогдож, мэдрэгдэж байна вэ?

-“Орчлон чи ийм чадвартай, ийм их нөөцтэй байсан юм уу” гэж бодогдож байгаа. Би ер нь өөртөө итгэлтэй. Гэхдээ энэ шоу, Б.Наранзун көүч миний итгэлийг улам хурцалж, бадрааж өглөө. Одоо бол “Би чадах юм байна” гэдгээ ойлгож, мэдэрсэн.

Мөн миний хувьд шоунд орсноор их бага хэмжээгээр олон зүйл өөрчлөгдөж байгааг анзаарч байна. Сургууль дээрээ мөн үе тэнгийнхэндээ танигдаж эхэлсэн. Олон нийтийн газраар үйлчлүүлэхэд Voice-ийн оролцогч уу гэж асуугаад сэтгэгдэл хэлж, амжилт хүсэж байгаа хүмүүстэй таарах сайхан санагддаг.

Би энэ шоунд орохын тулд толгойноосоо хөл хүртлээ өөрчлөгдөхийг хүссэн. Шоунд орж байгаа учраас дуулалтын хажуугаар дүр төрхөөрөө өөрийгөө бас илэрхийлэхийг хүссэн. Түүнийгээ ч харуулж чадсан гэж бодож байна. Гаднах төрхөөрөө өөрчлөгдөх гэж их хичээсэн. Жишээ нь, үсээ будуулахын тулд 3 удаа цайруулж, 24 цаг зарцуулсан. Амаргүй юм билээ.

Шинэ шатанд дахиад өөр төрхтэйгөөр тайзан дээр гарах уу?

-Дараагийн Knock out-ын шатанд хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ тайзан дээр бодит байдлаасаа тэс өөр, хэзээний артист болсон мэт гарахыг хичээж байна.

Энэ шоунд орсноор ямар боломжуудыг олж авч байна вэ?

-Хүн бүр шоунд хасагдана гэж орохгүй. Бүх авьяас чадвараа шавхаад, эцсийн үр дүнг нь харна гэж зорьдог. Миний хувьд ч мөн тийм бодолтой байна. Энэ шоунд орсноор цаашдын олон боломжийг нээж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Артист болно гэдэг маш хэцүү. Гэтэл энэ шоу нь оролцогчдыг урлагийн салбарт хөл тавихад нь тусалж байна. Надад ч мөн уран бүтээлийн олон санал ирэх байх. Энэ шоунд орсноор ирээдүйд артист болох хүсэл мөрөөдлийнхөө дийлэнх хувийг биелүүллээ гэж харж байгаа. Надад эхлэл л хэрэгтэй байсан. Түүнийгээ хийж чадлаа.

Б.Наранзун шүүгчийг өндөр мэдрэмжтэй уран бүтээлч гэдгийг та бүхний тавьсан тоглолт дахин батлах шиг боллоо. Тэр та нарт өндөр шаардлага тавьж байна уу?

-Энэ шоунд ороод нэг зүйлийг биширсэн. Тэр нь Б.Наранзун көүч. Көүч маань үнэхээр мэдрэмж, авьяастай хүн гэдэг нь жижиг зүйл дээр ч ажиглагддаг. Бэлтгэлийн завсарлагааны 5 минутын хугацаанд көүч аяа зохиогоод сууж байгаа нь харагддаг. Энэ мэтчилэн көүчийн бүх зүйлээс суралцах зүйл их бий. Сайн зөвлөгч, дэмжигч бас дасгалжуулагч болдог. Мэдээж чанартай үзүүлбэр гаргахын тулд бидэнд мэргэжлийн талаас нь өндөр шаардлага тавьдаг ч тэр хэрээрээ харилцан ярилцаад, ойлголцоод явдаг. Мөн багийн вокал көүч Н.Наранбаатар “Мэдэрч дуулсан дуу цаанаа өөр байдаг” гэдэг зүйлийг бидэнд маш сайн ойлгуулсан.

Дуу хөгжим чиний амьдралд хэр том орон зайтай оршдог вэ?

-Дуу хөгжим хэн нэгний амьдралд 100% байлаа гэж бодоход миний орон зайд 1000% байдаг. Би өглөө бүрийг сонсох дуртай дуунуудаараа эхлүүлдэг. Ганцаараа байх бүх цаг үедээ дуу сонсдог. Зөвхөн миний амьдрал биш, хүн бүрийн амьдрал дуу хөгжимгүй бол хэцүү байна байх. Би дуу хөгжмийг ямар нэг сэтгэлийн зовлон жаргалаа хуваалцах найз гэж боддог. Ер нь сэтгэл зүйг авардаг гол зүйл бол дуу.

Уран бүтээлийн олон санал ирэх байх гэж ирээдүйдээ их итгэлтэй хэллээ. Цаашдын зорилгоо тодорхойлчихсон байна уу?

-Цомог гаргана гээд яривал дэндүү хол бас том зорилго болох гээд байна. Миний уран бүтээл хүн бүрд хүрэх албагүй. Гэхдээ цөөхөн ч гэсэн хэдхэн хүний сэтгэл зүрхэнд хүрсэн, сонсох дуртай өөрийн гэсэн уран бүтээл хийх зорилготой. Олон хүнд хүрсэн бүтээл хийвэл улам л сайхан байх болно.

Чиний уран бүтээлийг сонссон хүн юуг мэдрээсэй гэж хүсэж байна?

-Миний дуунаас тэр хүн аз жаргал, сэтгэл ханамж, гайхалтай мэдрэмж авах нь л хамгийн чухал нь гэж боддог. Мэдээж хуульчийн мэргэжлээ хаяхгүй. Нэг зүйлд орлоо гээд нөгөөхийг нь хаяж болохгүй, хослуулаад явна. Урлагаас гоё зүйл мэдэрдэг учраас дуу хөгжим миний орон зайд том байр суурьтай явна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn