Д.Отгонбаяр: Voice шоу надад шатар нүүж байгаа мэт гоё мэдрэмжийг өгдөг

-Зөвхөн тайзан дээр дуулахын нэр биш. Маш том сахилга баттай, хариуцлагатай, үнэнч шударга байж чадвал урлагт олон жил гишгэж явна гэдгийг л залуучууддаа хэлж ойлгуулдаг-
Д.Отгонбаяр: Voice шоу надад шатар нүүж байгаа мэт гоё мэдрэмжийг өгдөг

“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Дэлхийн хэмжээний Voice шоуны анхны дугаараас эхлээд шүүгчээр ажиллалаа. Энэ улирлын дугаар дуусах мөчид танд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Voice шоуны гурван улирлын дугаарыг давж байгаа көүч гэдэг утгаараа хүүхдүүдтэйгээ ажиллах арга барил болоод туршлага хуримтлуулж байна. Мэдээж туршлагажсаар явна. Хүн бүр энэ шоунаас маш гоё мэдрэмжийг авч, соён гэгээрч, түүгээрээ амьдарч, амьсгалж байна. Энэ цаг үед Voice-ын гуравдах дугаар тавигдаж буйгаараа онцлог байна. Анхны дугаарт орж байсан көүч Отгонбаяр одоогийнхтой харьцуулбал илүү туршлага суусан гэж болно. Шоуны эхний формат орж ирж байхад бид бүгдийг эхнээс нь эхэлж байлаа. Дууны сонголт, хувцаслалт, үзүүлбэр, продакшнтайгаа уялдаа холбоотой ажиллах гэх мэт асар их зүйлийг сурч, туршлагажиж байна. Цар тахлын хүнд цаг үед шоуны 3 дахь дугаарыг хийж буйгаараа бас онцлогтой. Маш гоё мэдрэмж авч байна.

-Шоунд оролцогчдын хувьд дугаар бүр дээр цаг үеэ дагасан өөрчлөлт ажиглагддаг уу. Тухайлбал, дууны сонголт, хоолойн цар хүрээ, хэв маяг гэх мэт. Энэ удаагийн Voice өмнөхөөсөө ямар онцлогтой байв?

-Энэ жил их өвөрмөц хүүхдүүд оролцлоо. Хоёр жилийн өмнө оролцож байсан хүүхдүүдийг энэ жилийн оролцогчтой харьцуулахад тэс өөр болж байгаа нь мэдрэгдэж байна. 2 жилийн өмнө ажиллаж байсан арга барилаараа одоогийн хүүхдүүдтэйгээ ажиллах хоёрын хооронд их ялгаатай байгаа нь ажиглагдлаа. Өдөр ирэх тусам залуусын мэдрэмж, хандлага өөрчлөгдөж байна. Тиймээс энэ цаг үетэй нь уялдуулж дууны сонголт, үзүүлбэрээ хийх хэрэгтэйг анзаарсан. Мөн энэ улирлын дугаарт Б.Наранзун шүүгч орж ирсэн нь бас нэг онцлог байв. Шинэ шүүгч ямар арга барилаар ажиллах нь их сонирхол татаж байсан гэж болно. Б.Наранзун шүүгч нарийн мэдрэмжтэй, хөгжилтэй зан чанартай учраас энэ нь үзэгчдэд нэг талаараа таалагдсан байх гэж харж байгаа. Энэ мэтчилэн энэ удаагийн Voice олон талаараа онцлогтой дугаар боллоо.

-Залуусын урлагт хандах хадлага, мэдрэмж их өөр болж байна гэлээ. Ялгаа нь яаж мэдрэгдэж байна?

-Энэ цаг үетэйгээ их холбоотой. Залуус нэг гоё мэдрэмжийг гялс авчихаад дараагийнхыг нь хүсэж байна. Авч байгаа тэр мэдрэмжүүд нь маш хурдтай байна гэх юм уу. Бид анзаарахгүй олон зүйлийг өнгөрөөж байна. Залуусын оюун ухаан, мэдрэмж нь маш хурдтай солилцол, үелзэл дээр л мэдрээд байх шиг санагдаад байгаа. Юу ч таалагдахгүй байгаа юм шиг, юуг ч таалаад байгаа юм шиг. Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй гэж ярьдаг шиг залуусын тэр формат нь яг баригдахгүй байх шиг бас санагддаг. Гэхдээ бид орчин цагийн залуусыг байгаагаар нь хүлээж аваад дэмжих ёстой. Зөвхөн урлаг соёлын салбарт л ярьж байна. Бүхэлд нь харвал залуусын цаг иржээ. Алийн болгон Хурд 30 жил толгой дээр нь тоглох юм бэ. Одоо бид залуучууддаа боломжийг нь олгоё. Тэр гарц гаргалгаа, тэвчээр хатуужилд бид сургах учиртай. Авьяастай хүүхдүүд маш их төрж байна. Гэхдээ арай жаахан төөрөөд байна уу гэж харж байна. Тиймээс хүүхэд залуучууд руу хандсан орчин цагийн бодлого боловсруулж авч явах нь зөв. Соёлыг эдийн засаг болгох гаргалгаа, чиглэлүүдийг ярих нь хамгийн оновчтой. Солонгос улс гэхэд ямар ч уурхайгүй ч жилд зөвхөн дуу хөгжмийн салбар нь 54 тэрбум доллар олдог. Солонгосын нэг уран бүтээлч нь нэг Оюутолгой болсон явж байна. Манай HU хамтлаг гэхэд дэлхийд гарч чадлаа. Бид энэ чиглэлд зөв бодлоготойгоор хүүхэд залуучуудыг хандуулах хэрэгтэй. Бодлого чиглэлээ зөв зангидаад, оюуны өмчийг зөв суурилуулж, бүтээлч үйлдвэрлэлийг сайн дэмжээд өгвөл бид дэлхийд гарна гэж ярина. Бидний оюуны ганц том дархлаа бол өв соёл. Үүнийг залуучууддаа зөв тавиад өгчихөд маш хурдтай явна гэж хардаг.

-Шоу өөрийн гэсэн дүрэмтэй. Мөн шүүгч бүр баг дотроо мөрддөг дүрэм гэж бий байх. Танай багийн Voice шоунд оролцсон гол тактик юу байдаг вэ?

-Нуугаад байх зүйл байхгүй ээ. Миний хувьд 30 жил урлагт өдөр хоног алгасахгүй үнэнч шударга зүтгэсэн тэр зарчмаа баримталж ажилладаг. Ер нь урлагт 50, 60% нь хагас цэрэгжилтийн байдлаар явдаг. Тэгж байж бид өглөө эрт сэрдэг, цагаа зөв хуваарилдаг, хувийн зохион байгуулалт сайн болдог. Энэ хүүхэд ямар зан чанартай, хэдэн цагт унтаж, хэзээ сэрдэг, хүний өөдөөс яаж хардаг, хэрхэн харилцдаг, көүчийн хэлсэн зааврыг аль талаас нь бодож чадаж байна гэх зэргээр олон талаас нь ажиллаж, көүч хүний ур ухаанаа хүүхэд бүр дээр гаргаж ажилладаг. Миний хувьд багтаа тохирсон дүрэм, журам гаргаад, түүнийгээ яг баримталдаг. Дүрэм зөрчсөн нь зэмлэл хүлээнэ. Мэдээж өөрийнх нь төлөө хийж байгааг ойлгуулахыг хичээдэг. Түүнээс энэ дууг ийм өнгөөр дуулаад бэлтгэлээ хийгээрэй гээд орхидоггүй. Миний арга барил бол найз, нөхөр, ах, аав шиг нь хандаж хамтран ажиллаж байж ард түмний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн үзүүлбэр гаргаж ирэхийг хичээдэг. Энэ нь ч көүч хүний үүрэг шүү дээ. Мөн аль аль талыг нь тэнцүүлж явах нь хамгийн зөв гаргалгаа, оновчтой байр суурь болов уу гэж бодож ажилласан. Ажиллана гэдэг нь өдөр шөнөгүй бодохын нэр биш. Мөн сахилга бат чухал. Наанадаж цаг барих, хамт олон, хөгжимчид, көүчийг хүндлэхээс эхэлнэ. Voice шоуны ард 200, 300 хүн ажилладаг. Энэ үйл явцын ширхэг, дусал бүрийг хүүхдүүдийн зүрх сэтгэл рүү суулгаж, тэдний далд ухамсар, нарийн сэтгэлийг нь босгож байж бид сайн үзүүлбэрүүдийг ард түмэндээ үзүүлнэ. Харин хариуцлагагүй, шалтаг тоочдог, унтаад сэрдэггүй гэх мэт шалгуурыг давж чадахгүй бол уран бүтээлч болж чадахгүй. Зөвхөн тайзан дээр дуулахын нэр биш юм. Үүний ард маш том сахилга баттай, хариуцлагатай, үнэнч шударга байж чадвал урлагт олон жил гишгэж явна гэдгийг л залуучууддаа хэлж ойлгуулдаг.

A.Batdelger

-Шат бүрээс хасагдсан багийнхаа гишүүдтэй эргээд хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Эхний дугаарын оролцогч Болороо, Наранхүү, Алтаншагай, Мөнхзул гээд оролцогчидтойгоо холбоотой, заавар, зөвлөгөө өгөөд хамтарч ажиллаад явж байна. Хоёр дахь дугаараас гэхэд Дашням, Дашчанарав, Ган-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ, Үүрээ гээд хамтарч ажиллаж байгаа хүүхдүүд олон бий. Энэ хүүхдүүдтэй учран золгоно гэдэг хувь тавилан юм гэж боддог. Болж өгвөл хүүхдүүдийнхээ амьдралд нь зөв нөлөөлж, дэмжээд явахыг хичээдэг. Түүнээс хүүхдүүдээ хаа нэг газар дуулуулж, олсон мөнгийг нь хурааж авдаг продакшн надад байхгүй.

Мэдээж олон өдөр, сараар бэлдүүлсэн багийн гишүүнээ хасаад явуулахад хайран санагддаг биз дээ?

-Яг тэр мөч их харамсалтай санагддаг. Гэхдээ энэ жил оролцогч хүүхдүүд эн тэнцүү хасагдаад явсан. Заримдаа бүр харамсаад энэ дүрмийг нь өөрчилж болдоггүй юм байх даа гэж боддог. Манай багт сор болсон, финал хүртэл явахаар мэдрэмж, ухаантай, далд ухамсраа сэрээж чадсан хүүхдүүд байсан. Тэднийг хасагдахад үнэхээр хэлэх үггүй харамссан. Би далд ухамсар гэдэг зүйлтэй их харьцдаг хүн. Түүнээс өнгөцхөн орилж, чарлаж дуулж байгаа нь сонин биш. Хамгийн гол нь ухаан, ухамсар гэдэг зүйл байж он удаан жил сайн дуулна. Тэр хүний зүрх сэтгэлээс гарч байгаа бүхэн ухаантай байвал хүний зүрх сэтгэл рүү сум мэт хүрэх учраас үүнийг би маш чухал гэж бодож баримталж ирсэн.

Voice-ын хамгийн эмоцитой, сэтгэл хөдлөлтэй шүүгч нь та байсан байх шүү?

-Магадгүй тийм байх. Анх 1993 онд Хурд хамтлагтай тайзан дээр гарсан тэр үед өөрийнхөө байх ёстой газрыг яг энэ мөн байна гэж мэдэрсэн. Хаашаа ч холдохгүй, хувирахгүй энэ биеийг дуустал урлагтаа, тайзан дээр байна гэдгээ мэдэрсэн. Миний омогшил, үг яриа тайзан дээр цаанаасаа л ундардаг. Тэнд нэг настай хүн ирээд суусан бол гоё коммент хэлээч гээд цаанаасаа л намайг дэмнээд гаргадаг. Өмнө нь хэзээ ч бэлтгэж гардаггүй. Би ер нь сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлчихдэг. Юм нууж чаддаггүй. Бүх зүйл үнэн байх ёстой гэж боддог.

-Шүүгчдийн дунд цагаан өрсөлдөөн байдаг л байх. Нөгөө багаасаа бэлтгэлийн үйл явц, дууны сонголт зэргээ хэр нууцалдаг вэ?

-Хөөрхөн цагаан өрсөлдөөн байлгүй яах вэ. Нөгөө талаасаа бид бие биедээ гэнэтийн бэлэг барих их дуртай. Вов энэ дууг ямар гайхалтай болгосон юм бэ гэж хэлээд, уулга алдуулах тэр мөч надад их амттай санагддаг. Ингэж байж л тэр баг болгож хөдөлмөрлөж байгаагийн мөн чанар оршиж байгаа. Мэдээж нууцлал байлгүй яах вэ. Харин хамтын үзүүлбэр дээрээ зөвлөлдөх ёстой. Гэхдээ үүний цаана бие биеэ хүндлэх, хайрлах бүх зүйл уулын оргил дээр байгаа. Наад бэл дээр нь бол таны хэлж байгаа хөөрхөн цагаан өрсөлдөөн явж байдаг. Бас бүх зүйл тактиктай байна. Энэ шоу надад шатар нүүж байгаа юм шиг гоё мэдрэмжийг өгдөг. Ер нь би эцсийн зогсоолыг нь харчихдаг. Тэгээд л энэ дуу дэмий, тэр сонголт нь илүү гээд шийдээд явдаг. Үүнээс гадна бусад оролцогч хүүхдүүдэд коммент хэлэх их гоё байдаг. Магадгүй көүчийнх нь бодоогүй зүйлийг шивнээд хэлчихдэг.

A.Batdelger

-Олон хүнд урлагийн таашаал өгдөг дэлхийн шоу ч гэлээ санал шүүмжлэл ч гардаг. Зарим хэсэгт таалагдаад бас таны сонголтоор дараагийн шат руу орсон оролцогч нөгөө хэсэгт нь таалагдахгүй байх ч үе гарна биз?

-Хүүхдүүдийн хувьд финалд үлдэх болов уу гэсэн хүүхдүүд хасагдчихлаа. Ер нь бол улсын баяр наадам шиг шүү дээ. Гарцаагүй начин, зааны даваа давна гэж бодож байсан бөхчүүд нь уначихдаг. Яг л үүнтэй адил. Тайзан дээр хэн дуу хоолойн цар хүрээгээ гаргаж, көүчийн зөвлөснөөр 2 минут 45 секундэд юу илэрхийлж байна гэдэг их сонирхолтой. Түүнээс хүүхэд бүр адилхан бэлтгэлээ хийгээд явна. Ялгаа нь алтан тайзан дээр гараад л мэдрэгдэнэ. Тэр торгон агшныг көүч анзаарч шийдвэр гаргах нь чухал. Тэрнээс ард түмний шүүлт, саналаар бүхэлдээ явбал өрөөсгөл болох талтай. Үүнийг нь 50:50%-д тэнцүүлж байх ёстой юм. Намайг шүүгчийн улаан сандалд суулгаж байгаагийн утга учрыг маш сайн ухамсарлах ёстой. Үүний зэрэгцээ ард түмэн маань юуг хүсэж, яаж мэдэрч байна гэдгийг анзаарах нь чухал. Магадгүй би хайртай оролцогчийг нь аваагүй 2, 3 тохиолдол гарсан байх. Нутаг орноос нь оролцож байгаа оролцогчоо дэмжиж байхад нь сонгоогүй тохиолдолд энэ көүч яаж байгаа юм бол гэсэн олон коммент ирэх жишээтэй. Миний хувьд мэргэжлийн байр сууринаас хандаж шийдвэр гаргах нь чухал. Шүүгчийн улаан сандал дээр суусан учраас мэргэжлийн байх ёстой гэдэг байр суурьтай байна. Тайзан дээр гараад 3 минутад дуулахын нэр биш юм. Урлаг гэдэг өөрөө маш үнэн, хатуу, шударга байх учиртай. Би энэ л зарчмыг 30 жил баримталж ирсэн. Аливаа нэг зүйл хуйвалдаад, далд яриа үүсээд ирэхээр л тэр урлаг биш болно. Тэр зарчмаа Voice шоунд баримталж явна.

Та хатуу шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Аливаа зүйл сайн муутай байж дүүрдэг хорвоо. Бүх зүйл ил цагаан, дардан, аз жаргалтай, сайн сайхан яваад байвал өрөөсгөл. Энэ дунд зовлон, гуниг баяр баясал бүгд хамт оршин байж бид энэ биеийг, мэдрэмж, сэтгэлийг хөдөлгөж байгаа шүү дээ. Би зөв шүүмжийг авдаг, дотроо тунгаан боддог. Заримдаа олон комментыг уншдаг. Миний аав биднийг хүний үг сонсож сур гэж хэлж сургасан. Чам руу юу ч гэж хэлж байсан хүлээцтэй дуустал нь сонс гэж аав минь хэлдэг байсан. Харин дараа нь дүгнэлтээ чи өөртэйгөө ярь гэдэг. Аавынхаа хэлсэн энэ үг, сургуулиар ханддаг гэж болно. Хүний үг сонс гэдэг үгийн цаана монгол ахуй, асар том философи явж байдаг. Тиймээс хүний үгийг заавал авч байх ёстой. Олон коммент дотроос час хийсэн коммент сэтгэл рүү орж ирэх нь бий. Бас миний бодоогүй өнцгийг гаргаж хэлсэн ч байна. Шүүмж гэдэг бол дахиад өөрийнхөө дотор чимээлээд дээшээ нисэхийн нэг хэлбэр юм гэж залуучууддаа хэлье.

-Мөн манайд дуу хөгжмийн шоу их боллоо гэх шүүмжлэл их байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Voice-оор дамжуулж ард түмэндээ маш олон санаа, амьдрах урам зориг, хүсэл мөрөөдлийг түгээхийг зорьдог. Магадгүй нэг дууны хүч чадлаар ирээдүйд яахаа мэдэхгүй бодлогоширч эргэлзэж байгаа хэн нэгний тэр эргэлзээ тээнэгэлзээг гаргаж байгаа ч юм бил үү. Дуу гэдэг асар том хүч, хайр байдаг. Гэр бүлээрээ энэ шоуг үзээд, дагаж дуулаад, дараа жил энэ шоунд орноо гэсэн хүсэл мөрөөдөл тээж байгаа нь өөрөө маш том нөлөөлөл юм. Бүх насныханд цэнэг өгч, соён гэгээрлийн нөлөөлөл үзүүлж байдаг. Зарим хүн янз бүрийн дууны шоу үздэг боллоо гэж ярьдаг. Хүн бол сэтгэлийн, тархины бүх тэжээлээ дуу хөгжим, урлаг соёл, спортоос авч байдаг. Гэр бүлийн гишүүдийг нэг цаг мөчид хамт байлгаж нэгтгэж, шүүлгэж, хооронд нь мэтгэлцүүлж, уйлуулж, дуулуулж чадаж байна. Энэ л мөн чанар нь юм.

-Хэрэв танай багаас ялагч тодорвол та болон домогт Хурд хамтлагийн зүгээс төлөвлөсөн гэнэтийн бэлэг байгаа болов уу?

-Юу байна түүгээр дайлна гэдэг шиг сайхан шинэ дуунууд хийж өгөх хүсэл байгаа. Хэрэв үнэхээр ёндоороод манай багийн оролцогч түрүүлбэл Цогоо ахтай нь хамт “Аавдаа би хайртай” дууг оркестртой дуулуулна гэж мөрөөдөж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны хувийн уран бүтээлийн талаар сонирхъё. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Дан хөгжмийн зохиолуудаас бүрдсэн пянз гаргах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх сараас хөгжмийн зохиолууд нь эхэлнэ. Буйр нуур, Мэнэнгийн тал, Отгонтэнгэр хайрхан, Алтай Таван Богдын өвөрт очиж, өөр өөр мэдрэмжийг авч хөгжмөө зохионо. Тэр мэдрэмж ямар байдаг бол түүнийг гаргаж үзэхийг зорьж байна.

Ирэх жил Хурд хамтлагийн 30 жилийн ой тохионо. Ойгоороо фенүүддээ ямар бэлэг барих бол?

-Ирэх 9 дүгээр сараас эхлээд хамтлагийн 30 жилээ зарлана. Бүтэн жилийн аян зохион байгуулах юм. Хурд хамтлаг ард түмнийхээ хайр, итгэл үнэмшил, хүндлэл, алга ташилтын өлгийн дор бүүвэйлэгдэж 30 жил явж ирлээ. “Баярлалаа” концертоороо бэлэг барина. Бэлтгэл ажилдаа орчихсон, өвлийн зураг авалтуудаа дуусгаад зуны зураг авалтаа эхлэх гэж байна. Бүх цаг үеийнхээ 30 шилдэг дууг Монголынхоо эх болсон зургаан зүйл, хамаг амьтан байгаль эх дэлхийдээ очиж дуулж байгаагаар 30 ширхэг контент гаргах юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn