Цуврал 1: Бичгийн соёлоо өмөөрөх нь

Хүний нийгмийн хөгжил нь хувь хүн, бие хүн болон төлөвших явдлаар тодорхойлогддог болохыг ухаант мэргэд нэгэнт айлдсан байдаг билээ.
Цуврал 1: Бичгийн соёлоо өмөөрөх нь

Хүний нийгмийн хөгжил нь хувь хүн, бие хүн болон төлөвших явдлаар тодорхойлогддог болохыг ухаант мэргэд нэгэнт айлдсан байдаг билээ. Тэгвэл элбэг баян оюуны чадвартай, эх оронч цэвэр ариун ёс суртахуунтай, орчин үеийн соёлтой, өв тэгш бие хүн төлөвшихөд юуны урьд эх хэлний мэдлэг чадвар нэн тэргүүнд хэрэгтэй болох нь мэдээж юм.

Иймээс дэлхий нийтийн даяаршлын үед амьдарч байгаа шинэ монголчууддаа хаанахын хэний ч дэргэд толгой гудайхгүй явж эх хэлээрээ цэгцтэй ярьж, оновчтой зөв бичиж байхад нь өчүүхэн ч атугай тустай байх болов уу хэмээн сэтгэж өвгөн багш би вээр өөрийнхөө мэдлэг оюуны хэрээр үгийн дэм өгсү. Таалан болгооно уу...

Нэг. Монгол хэлний тухай товч...

Эдүгээ цагт энэ дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум гаруй хүмүүс нь гурван мянга орчим хэлээр харилцдаг болохыг эрдэмтэн мэргэд тогтоожээ. Энэ олон хэлийг үг бүтэх ёсных нь онцлогоор хорин дөрвөн (аймаг) бүлэг болгон үзэж судалдаг ажээ.

Энэхүү ангиллаар манай монгол хэлийг “Алтайн язгуурын хэлэнд” хамааруулан үздэг юм.

Манай Монголчууд хөгжлийнхөө түүхэнд арав шахам бичиг үсэг зохион хэрэглэж ирсэн түүхтэй. Эдгээрээс хамгийн анх Уйгараас авч хэрэглэсэн дээрээсээ доошоо дохиж бичдэг монгол бичиг нь хамгийн олон жил түгээмэл хэрэглэгдэж ирсэн байдаг. Монгол түмний түүхэнд “Босоо бичиг” хэмээн үнэлэгддэг энэ бичгээ, дэлхий нийтийн хэл сурахад тохиромж муутай хэмээн түр орхиж Орос цагаан толгойд үндэслэн зохиосон “Кирилл бичиг”-ээ хэрэглэж эхэлсэн түүхтэй.

Миний бие цаашид кирилл бичгээрээ зөв бичих болон зохистой найруулан бичих талаар өгүүлэх болно.

Хоёр: Кирилл бичиг ба орчин үе

1941 оны 5 дугаар сарын 9-нд бичгийн их хүн, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн МАХН-ын Төв хороо, СНЗ-ийн хамтарсан тогтоолын дагуу энэхүү бичиг үсэг зохиосныг монгол түмэн нэгэнт мэдэх билээ.

Энэ бичиг нь орчин цагийн монгол хэлний ярианы дуудлагад тохирсон сурахад хялбар учраас монголчуудын бичиг үсэг үл мэдэх асуудлыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Өдгөө цагт энэ бичгээ мэдэхгүй монгол хүн байхгүй гэдгийг 40 шахам жил эх хэлнийхээ хичээл заасан багш хүнийхээ хувьд ам бардам хэлж чадна аа. Харин билигт дээдсийнхээ бүтээж буй болгосон энэ сайхан соёлоо төгс сайн эзэмшиж алдаа мадаггүй зөв бичиж сурах нь өнөөгийн залуусын орхиж боломгүй хэрэгцээ болно оо. Өөрийн үндсэн эх хэлээ, ялангуяа өрөөл бусадтай ил далд харилцдаг бичгийн хэлээ сайн эзэмших нь төрөл бүрийн мэргэжил эзэмших хийгээд бусдын хэл сурахад алтан түлхүүр нь болох учиртай. Ийм учраас одсоны залуус маань эх хэлнийхээ анхан шатны дүрэм журмыг доор хаяж гадаадын зарим нэгнээс дутахааргүй эзэмшиж, түүнийгээ зөв зохистой хэрэглэж сурах нь юу юунаас илүү чухал юм. Ер нь тухайн хүний боловсролын хэр хэмжээг зөвхөн бичиг үсгийнх нь байдлаас харж болдог шүү дээ. Манай одоогийн зарим сэхээтнүүд гадаадын олон хэл сурч байгаа нь сайшаалтай боловч, өөрийн үндсэн хэлээ төгс сайн эзэмшээгүйгээс алдаатай бичих, оновчгүй ярих нь ажиглагдсаар байна. Энэ талаар ардын уран зохиолч Балжирын Догмид :

-“Балархай эгшгийн дүрмээ сайн мэдэхгүй юмнууд төрийн тэргүүнд гараад ...” хэмээн нэгэнтээ сануулан бичсэн удаатай. Хэлний хөгжлийн хуулиар бол хэл хөгжих тутам тухайн хэлний ярианы хэл бичгийн хэл хоёрын ялгаа арилан ойртдог хэмээн хэлний мэргэд хэлсэн байдаг . Гэвч энэ нь хар ярианы урсгалаа тэр хэвээр нь бичиглэн буулгахыг хэлээгүй ээ. Тухайн хэлэнд тодорхой тогтсон дүрэм журамтай бичгийн хэл гэж соёл бий. Амнаас гарсан ярианы урсгалаа тэр чигээр нь бичигт буулгаад байдаг бол бичгийн хэл зөв бичих дүрэм журмын хэрэг юусан билээ. Ажиглаад байхад сүүлийн үед бичгийн хэлээ умартан хар ярианы урсгалаа буруу зөв буулган бичдэг явдал газар авсаар байна. Наад захын зарим жишээ дурдахад;

Зарим хүмүүсийн “Бичгийн хэлэнд “-нд С үсэг байхгүй болоод байна. (явсан-явцан , ирсэн-ирцэн , бодсон-бодцон, авсан-авцан, хэлсэн-хэлцэн) гэх мэтээр бичихээс гадна (яахуу , байхын тэрий нь авы, үзий, явсы штээ, өх үү, хэлцэн штээ) хэмээсэн ямар ч дүрэм журамгүй зүйлсээр бичгийн хэл минь “бузартаад” байна. Уг нь дээрх үгсийг (яах вэ, байх юм, тэрийг нь авъя, үзье, явсан шүү дээ, өгөх үү, хэлсэн шүү дээ) гээд л хэлнийхээ бичгийн хуулиар зөв хэлбэржүүлчих л ёстой доо. Бичих дуудахын хууль дүрмээ үл ойшоосноос болоод зарим хүн нэрээ хүртэл буруу бичих юм. Уг нь манай монгол хэлэнд бичлэг дуудлага нь бага зэрэг зөрдөг цөөхөн үгс л байдаг шүү дээ. Тухайлбал ;

(Лхагваа-лхавгаа, Дагва- Даваг, Зэгвэ- Зэвэг) зэрэг. Гэтэл энэхүү бичгийн уламжлалаа мэдэхгүйгээс зарим нь ( Лхавгаа, Давагсүрэн, Дашзэвэг) хэмээн буруу бичдэг. Ийнхүү эх хэлнийхээ хууль дүрмийг сайн мэдэхгүй буруу зөрүү бичээд байгаа нь дотоодынхоо доог болж, гаднын зарим хүмүүсийн гайхширлыг төрүүлэх бус уу. Өдгөө цагт бидний хэлийг сайн мэддэг гаднын хүмүүс цөөнгүй л байгаа шүү! Иймд өөрийн хэлэндээ эзэн байцгаая. Хэрээ шаазгай хүртэл өөрсдийнхөө хэлэндээ эзэн нь байж чаддаг л биз дээ.

Зохиолч, яруу найрагч Борлууд Нүрзэдийн Цогт-Очир

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn