Мод бол...

“Тэрбум мод” тарих хөдөлгөөн манай улсын өнцөг булан бүрд өрнөж байгаа билээ. Тэгвэл мод тарих гэж яарахаасаа өмнө дэлхийн түүх, хүн төрөлхтний сэтгэлгээнд ямар ач холбогдолтой байсныг авч үзье.
Мод бол...

Германы яруу найрагч, философич Херман Хэссе "Мод бол дархан цаазат газар" гэж бичжээ. "Бид моддыг сонсож сурвал... энэ бол гэр. Энэ бол аз жаргал юм." Тэрээр "Trees: Reflections and Poems" номдоо модны тухай философийн жишээ гарган, үнэн, гоо үзэсгэлэн, гэр орон, өмч хөрөнгө, аз жаргалын чухал ойлголтуудын гол цөм нь болох тухай өгүүлдэг.

Олон нийтийн сүлжээнд #treesofinstagram болон #lovetrees гэсэн хаштагууд хурдацтайгаар олширч байна. Shinrin-yoku буюу "ойд байгаа мэт мэдрэмж төрүүлэх" эсвэл "ойд усанд орох" гэсэн нэр томьёо Японы анагаах ухаанд моодонд оржээ.

Сүүлийн жилүүдэд модны ач холбогдлын тухай өгүүлэх уран зохиол эрс нэмэгдэж, энэ сэдвээр шинэ номууд тогтмол гарч байгаа бөгөөд үүнд Питер Воллебений “The Hidden Life of Trees", Вилл Эшоны “Strange Labyrinth", Фиона Стаффордийн "The Long, Long Life of Trees by Fiona Stafford " зэрэг бэстсэллэр бүтээлүүд багтана.

Модны тухай өгүүлэх уран зохиол, уран бүтээлүүд нэмэгдэж байна.
Модны тухай өгүүлэх уран зохиол, уран бүтээлүүд нэмэгдэж байна.

Яагаад сүүлийн үед бид модны тухай анхаарна вэ. Зохиолч, уран бүтээлчид яагаад модыг бичих, урлах сэдвээ болгоно вэ. Мод бидэнд юу зааж чадах вэ. Мод үнэхээр биднийг аз жаргалтай, илүү тайван болгож чадах уу?

Мэдээж ой мод бол уран зохиолын шинэ сэдэв биш. Хэссе бол олон зуун жилийн туршид ой моддоос уран бүтээлийн санаа авч ирсэн олон зохиолч, яруу найрагч, зураач, гүн философичдын нэг юм.

Өөр жишээнүүдэд XIX зууны Английн яруу найрагч Жон Кларе нутгийн аялгаар бичсэн "Унасан хайлаас" шүлэгтээ аж үйлдвэржилтийн төлөө зуу зуун жилийн түүхийг тээх ой моддыг огтолсноор тэд юуг алдаж бас олж авсан тухай өгүүлдэг. Уильям Уордсвортын "4 дүгээр сарын өглөө" шүлэгт хаврын модны гоо үзэсгэлэнг яруу тод илэрхийлдэг.

Германы зураач Ансельм Кифер өөрийн зургууддаа ой модыг байнга дүрсэлдэг.
Германы зураач Ансельм Кифер өөрийн зургууддаа ой модыг байнга дүрсэлдэг.

Сүүлийн үед гарч буй модны сэдэвтэй номуудын дунд мод, ой модны утга зохиол, түүх, домог зүй, ардын соёлын тухай өгүүлэх Arboreal: A Collection of New Woodland Writing хэмээх антологи бий. Уг бүтээл нь архитектор, зураач, эрдэмтэн судлаачдын эсээ, мөн мод, ой модтой холбоотой зохиолчдын эсээнээс бүрддэг.

Царс мод нь хүч чадал, нэр хүндийн бэлгэдэл

The Long, Long Life of Trees номын зохиолч Фиона Стаффордын үзсэнээр өнөөгийн уран зохиолд модыг чухалчлах хандлага эрчтэй байгаа нь нэгт байгалийн тухай бичих зохиолчдын сонирхол нэмэгдсэн, хоёрт хүрээлэн буй орчны асуудлуудыг өөр өнцгөөс харах хэрэгцээ бий болсон зэрэгтэй холбоотой.

BBC Culture-д өгсөн ярилцлагадаа тэрээр "Модны тухай өгүүлж байгаа шинэ зохиолууд бол маш эртний уран зохиолын уламжлалын нэг хэсэг юм. Нүүдлийн аж ахуйн парадокс хөгжлөөс хоцрогдсон, төөрөгдсөн амьдралын хэв маяг мэт санагддаг ч нөгөөтээгүүр тухайн цаг үеийн чухал ач холбогдолтой шинэ хэлбэрээр дахин гарч ирдэг. Яг үүнтэй адилаар бидний модтой тогтоосон харилцаа эргэн сэргэж байна" гэжээ.

Зохиолч Фиона Стаффорд зураач Хокнигийн тухай "Хокни ердийн модыг эрч хүч, гайхалтай, гэнэтийн өнгөөр ургуулдаг" гэж хэлжээ.
Зохиолч Фиона Стаффорд зураач Хокнигийн тухай "Хокни ердийн модыг эрч хүч, гайхалтай, гэнэтийн өнгөөр ургуулдаг" гэж хэлжээ.

Багаасаа модыг хайрладаг байсан тухайгаа Стаффорд “Модод өөр дотроо бүхэл бүтэн ертөнцийг бий болгож чаддаг юм шиг санагддаг. Зөвхөн зэрлэг байгальд ч бус өдөр тутмын амьдралд өрнөх боломжгүй зүйлсийн тухай төсөөлөн бодох ертөнцийг бидэнд өгдөг” гэв. “Мод бол өөрийнхөө дээвэр дор байх бүхнийг чимээгүйхэн тэтгэж, тэжээж байдаг сэтгэлд дотно үлэмж объект мөн”.

Мод биднийг бусадтай холбодог, мод өнгөрсөн бас ирээдүйтэй - Фиона Стаффорд

Стаффорд энэ хүрээнд зураачид модноос хэрхэн уран бүтээлийн санаа авч, тайлбарлаж байгааг сонирхсон байна. Түүний дуртай зураач бол Дэвид Хокни.

Тэрээр энэ талаар "Хэн мод, ой моддыг ер бусын үзэгдэл мэт хандан, бидний ойлгож хэвшсэн хэв маягаас бүрэн өөрчлөн, тийм их хүсэл тэмүүлэл, эрч хүчтэйгээр зурдаг билээ. Хокни моддын онцлог шинж чанарыг ялгаж салгадаг. Ердийн модыг эрч хүч, гайхалтай, гэнэтийн өнгөөр ялган дүрсэлж чаддаг нь миний сэтгэлийг их татдаг".

Стаффорд судалгааныхаа хүрээнд "Европын ардын үлгэрт шингэсэн" ойн харанхуй талыг судалжээ. Ах дүү Гриммээс эхлээд Баба Ягагийн орос үлгэр хүртэл. “Бяцхан улаан малгайт эсвэл ойн бяцхан хүүхдүүд гэх мэт үлгэрээр өтгөн ойд ямар аюул нуугдаж болох вэ гэсэн айдас төрүүлэм дүрслэлүүд олон байдаг. Ойн жихүүцэл төрүүлэм талыг харуулсан уран зураг, бүтээлүүд ч мөн бий.

Мод бүхэн өөрийн түүхтэй. Харах өнцгөө багахан өөрчилбөл тэд бидэнд түүхээ өгүүлэхэд хэзээд бэлэн байдаг.
Мод бүхэн өөрийн түүхтэй. Харах өнцгөө багахан өөрчилбөл тэд бидэнд түүхээ өгүүлэхэд хэзээд бэлэн байдаг.

Нөгөөтээгүүр мод бол энэ сэдвээр бичигдсэн сүүлийн үеийн ихэнх зохиолуудад сайн сайхны хүч болж дүрслэгддэг. Мод биднийг илүү аз жаргалтай болгодог уу гэсэн асуултад мод бидний бүх мэдрэхүйд таатай мэдрэмж төрүүлдэг гэсэн хариулт тохирно.

“Модны үнэр, хөдөлж буй навчны чимээ, шувуудын жиргээ, холтосны бүтэц зэрэг зүйлс хүнд, ялангуяа орчин үеийн хотуудад амьдардаг хүнд үнэхээр сэтгэл татам мэдрэмж төрүүлдэг... Мод биднийг бусадтай холбодог. Одоо цагт байгаа эсвэл өнгөрсөн байсан эсвэл ирээдүйд байх хүмүүстэй биднийг холбодог юм. Хэрэв та 200 жилийн турш ургах зулзаган модыг тарьсан бол ирээдүйдээ итгэлтэй байж, төрөх хойч үедээ бэлэг барьж байна гэсэн үг. Энэ бол үнэхээр сайхан мэдрэмж."

Мод тэврэх нь таны бодож байгаагаас таатай мэдрэмж төрүүлдэг. Яг л хайртай өвөөгөө тэвэрч байгаа мэт.
Мод тэврэх нь таны бодож байгаагаас таатай мэдрэмж төрүүлдэг. Яг л хайртай өвөөгөө тэвэрч байгаа мэт.

Их Британи дахь Woodland Trust байгууллага "модтой өнгөрүүлэх цаг"-ийг хүчтэй дэмжигч бөгөөд тэдний ухуулж байгаагаар бидний бие махбод, оюун санаа, сүнслэг байдлаа илүү сайн мэдрэх арга зам бол байгальтай ойр байх явдал юм.

Ингэх нь бидний сэтгэл санааг тайвшруулж, стрессийг даван туулахад тусалдаг гэжээ. Тус байгууллага Common Ground-тэй хамтран улирлын чанартай Leaf буюу модны тухай урлаг, яруу найраг, түүхийн тухай бичдэг сэтгүүлийг гаргадаг.

Модтой өнгөрүүлэх цаг

Arboreal: A Collection of New Woodland Writing-д багагүй хувь нэмэр оруулсан зохиолч Тобиас Жонс "Модтой өнгөрөөх цаг" нь стресст өртөж буй хүмүүст их чухал. Орчин үеийн хүн Nature deficit syndrome буюу Байгалийн зүйлсээр дутагдах өвчтэй болж байгаа нь бодитой зүйл. Ойжуулах, мод тарих, модон дунд байгаа мэт интерьер бүтээх нь хамгийн эрүүл орчин болоод байна" гэжээ.

Жонс Их Британид "Хямралд орсон хүмүүсийн хоргодох газар" буюу Виндзор Хилл Вуд хэмээх нийгэмлэг байгуулсан бөгөөд түүний хамгийн сүүлд гаргасан "A Place of Refuge" номын гол сэдэв энэ юм.

Ойд та айдастайгаа тулгарах болно - Тобиас Жонс

Жонс "Утопи мөрөөдөл" номын талаар судалгаа хийж байхдаа ойд амьдарснаар сэтгэцийн эрүүл мэнд хэрхэн сайжирч байгааг олж мэджээ. Уг номын зохиогчийн хэлснээр мод бол зовлон шаналал, түгшүүрийг арилгах эм юм. Зарим талаараа энэ нь "ойд усанд орох" буюу ой, модод дунд усанд орж тайвшрах гэсэн ойлголттой холбоотой. "Ой мод таны айдастайгаа нүүр тулгарч даван гарах ёстой газар болдог".

Түүнчлэн Жонсын үзсэнээр ойд бие даан амьдрахын тулд байшиндаа түлээ бэлтгэх, модоор тавилга болон бусад хэрэгцээт зүйлсээ хийх зэрэг хүнд хэцүү, цаг хугацаа шаардсан ажлууд үнэн хэрэгтээ эмчилгээ болж, сэтгэлийн амар амгаланг өгдөг байна.

Хэрэв та зуны улиралд зуслан дээрээ дүнзэн байшин эсвэл амбаар барьж байсан бол энэ мэдрэмжийг бусдаас илүү ойлгоно. Зүсээд удаагүй банзны үнэр, гарт наалдах давирхай, нэг хэмнэлээр түрэх хөрөөний чимээ… үнэхээр л эмчилгээ байдаг.

Ливан-Америкийн яруу найрагч Калил Гибран "Мод бол дэлхийгээс тэнгэрт бичсэн шүлэг" гэж бичжээ.
Ливан-Америкийн яруу найрагч Калил Гибран "Мод бол дэлхийгээс тэнгэрт бичсэн шүлэг" гэж бичжээ.

Жонсын санал болгож байгаагаар учиргүй мод тайраад, тавилга хийгээд эхлэх нь танд хол санагдаж байвал зуны эхэн сард моддын мөчрийг тайрах, цэвэрлэх ажилд сайн дураараа оролцож, өөрийн амьдарч буй газрынхаа ногоон байгууламжид хувь нэмрээ оруулаад үзээрэй. Тэгвэл сэтгэл санааны амар тайван байдлыг мэдрэх боломжтой.

Мод бүр өөрийн гэсэн түүхтэй. Бид гагцхүү тэднийг сонсож сурах хэрэгтэй.

Яруу найрагч Заффар Куниал Arboreal-д Бирмингэм дэх бага насны амьдралынхаа тухай бичихдээ гэрийнхээ арын цэцэрлэгт байсан модны тухай дүрсэлсэн байдаг. "Тэр мод миний хувьд цаг хугацаа, үл тасрах амьдрал, бүх зүйл үндэс сууриараа холбоотойг илэрхийлдэг."

Хөгшин моддыг анхааралтай ажиглаад үзээрэй. Тэд өөрсдийн түүхээ танд бага багаар ярьж өгөх болно.
Хөгшин моддыг анхааралтай ажиглаад үзээрэй. Тэд өөрсдийн түүхээ танд бага багаар ярьж өгөх болно.

Куниалын “Фиелдер” гэх шүлэгт хүү крикетийн бөмбөгөө хайж байхдаа санаанд оромгүй ойн ёроолд "моддын бий болгосон өвөрмөц сүүдрийн ертөнц" дунд өөрийгөө ирснээ, "цаг хугацаа явахаа больчихсон" юм шиг тийм гайхалтай мөчид байгаагаа анзаарч байгаа тухай дүрсэлсэн байдаг.

Тэрээр "Ой моддын бий болгож чаддаг гэрлийн призматик чанар үнэхээр сонирхолтой. Найгах моддын навчис гэрлийг цавчиж байгаа мэт харагдуулдаг. Моддын завсраар тэнгэр өөд харвал бие минь бага багаар тэнцвэрээ алдаж, цаг хугацааны баримжаа алддаг" гэжээ.

Мод тэврэх тухай ойлголт Энэтхэгт 1730-аад онд байгаль шүтдэг овгийнхноос эхлэлтэй.

Зарим хүмүүсийн ойлголтоор "мод тэврэх" бол бодит амьдралаас хөндий, хиппи эсвэл мөрөөдөгчдийн хийдэг хийсвэр үйлдэл байдаг. Гэтэл уг ойлголтын үүсэл гарвал тэдний боддогоос илүү бодитой ажээ.

Энэтхэгт 1730-аад онд Махаража өөрийн суух Жодхпурын хажууд шинэ ордон барихыг хүсжээ. Гэвч уг газар нь байгаль эхийг шүтэгчид болох Бишной хүмүүсийн гэр байв. Махаража шинэ ордон барихын тулд зарим маш эртний модыг тайрахыг тушаажээ.

Үүний хариуд Амита Деври болон Бишнойн бусад эмэгтэйчүүд тайрахаар зэхэж байгаа моддыг хамгаалахын тулд хөл, гараараа моддыг тэвэрч зоригтойгоор эсэргүүцсэн байна. Харамсалтай нь эсэргүүцсэн хүн бүрийг мод тайрч байгаа мэт сүхээр цавчин хороожээ. Махаража эл аймшигтай явдлыг зогсоох хүртэл 353 тэмцэгчийг сүхээр хөнөөсөн гэдэг.

Эртний соёл иргэншлүүдэд мод нь ариун дагшин газрын сахиус, хамгаалалтын бэлэг тэмдэг юм.
Эртний соёл иргэншлүүдэд мод нь ариун дагшин газрын сахиус, хамгаалалтын бэлэг тэмдэг юм.
Үндэс нь тамд хүрч чадаагүй ямар ч мод диваажинд ургаж чадахгүй. - Карл Юнг

Тэдний түүх хүн төрөлхтөн байгаль дэлхийнхээ төлөө ямар их золиос гаргаж чаддагийн том жишээ юм. Энэ ч утгаараа мод тэврэх нь хоосон төсөөлөл бус эх дэлхийдээ бид ямар хайртай болохоо хүн ёсоор харуулах арга байдаг.

Тарьсан модоо эргэж тойглох, гэрийнхээ гадаа байгаа модыг арчлах, эсвэл зүгээр л гудамжинд эсвэл ойд байгаа модыг тэвэрч хайраа илэрхийлэх нь таны амьдралыг илүү эрүүл, ногоон, бас аз жаргалтай болгоно. Иймд мод тэвэрч, модтой ярьж байгаа хүнтэй дайралдвал битгий буруугаар ойлгоорой. Энэ бол модтой эрүүлээр харилцах хэлбэр.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn