Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөөр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлав.
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөөр боллоо
@ MFA

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан юм.

Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2016 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан бөгөөд хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх бүс нутгийн анхны хэлэлцээр ажээ.

Одоогийн байдлаар тус хэлэлцээрт БНХАУ, Бангладеш, Азербайжан, Филиппин, Исламын Бүгд Найрамдах Иран Улс зэрэг Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд нэгдэн орсон бөгөөд хэд хэдэн гишүүн орон хэлэлцээрт нэгдэн орох дотоод процедурыг дуусгах шатандаа явж байна гэв.

Мөн тэрээр, тус хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг үр ашигтай, ил тод болгох, худалдаатай холбоотой цахим өгөгдөл болон баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ, бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбооны уялдааг хангахад оршиж байгааг онцолсон. Цааснаас цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, улмаар хүртээмжтэй болгож, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн хөтөлбөрийн зорилттой уялдан нийцнэ гэж үзэж байгаа аж.

Монгол Улсын хувьд 2015 оноос Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд тус хэлэлцээрийн техникийн Ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд хэлэлцээрт нэгдэн орох бэлтгэл ажлын хүрээнд 2018 онд Монгол Улсын хил дамнасан цаасгүй худалдааны эрх зүйн орчин, техникийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэсэн. Энэхүү судалгаагаар Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 10 орчим хувиар, харин тус хэлэлцээрийг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлэх тохиолдолд худалдааны зардлыг 30 орчим хувиар бууруулж, улмаар экспорт, импортод зарцуулах хугацааг 55-60%-аар хэмнэх тооцоо гарсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдав.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn