А.Энхмаа: Voice шоунд нөхрөө бүртгүүлэх гэж очоод өөрөө орчихсон

“The Voice of Mongolia” шоуны оролцогч А.Энхмаатай ярилцлаа. Тэрээр уртын дуучин мэргэжилтэй. Одоогоор гэр бүлийнхээ бизнест ажилладаг юм байна.
А.Энхмаа: Voice шоунд нөхрөө бүртгүүлэх гэж очоод өөрөө орчихсон

Яагаад энэ жилийн Voice шоунд оролцох болов?

-Би СУИС-ийн уртын дууны ангийг 2018 онд төгссөн. Нөхөр маань бас СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Бид хоёр сургуулиа төгсөөд удаагүй хүүхэдтэй болж, би гэртээ хүүхдээ хардаг болсон. Харин нөхөр маань жүжигчний мэргэжлээрээ ажилладаггүй ч дуулах маш их сонирхолтой. Анх энэ шоунд нөхрийгөө бүртгүүлэх гэж хамт очсон ч нөхөр маань намайг ятгаад, тэгээд л би бүртгүүлчихсэн юм. Хэрэв энэ удаагийн шоунд ороогүй бол Voice-д орох л ёстой байж гээд дараа нь харамсах байсан болов уу.

Нөхөр тань таныг дэмжиж шоунд оруулжээ. Түрүүлээсэй гэж их найдаж, хүлээж байгаа даа?

-Би өдөр бүр бэлтгэлтэй байгаа. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилт гээд завгүй энэ үед нөхөр маань ар талаа бүрэн дааж байгаад нь баярлаж байна. Миний хувьд сургуулиа төгссөнийхөө дараа хүүхдээ төрүүлээд 2 жил гэртээ байсан. Хүүхэд харах хугацаанд олон зүйл боддог юм билээ. Үеийн залуус мэргэжлээрээ ажиллаж, уран бүтээл гаргаад амжилттай явж байхад би хоцорчихлоо гээд сэтгэлээр унасан. Сэтгэл зүйн хувьд бүтэн жил хүнд байлаа. Энэ байдлыг нөхөр маань ажиглаж, ойлгож, намайг ямар нэг зүйлээр дэмжихийг хүссэн байх. Өөрөө урлагийн хүн учир иймэрхүү асуудлыг сайн ойлгож дэмждэг. Одоо бол өөрөө Voice шоунд оролцож байгаа юм шиг бүх зүйл дээр хамт явж, дэмжиж байна. Би өмнө нь энэ шоунд орох хүсэлтэй байсан ч хүүхэд төрүүлээд 10 кг нэмсэн, дуулаагүй 2 жил болсон гээд өөрөө өөртөө шалтаг гаргаж, Voice-д дуулж чадахгүй гээд зориг хүрдэггүй байв. Энэ бүхнийг давахад нөхөр болон аав ээж маань тусалсан. Ер нь эмэгтэй хүн хэзээ ч өөрийгөө голж болохгүй гэдгийг энэ шоунд ороод мэдэрч байна.

Battle-д Д.Ууганцэрэнтэй хамт монгол дуугаар гайхалтай үзүүлбэр үзүүлсэн. Гэхдээ мэргэжлийн дуучныг мэргэжлийн бус хүнтэй өрсөлдүүллээ гэсэн шүүмж ч гарсан. Үүнийг хэрхэн хүлээж авав?

-Үзэгчид эерэг сөрөг олон санал хэлж байгаа. Мэдээж аль аль санал, шүүмжлэлийг нь сонсоно, хүлээцтэй хандана. Цаашдаа дэмжиж байгаа үзэгч, дэмжигчдийн урмыг хугалахгүй сайн үзүүлбэр үзүүлэхийг хичээнэ гэж хэлье. Магадгүй сэтгэл дундуур үзэгчид байгаа байх. Тэр үзэгчдийн сэтгэлд хүрсэн, гал гарсан үзүүлбэр гаргахын төлөө чармайж ажиллана.

Дараагийн шат knock out-ыг хэрхэн харж байна?

-Дараагийн шатанд ямар дуу дуулах бол гэдэг үнэхээр сонирхолтой байна. Магадгүй дараагийн шатанд уянгын дуу таарвал хажуугаар нь шуранхайлахыг хүсэж байна. Миний чаддаг зүйл шүү дээ. Би нийтийн болон зохиолын дуу дуулахдаа тааруу. Ер нь эстрад, поп дуу дуулах сонирхолтой. Энэ жанрын дуунуудыг дуулж өөрийгөө сорих хүсэлтэй шоунд орсон. Дараагийн шатанд тэнцвэл зөвхөн уртын дуу, шуранхай гэхгүй олон төрөл жанрын дуу дуулж өөрийгөө соримоор байна.

Уртын дуучин болохын тулд олон жилийг зарцуулсан гэсэн. Энэ хугацаанд уран бүтээл гаргаж, олонд танигдах бодол байв уу?

-Энэ олон жил сурчихаад нэг ч клип хийгээгүй юм уу гэж хэлдэг, асуудаг хүмүүс байдаг. Би аав ээжийнхээ хөдөлмөрлөсөн мөнгөөр клип гаргахыг хүсээгүй. Өөрөө хөдөлмөрлөхийг хүссэн. Сайн хөдөлмөрлөж, эдийн засгийн хувьд боломжтой болсны дараа чанартай, сайн дуу гаргах том зорилго тээж явна. Зорилго маань тодорхой тул түүнийгээ өөрөө төсөөлж байгаа.

Өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр уран бүтээл хийнэ гэдэг залуу хүний хувьд том зорилго шүү?

-Эмэгтэй хүн зөвхөн урлагийн салбараар явахад олон бэрхшээл саадтай тулгардаг байх гэж боддог. Хэчнээн урлагтаа хайртай, энэ салбараа орхихгүй гэж ярьж байгаа ч хажуугаар нь зайлшгүй суурь ажилтай, санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой. Нэг клип бүтээхэд дунджаар 10-20 сая төгрөг зарцуулах шаардлагатай. Энэ мөнгө зүгээр гараад ирэхгүй нь ойлгомжтой. Намайг оюутан байхаас эхлээд ээж маань уран бүтээл гаргахад тусалъя гэж санал болгодог байсан. Тухайн үед яагаад ч юм болоогүй. Яг одоо бол өөрөө л ажиллаж, хөдөлмөрлөхийг хичээж байна. Энэ бүхнийг бүтээх суурь нь юу вэ гэвэл өөрийн гэсэн тогтвор суурьшилтай ажилтай байх гэж боддог. Миний хувьд бизнесийн чиглэлээр суралцаад, аав ээжийнхээ хариуцаж байгаа ажлыг үргэлжлүүлнэ. Хөдөлмөрлөөд өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй болсны дараа жинхэнэ уран бүтээлдээ зарцуулна даа.

Уртын дуучин болно гэдэг чамгүй ур чадвар, тэвчээр, хатуужил шаарддаг байх. Шантарч байв уу?

-Би багаасаа дуу дуулах дуртай хүүхэд байлаа. Сонирхолдоо хөтлөгдөөд уртын дуучны мэргэжлээр суралцсан. Эхний жилүүдэд дуулж, шуранхайлж чадахгүйдээ их шантардаг байсан. Ингэж байхаар эстрад эсвэл поп дуу дуулдаг байж гэж бодож байсан үе бий. Бэлтгэл ангид суралцаж байхад Ардын жүжигчин А.Нэргүй багш миний дуулахыг сонсоод “Чамд ирээдүй байна. Дууны нугалаа гаргах, шуранхайлах бүх нөөц боломж байна. Цаашид уртын дуугаа битгий орхиорой” гэж хэлсэн нь үнэхээр урам зориг өгсөн. Тухайн үед багш надад урам өгөөгүй байсан бол аль хэдийн эстрад дууны ангид ороод, өнөөдөр Voice шоунд уртын дуу, шуранхайлах талаар яриад явахгүй байсан болов уу. Багшийн маань хэлсэн үг их нөлөөлсөн шүү.

Шоунд хэр хол явна гэж бодож байна. Дараагийн шатанд амжилтгүй орчих вий гэсэн түгшүүр бий юу?

-Хэр хол явахаа ёстой хэлж мэдэхгүй нь. Учир нь манай багийн оролцогчид бүгд хүчтэй өрсөлдөгч. Багийн гишүүд маань залуу гэлтгүй бүгд дууныхаа үг аяыг зохиож дуулдаг, мундаг хөдөлмөрч залуучууд байгаа. Ямар ч байсан тэднээс аль болох дутахгүйг хичээнэ. Уран бүтээлийн хувьд өмнө нь хэд хэдэн продюсероос хамтарч ажиллах санал авч байсан. Дараагийн шатанд амжилттай оролцож чадахгүй ч байж магад. Гэхдээ дуу хөгжмөөс холдохгүй, тэр дундаа уртын дуунаасаа хэзээ ч холдохгүй. Цаашид чанартай, үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл гаргах тал дээр хичээж ажиллана.

Мэргэжлийн дуучин ч гэсэн Voice-д орсноор илүү туршлага хуримтлуулж байгаа болов уу?

-Уртын дуу дуулна гэдэг дуучнаас маш их ур чадвар шаарддаг. Энэ талын ур чадваруудыг мэргэжлийн сургуульд эзэмшсэн учраас надад давуу талууд бий. Гэхдээ бусад жанрын дууг дуулахын тулд суралцах зүйл их байгааг ч олж харсан. Мэргэжлийн хүний хувьд дуулах техник дээр илүү хурдан суралцаж байна. Battle-д бэлтгэж байхад Д.Болд көүч бид хоёрын дууны үг бүр дээр ажилладаг байсан. Энэ дуунд “шиг” гэдэг үг хүртэл үнэ цэнтэй. Түүнийг нь заавал мэдэрч, ач холбогдол өгч дуулах ёстой гэж зөвлөдөг. Энэ мэт олон талын туршлага хуримтлуулж байна.

Ойрын төлөвлөгөө юу байна вэ. Өөр салбарт ажиллаж байгаа ч гэсэн уран бүтээл гаргах уу?

-Гэр бүл, ажил амьдралын хувьд харьцангуй тогтвортой болсон. Одоо би аав ээжийнхээ хувийн бизнест туслаад явж байна. Цаашид бизнесээ амжилттай авч явахын тулд сурах шаардлагатай болоод байгаа. Тиймээс ирэх жил бизнесийн удирдлагаар суралцана. Үүнээс гадна урлагийн салбарт хийж бүтээх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл ч бий. Одоо уртын дууны ангид сонирхон суралцаж байгаа олон залуу бий. Гэхдээ бидний үеийн залуус уртын дуугаа дуулж, сурталчлах, бусдад түгээх нь учир дутагдалтай хэвээр байна гэж ажигладаг. Ганцхан морин хууртай уртын дууг дуулахаас илүү уртын дууны жинхэнэ мөн чанар, агуулгыг нь алдагдуулахгүйгээр орчин үеийн хэв маягт оруулан уран бүтээл хийхийг маш их хүсдэг. Ойрын жилүүдэд ийм бүтээл гаргана. 2023 он гэхэд ямар ч байсан нэг уран бүтээл хийнэ гэсэн том төлөвлөгөөтэй явж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn