Олон нийтийн сүлжээнд эх хэлээрээ зөв бичиж хэвшье

Таны бичвэр таныг илтгэх тул олон нийтийн сүлжээнд зөв сайхан, цэгцтэй бичихийг эрхэмлээрэй.
Олон нийтийн сүлжээнд эх хэлээрээ зөв бичиж хэвшье

Хэдхэн жилийн өмнө бидний хэрэглээд нэвтэрч, одоо бол амьдралын салшгүй нэг хэсэг болчихоод байгаа зүйл бол олон нийтийн сүлжээ. Энэ нь хэн дуртай нь өөрийн үзэл бодол, хэлэх гэсэн үгээ илэрхийлэх томоохон талбар болоод байна.

Анхлан голдуу латин үсгээр хүмүүс бичвэр, сэтгэгдэл оруулдаг байсан бол өдгөө кириллээр бичихийг эрхэмлэх болжээ. Энэ нь тун сайшаалтай бөгөөд илүү итгэл үнэмшил төрүүлэхүйц, ажил хэрэгч харагддаг билээ.

Гэхдээ хүмүүс зарим алдааг нийтлэг гаргаж байгаа тул Зөв бичгийн зарим дүрмээ эргэн санацгаая.

Балархай эгшиг

Үгийн нэгдүгээр үед орсон эгшгийг өргөлтөт эгшиг гэх бол түүнээс хойш орж байгаа эгшгүүдийг балархай эгшиг гэнэ.

Гийгүүлэгчээр төгсөж буй үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад түүний өмнөх балархай эгшиг шаардлагагүй бол гээгдэнэ.

Жишээ нь, хамаг+ийн= хамгийн, олноос гэх мэтчилэн. Гэхдээ оноосон нэрийн балархай эгшгийг хэзээ ч гээдэггүй. Мөн ялгах эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад эгшиг гээгдэнэ. Чарга+ыг=чаргыг...

ий юү, ы юу?

Ерөнхий боловсролын сургуульд эм үгэнд "ий", эр үгэнд "ы" залгаж бичнэ гэж заалгаснаа та санаж байгаа байх. Түүнчлэн зарим тохиолдолд эр үгэнд "ий" бичдэг гэдгийг бүү мартаарай.

Энэ нь тухайн эр үг ж, ч, ш, ь, и, хэлний г үсгээр төгсөж байвал юм.
навчийн, анаашийг, багийн гэх мэтчилэн.

ХҮСЭЕ биш ХҮСЬЕ, ХҮРГЬЕ биш ХҮРГЭЕ

Хамгийн түгээмэл хэрэглэдэг ч голдуу буруу бичдэг үгс бол "хүсье", "хүргэе".

Дүрэм нь их энгийн. Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Хүсье, өгье, үзье гэх мэтчилэн.

Харин хүргэ гэх үг нь эгшгээр төгсөж байгаа тул е-г шууд залгаж байгаа юм.

Энэ мэтээр бидний өмнө нь заалгасан ч заримдаа мартдаг, анзаарахгүйгээр гаргадаг алдааны цөөн жишээ нь дээрх билээ.

Таны бичвэр таныг илтгэх тул олон нийтийн сүлжээнд зөв сайхан, цэгцтэй бичихийг эрхэмлээрэй.

Зөв бичгийн дүрмээс дэлгэрүүлэн үзэхийг хүсвэл энд дарна уу.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn