Монгол судлаачдын хамтын бүтээл "Монгол хэл судлал" хэвлэгдлээ

Хэл бол тухайн улс үндэстний оршин тогтнол, сэтгэхүйн гол тулгуур.
Монгол судлаачдын хамтын бүтээл  "Монгол хэл судлал" хэвлэгдлээ

"Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян" хэмээн МУ-ын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж гуай нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Даяаршил улам хурдацтай явагдаж байгаа энэ үед хэл, соёлоо хэрхэн хадгалан үлдэх вэ гэдэг асуудал гол сэдэв болж байна. Сүүлийн жилүүдэд эх хэлний дархлааг дэмжих, харь үгсээс хамгаалах, залуу хойч үеийг эх хэлээрээ зөв ярьж, бичүүлэх, бахархуулах асуудлууд чухлаар яригдах болжээ.

Энэ бүх асуудлын хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх ухааны академийн 50 гаруй судлаачид "Монгол хэл судлал" хэмээх 15 боть номыг хамтран бичсэн байна. Тус бүтээл нь эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүн дээр тулгуурлан хэл шинжлэлийн асуудлуудыг цогцоор авч үзсэн учир Монгол хэл гэж юу болох, түүний онцлог чанар, хөгжлийн үе шат, ирээдүйг харахад монголчууд төдийгүй гаднын судлаачдад туслах чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэж байна. Уг бүтээл нь:

  1. Монгол хэл, аялгуу, үсэг бичиг, авиа судлал

  2. Монгол хэлний үг зүй, өгүүлбэр судлал

  3. Монгол хэлний үгийн сан, найруулга судлал

  4. Монгол хэлний түүх

  5. Түүхэн хэл зүй

  6. Авиа зүй

  7. Нутгийн аялгуу

  8. Үсэг зүй

  9. Үг зүй

  10. Үгийн сан, утга зүй

  11. Өгүүлбэр зүй

  12. Эх судлал

  13. Бичгийн хэл

  14. Танихуйн хэл шинжлэл, хэлний соёл судлал

  15. Хэрэглээний хэл шинжлэл, хэл боловсруулалт, түгээмэл хэл зүйгээс бүтнэ.

Тухайлбал, II боть “Үг зүй, өгүүлбэр судлал”-д монгол хэлний хэл зүйн судалгааны 700 орчим жилийн түүхийг тоймлон бичсэн байна. Харин IV боть “Монгол хэлний түүх”-д Монгол ба Алтайн хэлний харьцаа, монгол төрөл хэлнүүдийн шинж, монгол хэл хийгээд бичгийн хэлний түүхэн хөгжлийн үе шатны онцлогийг хамруулжээ. Үүгээр зогсохгүй монгол хэл ба манж, түрэг, солонгос, япон хэлний харьцааг авиа зүй, үг зүй, үгийн сангийн хүрээнд нийтлэг болон ялгаатай шинжид нь тулгуурлан жишээ баримтаар тодруулсан байна.

Мөн XIII боть “Бичгийн хэл”-д орчин цагийн монгол бичгийн хэлний хэм хэмжээг зөв бичих зүй, зөв дуудах зүй, зөв найруулах зүй гэсэн гурван үндсэн бүлэгт хувааж, журамлан тодорхойлсон байна.

Эх сурвалж: МУИС

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn