Б.Ариунбат: Voice-ийн тайзан дээр гарна гэдэг миний мэдэхгүй тэс өөр ертөнц байсан

“The Voice of Mongolia”-ийн тайзан дээр өөрийн өвөрмөц дуу хоолой, чин сэтгэлийн онцгой үзүүлбэрээрээ үзэгч, шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн оролцогч Б.Ариунбаттай ярилцлаа. Тээврийн цагдаагийн албанд ажилладаг тэрээр Open Mic Mongolia-д дуулсан цагдаа гэдгээрээ аль хэдийн сошиалд танигдсан билээ.
Б.Ариунбат: Voice-ийн тайзан дээр гарна гэдэг миний мэдэхгүй тэс өөр ертөнц байсан

Ука көүч таныг сонголоо. Нэвтрүүлэг гарсны дараа өөрт тань мессеж, коммент их ирэв үү?

-Юуны өмнө найзын хүсэлт их ирж байгаа. Хүмүүс их эерэг хандлагатай болсон нь ажиглагдсан. Ихэнхдээ урмын үг хайрласан, баяр хүргэсэн мессеж их ирүүлсээр байгаа.

Voice-д хэр хол явна гэж төсөөлж байна вэ?

-Эхний шатанд бүх л ур чадвараа дайчилж дуулсан. Өөрийнхөө үзүүлбэрт сэтгэл хангалуун байгаа. Энэ шоунд авьяаслаг, мундаг дуулдаг залуус олон бий. Гэхдээ аль болох дуулах ур чадвараа сайжруулж, дараа дараагийн шатанд оролцох хүсэл байлгүй яах вэ. Би мэргэжлийн хүн биш учраас дараагийн Battle шатанд хамт дуулах хүн маань адилхан түвшинд дуулдаг хүн байгаасай гэж найдаж байна. Мэддэг дуу таарвал сайн л хэрэг. Нэгэнт эхний шатандаа тэнцсэн учраас дараагийн шатанд ч тэнцчих юмсан гэсэн хүсэл бий.

Цагдаагийн ажил цаг наргүй шүү дээ. Шоунд орохдоо ажлаасаа чөлөө авав уу, яаж зохицуулав?

-Ээлжийн ажилтай учраас ажиллах үедээ хуваарийн дагуу ажлаа хийнэ. Харин амрах хуваарьтай өдрүүддээ очиж бэлтгэлээ хийнэ. Яг шалгаруулалтын үеэр ажлаас маань албан ёсны чөлөө өгсөн.

Тэгэхээр ажлынхан нь их дэмжиж дээ?

-Манайхан маш их дэмждэг. Би Тээврийн цагдаагийн албаны “Гэрэл” хамтлагт дуулдаг байсан. Хамт олны зүгээс тэмцээн уралдаанд орох санал тавьдаг ч цаг завгүй ажилладаг, мөн оролцох зориг байдаггүй байсан. Энэ удаад өөрөөсөө маш их зориг гаргаж энэ шоунд орсон.

Энэ удаад Voice-ийн тайз руу хөтөлсөн шалтгаан нь ахдаа зориулсан дуу байсан гэж ярьсан шүү дээ?

-Би эцэг эхээс тавуулаа, тэр дундаа ахтайгаа найзууд шиг дотно байдаг байсан. Ах маань өнгөрсөн оны 4 дүгээр сард бурхан болж, тухайн үе нь коронагийн үе байсан учраас буяны ажлыг нь ч сайн хийж чадаагүй. Тиймээс ахдаа зориулаад дуун суварга босгоё гэсэн чин хүсэл байв. Тэгээд шүлгийг нь хамт ажилладаг найз Д.Ганхуягаар, аяыг нь Нисванис хамтлагийн хөгжимчин байсан Б.Цацрал ахаар хийлгээд дуугаа бүтээл болгож гаргасан. Яг тэр үед Voice шоуны бүртэл эхэлж байсан юм. Ингээд 2021 оны 6 дугаар сард шоунд бүртгүүлж, ахдаа зориулаад дуугаа дуулах зорилготой байсан. Гэвч бүртгүүлснийхээ дараа энэ дууг Voice-ийн тайзан дээр дуулах хэр зохимжтой бол гэж бодож байгаад сонголтоо өөрчилсөн.

Гэхдээ л зорьсноо биелүүлээд Voice-ийн тайзан дээр дуулж чадлаа?

-Тэгсэн. Дуугаа дуулна, шүүгч эргэх болов уу гэж бас санаа зовно. Энэ бүхэн тайзан дээр байгаа хүнд маш том асуудал юм билээ. Үзүүлбэрээ дуусгах сүүлийн мөчид шүүгч эргэж харсан. Тухайн үеийн сандрал маань дарагдаж амжаагүй байхад ахдаа зориулаад дуугаа дуулж болно гэж хэлэхэд бүр илүү сандарсан. Сэтгэл маш их хөдөлж, бас сандарсан учраас дуугаа зүрх сэтгэлээсээ төгс дуулж чадаагүй.

Өөрөө “Энэ шоунд орно гэдэг зориг юм аа”-гэж бичсэн байсан. Үнэхээр их сандарсан хэрэг үү?

-Voice-ийн тайз гэдэг өөрөө асар том ертөнц юм билээ. Энэ шоунд орж байгаа нь миний амьдралд тохиолдсон хамгийн гоё хэсэг. Тайзан дээр гарахаас эхлээд дуугаа дуулсан, шүүгч хамгийн сүүлийн мөчид эргэсэн, ахынхаа тухай дууг дуулсан гээд эдгээр үйл явдлыг бодохоор зүүд мэт санагдаж байна. Гэхдээ ахдаа зориулаад дуун суварга бүтээсэндээ маш их баяртай байгаа. Одоо ч сандарсаар л байна. Нэгэнт бүртгүүлчихсэн, галт тэрэг хөдөлчихсөн учраас буцах эрх байхгүй шүү дээ. Энгийн амьдрал дээр дуулах, том тайзан дээр дуулах хоёр асар ялгаатай. Олон хоногийн хөдөлмөр, маш их бэлтгэлийн үндсэн дээр Voice-ийн тайзан дээр гарч байгаа юм.

Хууль сахиулдаг хүн урлагийн салбарт хэсэг хугацаанд огт өөр туршлага, мэдрэмж авч байна уу?

-Зам дээр ажил хийгээд явна гэдэг нэг өөр ертөнц. Хүнтэй харилцахаас эхлээд бүх зүйл дүрэм журам, хуулийн дагуу явна. Харин тайзан дээр гарна гэдэг миний мэдэхгүй тэс өөр ертөнц байсан. Ийм зүйлд бүр эхнээс нь суралцаж байгаа нь миний хувьд амьдралдаа авч байгаа том туршлага боллоо. Тайзан дээр хэрхэн гарах, юу гэж хэлэхээс эхлээд л суралцаж байна.

Анхнаасаа Voice-д дуучин болох эсвэл од болох хүсэл зорилготой ороогүй. Эрхэлж буй ажил маань цагтай уралддаг, завгүй байдаг учраас байнга дуу хөгжим гээд яваад байж чадахгүй. Blind Auditions-д гарах хүртэл хугацаанд энэ салбарын хүмүүсийн мэргэжлийн онцлогийг харж, ойлгож, ямар мундаг хүмүүс зохион байгуулалттай ажиллаж байгааг биеэр мэдэрлээ. Тэднээс олон зүйл сурч авсан. Дууг зүгээр сэтгэлийн хөөрлөөр биш мэргэжлийн өнцгөөс харж, мэргэжлийн түвшинд дуулах гэж хичээдэг болсон. Дэлхийн хэмжээний тайзан дээр гарахын тулд дуулалт гэдэг зүйл өндөр шалгуур, мэргэжлийн ур чадвар, өөр ертөнц, мэдрэмж байдаг юм байна. Энэ шалгуурыг хангахын тулд олон зүйлд өөрийгөө бэлтгэх ёстойг ойлгож байгаа.

Урлагийн замыг тань дэмжиж буй салбарынхандаа хандаж юу хэлэх вэ?

-2021 онд Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиосон. “The Voice of Mongolia” шоунд орно гэдэг түүх юм. Байгууллагынхаа 100 жилийн ойгоор том дурсамжтай үлдэж байна. Цагдаагийн байгууллагад олон авьяастай залуус ажилладаг. Гэхдээ надтай адил айдастай, дотоод мэдрэмжээ тэр бүр илэрхийлэх нь ховор. Тиймээс энэ олон залуусын төлөөлөл болж, Voice шоунд орж байгаа нь дурсгалтай, бас том үйл явдал гэж бодож байна. Энэ дашрамд цагдаагийн бүх алба хаагч, ард нь үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхэнд нь эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn